Түүхээ мартаж үл болно – Мартвал сөнөнө

Өнгөрсөн 9 сарын 5-нд нэгэн өдөр тутмын сонинг илгээмжээр аваад дэлгэтэл өөдөөс аавын зураг. Энгэртээ Халх голын ойн 75 жилийн медальтай. Дараагийн хуудаснаа өвөөгийн минь том зураг гарсан байна. “Ийм  тусгаар тогтнол гэж байдаггүй юм гэж радиотойгоо хэрэлддэг” гэсэн гарчигтай өвөөгийнхөө талаар аавын өгсөн ярилцлагыг уншив. Эрхээ хасуулаагүй байхдаа уншсан ч сэтгэл хөдлөм, дурсамж дагуулсан ярилцлага байв. Өмнөхөн нь би бас нэгэн өдөр тутмын сонингоос “Халх голын дайны ой ба ДЭМИЙ ХӨӨРЦӨГЛӨЛ” гэсэн гарчигтай нийтлэл уншаад, аав минь радиотойгоо муудалцаж суудаг гэсэнтэй адил сонинтойгоо “түнжин хагарах” шахан, ганцаараа бухимдан нэг хэсэг суусан. Уг нь тэр нийтлэлчийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар бичсэн болгонтой шухуу дотроо санал нийлж, бичсэн болгоныг нь шимтэн уншдаг, уншсаар ч байгаа нэгэн билээ. Тэр нийтлэлд, “Номун Ханы мөргөлдөөний” талаар Японд түүхийн хичээл дээр дурсаад өнгөрдөг (ялагдсан улс өөр яах ч ёстой билээ...), бидний хувьд ялалтын баяр гэж дэмий хөөрцөглөснөөс арлын түнш орныхонтойгоо инээмсэглэн, гар бариад урагшаа алхах ёстой цаг. Ер нь дэлхийн улс орнууд иймэрхүү түүхийн эмзэг сэдвүүдээ дэвэргээд байдаггүй... гэх мэтээр бичихдээ түүхээ “мартагнасан” нь дээр, арлын орноос аварлын од гийх гэж байхад, хаа хол 75 жилийн өмнө, улсын зүүн хязгаарт “хэд буудалцсаны” төлөө өнөөдөр ганц наашаа харж инээх шинэ түншийн сэтгэлд сэв суулгачихна гэсэн болгоомжлол, гурван гол түнштэйгээ - хөрштэйгээ ухаалаг харьцах уриалга гэж ойлгогдохоор санаа илэрхийлжээ. Үүнийг хэрхэн өнөөгийхөн хүлээж авсан бол? Тэр нийтлэлийг уншсан уншигчдын дийлэнх нь таатай хүлээж аваагүй байх гэж найднам. Өнөөгийн Япончуудыг өнгөрсөн түүхээр яллах гэсэн санаа надад алга. Япончууд шиг түүхээ, уламжлалаа ой тойндоо ягштал дээдэлж, түүхэн ололт ялалтаараа бахархаж, ялагдлаа мартдаггүй айхтар ухаалаг ард түмэн энэ дэлхийд цөөхөн. Өнөөдрийн Японы ерөнхий сайдын эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлтийг Япончууд төдийгүй дэлхий даяар 1868 онд эхэлсэн феодалын үеийн зогсонги байдлаас улс үндэстнээ гаргасан Мейжигийн эрин үеийнхтэй адилтгах хэмжээний шинэчлэл дэвшлийн суурийг тавин, Японы эдийн засгийн шинэ цагийн сэргэлт хэмээн АБЕНОМИКС  гэх томъёлолтой болтлоо дэлхий даяар шагшигдах болсон. Ноён Шинзо Абе эдийн засгийн эргэлтийн бодлогоо тууштай залж яваа ч, өнгөрсөн оны 12 сард Ясукуни бунханд (YASUKUNI SHRINE) очиж хүндэтгэл үзүүлсэн нь Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэн, өнгөрснийг “санагалзлаа” гээд дэлхий даяар бас шуугиулаад авсан. Ялангуяа, ноён Шинзо Абегийн энэ алхам БНХАУ болон Өмнөд Солонгосд маш их дургүйцлийн давалгаан өдөөсөн гэхэд хилсдэхгүй. Тэглээ гээд Япончууд ерөнхий сайдаа шүүмжлэн, хөршүүдийнхээ сэтгэлд сэв суулгалаа гэж татаж чангаав уу? Бараг үгүй. Эсрэгээр нь, Ноён Абегийн нэр хүнд улам өсөж, улс төрийн нам нь өнгөрсөн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан. Эдийн засгаа урт нойрноос сэргээн, 20 гаруй жилийн зогсонги байдлаас гаргалаа хэмээн ихэнх Япончууд түүнд таашаалтай хандаж байгаа ч эдийн засгийн өсөлтийн давалгаан дээр өнгөрснийг санагалзах үндсэрхэг үзлийн түрлэг болон хувирч бүс нутагтаа цочроо үсгэх вий гэсэн болгоомжлол дотоод гадаадгүй үүссэнийг бид бодолцмоор.
            Мэдээж Япон улстай байгуулахаар хэлэлцэгдэж буй эдийн засгийн түншлэлийн гэрээ Монгол улсад маань хэрэгтэй. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Нөгөө тал ч мөн өөрт ашигтай гэж үзээд  гэрээ бэлдэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ өнгөрсөн түүхээ үгүйсгэн ирээдүйрүү тэмүүлнэ гэдгийг ойлгоход бэрх гэсэн бодолтой өвөөгийнхөө талаар ярилцлагыг ахин уншив.
            Сурвалжлагчийн “Аав тань үхэлтэй хэр олон удаа нүүр тулсан бол?” гэсэн асуултанд “... Өөрөө бэртэж гэмтэж байсан талаараа надад ярьж байгаагүй...” гэсэн хариулт уншаад би гайхширч хоцров. Өвөө аавд яриагүй юм болов уу, эсвэл 70 шахаж яваа аав маань тулгамдаад санасангүй юу? Өвөө маань тэргүүн ангитай довтолгоонд ороод, гар бөмбөгний (гранат) тэсрэлтнээс шархдаж, хүнд доргилт (контузи) авсан, тэр шархнаас болоод гар нь үл мэдэгдэм чичирдэг хүн байсан санааанд тод байна. Та яагаад ингэж чичирхийлсэн юм шиг бичдэг юм бэ гэж асуухад “Өвөө нь шархадсанаас болоод” гэж хариулж байсан тод санагдах бөгөөд өвөөгийн минь нямбай боловч чичирхийлсэн бичгийн хэв нүднээ харагдаад өнгөрөх шиг болов. Бараг 40 шахам жилийн өмнөх хүүхэд насны дурсамжууд хүчтэй гээч нь түрээд ирэв. Би 2-р ангид ортлоо Нянтай өвөө, Дашцэрмаа эмээгийнхээ хажууд ихэнхдээ байсан. Өвөөгийн найзууд гээд домогт Дандар баатар, Гонгор баатар, Дампил баатар, Данзанванчиг баатар гээд ном зохиолоос залуугийнх нь зургуудыг харж, төрхийг нь тогтоон, өвөөгөөр түүхийн нь яриулсан буурлууд их ирнэ. Ирэхлээрээ тэд хууч хөөрнө, өвөөтэй шатар тоглоно. Би гэдэг хүн дунд нь харж суусаар өдрийн талыг авна. Ирсэн зочдын талаар явсных нь дараа өвөөг түүхийг нь ярьж өг гээд баахан шалгаана. Их ч түүх сонссондоо. Дандар баатар их ирдэг байсан. Тэр үед  Дандар баатар засгийн газрын хэвлэх үйлдвэрийн даргаар ажилдаг байв. Ийн сайн мэдэх учир нь авга эгч маань (аавын отгон дүү) тэнд ажилдаг, тэгээд Гоогоогийн дарга гэдгээр нь сайн мэдэх болсон байв. Хааяа намайг “харах” хүнгүй болвол өвөөг дагаад албан газруудаар уригдан ярилцлага хийхэд нь хамт явна. Тэгэх тоолондоо “бялууртлаа” элдэв амтатнаар “дайлуулна”. Миний хамгийн сайн санаж байгаа нь Чихэр Боовны үйлдвэрт (одоогийн “Өгөөж”) очиж хийсэн ярилцлага. Тэгэхэд би гэдэг хүн “балрах” шахсан паянтай. Хүүхэд байхад Ардын Хувьсгалын 50, 55 жилийн ойн альбомууд гэж сайхан зузаан альбомууд манайд байдаг байв. Сургуульд ортлоо “найзалсан”, бараг л тангад ном шиг цээжилчихсэн ном гэвэл тэр альбомууд байлаа. Тиймдээ ч түүхч болно гэж зөрж явсаар жуулчны хүн болсон болтой. 80-аад онд манайд Зөвлөлтийн домогт баатар жанжидын дурсгалууд олноор хэвлэгдсэн. Маршал Жуковын хэдэн ботиор эхлээд Василевский, Рокоссовский, Конев, Плиев гээд олон домогт  жанжидын дурсгалыг амтархан уншсан билээ. Тэр бүгдийг уншиж байхад бараг бүх номонд зөвлөлтийн цэргийн командлагч нар Халхын голд байлдаж явсан талаараа эсвэл Халхын голын ялалтын ач холбогдлыг машид онцолсон байдаг. Японы милитаристууд 1931 онд Манжуурыг түрэмгийлэн эзлээд, ЗХУ болон БНМАУ-ын хилийн дагуу Квантуны 1 сая албан хаагчийн бие бүрэлдэхүүнтэй, хүчирхэг армийг байрлуулж, 1934-35 оноос эхлэн манай улсын дорнод хилийг удаа дараалан зөрчиж, хилийн мөргөлдөөн үүсгэж байсан байдаг. 1938 онд Японы тал Хасан нуур орчим томоохон ялагдал хүлээж, ЗХУ-ын Алс Дорнодруу өнгөлзөх төлөвлөгөөгөө нураалгуулсан ч, жил хүрэхгүй хугацаа өнгөрмөгц Нацистын Германтай байгуулсан “дэлхийг хувааж ноёрхох” хэлцлийнхээ дагуу БНМАУ-ын хилрүү Халх голын районоор түрэмгийлэн халдсан билээ. Квантуны арми дорнод Монголоор дамжин Сибирийг өөрийн эрхшээлдээ оруулах нүсэр төлөвлөгөөнийнх нь эхлэл Халх голын эрэг орчим өрнөсөн түүхтэй. Японы арми Манжуурын нутгийн гүнээс Монгол улсын хилрүү тулган төмөр замын хоёр шугам, хоёр авто зам бариад байсан бөгөөд  энэ “зарлаагүй дайнд” хамаагүй илүү бэлтгэгдсэн байлаа. Тэд Буйр нуур орчмын газрын тосны сав газрыг бүрэн эрхшээлдээ хурдан оруулаад, тэндээсээ ЗХУ-ын нутгийн гүнрүү, бүр Уралын нуруу хүртэл түрэмгийлэх санаархалтай байсан. Монголын нутаг дэвсгэрт дорвитой эсэргүүцэлтэй тулгарахгүй, тулгарсан ч давуу зэр зэвсгийн хүчээр хялбархан ялалт байгуулна хэмээн Квантуны армийн эрх дархтангууд Токиоруу илтгэж байсан байдаг. 1939 оны 5-р сарын 11-нд Японы 300 орчим цэрэг офицер хэд хэдэн хуягт тэрэг, автомашинтай БНМАУ-ын хилийн гүнд цөмөрч, зэвсэгт мөргөлдөөн эхэлснээр 4 сар үргэлжилсэн Халх голын дайн эхэлсэн юм. 2 долоо хоног орчмын дараа Японы тал Монгол Зөвлөлтийн цэргийн байрлалыг хүчтэй бөмбөгдөж, Квантуны армийн 23-р дивизийн нэгтгэсэн хүчээр манай нутагруу цөмрөн довтолсон ч цохигдсон. Япончууд 6-р сараас эхлэн “Номун ханы 2-р үе” гэж нэрлэсэн томоохон давшилтанд 40 орчим мянган цэрэг офицер, баргын 5000 орчим морин цэрэг, 300 гаруй их буу, 150 орчим танк , хуягт тэрэг болон 250 гаруй нисэх онгоц оролцсон юм. Энэ үед Монгол Зөвлөлтийн цэрэг Халхын голын зүүн эрэгт өргөнөөрөө 20 км, гүнээрээ 10 км зайд нэг мотобуудлагын бригад, Монголын ардын армийн 6, 8-р морин дивизийн бүрэлдэхүүнтэй дайсны довтолгооныг няцаахаар байрлаж байв. Япончууд 7 сар гармагц Халх голыг гатлан, Баянцагааныг чиглэн, гол хүчээ баруун жигүүрт төвлөрүүлэн давшиж, голын зүүн эрэгт байсан манай цэргийг бүслэн устгах  зорилт тавин довтолсон. Японы зэвсэг техникийн илт давуу довтолгооныг таслах нөөц хүч хараахан Халх голд хүрээгүй байв. М. П. Яковлевын удирдсан танкийн 11-р бригад тулалдааны талбарт дөхөж ирсэн ч  явган цэрэг ард хол хоцорсон байв. Хүчний тэнцвэр илт дайсны талд байсан тул эгзэгтэй үед Г. К. Жуков Яковлевын удирдсан танкийн бригадыг явган цэргийн дэмжлэггүйгээр тулалдаанд оруулах маш зоримог шийд гаргасан байдаг. Яковлевчууд дайсны ширүүн цохилтонд өртөн, бригадын бүрэлдэхүүн ихээхэн хохирол амссан ч дайсны довтолгооныг зогсоогоод зогсохгүй Япончууд сандран ухрахдаа ихэнх зэвсэг техникээ хаян, олон мянган цэргээ алдсан том цохилт амссан. Баянцагааны төлөөх тулалдаан Монгол Зөвлөлтийн дайчдын ялалтаар өндөрлөсөн ч Японы тал 8 сарын 20-доор эргэн, илүү их хүчээр, довтолгоонд шилжихээр төлөвлөж байв. Энэ довтолгоонд Японы талаас 75 мянган цэрэг, 500 гаруй их буу, 1300 пулемёт, 135 танк, 400 орчим нисэх онгоц болон бусад техник оролцохоор бэлтгэгдээд байв. Дайсны довтолгооноос өрсөн 8-р сарын 20-ны үүрээр манай 500 гаруй бөмбөгдөгч болон сөнөөгч онгоц  агаарт зэрэг хөөрч, дайсны байрлалыг хүчтэй бөмбөгдөн, Халхын голын тэнгэрт урьд өмнө цэрэг дайны түүхэнд өрнөөгүй агаарын нүсэр тулалдаан өрнөсөн юм. Агаарын тулалдаанд Японы тал навс цохигдож Зөвлөлтийн зэвсэг техник илт давуу болохыг мэдэрсэн байдаг. Агаарын довтолгооны араас их бууны хүчтэй цохилт 2 цаг 30 минут орчим үргэлжилж, нисэх онгоцууд дайсны байрлалыг ахин бөмбөгдсөний араас танкчид, явган болон морин цэргийн давшилт эхэлж 70 км өргөн фронтоор шургуу тулалдаан явагдсан билээ. Манай давшилтийн баруун жигүүрт хурандаа Д. Нянтайсүрэнгийн (1971 онд Монгол улсын баатар цолоор шагнагдсан) командалсан 8-р “Матадын” морин дивиз, зүүн жигүүрт 6-р морин дивиз дайсныг ухраан, түрсээр улсын хилд тулгасан. 8-р сарын 20-ны шөнө дайсныг бүрэн бүсэлж, бут цохих тулалдаан үргэлжилсээр 8-р сарын 31-нд Монгол улсын нутаг дэвсгэрт дайсны нэг ч цэрэг үлдээгүй дарагдсан байв. Хүнд цохилт авсан Японы милитаристууд хэлэлцээр хийх санал тавьж, 9-р сарын 16-нд албан ёсоор гал зогссон бөгөөд Халх голын тулалдаан Монгол Зөвлөлтийн дайчдын бүрэн ялалтаар өндөрлөсөн юм. Энэ ялалт амар олдоогүй. Дайн гэдэг хүсэх зүйл биш. Тэр үед манай цэргүүд нэг самурай алвал солио, хоёрыг алвал хожоо хэмээн амь хайргүй, атаатны өөдөөс эрслэн тулсан байдаг. Халхын голд 1939 оны зун чухам ямар айхтар дайн болж өнгөрснийг өнөөгийн бид мэдэхгүй, зарим нь мэдэх ч сонирхолгүй болжээ. Дорнод Монголын аагим халуунд суман мөндөр асгарсан цуст тулаан нь дэлхийн Хоёрдугаар дайны оршил байсан гэж ихэнх түүхчид санал нэгддэг. ЗХУ-ын домогт жанжин Г. К. Жуков өөрийн дуртатгалдаа Халхын голын байлдааныг Японы милитаристууд БНМАУ-ын эсрэг өдөөсөн “Зарлаагүй дайн” гэсэн бөгөөд Халхын голын ялалтыг Дэлхийн 2-р дайны цаашдын өрнөлд том нөлөө үзүүлсэн дэлхийн дайны оршил байсан гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тачирхан бут сөөг ургасан огцом эрэг жалга, нуранги, элсэн манхад, намхан толгод, халуун нар, харгис дайсан, тэсрэх бөмбөг, тэнэсэн сум... балга устай дашмаг, байлдаанд шархадсан цэрэг нөхөр, эргэн тойрон үхэл, энэ толгойг хамгаал гэсэн эх орны тушаал... атаат дайсан хүчээр илүү, хүнээр олон... агаараас, газраас, галт зэвсгээр зай завсаргүй нүднэ... ард чинь эх орон, элгэн садан чинь, арагшаа сөөм ч ухралгүй, алалдан тэмцэлдсэн түүх. Ах дүү Зөвлөлтийн Улаан армитай хүч хавсран, атаатнаа даран нутгаасаа хөөсөн түүх. Тулалдаанаас эргэж ирээгүй нөхдөө дурсан бодлогошрох дайчин эрс, ах дүү, үр хүүхдээ дайнд алдсан эгэл ардууд, амрагаа хүлээсэн хань... зовлон бэрхшээлийг биеэр амсаж, дайны гамшигийг нүдээр үзэж, ялалтанд хүрсэн ахмадууд дайн гээч үхэл дагуулсан дайрлагын жинхэнэ үнэ цэнийг мэднэ. Тэдний урсгасан цус, хөлс, нулимсын ачаар өнөөгийн бид эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын иргэд яваа. Халх голд шийдвэрлэх ялалт байгуулаагүй бол Дэлхийн 2-р дайны явц огт өөрөөр эргэж болох байсан гэж цэргийн түүхчид санал нийлдаг. Монгол Зөвлөлтийн дайчин эрс Квантуны армийн сор болсон анги нэгтгэлүүдийг бут ниргэсэн нь Японы цэргийнхний түрэмгийлэх омог юуг Гитлерийн Герман Европт бүрэн ялагдал хүлээтэл “хазаарлаж” чадсан нь Халх голын ялалтаас хойш өрнөсөн түүхээр гэрчилэгдэнэ. Нөгөө талаасаа, цэрэг дайны түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй их гүрнүүдийн зэвсэг техникийн мөргөлдөөн Халх голд өрнөөд өнгөрсөн. Өмнө хэзээ ч цэргийн түүхэнд, нэг тулалдаанд, нэг цагт, агаарт нэг талаасаа 400-500 онгоц хөөрөн тулалдаж байгаагүй, газарт 200-300 танк “мөргөлдөж” байгаагүй. Халх голын ялалтгүйгээр дэлхийн 2-р дайны турш Фашистын Герман хоёр фронт дээр тулалдах бус ЗХУ хоёр фронт дээр дайтах байсан аюулыг арилгаснаараа энэ ялалт ач холбогдолтой. Энэ бүгдийг нуршин бичээд байгаагийн учир нь: Халх голын дайн 4 сар үргэлжилсэн ч, түүнээс хойш олон жил өнгөрсөн ч, Монгол Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн ч, Халх голын дайныг зарим нь өнөөгийн өнгөц байр сууринаас ач холбогдолгүй зэвсэгт мөргөлдөөн гэх төдийгөөр мартагнуулж орхих санаа цухалзаж байгааг өөгшүүлж огт болохгүй. Тэр цагт эх орны маань эрх чөлөө, тусгаар тогтнол сумны үзүүр, жадны ирэн дээр ирээд байсан хүнд бэрх цаг. Өвөг дээдэс маань Зөвлөлтийн дайчдын хамтаар амь хайргүй тэмцэж байж харийн түрэмгийлэгчдийг зогсоосон түүхэн ялалт гэдгийг бид хойч үедээ ямагт сургаж, зөвөөр ойлгуулж байх үүрэгтэй. Эх оронч үзэл эндээс эхлэх ёстой. Эх оронч үзэл тамирчдаа медаль авах тоолонд төрийн дуулалаа сонсохдоо гараа цээжиндээ барин, цэх зогсож Монголоороо омогшихоор хязгаарлахгүй, ийм л түүхэн сургамжуудаас хүүхэд залуучуудад  үнэнээр ойлгуулж байж Монголын иргэн бүрт төлөвшүүлэх ёстой хүмүүжил. Ардын Хувьсгалын он жилүүдийн түүхэн замнал чухал. Ардчилалын түүхэн замнал ч чухал. Энэ нь эзэн Чингисийн Монголын, эрэлхэг Хүннү гүрний түүхтэй адил бидний л түүх. Энэ бол Монголчуудын түүх. Түүхээ мартаж үл болно. Түүхээ мартахыг Молголчууд үл тэвчвэл зохино. Мартвал сөнөнө.

            Ирэх жилийн 8 сард Монголын ардын арми 1945 оны Чөлөөлөх дайнд оролцон, түүхэн ялалт байгуулсны 70 жилийн ой болно. Тэр цагт “ахиад л ялалтын баяр гэж дэмий хөөрцөглөөд” гэсэн санаа хэвлэлээр ахин битгий үзэгдээсэй хэмээн үнэн голоосоо хүсэж байна. Бидний үеийнхний эмзэглэх яахав.  Амьд үлдсэн цөөн хэдэн ахмад дайчид маань иймэрхүү юм хэвлэлээр гарах тоолонд мунаар тархидуулсан мэт эмзэглэж, гомдож суудаг байхдаа гэсэн бодол дотор шимшрүүлнэ.

No comments:

Post a Comment