Аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, капитализм эрчээ авсан цагаас хойш
дэлхийн өнцөг булан бүрт их гүрнүүдийн эрх ашиг ямар нэг хэмжээгээр мөргөлдөж
эхэлсэн талаар бид бүр дунд сургуульд байх цагаасаа эхлэн түүхийн хичээл дээрээ
сонсоцгоосон билээ. Их гүрнүүдийн
хоорондын тэмцэл Наполеоны дайны төгсгөл
буюу Венийн хэлэлцээрээс хойш улам эрчимжиж, одоогоор даруй 200 жил бүх
дэлхийг донсолгосоор ирлээ. Их гүрнүүдийн зөрчил тэмцэл хамгийн хурцаар болоод
урт хугацаагаар илэрсэн тулаан нь түүхэнд дэлхийн дайн, эсвэл “хүйтэн дайн”
гэсэн тодотгол аваагүй ч, түүх, геополитик сонирхогсдын хүрээнд “GREAT
GAME” буюу “Аугаа Тоглолт” гэх тодотголтойгоор өрнөсөн бөгөөд
ажиглагчид, түүхчид, улс төр судлаачдын онцолж байгаагаар одоо хэр үргэлжилж
байгаа гэх.
Энэ “Аугаа Тоглолт”-ын талбар нь хаа холын Балканы хойгоос дорно
зүгт Крым, Кавказ, Иран, Афганистан, Дундад Азийн Памир, Тянь Шаны уулс,
Хималайн нуруу, Гадаад (ар) Монголоор дамжаад Алс Дорнод хүртэл, дорноос өрнө
хүртэл, уудам нутагт өрнөж байснаараа үе үеийн судлаачид, түүхчдийн сонирхлын
төвд байсаар иржээ.
Эхэндээ хаант Оросын эсрэг Английн (Их Британи Умард Ирландын Вант
Улс) хатан хааны бүх сүр хүч болон тэдгээрийн холбоотнууд янз бүрийн хэлбэрээр (элч
төлөөлөгчдийг нь алах, хорлохоос эхлээд урт хугацаагаар үргэлжилсэн) цуст дайн
байлдаан хүртэл тэмцэж байсан бөгөөд Дэлхийн 2 дугаар дайны дараа зонхилох
болсон АНУ Английн тэргүүлэгч байр суурийг эзэлсэн байдаг. 200 жил тасралтгүй
үргэлжилж буй “Аугаа тоглолтын” талаар үе үеийн судлаачид асар олон ном зохиол
бичсэн байдаг нь энэ сэдэв чухам ямар ач холбогдолтой сэдэв болохын нэгэн
баталгаа билээ. Үүнийг бичихдээ миний бие манай Монгол Улсын өнцгөөс харахад
ганц нэг сонирхол татмаар гэж бодсон болон өөрийн замын зарим тэмдэглэл дурса
мжийг хуваалцахыг хичээв.
ХЭРЭМ буюу КРЫМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
Анх Крымийн төлөөх тэмцэл Хаант Орос, Османы эзэнт улсын (өнөөгийн
Турк) хооронд аль 18 дугаар зуунд өрнөж эхэлсэн бөгөөд Хаант Орос
хүчирхэгжихийн хэрээр Орос Туркийн олон дайнд Оросууд ялж ирснээр Крымийн ханлиг
хүч түрэгдэн Хаант Оросын мэдэлд орсон байдаг. Хэдий тийм ч Англи, Франц, Турк,
гурван улс хүч хавсран 1854-1855 онд Оросоос Крымийг салгахыг завдан,
Севастополийг довтолсон ч, Оросын эрэлхэг цэрэг эрс хүч тэнцвэргүй тулаанд эр
зоригийн гайхамшигийг үзүүлж, булаан эзлэгчдийн санаархлыг зогсоож чадсан юм.
Хэдий тийм ч Крымийн дайны эцэст Хаант Орос улс Хар тэнгисийн цэргийн флотоо
хэсэг хугацаанд устгуулж байсан түүхтэй. Эндээс харахад “ХЭРМИЙН” төлөөх тэмцэл
өчигдөр эхэлсэн бус, харин ч их гүрнүүдийн хоорондын тэмцэл хурцдах тоолонд
сөхөгддөг хөзрийн карт болсоор иржээ. Өнөөдөр ихэнх хэвлэл мэдээлэл “согтуу”
Хрущёв сэтгэлийн хөөрлөөр Крымийг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украины Бүгд
Найрамдах Улсад бэлэглээгүй байсансан бол өнөөдөр Крымийн асуудал ийнхүү эмзэг
болохгүй байх байсан гэх нь түүхийг ганц өнцгөөс харж буй мэт санагдав. Тэгээд ч хүүхэд байхдаа,
Киевийн Орос, Киевийн вант улс Оросын анхны хүчирхэг вант улс байсан гэсэн
хичээл заалгасан миний хувьд өнөөдөр өрнөж буй Украины асуудлуудыг ажиглахаар
их гүрнүүд хүсэл зорилгодоо хүрэхийн
тулд ямарч арга хэрэглэхээс цэрвэхгүй бөгөөд хичнээн ч гэмгүй олны цусыг
урсгахаасаа цээрлэхгүйн тод жишээ мэт санагдаж буйг нуух юун.
ИХ НАЙРАГЧИЙН ҮХЭЛ буюу ШАХ НЭРТЭЙ ОЧИР ЭРДЭНИЙН
ЧУЛУУ
Францын Наполеон Бонапарт Английн хатан хааныг Ла Маншийн хоолойг
гаталж цохихын оронд хаа хол, өөр тивд орших Английн хатан хааны хамгийн үнэтэй
“шигтгээ” болох Энэтхэгээс салгах нь хавьгүй үр дүнтэй цохилт болно гэж тооцоолж
явсан гэх түүхэн баримт байдаг. Үүнтэй адил Оросын Цагаан хаан Энэтхэгийн зүг
үе үе “өнгөлздөг” байсан бөгөөд замд нь орших Персийн шахтай нэг үе найрамдаж,
үг хэлээ ололцохгүй үедээ цэрэг зэвсгээр сүрдүүлж иржээ. Оросын алдарт яруу
найрагч, зохиолч А.Грибоедов чадварлаг дипломат байсан бөгөөд Хаант Оросын
элчин сайдаар томилогдон, Тегеранд Персийн араасаа Англи, Францыг элчингүүдийн
ятгалаар Оросын талтай тун хатуу болзол тулгах түшмэдтэй хэлэлцээр хийж байсан.
Уг хэлэлцээр аргагүй мухардсан байдаг. Оросын элчин сайд А.Грибоедов өөрийн
улсын байр суурийг тууштай хамгаалж байсан тул Оросын эсрэг турхиралт газар
авсаар, гудамжны үймээн самуун дэгдэж, Оросын Элчин сайдын өргөөнд зэвсэгт
этгээдүүд халдахдаа, цэл залуу, ид бүтээж туурвих гучин гуравхан настай байсан
алдарт зохиолчийг зэрлэгээр хөнөөсөн юм. Элчин сайдынхан амийг нь хөнөөсөндөө
гэмшсэн Персийн Шах “Шах” нэртэй очир эрдэнийн чулуу Оросын хаанд элчин сайдыг
нь “өмгөөлж” чадаагүйдээ гэмшин илгээсэн байдаг. Элчин сайдынхаа үхлийн
төлөөсөнд авсан очир эрдэнийн чулуу өнөөгийн ханшаар зуу гаруй сая долларын үнэ
хүрэх бөгөөд хосгүй тэр очир эрдэнийн чулуу Оросын төрийн сан хөмрөгт үлдсэн
гэдэг. Энэ чулуутай адилтгах очир эрдэнэ Английн хатан хааны титэмийг чимдэг
гэсэн яриа буй. Оросын хаан Александр элчин сайдынхаа амийг нэхэлгүй тэгэс гээд
орхисноороо үе үеийн Оросын эх орончдод зүхүүлсээр түүхэнд үлджээ.
"Аугаа тоглолтын" XIX зууны эхэн хагасын энэ үзэгдлээр
нэрт яруу найрагч, зохиолч, элчин сайд А.Грибоедов амь насаа харамсалтайгаар
алдсан нь Орoсын ард түмний сэтгэлд болон дэлхийн уран зохиолд нөхөж болшгүй
гарз болон үлдсэн. А.Грибоедов Орoсын буюу дэлхийн уран зохиолд үнэлж баршгүй
өв үлдээсэн бөгөөд М.Лермонтов, А.Пушкин нарт асар ихээр нөлөөлсөн зохиолч, цаг
үеэсээ цойлсон сэтгэгч байсан гэж Орoсын утга зохиол судлаачид үнэлсэн
байдаг.
АФГАНААС АМССАН ГУРВАН ЯЛАГДАЛ
Би хэдэн нөхдийн хамт 2006 оны намар Тажикистаны Уулын Бадахшаны мужаар Мургабаар дамжин уулын аялал хийж
явсан билээ. Бид 4000 м өндөрт байрлах, "Халуун рашаан" (горячий источник) манай Цэнхэрийн халуун
рашаантай төстэй баазад хүрч хоноглоод аяллаа эхэлсэн. Памирын сүрлэг
өндөр уулсаар аялахдаа ууланд аялах дуртай миний бие уулын спортын тамирчин биш
тул 5600 м өндрөөс дээш гараагүй ч, тэнгэр баганадсан мөнх цаст оргилуудын
барааг харж, дотроо машид бэлгэшээн явсан юм. Нэгэн өдөр бид манай Алтайн уулст
элбэг өндөр уулсын хоорондохь уужим хөндийг туулж байв. Хол замд яваа улс энэ
тэрийг хүүрнэж явтал хамт явсан тажик найз Зафар маань “Энэ хөндийд 1978 оны 2
дугаар сард Зөвлөлтийн армийн танкууд төвлөрч байгаад Афган руу дайрсан"
гэв. Тэр тэнүүн хөндийд өч төчнөөн мянган цэрэг техник 30 хүрэхгүй жилийн өмнө
бужигнаж байсан гэж төсөөлөхийн аргагүй нам гүм, эл хульхан, алсад ганц нэг
гэрийн бараа харагдах нь төрөлх нутгийг минь эрхгүй санагдуулж байв. Удалгүй
бид нэгэн өндөрлөг дээр гартал Зафарын ах Айтабек"... Энэ хоолой өгсөөд
тэнд харагдаж буй гэрүүд бол Афганы нутагт байгаа айлууд. Бид бараг хил дээр
байна гэв. Энэ нутаг, өндөр уулсын дунд орших бөглүү газар тул хилийн зурвас,
тор гэж нүдэнд харагдах юм алга. Энд тажик, киргиз, хазарууд гээд олон үндэстэн
ястан амьдрах аж. Гэрт амьдарч байгаа нь киргизүүд гэнэ. Гэхдээ Памирчуудын
дийлэнх нь исмаилитүүд. Бид танай Чингисийн цэрэг ирэхэд тулалдалгүй,
ууланд бүгээд , хажуугаараа гаргасан түүхтэй. Биднийг энэ олон зуунд хэн ч
ноёлж байгаагүй гэж бахархалтай хүүрнэх нь эх түүхээрээ омогшин явдаг Монголын
сэтгэлд аргагүй ойрхон бууж байв. Би Зафар болон тэр нутагтаа ихэд хүндлэгддэг Айтабек
аксакалаас олон сонирхолтой түүх сонссоны нэг нь Исмаилитуудын төр шашны
тэргүүн нь Ага-хан бөгөөд үе үеийн Ага-хан ширээнд залрахад нь албатууд нь
“амьд бурханаа” жингийн туухай дээр зогсоогоод нөгөө талд нь өөрсдийн өргөсөн
алт эрдэнэсийг овоолж тэнцүүлэх нь ширээнд залах ёслолын нэг салшгүй хэсэг гэж
хуучилсан юм. Энэ талаар би хүүхэд байхдаа нэгэн номноос уншиж байсан бөгөөд
тэр Исмаилитуудтай нэгэн өдөр сүрлэг уулсаар хүрээлүүлэн сууна чинээ төсөөлж
яваагүй билээ. Бидэнтэй хамт явсан нутгийнхнаас хоёр нь Афганд байлдаж явсан
гэв. Сонирхолтой нь, нэг нь Оросуудынхаа эсрэг талд цохиж явсан дайнч эр, нөгөө
нь КГБ-ын төлөөлөгчөөр Афганд ажиллаж явсан гэхийг сонсоод манай "Төөрсөөр
төрөлдөө" уран сайхны киноны баатар шилийн сайн эр Балтын "Надад улаан
нь ч, цагаан нь ч байна" гэдэг үг бодогдож билээ. Ингэж явахдаа АУГАА
ТОГЛОЛТ-ын цуст талбар болсон Афган нутагт байлдаж явсан улстай, Афганы хилээс
10 хүрэхгүй километрт үдлээд сууж
байхдаа, ямар золоор манай нутаг энэ үргэлжилсэн дайн самууны хөлд нирвэгдээгүй
хол байгаа юм бэ гэсэн бодол толгойд эргэлдэж байв. Учир нь яг тэр үед АНУлс
тэргүүтэй НАТО-гийн цэргүүд Афганд Талибанчуудын эсрэг дайн эхлээд байсан бөгөөд
өнөөдөр хүртэл Афганчууд энх цагтай золгож чадаагүй л байна. АНУ НАТО-гийн энэ
дайнаас өмнө 1978 оноос нэг талаас АНУ-ын санхүүжилттэй моджахидинууд нөгөө
талаас Улаан арми цус урсгасан дайн 7 жилийн турш үргэлжлүүлсэн бөгөөд тэр
дайнд ЗХУ ялагдаагүй бас ялаагүй. Гэхдээ Афганы дайн ЗХУ болон Варшавын
гэрээний задралын суурийг тавьсан гэж Өрнөдөд шуугидаг. Өнөөгөөс 150 орчим
жилийн өмнө ч гэсэн тэр үеийн дэлхийн цагдаа болох Английн хатан хааны
"Цөлийн арми" Энэтхэгээс (одоогийн Пакистаны өмнөд хэсгээс)
Афганистан руу түрэмгийлж, Кабулыг хэсэг эрхшээлдээ оруулсан ч тун удалгүй
шившигтэйгээр цохигдон зугтахдаа, Наполеоны арми Москвагаас ухрахдаа асар олон
мянган цэргийн амиар төлөөс хийж, цусан зам татуулан буцсантай харьцуулж бичсэн
байдаг. Энэ ялагдлыг Английн хатан хааны ялагдашгүй армийн түүхэнд хар толбо
болсон шившигт ухралт гэж Английн цэргийн түүхэнд онцолсон бөгөөд үүнээс хойш
хоёр ч их гүрний арми Афганд нэрээ сэвтүүлээд авсан билээ.
Памирын өндөр уулсын дундахь гацаа тосгодоор дайран өнгөрч явахдаа
ийм л алслагдсан бөглүү газар хаант Оросын болон Английн хатан хааны тагнуул
туршуулууд 200-аад жилийн тэртээгээс элдэв аянчин гийчний төрхөд хувилан
явахдаа хоорондоо олонтаа мөргөлдөж байсан тайван уулын тосгод хожим нь энэ
нутгийг нэрвэсэн өчнөөн жил намжихгүй үргэлжлэх "АУГАА ТОГЛОЛТ"-ын
цуст үзэгдлээс хагацаж, зовлонд нэрвэгдсэн Афганы ард түмэн хэзээ амар тайван
амьдрах болдоо хэмээн сүүрс алдан бодож явснаа нуух юун.
ФЕРГАНЫ ХӨНДИЙГӨӨС ФРУНЗЕ (БИШКЕК) ХҮРТЭЛ
2006 оны намар би хоёр Америк найзын хамтаар Памирын уулсаас Тяньшанийн уулсыг зорьсон юм. Тажикистанаас Киргиз
орох замд бид 2 цаг гаран манайд ховор засмал замаар салхи татуулан хурдалж
явахад замын баруун талд ертөнцийн зүгээр зүүн гар талд үргэлжилсэн өндөр төмөр
торон хашаа сунайх нь Тажикистан-БНХАУ-ын
хил гэв. Яагаад хилийн энэ талд ийм сайхан зам тавьсан юм бол (цаад талд нь
өндөр уулын бэлээр тор дагасан шороон зам харагдаж байв) гээд сонирхвол өнөөх л
Афганы дайнтай холбоотой зам гэв. Энэ замаар Зөвлөлтийн армийн ар талаас
хангалтын цуваанууд хөвөрч байсан ажээ. Гэтэл бидний хоёр машинтай энд ганц ч
машин зөрөлгүй 2 цаг гаран явав. Асар өндөр өндөр уулсын хооронд олон даваа
гүвээг хээлсэн дардан замыг ёстой л техникийн хүчээр зодож тавьсан байхдаа гэж
бодохдоо бид Алтайн уулсаар аялахдаа Ховдоос Бодончийн хавцал хүртэл 200
гаруйхан км газар 8 цаг гаран давхидаг байснаа дурсаж явав. Хагас өдөр аялсны
эцэст бид Тажикстанаас Киргиз рүү нэвтрээд, ахин 5 цаг хиртэй аялсны эцэст
Торгоны замын аянчин гийчин эрт дээр үеэс алжаалаа тайлан амарч ирсэн
үзэсгэлэнт, үржил шимт Ферганы хөндий рүү орж ирэв. Тэнд биднийг Ош хот гэж
налайсан тайван хот угтаж билээ. Хүмүүс нь элэгсэг, наргианч Киргизүүд манай
Монголчуудтай их төстэй. Узбекууд арай наймааны овсгоотой сэргэлэн санагдаж
байсан. Гэтэл биднийг явснаас хойш хэдхэн жилийн дараа өнөөх тайван Ош хотод
өчнөөн үе дамжин эвтэй найртай аж төрсөн Киргиз, Узбекүүд бие биетэйгээ цуст
мөргөлдөөн дэгдээж, олон зуун гэмгүй хүний амь эрсэдсэн талаар хэвлэлээс хараад
итгэж ядан, Киргиз найз руугаа утасдаж лавлаж байсан билээ.
Ош хотод бид нислэг хүлээж хоноглов. Маргааш нь бид цаг хүрэхгүй
нислэгийн дараа хуучнаар Фрунзе хот буюу өнөөгийн Киргиз улсын нийслэл Бишкек
хотын Манас онгоцны буудалд газардав. Бишкек хот бүр ЗХУ-ын үеэс үзэсгэлэнтэй
цэцэрлэгт хүрээлэн хот гэж алдаршсан хот байсан гэж Киргиз найз, ах Бек маань
бахархаж байв. Гэхдээ Манасын онгоцны буудалд газардаад намайг цочоосон нэгэн
зураг нь онгоцны буудлын нэг хэсэгт сойгоостой АНУ-ын зэвсэгт хүчний онгоцууд
байлаа. Афганд өрнөж буй дайны сүүдэр Бишкек дээр туссаныг ингэж би харсан юм.
Намайг гайхашруулсан өөр нэг тайлбар бол тэр үед Киргизэд АНУ-ын нисэх хүчний
баазаас гадна Оросын зэвсэгт хүчний пуужингийн анги нэгтгэл Бишкекээс холгүй
байрладаг гэсэн мэдээ байв. Ингээд эрт дээр үеэс Торгоны замын зангилаа болсон
Бишкект өнөөгийн хоёр их гүрний зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд зэргэлдээ шахуу
байрлаж байх нь тэр. Киргизүүд Тажикуудтай ярьж байхад бүгдээрээ л, манайхан
урд хил давж хамаг юмаа цуглуулдаг шиг, дийлэнх худалдаа арилжаа нь урдаасаа
болж, хойноос авдаг юм жилээс жилд багассаар гэсэн нь танил сонсогдсон билээ.
Бишкекээс зүүн тийш гаран үзэсгэлэнт Иссык-Куль нуурыг ороогоод
Тяньшань уулсаар (манайхаар Тэнгэр уулс, Киргизээр Алатоо, орчуулбал Алаг эрээн
уулс гэх нь жилийн 4 улиралд олон өнгийн дүр төрхөө харуулдгаас ийм нэртэй
болсон болов уу гэмээр) хэд хоног аялчихаад буцахдаа, элэгсэг дотно Киргиз ахан
дүүстэйгээ эргэн уулзахын ерөөл тавиад нутгийн зүг мордохдоо, тун удалгүй
Киргиз орон үймээн самуунд автан, төр засаг нь савлаж, бараг иргэний дайны ирмэг дээр ирэн байж байдал намжсан талаар хэвлэл
мэдээллээс сэтгэл зовнин ажиглах болно чинээ санаагүй явсан билээ. Тайван
амгалан Киргиз орон яагаад ийн хямралд автаж, яагаад өчнөөн үеэрээ эвтэй
найртай амьдарч байсан киргиз, узбекүүд хоорондоо хоолойгоо огтлолцох дээр
тулсан байна. Яагаад киргизүүд хоорондоо улс төрийн хямралд автан, үймээн
самуун дэгдэж, өмнөх төрийн тэргүүн нь хойд хөршөөдөө зугтах шахам дүрвэх
болов?
Эдгээр асуултуудын хариу нь хэдэн зуунаар үргэлжилж буй АУГАА
ТОГЛОЛТЫН нэгэн үзэгдэл төдий байсан гэдэгтэй ихэнх судлаач чимээгүйхэн санал
нэгдэж байгаа билээ. Тэр үл үзэгдэгч тэмцлийн аюулт дайрлага үүнээс хойш
Гүржээр дамжаад өнөөдөр Украинд хүрээд байгаад нэгийг бодмоор.
ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН АР МОНГОЛД ЗАЛАРСАН НЬ
Дарнатын хувилгааны 9 хойд
дүр Богд Жавзандамба хутагтуудыг амьд бурхан хэмээн шүтэж ирсэн Монгол түмэн
Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Монголд залрах тоолонд магнай тэнийн баярласан
сүсэгтэн олон чаддаг нь мутрын адис хүртчих юмсан, чадал муутай нь сунтагны
адис болов хүртэхсэн. Эс бөгөөс амьд бурхан, Дээрхийн гэгээнтний барааг алсаас
ч болов нэг хараад, мөргөөд хоцрохсон гэсэн хүсэл өвөрлөн явсаар иржээ.
Өнгөрсөн зууны эхээр Далай лам мөхөх өдөр хоногоо тоолж буй Чин
улсын дургүйцлийг үл ойшоон Ар Монголд заларч, сүсэгтэн олонд ном сургаал
айлдаж бараг бүтэн жил тойрон манай нутагт саатсан байдаг. Тэгж явахдаа хожим
Чин ван болсон Түшээт хан аймгийн жанжин захирагч, Хаант Орост элэгтэй гэж зард
гарсан Ханддорж вантай ихэд ойр байсан гэж олон ном зохиолд гардаг. Дээрхийн
гэгээнтний энэхүү Монгол нутагт жил тойрон саатах Халхын VIII Богдыг нэлээдгүй
тавгүйтүүлсэн байдаг. Сүсэгтэн олон Далай лам гэж хошуурсандаа ч учир нь биш
байсныг өөр нэг ном уншиж байхдаа ойлгосон билээ.
Манж Чин улсын сүр хүч суларч, Английн эрх дархтанууд Энэтхэгээс
Балбаар дамжин ихэнх нь ГУРКА (Балбын Английн хатан хааны армид алба хаадаг
дайчид) нараас бүрдсэн цэргийн корпус Төвд рүү довтлосноор Дээрхийн гэгээнтэн
Лхасаас дайжин, нэгэнт доройтсон Чин улсын хааныг бараадалгүй Ар Монголд
залрахдаа Хаант Оросын элч төлөөлөгчидтэй эрчимтэй холбоо сүлбээ тогтоох арга
зам хайж байсан гэдэг. Тиймдээ ч Манжуудад ясны дургүй, эх оронч Ханд вантай
ойр байсан болов уу гэсэн бодол эрхгүй толгойнд орж ирж байна.
Тэр үед нэг талаас Англи, Энэтхэгээс Төвд рүү болон Шар тэнгисээс
тэнгисийн цэргийн сүр хүчээр далайлган
Чин улсыг хоёр талаас нь хавчаад, нөгөө талаас Хаант Орос Дундад болон
Төв Ази, Алс дорнодод өөрийн нөлөөгөө бататгах ширүүн тэмцэл ид өрнөж байжээ.
Мандах нарны арлын орон Ази тивд зонхилох тоглогч болохоор орон
зайгаа бас тэлж эхлэв. XIX зууны сүүлийн хагаст л Хаант Орос Дундад Азийн
ханлигуудыг зэвсгийн хүчээр эзэнт улсдаа нэгтгэж авснаас хамгийн сүүлд Хива
хотын хан ширүүн тэмцлийн эцэст хотоо алдсан байдаг.
Чин улс задрахтай зэрэгцэн Ар Монголд үндэсний тусгаар тогтнолын
тэмцэл өрнөсөн нь Орос Японы 1905 оны дайнд Алс Дорнодод байр суурь нь суларсан
байсан Хаант Оросын Төв Азид явуулах бодлого ахин эрчимжих таатай хөрс болж
өгсөн. Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо эргүүлэн олж авснаас хойш шашин
төрийг хослон баригч Богд Хааны дэргэд нөлөө нь эрс нэмэгдсэн Хаант Оросын
консул фон Коростовец эзэнт гүрний харгис бодлогоор түрэмгийлж, ил далдаар
Монголын төрийн дотоод гадаад бодлогод
хутгалдах болсон нь 1915 оны Хиагтын хэлэлцээрээс хойш улам гаарсан байдаг. Тэр
үед Хятадын Засгийн араас Наран улсын нөлөө илт цухалзаж, Хаант Оросын засаг
1914 оны зунаас Европт дүрэлзэж эхэлсэн Дэлхийн I дайныг Алс Дорнодод
“халдварлуулж” давхар фронт дээр дайтахгүй байхын тулд Монголын тусгаар
тогтнолыг Хятадын Автономит орон боловч Хаант Оросын нөлөөний гэсэн саармаг
тогтолцоогоор сольсон талаар бид сайн мэднэ. Гэтэл 1915 оноос хойш нөгөө л
харгис консул фон Коростовецын ил далд явуулгаар Богдын Автономит засгийн
төрийн таван сайд учир битүүлэг хорвоог орхисон талаар тэр үеийн гэрчүүд хожим
хэлж бичүүлж үлдээсэн байдаг. Эх орныхоо тусгаар тогтнол, язгуур эрх ашгийн
төлөө тууштай тэмцсэн Ерөнхий сайд нь, Дотоод яамны сайд нь, Гадаад яамны сайд
нь, Бичгийн сайд хорлогдон, амиа алдсан байтал тэдний гэгээн дурсгалыг
мөнхөлсөн хөшөө дурсгалтай болж амжаагүй байж өнөөх гайхал, их гүрний эзэрхэг
консулын хөшөө босгох шийд тогтоол ноднин жил гарсныг хэвлэлээс олж уншаад
дотроо харуусч сууснаа бас нуух юун. Угтаа Монголын ард түмэн үеийн үедээ Да
лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн нарын эх орончдын түүх дурсгалыг дээдэлж явмаарсан.
Зуу гаруй жилийн тэртээх XIII Далай ламын Ар Монголоор саатсан тэр
аялал, өнөөгийн XIV Далай ламын энэ намар Монголд залрах нь хойшилж буй хоёр
хоорондын бүтэн нэг зуун найман жилээр алслагдсан хэдий ч мөнөөх л “АУГАА
ТОГЛОЛТ”-ын сүүдэр туссан хоёр өөр үзэгдэл билээ. Дээрхийн гэгээнтэн саяхан
манай хойд хөршийн Ерөнхийлөгчийг хатуухан шүүмжлээд авсан нь хэвлэлээр тарлаа.
Үүнээс ажиглахад Далай лам хэсэгтээ Улаанбаатарт залрах магадлал үгүй болох шив.
Мөхөх мөчөө чадан ядан сунгах гэж тэмцсэн Чин улсын буурийг шинэ
цагийн их гүрэн эзэгнэж, дэлхийд хүчирхэг гүрэн гэдгээ бүгдээр хүлээн
зөвшөөрүүлээд байгаа цаг үеийн гэрч болж байгаа бидний Монголчууд түүхэн
сургамжуудаас нягтлан судалж, улс үндэстнийхээ ирээдүйг харсан зоримог гадаад
бодлого явуулж буйд иргэнийхээ хувьд сэтгэл өег ажиглан суугаа билээ. Хэдий
тийм ч гадаад бодлогын санаачилгууд дотооддоо хэр уялдаатай тусаж байгааг манай
төрийн түшээд нягталж буй заа хэмээн найдах л үлдэж. Аливаа яригдсан хэтийн
ашиг тустай санал, гэрээ хэлэлцээрүүдийг дээд төвшинд яригдсан хэмжээнд, зөвхөн
цаасан дээр үлдээлгүй, бүх төвшинд эрвийх дэрвийхээрээ мэрийн ажиллаж байж
гэмээ нь тэр ажил биеллээ олж, үр өгөөжөө Монголчуудад, Монгол Улсад өгнө
гэдгийг эрхэм түшээд нам эвсэл харгалзалгүй болгоож буй биз хэмээн найдан
сууна.
Өнөөдөр өрнөж эхэлсэн Украины асуудал “АУГАА ТОГЛОЛТ”-ын нэн шинэ
үзэгдэл билээ. Энэ тоглолт даруй 200 жил шахам үргэлжилж буй их гүрнүүдийн ашиг
сонирхлын илдийн торгон үзүүр зөрөлдсөн газар бүр дүрэлзэж ирсэн бөгөөд цаашид
хэрхэн өрнөхийг бидний цөөхөн Монголчууд цэвэр “ажиглагчийн” байр сууринаас
харан өнгөрөх болтугай гэсэн өчүүхэн явцуу бодол тээж буйгаа хуваалцахыг
хүсэв.
No comments:
Post a Comment