Тэнгэрийн орон - Бодлын хэлхээ

Би Монгол хүн. Монгол хүн болж төрсөндөө ямагт өөрийгөө азтайд тооцож, Монголын сайхан нутгаараа, Монголын агуу их түүхээрээ, Монгол хэл соёлоороо, зан заншлаараа, Монголтой холбоотой бүхнээр бахархахдаа бахархаж, санаа зовохдоо зовож яваа Монголын эгэл нэгэн иргэн нь.
Хувь заяаны эрхээр эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил маань миний Монголоороо омогшин бахархах үзэл бодол, хүмүүжлийг бэхжүүлэн ирсэн бөгөөд Цагаан Морин жилээс Хөх морин жилийн хооронд нэгэнтээ 25 жилийг өнгөрөөсөн байна. Энэ өнгөрсөн 25 жил эгэл миний хувьд гайхамшигтай он жилүүд байлаа. Эрхэлж буй ажлынхаа ачаар энэ сайхан нутгийнхаа өнцөг булан бүрээр аялах завшаан тохиохын хажуугаар өнөө л эрхэлж буй ажил маань хилийн дээс алхуулж, өрнө дорнын гуч гаруй орноор аялах, тэдгээрийн заримд нь ажиллаж амьдрах, сурч боловсрох боломжуудыг олгосон билээ.
Ийнхүү өнгөрүүлсэн 25 жил Монгол намайг төрөлх нутагт минь улам хайртай болгоод зогсохгүй, энэ сайхан эх орон, энэ саруул нутаг, энэ эгэл түмэн ямар их хувь заяатай гэдгийг улам ухааруулаад зогсохгүй, Монголчууд бид хорвоогийн хаана ч байхгүй боломжуудын түлхүүрийг атгасан ард түмэн юм гэдгийг ойлгуулав. Эдгээр боломжууд нь даяаршсан хорвоо ертөнцөөс Ардчилсан Монголд олдож буй өчүүхэн боломжууд мэт санагдаж ирсэн билээ.
Миний хувьд Монгол орон минь Тэнгэрийн орон. Монголчууд маань Тэнгэрлэг түмэн. Монгол гэдэг эгшиглэнт нэрийг сонссон ямар ч хүнд бөртийх ч үүлгүй хөх тэнгэр, туулж барамгүй тэнэгэр уудам тал нутаг, тэнд амьдрах сүү шиг цагаан сэтгэлтэй нүүдэлчин Монгол түмэн эн тэргүүнд санаанд бууна хэмээн үе үеийн аянчин гийчин өөр өөрсдийн ном сударт тэмдэглэн үлдээсэн буй. Үнэндээ бидний Монголчууд, манай үеийхэн асар их амны хишигтэй улс. Бид одоогоор 3 сая арай хүрэхгүй хэдий ч Азийн цээжнээ орших тусгаар тогтносон Монгол улсын иргэд. Бид эх түүхээрээ омогшин, Монголоо, Монголчуудаа гэсэн сэтгэлээр аливаад хандмаар, Эх нутаг минь юутай сайхан билээ, энд амьдарч буй иргэд нь дийлэнхдээ аз жаргалтай, амар түвшин, эрх чөлөөтөй, энх тунх оршиж байна. Бид өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн энэ сайхан эх орондоо эзэд нь болж төрсөнийх аль болох эх орон маань хөгжөөсэй, энд амьдрах иргэд нь сайхан амьдраасай гэсэн хүслээр хөглөгдөн ирсэн. Ийм учраас миний бие эх нутгийнхаа хөгжилд хөг нэмэх эрхэм зорилготой Монголчуудынхаа эгнээнд нэгдэн ХӨХ ТЭНГЭР ээрээ овоглосон ажил үйлсийг эхлүүлсээр хэдэн жилийн нүүр үзэж буй билээ.
Монгол маань хоёр ах гүрний завсар, далайд гарцгүй орших хэдий ч бидэнд байгаа өчүүхэн боломжуудыг манай үеийхэн ашиглаваас хөгжил тун ойрхон мэт.
Бид хөгжлийн их замын эхэнд байна. Бид ихийг хийж бүтээх учиртай, туйлын ихээр мэрийн ажиллах ёстой. Зүгээр гараа хумхин суучихаад, бидний Монголчууд тэнгэрлэг заяатай учир бид сайхан амьдрах ёстой хэмээн хэн нэгнээс ачлал авралыг хүлээвээс асар том төөрөгдөл билээ. Үүний хажуугаар, Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан гэдгийг цаг үргэлж сэтгэлдээ тээж явах учиртай. Эс тэгвээс ялих ялихгүй зүйлээс болж талцан эвдрэлцэж, дотооддоо самуурснаар сайныг олж байгаагүйг бидний түүх тодоор харуулсаар, сануулсаар байна.
Өнөөдөр бид хөгжлийнхөө замын хаана зогсож байна, бид хаа хүрэхийг эрмэлзэж байна? Бид олон чухал сонголтуудын өмнө байна. Яагаад бид, манай үеийхэн, энэ сайхан нутагтаа аз жаргалтай, сэтгэл тайван амьдрахын оронд, асар их нийгмийн бухимдалтай тулгаран, болохоосоо болохгүй нь их, зарим нь миний адил эрх чөлөөгөө хасуулаад, төмөр торны цаана хоригдох болов гэх мэтийн түмэн бодол эргэлдэх тул энэ цахим хуудсыг ашиглан өөрийн бодол санаагаа олонтойгоо хуваалцая хэмээн бодлоо хэлхэн үзэл бодлоо илэрхийлж буй нь энэ билээ.
Ардчилсан Монголд амьдарч буй иргэнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлэх нь ардчиллаар олгогдсон иргэн миний эрх. Энэ эрхийнхээ дагуу би зөвхөн Монгол минь Монголоороо улдээсэй гэсэн туйлын хүслээ нэн тэргүүнд хуваалцахыг хүсэж эдгээрийг бичсэн болно. Монгол Монголоороо үлдэнэ, үлдэх ч болно, хөдсөн дээлтэй, хөмөрсөн тогоон доор мэт харанхуй бүдүүлэг, ядуу зүдүү Монгол бус, хөгжиж боловсорсон, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, халуун эх орончдын өлгий нутаг, эдийн засгийн болоод оюун санааны тусгаар тогтнол нь бат бэх, эрх чөлөөт Монголоор үлдээсэй, мөнхөд оршоосой!

Хөх Тэнгэрийн Монгол
Хөх Монголоороо үлдээсэй!

Гэрэл овогт Хүрлээгийн АНХБАЯР

1 comment:

  1. Uneheer eh ornyhoo tuluu,ulsynhaa hugjliin tuluu ih yum hiih gej yavaa zaluusyg ingehee bolioch!Ih uil ajil chin bielne ee!!!huu min!

    ReplyDelete