Харанхуй
бүдүүлэг, ядуу зүдүү, мэдлэг боловсролгүйн жишээ тат гэхээр ихэнх маань
Африкийн өлсгөлөнд нэрвэгдээд, тураалд орсон хүүхдүүдийн талаар боддог. Бидний
хэд маань яагаад гэж өөрсдөөсөө асуусан бол?
Хөгжиж буй орнуудын хувьд байгалийн
баялаг их хэмжээгээр олдох нь санасныг бодоход тийм ч тааламжтай мэдээ биш
гэдэг олонтаа яригдах бөгөөд бид ч сүүлийн хэдэн жил өөрсдөө үүнийг сайтар
мэдэрлээ. Үнэндээ байгалийн баялгаар арвин хөгжиж буй орнуудын дийлэнх нь
байгалийн баялгаа ашиглаад улс орноо хөгжүүлж, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхээр чармайх боловч санасандаа тэр
болгон хүрэхгүй байгаа. Их хэмжээний байгалийн баялгаас олох орлого сул дорой
засаглал болон авлигал хээл хахуулийн уршгаар үрэн таран хийгдэх үзэгдэл олон
улсад БАЯЛГИЙН ХАРААЛ гэх тодотголтой
болоод удаж байгаа. Улс төрийн гүн
хямрал цаашлаад нийгмээ самууруулж, дотоод зөрчил нь иргэний дайнд хүргэх
тохиолдолд ч цөөнгүй.
АФРИКИЙН ТЭМҮҮЛЭЛ болон ҮНДЭСНИЙ
БАЯЛГИЙН САНГУУД
Олон зуун жилээр колоничлогчдын
дарлалд нухлагдсан Африкийн улс орнуудын ихэнх нь өнөө байгалийн баялгийн
борлуулалтаас орох орлогынхоо тодорхой хувиар ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН (ҮБС) байгуулж хуримтлал бий болгох нь БАЯЛГИЙН
ХАРААЛ-ыг гэтлэх “шидэт түлхүүр ” хэмээн үзэх болсон байна. Дэлхий даяар
ҮБС-ууд 6 их наяд ам.долларын хөрөнгөтэй болоод байгаа дотор Африкийн орнуудын
ҮБС-ын эзлэх хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Дэлхийн 80 орны ҮБС-н
жагсаалтанд Африкийн 14 орны ҮБС орсон байна. Энэ чиг хандлага Африк тивд
зогсохгүй бүх дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлэхүйц үзэгдэл болох нь ойлгомжтой
болов. Саяхан болтол Африк тив гэхээр ХАР ТИВ, нэг дарангуйлагч нөгөөгөө
солихдоо цусан зам татуулсаар эрх мэдлийн оргилд хүрдэг. Оргилд хүрсэн
дарангуйлагч болон түүний тойрон хүрээлэл улс орныхоо баялгийг тэрбум тэрбум
доллараар хулгайлан завшдаг гэсэн ойлголт давамгайлдаг байсан. Дарангуйлагчид
нэг их гүрний эсвэл нэг үндэстэн дамжсан компанийн халаасанд багтсан тоглоомын
этгээдүүд байдаг нь аажмаар өөрчлөгдөж байна. Өнөөдөр их гүрнүүд болон үндэстэн
дамжсан компаниуд Африкт хэн түрүүлж
хөрөнгө оруулалт хийхэв, хөрөнгө оруулалтаараа дамжуулан улс төр эдийн
засгийн нөлөөгөө хэрхэн тэлэхэв гэсэн
ширүүн өрсөлдөөн эхлээд хэсэг хугацаа өнгөрлөө. Энэ өрсөлдөөн Африк тивд урд
өмнө мэдрэгдэж байгаагүй боломжуудын үүдийг ч мөн нээлээ. Манай урд хөршийн
төрийн болон хувийн компаниуд энэ чиглэлд бусдаас өрсөн, буцалтгүй тусламж,
хөнгөлөлттэй зээл, харилцан ашигтай хөрөнгө оруулалтуудыг олноор хийж, ирээдүйд
ашиглах ашигт малтмал, газрын тосны орд газруудыг , тэдгээрийн дэд бүтцийн
хамтаар өөрийн мэдэлд оруулсаар байгаа. БНХАУ-ын төрийн дөрвөн ҮБС байдгаас нэг
нь Хятад-Африкийн Хөгжлийн Сан (CHINA-AFRICA DEVELOPMENT
FUND) нэртэйгээр 2007
онд байгуулагдсан бөгөөд одоогоор 5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна.
Орчин цагийн хоёр их гүрэн болох АНУ,
БНХАУ Африк тивд өөрсдийн хөрөнгө оруулалтаараа өрсөлдөж буй нь нууц биш. Араас
нь манай хойд хөршийн болон Европын Холбооны
орнуудын компаниуд нэхэж байгаа. Монголдоо хөрөнгө оруулалт татахаар 2007 оноос хойш ажиллах хугацаандаа
үүнийг бичигч БНХАУ-ын төрийн болон хувийн том компаниуд Африкийн өнцөг булан
бүрт эхлүүлсэн аврага төслүүдийн талаар олонтаа сонссон. Зарим төсөл дээр
ажиллаж буй багийнхантай биечлэн уулзаж санал бодлыг нь сонирхож явсан. Ботсванад
цахилгаан станц, Нигерийн ураны орд, Замбийн усан цахилгаан станц, Судан,
Ангол, Ганад газрын тосны хайгуул болон олборлолт гээд энэ жагсаалт явж өгнө.
Сонирхолтой нь, Хятадаас Африкт оруулах шууд хөрөнгө оруулалт анхандаа зөвхөн газрын тос болон уул уурхай,
ашигт малтмал, тэдгээрийн дэд бүтэц гэсэн салбаруудад төвлөрч байсан бол
аажмаар зам, барилга, харилцаа холбоо, эрчим хүч, газар тариалан, аж үйлдвэрлэл
гээд эдийн засгийн салбар бүрийг хамрах болсон байна. Одоогоор 2000 гаруй Хятадын
компани Африк тивийн орнуудад хөрөнгө оруулалт хийгээд байгаа нь бусад улсаас
хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг ардаа хол хаяаад байгаа аж. Газрын тосоор
баян Ангол, Нигер, Судан улсууд Хятадын хөрөнгө оруулалтын дийлэнхийг татаж
байгаа бөгөөд Ангол улс энэ хөрөнгө оруулалтын шинэ давалгааг зөвөөр ашиглан
2012 онд Анголын ҮБС байгуулсан.
Байгуулалдаад удаагүй байгаа хэдий ч уг сан 5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй
болоод байгаа нь бусад улсуудынхтай харьцуулахад асар хурдацтай өсөж байгаа
ҮБС-н тод жишээ юм. Одоогоор Африк тивийн улс орнуудын ҮБС-д (дээр
дурдсан 14 ҮБС) нийт 155 орчим тэрбус ам. долларын хөрөнгө хуримтлагдаад
байгаагаас дийлэнх нь олон жил газрын тос экспортолсон Алжир (77
тэрбум),
Ливийн (66
тэрбум ) ҮБС-н
хөрөнгө эзэлж байна. Сүүлийн жилүүдэд Зүүн болон Баруун Африкийн орнуудад шинээр газрын тос, байгалийн хийн орд
газрууд эдийн засгийн үр өгөөжөө өгөж эхэлснээр Африкийн ҮБС-н өмнө үсрэнгүй
өсөлтийн шинэ эрин үе нээгдлээ хэмээн судлаачид үзэж байгаа. Африк тивийн ҮБС-д
нийт ҮБС-н дунд одоогоор 3 орчим хувь эзэлж байгаа бол Ази тивийн ҮБС-д 40
орчим хувь, Ойрхи Дорнодын ҮБС-д 37 хувь, Европынх 17 орчим хувь, Америк тив 3
хувь эзэлдэг байна. Эдгээр ҮБС-н дийлэнх нь буюу 60% нь газрын тос болон байгалийн
хийн орлогоор санхүүждэг бол үлдсэн 40% орчим нь бусад гэсэн тодотголтой. Үүнд
бусад ашигт малтмалын орлого, эсвэл Хятадын аврага ҮБС-д шиг улсынхаа гадаад
валютын нөөцөөс буюу тус улсынхаа алтны нөөцөөс санхүүждэг сангууд ч бас байна.
Дэлхийн 20 том ҮБС-н 11 нь газрын тос, байгалийн хий олборлогч орнуудын
ҮБС-ууд. Тэргүүлэх 20 том ҮБС-н дунд БНХАУ-ын 3 ҮБС, Сингапурын 2 ҮБС,
Хонг-Конгийн 1 ҮБС байгаа нь мөн
сохирхол татахуйц. Сүүлийн хэдэн жил дэлхийн эдийн засаг дараалсан хямралд
нэрвэгдсэн хэдий ч дэлхий даяар хуримтлагдах баялгийн сангуудын нөөц 2007 онд
3,26 их наяд ам.доллар байсан бол 2013 оны сүүлээр 6 их наяд ам.доллар болтлоо
өссөн нь улс үндэстнүүд ирээдүй хойчдоо элдвээр цоллуулахгүй байхсан гэсэн
туйлын эрмэлзэл, өндөр хариуцлагын илрэл гэмээр. 2008-2009 онуудын их хямралаас
хойш гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх эрмэлзэл эрчимжиж одоогоор дэлхийн
нийтээр 13 их наяд доллар даваад байна. Энэ хуримтлагдаад буй их хөрөнгө
дэлхийн хөрөнгө оруулалтын зах зээлийн
дүр төрхийг хурдтай өөрчилж байна. ҮБС-даар дамжуулан хийгдэж буй хөрөнгө
оруулалтууд нь эдийн засгийн ашиг
хайхаас гадна улс төр, геополитикийн давхар зорилготой байх магадлалтай гэсэн
болгоомжлол буй болоод байгаа. Эдийн засгийн ашиг сонирхолоос илүүтэй улс төрийн хонжоо эрэлхийлсэн хөрөнгө
оруулалт давамгайлвал хөрөнгө оруулалт хүлээн авагч оронд эрсдэлтэй. Иймээс АНУ
болон Европын Холбооны зарим орнуудын хууль тогтоох дээд байгууллагууд үүний
эсрэг тодорхой хориг тавих болсны дотор компанийн алтан хувьцаа гаргаж байсан
сонголт содон шийд болов.
ИРГЭН БҮР НЬ САЯТАН
Дэлхийн
7 дахь том газрын тос экспортлогч орны ҮБС, Норвегийн Засгийн Газрын Тэтгэврийн
Сан (NORWAY’S GOVERNMENT PENSION FUND GLOBAL) дэлхийн ҮБС-н жагсаалтыг тэргүүлдэг. Одоогоор
893 тэрбум ам.долларын (буюу 5,5 их наяд Норвег Кроны )
хөрөнгөтэй уг сан 5 сая гаруй хүн амтай Скандинавын энэ улсын иргэн бүрийг
Норвег Кроны саятан болголоо гэж дэлхий даяар шуугиж байна. Анх 1990 онд байгуулагдсан уг сан газрын тос болон байгалийн хийн үнийг
тууштай өсөлтийн ачаар "өдрөөр биш цагаар" өсөхийн зэрэгцээ Норвегийн
засгийн газар болон Норвегийн хөрөнгө оруулалтын банкны чанд сахилга, оновчтой
хөрөнгө оруулалтын ачаар дэлхийд
манлайлсаар байна. Дөчөөдхөн жилийн өмнө эдийн засгийн элдэв бэрхшээлд
нухлагдан, дэлхийд геологийн өвөрмөц тогтоц болох фиорд (FJORDS) болон Атлантын далайд хэрэх загасчдын
хөлөг онгоцуудаараа танил Норвегчууд , бид эзэн Чингисээрээ бахархдагтай адил,
өвөг дээдэс болох Викингуудын баатарлаг туульсийг өвлийн үдшийн уртад сонсож
ирсэн ард түмэн байсан. Тэгвэл зөв бодлогын ачаар өнөөдөр Норвегийн ҮБС дэлхий
даяар арилжаалагдах бүх хувьцаат компаниудын 1% эзэмшихийн хажуугаар олон улс
орны өрийн бичиг (БОНД) болон дэлхийн том метрополиудын
зүрхэнд байрлах өндөр үнэтэй олон үл хөдлөх хөрөнгийн эзэн болжээ. Ирээдүйн
Норвегчуудад зориулагдсан уг сангийн хөрөнгө оруулалт Норвегид биш, харин
гадаадад хийгдэдгээрээ алдартай. Швейцарын Нестле (NESTLE), Новартис (NOVARTIS), Роше
(ROCHE), Голланд Английн
хамтарсан Роял Датч Шелл (ROYAL DUTCH SHELL), АНУ-ын Эппл (APPLE) компаниудын том хувьцаа эзэмшигч болсон Норвегчууд амжилтын
амтанд ташааралгүй урагшилсаар. Дэлхийд хамгийн том ҮБС-тай боллоо гээд
Норвегийн засгийн газар уг сангийнхаа хөрөнгөөс үрэн таран хийсэнгүй, хямралын
үед эдийн засагтаа шаардлагатай дэм өгөх төдийхнөөр хязгаарлаж байна. Аляскийн
Байнгийн Сан (ALASKA PERMANENT FUND) муж улсынхаа
иргэдэд жил бүр ноогдол ашиг өгдөг бол Норвегийн ҮБС иргэддээ “хишиг” хүртээн
саймшралгүй, анх тавьсан зорилт чигээсээ хазаалгүй, зөвхөн ирээдүйн Норвегийн
иргэд өнөөгийн амжиргааны өндөр түвшингээ алдалгүй хадгалах ёстой гэсэн
бодлогод үнэнч зогсож байна. Үүний нэг том жишээ нь саяхан Норвег улс 2022 оны өвлийн
Олимпын тоглолтыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөөнөөс гарахдаа олимпын
тоглолтыг зохион байгуулахтай холбогдох хөрөнгө оруулалтын зардал хэт их
гарахаас болгоомжиллоо гэж мэдэгдсэн болно. Баян орон гэхээрээ тооцоогүй мөнгө
үрэх шаардлагагүйн тод жишээ энэ гарцаагүй мөн. Өнөөдөр Норвегчууд төдийгүй
сонирхсон ямар ч хүн Норверийн ҮБС-нд хэдий хэмжээний мөнгө хуримтлагдаад
байгааг мэдэж болно. ҮБС-н үйл ажиллагааны ил тод байдлаараа ч Норвегчууд
дэлхийд тэргүүлж байгаа.
АРАЛ УЛСЫН АВРАГА САНГУУД
Улс баян бол иргэн баян, ирээдүй нь
гэрэл гэгээтэй гэдгийн жишээ Норвегиос өөрийг хайвал, зөвхөн байгалийн
баялагтай байж гэмээ нь том ҮБС-тай баян улс байх ёстой гэсэн өрөөсгөл
ойлголтыг халсан Сингапурын жишээ илхэн. Хүн амын хувьд Норегитой ойролцоо ч,
газар нутаг нь манай Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бага Сингапур улсад байгалийн баялаг гэж огт
үгүй. Ундны усаа хүртэл хойд хөршөөсөө татах энэ бяцхан арал улсын талаар бид
байнга шахуу тэдний байгаа, бидний байгаа царайг нь хэмээн харицуулж халаглах
болсоор удлаа. Манай улстай адил хоёр “аварга” хөрштэй. Давуу юм гэвэл “далайд
гарцтай” ч, зарж борлуулах байгалийн
баялаг гэж үгүй. Мөнөөх л чанд сахилга, чадварлаг удирдагчид, хөдөлмөрч
түмэн хөлс хүч хайрлалгүй зүтгэсний ачаар нэгэн жарны дотор нэгэн их гүрний
тэнгисийн цэргийн бааз боомт хотоос бар улс болтлоо хөгжиж, тусгаар тогтнолыг
нь хүлээн зөвшөөрөхгүй тэвдүүлж байсан хоёр хөршийнхөө сүүдрээс аль хэдийн
гарч, бүс нутагтаа төдийгүй, дэлхийд
данстай санхүү эдийн засгийн цайз
улс болсон нь хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд нэгэн шинэ, бахархууштай
хуудас нээсэн гэхэд хэн ч үгүйсгэхгүй.
Бид Сингапур гэхээр Темасек энэ
тэргүүнд толгойнд орж ирдэг болох дөхөж. Аргагүй биз, манайхан “Эрдэнэс
МЖЛ”-ийг “Ирээдүйн Темасек” болоосой хэмээн битүүхэн мөрөөдөж, эдийн засагчид,
төр засгийнхан Темасекийн талаар хаа сайгүй ишлэл жишээ татах болсон.
Сингапур улс анх 1974 онд Темасек ҮБС
үүсгэн байгуулахдаа улсынхаа гадаад валютын нөөцөөс санхүүжүүлж иржээ. Өнөөдөр
Темасек нийт 177 тэрбум ам.долларын
хөрөнгөтэй. Тэдгээрийн 30% нь Сингапурын эдийн засагтаа шингэсэн бол
Хятадад оруулсан хөрөнгө оруулалт тус сангийн 25%-г эзэлдэг. Хойд Америк,
Европт оруулсан хөрөнгө оруулалт нь тус сангийн 14% байдаг. Темасекийн гол
хөрөнгө оруулалт нь үндэстэн дамжсан
даатгалын компаниуд болон олон улсын банкуудын багц хувьцаа. Эдгээрийн араас
эрчим хүч, байгалийн хий, уул уурхайн компаниудад оруулсан хөрөнгө
оруулалт эрэмблэгддэг. Ашигт малтмал,
газрын тос, байгалийн хийн олборлогчдын болон тэдгээрийг тэвэрлэх, дамжин
өнгөрүүлэх дэд бүтцийн компаниудын багц хувьцааг эзэмшилдээ оруулснаар ҮБС нь
ашиг хийж, хөрөнгөө аривжуулаад зогсохгүй улс нь хэрэгцээт ашигт малтмал,
байгалийн баялгаар дутаж гачигдахын зовлон алга болжээ. Бид Темасекийг Оюу
Толгойд хөрөнгө оруулалт хийхээр нь тэр болгон мэдэхгүй. Тэгвэл Темасек Оюу
Толгойгоос өмнө Монголд “Болд Төмөр Ерөө Гол” нэртэй төмрийн орд газрын төсөлд
хэдэн жилийн өмнө хөрөнгө оруулалт хийгээд байсан ч өөрийн “эрсдлийг” багасгаж,
уг төсөлд эзэмших хувьцаагаа зарж байсан түүх саяхных. Темасекаас гадна
Сингапурын Засгийн Газрын Хөрөнгө Оруулалтын Корпораци (GOVERNMENT OF SINGAPORE INVESTMENT CORPORATION) 1981 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 320
тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Уг сан дэлхийн ҮБС-н жагсаалтанд эхний 10-т
багтадгийг бид тэр болгон анзаардаггүй. Сингапурын ҮБС-ийхан манайхантай
уулзахдаа Монголд Стратегийн хөрөнгө оруулалт хийх сонирхолоо нуулгүй илэрхийлж
байсан цаг мөн саяхных. Байгалийн асар их баялагтай ч тэр баялгаа эдийн засгийн
эргэлтэнд хараахан оруулж амжаагүй байгаа Монголчуудад “гарааных” нь хөрөнгө
оруулалт хийх сонирхол олон эрхмүүдийн толгойнд эргэлдэх нь нээлттэй нууц
билээ.
Алтан дээр сандайлсан гуйлгачин
нэрнээсээ хурдхан салахын тулд алт байтугай элс ч үгүй арлын энэ хөдөлмөрч
түмний амжилтын нууц жороос бид суралцах юм их гэдэг хэнд ч ойлгомжтой. Аль
болох хурдхан суралцахсан...
ЭХ ОРНЫ ХИШГЭЭС БАЯЛГИЙН САН РУУ
90-ээд
оны эхээр Монгол улс иргэн бүртээ “эх орны хишиг” хүртээж, их бага хувьчлал
явуулсан. Бид ч анх ягаан цэнхэр тасалбар гээчийг атгаад үнэт цаасны үнэрийг
анх мэдэрч явсан. Эргэн санахад их ч хөрөнгө хувьд очсон. Хэн хожсон, хэн
алдсан нь тусдаа сэдэв. Ямартай ч 2 тэрбум ам.долларын үнэлгээтэй улсын хөрөнгө
хувьчлагдсан гэсэн тоо баримт явдаг. Одоогоос дөнгөж гурван жилийн өмнө олон улсын хэвлэл
мэдээлэл Монголын иргэн бүр төгрөгийн
саятан болох нь, ирээдүйд долларынх
болох ч магадлал өндөр, Монгол улс иргэн бүртээ дэлхийд томд тооцогдох
Таван Толгойн коксжих нүүрсний орд газрын 1072 ширхэг хувьцаа өгөх шийдвэр гаргалаа.
Хэдхэн сарын дараа Эрдэнэс Таван Толгой компанийн хувьцаа олон улсын хөрөнгийн
биржээр арилжаалагдана, Монголын эдийн засгийн өсөлт 17% хүрсэн, уул уурхай, ашигт
малтмалын салбар энэ улсыг дараагийн эдийн засгийн гайхамшиг болгох нь. Персийн
булангийн баян орнуудын араас талын Монгол хурдтай нэхэж байна гэсэн мэдээ ар
араасаа цуварч байсан. Тэр үед (2011 онд) Монгол улс Төсвийн Тогтворжуулалтын
Сан байгуулснаар манай улсын ҮБС-н суурь тавигдсан билээ. Дэлхийн зах зээлийн
ашигт малтмалын үнийн огцом хэлбэлзлээс эдийн засгаа хамгаалах зорилгоор улс
орнууд тогтворжуулах сан байгуулдаг нь нийтлэг жишиг. Эдийн засаг хөл дээрээ
босоод ирэхийн цагт хөгжиж буй орнууд Тогтворжуулах Сангаа Хөгжлийн Сан болгон
өөрчлөх жишээтэй. Аливаа улс эдийн засгаа өсгөх, тэлэхийг хүсэж байвал хөрөнгө
оруулалт татах нь бичигдээгүй хууль. Гэхдээ дийлэнх улс орнууд Хөгжлийн Сангийн хөрөнгөө өөрийн эдийн засагт
шигтгэлгүй, цаг нь болтол гадаадад байршуулахыг илүүтэйд үзэж ирсэн байдаг.
Хэрэв дотоодын хөрөнгө оруулалт 15% ашигтай байх тооцоотой байхад тус улсын
инфляц 14%-тай байвал Хөгжлийн Сангийн хөрөнгөөр дотоодын төсөл санхүүжүүлэх нь
утгагүй. Тогтворжуулах Сан болон Хөгжлийн Сан
зорилтот хэмжээндээ хүрэхэд тус
орон ирээдүй хойч үеийнхэндээ зориулсан
Хадгаламжийн Сантай болохыг эрхэмлэдэг. Төр болон иргэд ҮБС урт хугацааны дараа
үр өгөөжөө өгнө гэдэгт итгэх хамтын итгэл үүссэн байх нь амжилтын “нууц жор”.
Засгийн Газар юу хүсэж байгаа, Засгийн Газар юу хийж чадах, Баялгийн Сан юу
хийх, ямар зорилготой байгуулагдсан гэх
мэтийн асуудлууд бүгд нээлттэй байх нь чухал. Энэ нь хэлэхэд амар
боловч олон орны ҮБС тухайн Засгийн Газраасаа зөрүүтэй зорилго өвөрлөснөөс
улбаалан (эсвэл эсрэгээрээ) амжилтанд хүрээгүй жишээ олонг
бодолцох нь чухал. Эрх баригчид ҮБС
байгуулаад өөрсдийн засаглалыг хадгалах
хэрэгсэл болгох эсвэл өөрсдийн шууд “ивээлд “ багтах төслүүдийг санхүүжүүлэх
сөрөг үзэгдэл элбэг тохиолддогийг бодууштай. Улс төрийн байнгын хямралтай,
тогтворгүй орчинд ҮБС засаг солигдох тоолонд даган “хямрах” магадлалтай. Тухайн орны макро эдийн засгийн болон төсвийн
нөхцөл байдлаас шалтгаалан ҮБС үйл ажиллагаагаа хэрхэн явуулах, ямар зорилго
тавих зэрэг шууд уялдаатай. Сайн засаглал, улс төр эдийн засгийн урт хугацааны
тогтвортой байдлыг нутагшуулах чин хүсэл эрмэлзэл, туйлын зорилготойгоор улс
орнууд ҮБС байгуулж, бэхжүүлсээр байна. Урт хугацааны үр өгөөжийг нарийн
тооцсон, өөрийн шийдэл олох нь чухал. Эрдэнэс таван толгойн хувьцаагаар
Монголчууд бид бүгд саятан болов уу? Харамсалтай нь үгүй. 1 сая төгрөгний
үнэлгээтэй хувьцаа эзэмшихийн оронд Монголчуудын тал нь боломж гармагц бэлэн
мөнгө авах сонголт хийсэн. Үлдсэн тал нь
эсвэл мэдээгүй будилсан, эсвэл Эрдэнэс Таван Толгой компанийн хувьцаа олон
улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдахыг хүлээхээр сэтгэл шулуудан, тэвчээртэй
хүлээсээр.
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж бид
хүүхэд байхдаа хоорондоо тоглоом шоглоомоор олонтаа хэлж ирсэн. Хаа холын Африк
тивийн ҮБС-р эхлээд, Норвеги, Сингапур гэж цаасан дээр “доншуучилсан ” минь бас
л нэг мөрөөдөл. Монгол маань хэзээ нэг, удахгүй ирэх цагт бондын өрийн
дарамтнаас салж, Баялгийн Сангийн хөрөнгөөрөө дэлхийд гайхуулах юмсан гэсэн
мөрөөдөл.
Дуулвал дуу нэг, дугтарвал хүч нэг
гэдгээр бид хүсэл зорилгоо нэгтгээд, өнгөөр талцалгүй, хүчээ боломжуудынхаа
хамтаар тарамдалгүй, хүсэл эрмэлзлээ зангидсан нудрага мэт цул болгож чадваас,
хөрсөн доорхи болон хүний оюуны баялгаараа хэнээс ч дутах учиргүй. Хэдэн их
наяд ам.доллараар хэмжигдэх баялаг
байсаар байхад эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй, хэн нэгний зузаан
хэтэвчний барлаг болсоор байвал өрөөлд бус өөрсдөдөө гомдох нь зүйд нийцэх биз.
Байгалийн баялаг маань бидний хойч үеийнх гэх хүн өнөөдөр бидний дунд элбэг.
Тийм ээ, Монголын баялаг Монголын хойч үеийнх. Бас Монголын баялаг биднийх.
Хойч үедээ хадгалах нэрийн дор хоосон
хийрхэлээр тархиа угаалгаад, ихэнх маань популизмын өвчин тусаж, яван
явсаар бэлэнчлэх үзлийн урвалд (мутацид) орж, ажил хийх гэсэн, хөгжил өөд
тэмүүлэх гэсэн хэсгээ ангуучлан буруутгаж, хөмөрсөн тогоон дороо жөтөөрхөлцөх
нийгэмрүү хэт хэлбийх вий. Хөрсөн дор маань бүрэлдээд хэдэн сая жил болсон
баялаг ахиад хэдэн зуун жил болоход хэн хохирохов? Хорвоо дэлхий хөгжил
өөд тэмүүлж байна. Хотол олон маань
хөгжлөөс бүү хоцроосой. Хоёр идэхгүй ч, хоосон хоноогүй болж байна гэсэн
“ховсдуулсан” байдлаас хурдан гараасай. Хойч ирээдүйнхээ жаргалын суурийг
өнөөдөр эхлүүлцгээе!
No comments:
Post a Comment