Хар салхи

Харанхуй цагийн
Хар салхи
Хаалга үүд савалгүй
Хаяа хатавч сөхөлгүй
Улсын Наадам-ын өмнөхөн
Улаанбаатарын төвд
Улаан шороо босголгүй
Урдаас мэдэгдэх ажиггүй нөмөрсөн юм.
Харь нутгийн харанхуй
Хар шуурганд нэрвэгдсэн бол, эсвэл
Хүний нутаг, гүний газрын
Хүйтэн сэтгэлтэнд дээрэлхүүлсэн бол
Хүлцэнгүй царайлан, үгийг нь даган
Хүлэх гаванд дөнгөлүүлэхгүй байсан нь лавтай!
Харамсалтай нь энэ хар салхи
Харийнх биш, хажуугаас хавирга сүлбэн
Ардын төрийн нэрээр
Ардчилсан засгийн сүрээр
Ардын дайсантай тэмцэх мэт
Ажлын минь гадаа бүчсэн юм.
Таван газар хомроглон нэгжиж
Тайван амьдралыг үлдэн хөөсөн
Хөөрхий ээжийг минь хүртэл айлган
Хүүг нь асууж, нэгжин сүрдүүлсэн
Араас нь ахиад гурван айлд
Авилгынхан/албаныхан/  нэгжлэг хийж тэвдүүлсэн
Аавынд цоожлогдсон би,  энэ бүгдийг
Ам дамжин сүүлд мэдсээн.
Гэртээ нэгжлэг хийлгэж байхад
Гэнэн хонгорхон эрх үрс минь
Аавтай ирсэн энэ улс ямар хачин
Албархаг хүмүүс вэ гэж лавтай бодсон
Аавыг нь аваад гарахад охин минь
Айдас түгшүүрт автах нь мэдрэгдсэн
Энхрий үрсийнхээ духан дээр нь ээлжлэн үнэрлээд
“Ээж нь удахгүй ирнэ”  гэж л хэлж амжсан
Өнөөдөр эргээд харахад
Өнгөрсөн нэг зуун дал хоногт
Өмхий шорон гурвантаа сольж
Өрөөлийн эрхэнд гурван улирлыг өнгөрөөв
Харанхуй цагийн
Хар салхины эрч буурах янзгүй
Араас гурван сайхан нөхрийг минь
Арав хоногийн өмнө аавынд цоожлоод авлаа.
Хувь заяаны энэ ширүүн тулаанд
Хуяг дуулга гэж надад огт алга
Зарлаагүй дайны анхны золиосонд
Зургаан сар хоригдол явна
Ар гэр минь өрхийн тэргүүнгүй
Алба ажил минь удирдлага, толгойгүй
Хүйтэн салхины аясаар
Хөсөр орхигдон өнгө алджээ.
Хар салхи даамжраад
Харанхуй цаг сунжраад
Хар шуурга болон нийтээр нь
Хамаг олныг нэрвэх вий гэж эмээх юм.
Ойр дотнын нөхдөөс эхлээд
Ороон, тулган, яллахаар завдах нь
Айдас хүйдэс улам нэмэх
Аймшигт цагийн хахир царай.
Хар шуурга хүчийг авсаар
Ханаж цадахгүй, цуст шуурга болчих вий
Тайван Монгол гучин долоон онд  шиг
Тамын ёроолд хувиран тарчлах вий гэж зовох юм.
Хар шуурга дэгдээгсэд
Харалган бодолдоо хөтлөгдөн
Бузар санаагаа хэрэгжүүлэхээс
Бусдыг энэрэх сэтгэл огт үгүй.
Сүүүдэрт энэ цагийн өнгө идэр есийн хүйтэнд
Сүрийг олж, хүчээ ахин үзүүлэх нь үү?
Урин цаг айсуй юм даа
Урагшаа хараад, сэтгэлээ чангалъя!
Улсынхаа хөгжилд хөг нэмэх гэсэн үнэн сэтгэл,
Урагшлан дэвших чин эрмэлзлэл,
Мөнх Тэнгэрээрээ овоглосон ажил үйлс,
Мөхөхгүй, гудайхгүйд  БАТ ИТГЭНЭМ!

3 comments:

  1. Yostoi unen aimshigtai,haranhui buduuleg,soyolgui ATG-nhan!Gevch unen zaaval yalna aa!

    ReplyDelete
  2. Uneheeriin aimaar har salhi salhiljee!!!Gevch "Unen zaaval yalna aa"!!!

    ReplyDelete
  3. Iim aimaar har salhi Mongold unuudur hurtel salhilsaar l baina aa,ta nar min l erh chuluutei bolj,ene eh ornoo buzar zuilsees avrah heregtei baina aa!!!

    ReplyDelete