Хэрэв
чи хууль зөрчих болвол, засгийн эрхэнд хүрэхийн тулд зөрч, бусад тохиолдолд
хуулийг дагавал зохино гэж эртний Ромын алдарт жанжин, эзэн хаан Юлий Цезарь
хэлсэн байдаг. Хязгааргүй их нэр алдар,
эрх мэдэл, эзэн суух тачаал, эд баялгийн шунал хүн төрөлхтний түүхэнд түмэн
урвалт, буман тэрслэлийн шалтаг болж ирсэн. Эрх мэдлийн төлөө, эд баялгийн
төлөө, эсвэл нэгнээсээ өшөө хонзон авах тэмцэлд хөндлөнгийн улсаар эхлээд ах дүү нар, аав хүү
нар, анд нөхдүүд хоорондоо тэмцэлдэн, хурц мэс, хундагатай дарс, хуурамч
амлалт, хулгайн цохилт юунаас цэрвэлгүй
хүн чанар, ёс журам, хууль цаазыг эвдэн, хүний ой тоонд буухгүйгээр бие
биенээсээ урван тэрсэлж, бие биенээ хөнөөсөн түүхийг улс үндэстэн бүр тээж
ирсэн. Хүн төрлөхтөн эр зоригт баатруудаа магтан дуулж, суу алдрыг нь үеийн үед
мөнхөлж ирсэн шигээ урвагчдыг жигшин зүхэж иржээ. Түүхэнд дайснаа элдвээр муулж, дорд үзсэн нь цөөн.
Харин урвагчийг аль ч үед, аль ч соёл иргэншилд үзэн ядаж, муугийн дээд муугаар
дүрслэн үлдээсэн байдаг. Тулааны талбарт зэвсэг агссан дайсантайгаа шудрагаар
хүч үзэн, нэг нь нөгөөгөө дийлэх нь хүний ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн хэм
хэмжээ гэлтэй. Харин өргөсөн тангараг, амалсан амлалтаасаа ухран, өчүүхэн ашиг
хонжоог илүүд үзсэн урвагчид хэзээ ч, аль ч газар сайн нэр зүүж байгаагүй. Эх
орныхоо эрх ашгийг уландаа гишгэгсэд, ард түмэндээ амалсан амлалтаа умартагсад,
ашиг хонжоог хайж аль хүчтэйг дагагсад бүгд нийтлэг нэг төрхтэй. Тэднийг
Монголчууд бид Түгжил, Дүлзэн, Арслан тайж, Исмэл тайж мэтийн эсрэг талын баатруудын дүр төрхөөр төсөөлдөг.
Наанаа инээж, цаанаа атгаг санаа өвөрлөсөн, ачлал аврал, алт эрдэнэс амалсан арчаагүй хулчгарууд. Элэг нэгтнээ
зарсан, эцэг шиг нь өсгөсөн хүнээ хөнөөсөн, эх орноосоо урвасан, эсвэл өөрийн
бурхнаасаа хүртэл урван тэрсэлсэн, урвалтуудаараа түүхэнд нэрээ үлдээхдээ үе
үеийнхэнд зүхэгдсэн урвагчдын түүхийг санахыг хичээв.
ТРАХИСЫН ЭФИАЛТЭС- ГРЕК УРВАГЧ
Манай эрний өмнөх (МЭӨ) 480
он Персийн Ксеркс хааны зуун мянган цэрэгтэй арми (зарим
ном зохиолд сая хүнтэй ч гэж бичсэн байдаг) Ази тивээс Грекийг уулгалан довтолход
Грекчүүд баатарлагаар эх нутгаа хамгаалан тэмцсэн байдаг. Персийн арми Грекийн
нутгийн гүнд нэвтрэхийн тулд Термопилын орчмын тэнгисийн эрэг дагуу орших, ганц
морин тэрэг л багтах даваагаар зайлшгүй дайрах байв. Эртний Грекийн түүхч
Херодотын бичсэнээр Спарта хотын Леонидас хаан 4200 хүрэхгүй дайчин эрсийг
удирдан, 2 өдрийн турш гарцыг хамгаалан тулалдаж, Ксеркс хааны армийг алхам ч
урагшлуулалгүй тогтоожээ. Гэтэл 3-дахь өдрийн үдэш нутгийн хоньчин Еридемусын
хүү Эфиалтес элэг нэгтнээсээ, эх орноосоо урван тэрсэлж, өчүүхэн шан харамжийн
төлөө, зөвхөн нутгийнхан мэдэх уулын зөргөөр дайсныг Грекчүүдийн ард гаргасан
байдаг. Хоёр талаасаа бүслэгдсэн Грекчүүд
урвагчийн гайгаар бүгдээрээ үхэлд нэрвэгдэх аюултай тулгарсан тул
Леонидас хаан өөрийн 300 шилдэг Спартчуудын хамт тулааны талбарт үлдэн
тулалдаж, бусдыгаа өөр өөрсдийн хот тосгодруу ухрах боломж олгосон байдаг.
Эрэлхэг Леонидас хаан болон түүний цэрэг эрс эх орноо харийн дайснаас эцсээ
хүртэл хамгаалж байгаад амь эрсэдсэн БААТРУУД хэмээгдэн түүхэнд үлдсэн бол
Трахисын Эфиалтэсийн нэр түүхэнд бузар урвагч, хараал идсэн хар дарсан зүүд
гэсэн утга тээн хоцорчээ. Элэг нэгтнээ бяцхан шан харамжаар зольсон урвагчаас
Спартчууд ял асуух хүсэл өвөрлөцгөөж яваад, 10 жилийн дараа урвагчийн амийг
хөнөөсөн Трахисийн Атенадесыг шагнасан түүх өнөөг хүрчээ.
БУРХАН БАГШАА “ЗАРСАН” ШАВЬ
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн
зартай, заналт урвагчийг нэрлээтэх гэвэл хорвоогийн гурван хүний нэг нь Иуда
гэж түгдрэлгүй хэлэх нь лавтай. Учир нь, загалмайт шашинтны бурхан Исус
Христусыг Санхедрины хуврагуудад зарсан Исусын анхны 12 шавийнх нь нэг болох Искариотын
Иуда шиг андаа, багшийгаа, бурхнаа зарсан бузар урвагч, нүгэлтэн байхгүй гэх.
“Сүүлчийн оройн зоог”-ийн өмнө урвалтынхаа
шанд 30 мөнгөн зоос өвөртөлчихсөн байсан Иуда оройн зоогийн дараа бурхан
багшийнхаа гараас хөтлөн гараад, цэцэрлэгт отож байсан цэргүүдийн гарт Исусыг
үлдээхдээ багшийгаа үнсээд орхисон гэдэг. Исусыг цовдлуулсны дараа Иуда үйлдсэн
нүгэлдээ гэмшин харамсаж, өөрийгөө буруушаан, үзэн ядаж, нүглээ нимгэлэхийн
тулд авсан мөнгөө эргүүлэн өгөөд, эцэст
нь өөрийгөө егүүтгэсэн түүхийг загалмайтны ертөнц даяар мэднэ.
Данте “Инферно”-доо Иуда тамын
хамгийн гүн ангалд тарчлахдаа Чөтгөрийн гурван амны нэгэнд үйлээ эдэлж буйгаар
дүрсэлсэн нь загалмайтны ертөнцөд Иудагийн нүглийг хэрхэн “үнэлж ” буйгийн
илрэл буй заа.
ХҮҮ МИНЬ, ЧИ Ч БАС?!
Үхэл
дундаас ямрыг нь сонговол зохилтой гэсэн асуулт тавиад, санаанд ороогүйг нь
хэмээн өөрөө хариулж явсан алдарт Юлий Цезарь МЭӨ 44 оны хаврын тэр өдөр Ромын Сенатын ордонд
залрахдаа өөрийг нь хүрээлэх итгэлт сенаторууд нь хүчирхэг эзэн хаанаа
хөнөөхөөр үгссэн талаар зүүдлээчгүй явсан нь лавтай. Эртний Грекэд төрсөн ч
Ромын иргэн болсон түүхч Плутархын бичсэнээр, орхимжуудынхаа доогуур зэвсэг
далдалсан сенаторууд гэнэт улангасан дайрахад Цезарь эхлээд эсэргүүцэх гэж
оролдсон гэдэг. Гэхдээ урвагчдын дунд өөрийнх нь өсгөн хүмүүжүүлж, “хүн”
болгосон Маркус Брутусыг хармагцаа: “Брутус, чи ч бас?!”
хэмээн дуу алдаад, орхимжоо толгой дээгүүрээ нөмрөөд, юу л болвол болог гэх шиг
эсэргүүцэл үзүүлэлгүй , алуурчдаар биеээ сийчүүлэн хорвоог орхисон гэжээ. Итгэл
хүлээлгэн өөрийгөө хүрээлүүлсэн сенаторуудынх нь урвалт жигшүүртэй. Харин
тэдний дунд зарим түүхэн эх сурвалжид хүү нь байсан гэж бичигдсэн, өөрийнх нь
хамгаас итгэж, ойр дотно байсан Брутус мэс далайн, улангасан дайрсан нь
урвагчдын цохилтыг Цезарийн хувьд улам гашуун болгосон нь лавтай. Эртний
Грекийн зарим зохиолд Цезарь Брутусыг
хараад: “Хүү минь, чи ч бас?!”
хэмээн дуу алдсан гэж тэмдэглэн байдаг. Энэ уулга алдалт нь В.Шекспирын “Юлий
Цезарь ” зохиолоор дамжин өнөөг хүртэл алдаршсан гэж болно.”Брутус, чи ч бас ?!” (ET TU, BRUTE?!) гэсэн уулга алдалт зарим түүхчдийн тайлбарлаж буйгаар
цочин балмагдсан уулга алдалт бус, эсрэгээрээ Брутусын өөрийнх нь үхлийг
зөгнөсөн заналхийлэл байсан ч гэж бичсэн байдаг нь сонин.
Суут жанжин, Ромын эзэн хаан
Цезарийн амийг хөнөөсөн урвагчдын хоёр нь өрнөдийн ертөнцийн урвагчдын “ноён
оргилыг” маргаангүй эзэгнэсэн нь Дантегийн “Инферно”-д Чөтгөрийн үлдсэн хоёр аманд тарчлах хоёр
урвагч нь Маркус, Брутус болон түүний хамт Цезариас, өршөөл үзэн амьд үлдсэнээ
умартан, урвасан Гайус Кассиус нар байдгаар батлагдах мэт. Суу алдар нь эртний
Ромоос өнөөг хүртэл дуурсаад зогсоогүй
Юлий Цезарийн олон онч үгс 2000 гаран жилийг туулан бидэнд хүрсэн. Тэрээр
“Хулчгарууд өөрсдийн үхлээс өмнө олон удаа үхдэг” гэсэн нь урвагчдын мөн
чанарыг гайхалтай онож хэлсэн санагдах юм.
ХААН СУУХЫН ТӨЛӨӨ ХАРИЙНХАНТАЙ
ХУЙВАЛДСАН НОЁН
Плассейд
1757 онд Роберт Клайваар удирдуулсан Английн Колончлогчдын арми Бенгалын Наваб (хаан)
Сираж-уд-Даулахын цэрэгтэй тулалдахад Англичуудтай сэм хуйвалдсан Мир Жафар өөрийн удирдсан
цэргийг тулалдаанд оруулалгүй, хааныхаа цэргийг хэрхэн хүйс тэмтрүүлэхийг
ойролцоох өндөрлөгөөс дурандаж зогссон гэдэг. Мир Жафарын энэ урвалт Энэтхэг
Английн эрхшээлд орсны эхлэлээр тооцогддог. Энэ урвалтынх нь шанд Англичууд Мир
Жафарыг Бенгалын Навабаар “өргөмжилсэн” боловч жил хүрэлгүй урвамтгай Мир Жафар
Голландчуудтай хуйвалдсан тул Англичууд Мир Жафарыг хүргэн хүүгээр нь орлуулах
гэж оролдсон байдаг. Гэтэл хүргэн Мир Кассим нь хадам ааваасаа хувь илүү эх
оронч, зоримог нэгэн байсан тул колончлогчид гурван жилийн дараа урвагч Мир
Жафарыг эргүүлэн Бенгалын Наваб болгосонд нь гайхах зүйлгүй. Учир нь
колончлогчдын хувьд тэдний гар хөл болон (тоглоомын) эзэн хааны сэнтийд залрахын тулд элэг
нэгтнээ хэнд ч зарж, хэнтэй ч хуйвалдахад бэлэн урвагч хэрэгтэй байсан нь
ойлгомжтой.
Эзэн Чингисийн алтан ургаас
угшилтайгаараа бахархах, Энэтхэг орны эзэд суусан Моголын хаадын эзэнт улсын
мөхлийн суурийг бэлдэж өгсөн урвагчийг Жагарын орны ард түмэн өнөөг хүртэл
жигшин зэвүүцдэг гэнэ. Энэтхэг, Пакистан, Бангладеш зэрэг орнуудад Мир Жафар
гэвэл хүмүүс өнөө ч хүртэл урвагч гэж шууд ойлгоно хэмээн Ражастан нутгийн,
оюутан цагийн минь анд нэгэнтээ хуучилж билээ.
НЭГ УЛСЫН ЭХ ОРОНЧ НӨГӨӨ УЛСЫН ЗАНАЛТ
УРВАГЧ
Өмнөд Америкийн улс түмэн Испанийн
колончлолыг эсэргүүцсэн тэмцлийн манлайлагчдын нэг Симон Боливараар өнөөгийн
Боливи улс овоглосныг бид мэднэ. Тэрээр 19-р зууны эхээр Өмнөд Америкт өрнөсөн
тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн цэрэг улс төрийн удирдагчдын нэг нь
маргаангүй мөн. Тэгвэл С. Боливар нь
нэгэн үе өөрийн үлгэр дууриал болгох хүн хэмээн биширч, үйл хэргийг нь дэмжин,
өөрийгөө залуу хамтран зүтгэгч нь хэмээн явсан Франциско де Мирандаг бид тэр
болгон мэддэггүй. Харамсалтай нь нэг улсын үндэсний баатар хөрш улсынхаа
үндэсний баатрын итгэлийг хөсөрдүүлэн, Испанчуудад тушааснаар урвагчаараа
дуудуулан нэрээ сэвтүүлжээ. С. Боливар
нь Испанийн паспорт авахын тулд Франциско де Мирандаг ялихгүй асуудлаар ял
тулган баривчлуулсан байдаг. Ф.де Миранда баривчлагдсанаасаа хойш эрх чөлөөг
үзэлгүй хэдэн жил хоригдож байгаад Испанийн Кадиз хотын шоронд нас нөгцсөн.
Урвагчийн нэрээр тусгаар тогтносон улс овоглосон бол де Мирандагийн нэр зүгээр
нэг замхарсангүй. Франциско де Миранда Венесуелийн үндэсний баатар төдийгүй
Францын хувьсгалд идэвхтэй оролцсон Америкчуудын нэг. Түүний нэрээр овоглосон
Венесуелийн муж улс , хот, усан боомт, цэцэрлэгт хүрээлэн гээд олон дурсгалт
газрыг нэрлэж болно. Мирандагийн одон Венесуелийн төрийн дээд шагналын нэг. Францын
хувьсгалд оруулсан Франциско де Мирандагийн гавьяа зүтгэлийг нь үнэлэн нэрийг
нь Парисын Ялалтын Хаалган (ARC DE TRIOMPHE) дээр сийлсэн байдаг. Мөн түүний хөрөг
Версалын ордны нэг ханыг чимсэн нь содон. С. Боливарын шадар туслах Даниель
Флоренсе О’Лэри де Мирандаг
нас нөгчсөний араас харуусан “Мирандагийн суу гавъяа нь 18-р зууны Америкчуудын
итгэл үнэмшлийг сэргээж өгсөнд оршино. Хэдий тэрээр өөрийгөө цэрэг эр хэмээн
омогшдог байсан ч өөрийнхөө агуу тулаануудыг үзгийнхээ ирээр, оюун ухааныхаа
хүчээр ялсан нэгэн” гэж бичсэн бол алдарт Наполеон “де Мирандагийн цээжинд эрх
чөлөөг эрхэмлэн дээдлэх ариун гал ноцож буй” гэжээ.
* * *
Он цаг, эрин зуун үл харгалзан,
шашин шүтлэг, итгэл үнэмшил үл хамааран, урвагч болгон өөрийгөө зөвтгөх
өчигтэй. Ялсан тохиолдолд түүхийг өөрсдийн таашаалд нийцүүлэн засварлаж
үлдээхийг бүхнээс илүүд хүсэж байдаг нь нууц биш. Нөгөө талаасаа урвагчдыг
холбох нэг нийтлэг шинж нь УРВАГЧ ямагт ойр дотныхон дотроос “тодордог” нь хоёр
туульт хорвоогийн жам гэлтэй. Монголчууд бидний түүхэнд ч урвагчдын түүх олон.
Жамух эзнээ барьж өгсөн хоёр урвагч шан горилсоор Чингис хаанд эзнээ тушаагаад
юу болсныг бид сайн мэднэ. Урвагчдыг өөгшүүлэлгүй, өчиггүй нухчиж байсан цагтаа
Монголчууд хүчтэй байсан. Монголын ЗА андгай буй заа хэмээн билгүүн номч мэргэн
амьд сэрүүндээ Монголчуудад ахин сануулж үлдээсэнг өнөөгийн зарим нь сонсоогүй,
сонссон зарим нь мартагнасан мэт бэдрэх бэрх цаг болтой. Эвтэй улс хүчтэй. Эв
эвдэгч урвагчдын үйлийг тухайн цаг үе, нийгэм нь дэнсэлж амжаагүй ч тухайн ард
түмэн цаг нь ирэхээр түүхийн шаргал хуудаснаа нүгэл буяныг нь жингийн туухайн
дээр дэнслээд ирсэн, ирсээр ч байх болно.
No comments:
Post a Comment