Гэрэл овогт Хүрлээгийн Анхбаяр нь бизнесмэн хүн юм. Аялал
жуулчлал, их барилга, уул уурхайн бизнест хүч үзэж явсан нэгэн билээ. Тэрбээр
өдгөө эрх чөлөө хязгаарлагдмал орчинд 440 хоногийг үдэж байна. Хэдий тиймч
Монгол Улсынхаа өнөө, ирээдүйд сэтгэл зовниж явдаг монгол хүнийхээ хувьд энэхүү
нийтлэлийг бичжээ. Түүний сэтгэлийн үгийг "Open door" сониныхоо
уншигчдад хүргэв.
Монголд хөрөнгө оруулалт хийх сэдэв
хөндөгдөхөд заавал энэ тэргүүнд яригддаг асуудлуудын нэг нь ГЕОПОЛИТИК
байгаагүй. Энэ асуудал өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотноо болсон хөрөнгө
оруулалтын чуулга уулзалтаар урд өмнөхөөсөө тод томруунаар яригдах болсон
талаар сонин хэвлэлээс уншаад өөрт буусан бодлоо олонтойгоо хуваалцах үүднээс
доорхийг бичив.
Аливаа хөрөнгө оруулалт хийхийн өмнө хөрөнгө
оруулагчид маш олон талаас нь тухайн төслийг ч судална, тухайн улсыг төслөөсөө
дутахгүй судална. Ингэж судалж шинжихдээ юуны өмнө хууль эрх зүйн орчин, тус улсын гадаад дотоодын тогтвортой байдал,
хөрөнгө оруулалт нь хэр хэмжээнд олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээгээр
хамгаалагдсан зэргийг хардаг нь хөрөнгө оруулалтын бичигдээгүй хууль. Хичнээн
ашиг, үр өгөөжтэй төсөл байгаад дэд
бүтэц хөгжөөгүй, эсхүл хууль эрх зүйн орчин нь савалгаатай бол ямар ч хөрөнгө
оруулагч уг асуудлыг өөрөөсөө түлхээд өөр эрсдэл багатай төсөл хайна. Бизнесийн
боломжууд хаана байна тийшээ том хөрөнгө оруулагчдын цуваа хөвөрч байдаг
нь бас нэгэн зах зээлийн ертөнцийн
бичигдээгүй хууль. Монголд бизнесийн боломжууд байгаад байгаа хэдий ч манайх
хэд хэдэн шалгуураар ямагт эрсдэлтэй хөрөнгө оруулалтын орон зайд тооцогдож
ирсэн.
Анхлан Монголд орж ирсэн гуравдагч хөршийн
хөрөнгө оруулагчид амжилтынхаа магтаалын үгсийг ам уралдан шагширан олсон
ашгаараа бардамнацгааж байсан. Өнөөгийнх шиг үргэсэн улсыг “ЭРГЭЖ ИРЭЭРЭЙ”
хэмээн царай алдан, хадаг барилгүй, хөрөнгө оруулагчид өөрсдөө “Хадгаа
зэхцгээгээд” Улаанбаатар руу нисэх нислэгийн тийзээ захиалахаар ар араасаа
цуварсан дүр зурагтай байж болох хувилбарыг Монголчууд өөрсдөө гардан үгүй хийсэн.
Хүн, тэр тусмаа мэргэжлийн хөрөнгө оруулагчид
амжилтанд дуртай. Амжилт тэдний амин сүнс. Анхалж Монголд хөрөнгө оруулалт
хийсэн хөрөнгө оруулагчид алдсан газар араас нь хэн ч тоглоомын дүрэм
өөрчлөгдсөн, тэр нь тогтвортой байна гэсэн итгэл үүсээгүй цагт ирэхгүй. Амттай
хоол харагдавч идэж хордоод яахав гээд тойроод байна. Амжилтын анхны сургаар
араатан сүрэг мэт бие биенээсээ өрсөн уралдаж ирдэг бас нэг бичигдээгүй хууль
бий. Харин амжилт гийхгүй газрыг ирсэн шигээ хурдан орхидог нөгөө бичигдээгүй хууль бас бийг мартаж болохгүй. Өнгөрсөн 7 хоногт
болтол гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид ГЕОПОЛИТИК ярилгүй, түүнийгээ УЛС
ТӨРИЙН ЭРСДЭЛ гэдэг ойлголтоор халхавчилж ирсэн. Энд манай төрийн 1990 оноос
хойш тууштай явуулсан гуравдагч хөршийн бодлого шууд нөлөөлдөг байсан. 2012 оны
сонгуулын өмнө яаран сандран баталсан “стратегийн салбарт хөрөнгө оруулалт
хийх тухай” хууль Орос, Хятадын хөрөнгө
оруулагчдаас бусдыг нь үргээчихлээ гэдэг яриа үнэн болохоороо гашуун сонсогдсоор.
Энэ хууль батлагдмагц эдийн засгийн өсөлтөөрөө Катарын араас хоёрт
эрэмбэлэгдэж, дэлхий нийтийн сонирхол, шохоорхлыг татаж байсан Монгол маань хөрөнгө оруулагчдын хувьд
моодноос гэрлийн хурдаар гарсан. Энэ хууль гарахаас өмнө манайтай холбоотой яригддаг
байсан олон эрсдлүүд арилснаар Монгол улсын эдийн засаг хурдацтай өсөж, хөрөнгө
оруулагчид Улаанбаатарыг зорьсон бус. Зөвхөн 20 гаруй жилийн нөр их хөдөлмөрийн
үр дүн болон түүхий эдийн зах зээлийн эерэг, өсөлттэй мөчлөгийн үр өгөөж байсан
гэж онцолж болно. Харамсалтай нь, манай хууль тогтоох байгуулагын зарим гишүүд
Монгол улс геополитикийн хувьд маш эмзэг орон зайд оршдогоо сонгуулийн өмнөх
популизмд автан мартсан. Иймээс гуравдагч хөршийн бодлогын дөнгөж гөлгөлж
эхэлсэн модоо, 20 гаруй жил өөрсдөө арчилаагүй ч гэлээ бас ч гэж тайрчихалгүй
явж ирснээ, гэнэт сүхдээд унагчихлаа. Энэ хуулийг хөрөнгө оруулагчид хоорондоо
ЧАЛКО-ийн \CHALCO\ хууль гэж хочилдог болсныг бид бүгд мэдэх билээ. Өнгөрсөн 2
жил гарангийн хугацаанд болж өрнөсөн үйл явдлуудын талаар тоо томшгүй нийтлэл
хэвлэгдэж олноороо хэлэлцсэн тул тэр болгоныг тоочилгүй орхиод, өнгөрсөн 7
хоногт түлхүү яригдсан хөрөнгө оруулалт, түүнтэй холбоотой геополитикийн сэдэв
рүүгээ эргэн оръё.
Монголчууд өнгөрсөн 2 жилд гуравдагч
хөршүүдийнхээ хөрөнгө оруулагчдыг үлдэн хөөж туугаагүй ч, дэлхий нийтээрээ
нэрвэгдсэн түүхий эдийн үнэ ханш уруудах мөчлөг болон Монголчуудын “үйлдлүүд”
болон эс үйлдлүүдээс үүдэн хэд гуравхан гуравдагч хөршийн компаниуд Монголд
үлдээлээ. Бусад нь эсхүл ажиглагч, эсхүл өмнө хийсэн хөрөнгө оруулалтаа боломж
гармагц алдагдалгүй зараад (худалдан авагч нь хэн байхыг таахын тулд мэргэч
төлөгч байхын ямар ч шаардлагагүй, ойлгомжтой болсон асуудал) Монголоос өөр
эрсдэл багатай улсад хөрөнгө оруулалт хийх “сонирхогч” болон хувиргасан. Соёлт
ертөнцөд өмнөх засгийнхаа баталсан гэрээг дараагийн засаг оролдохоос цэрвэдэг.
Ашиггүй гэрээ хийгдсэн байлаа ч нэр нүүрээ бодоод, амаа хамхиад, цаашид ахин
ийм алдаа гаргахгүй юм шүү хэмээн алдсан алдаагаа төрийн “санамж ой тогтоолтын
санд” бүртгэж аваад урагшаа алхахаас өөр шийдэл байхгүй.
Саахалт айлтайгаа таарамж муутай айлыг
Монголчууд тэр голоороо, тэр нутаг усаараа тэднийх нэг тийм хаяа муутай айл гээд “оношилчихдог”. Тэр ааш
муутай, гол усандаа нэр муутай, хаврын тэнгэр шиг хаяа муутай айл нь Монгол улс
маань болчихгээд байгаад иргэнийхээ хувьд эмзэглэх юм.
Монголчууд үүх түүхээсээ нилээд бардам
үндэстэн. Тиймдээ ч харь газар явахдаа бидэнтэй хэн нэгэн эвгүй харьцвал маш
эмзгээр хүлээж авдаг. Түүнтэй адил бид манайд ажиллахаар, хөрөнгө оруулахаар,
аялж жуулчлахаар ирсэн урд хойд хөршүүдтэйгээ болон үүргэвч үүрсэн ч бай
хамаагүй холоос яваа улстай эв найртай харьцах нь уг нь манай соёл зан заншлын
бахархаж ирсэн нэг үнэт зүйл бус уу. Ийм энгийн мэт харьцаанаас бидэнтэй гадныхан хэрхэн харьцах харилцаа
тодорхойлогдож байдгийг бодууштай. Өөрийгөө бусдаар хүндлүүлэхийн тулд бусдыг
хүндэлж сурах хэрэгтэй. Энэ нь хүний энгийн соёлт харилцаа. Наад зах нь XXI
зууны хүний харилцааны соёл. Тиймдээ ч соёлт харилцааг эрхэмлэдэг (үндэстэн
хамааралгүй) энгийн харилцааны соёл, дэгийг (этикет) бодохдоо дэлхийд нэр хүнд
бүхий олон улсын бизнесийн сэтгүүлд гарсан ”Монгол улс улсынхаа хилээр
шоронгийн тор татчихжээ” гэсэн эмзэг сэдвийг хөндөхгүйг хичээн, бидэнд
гуравдагч хөршийн бодлоготой улс шүү та нар гэж сануулж эхлэв үү гэсэн бодол төрөв.
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг
болж байгаа хэдий ч бид гуравдагч хөршийн геополитик ярих болсон хөрөнгө
оруулагчдыг нэг мөсөн үргээж, үлдэн хөөхгүйн тулд урдах хойдох нүүдлүүдээ
сайтар цэнэх хэрэгтэй байна. Энэ үзэгдлүүдээ хооронд нь холбож байж дараагийн
нүүдлээ хийхгүй бол засал авахгүй, гарцгүй гацаанд орсноор урагшаа хурдлах
“төмөр хүлгэнд” тийзтэй тийзгүй нь хамаагүй суухаас өөр сонголтгүй байдалд орох вий гэсэн
эмзэглэл төрж байна.
Өнөөдөр Оюу толгойн (ОТ) далд уурхайн хөрөнгө оруулалт хэрхэн
шийдэгдэх бол гэсэн хүлээлт хаа хаанаа үүссэн. ОТ-н гадаад хөрөнгө оруулагч
дэлхийн уул уурхайд аман хүзүүнд биш гэхэд айргийн тавд баттай байртай Рио. ОТ-н асар их баялгийн дийлэнх нь 1600-1700 м
газрын гүнд байгаа. Тэр баялаг тээх хүдрийг газрын хөрснөөс бараг 2 километр доороос олборлох гүний уурхай ажиллуулах техникийн
хүчин чадалтай компани дэлхийд ердөө 2-3 л байгаа. Тэдний нэг нь гарцаагүй Рио.
Энэ хоёр гурван уул уурхайн компаниудын нэг нь байж байж л дэлхийн санхүүг зангидах банкууд уг төслийг
санхүүжүүлнэ. Өөр хэн ч байсан өнөөдөр тэр олон тэрбум долларын санхүүжилт
хийгдэхгүй. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын хүнд үед Риог бүтнээр
нь худалдан авах санал тавьсныг компани өөрөө хүлээн зөвшөөрчихөөд байхад
Австралийн засаг эцсийн мөчид хориг тавьснаар, Рио-гийн том хувьцаа эзэмшигч
ЧАЛКО –гийн санал нэг удаа бүдэрсэн. ЧАЛКО өнөөдөр ч Рио-гийн том хувьцаа
эзэмшигч хэвээр байгаа. Өнөөгийн энэ эгзэгтэй мөчид Риогийн нүүдэл бүр (манай
засгийнх ч мөн адил) хувьцаа эзэмшигчдэд бүртгэгдэж байгаа. Риогийн хэлэлцээр
бүтэлгүйтлээ гээд (тэгэхгүй байх гэж найдаж байна) ОТ-н далд уурхайн бүтээн
байгуулалтыг тодорхойгүй хугацаагаар “царцаагаад” манай гуравдагч хөршийн
хөрөнгө оруулагчдын царайны өнгө аяс нилээдгүй хүйтрэх нь ойлгомжтой. Риотой
тохиролцож чадахгүй бол бид урд хөрштэйгээ сайн харилцаатай болж байгаа гэж
бодох “Эрхмүүд” сэрэх цаг нь аль хэдийн болсон. ОТ-гоос зүүн хойно орших, түүнээс ч дутахааргүй баялагтай, удахгүй ашиглалтанд орохоор ажиллаж буй зэс молибдений ордыг
харахад үндсэн худалдан авагч болох түнш нь нэг л компани байх нь ойлгомжтой
болоод байгаа юм.
Зэсээс халиад нүүрс рүү ороход өнөөдөр бид мөн л зэсийн том ордуудыг тойрсонтой адил асуудлуудын дунд байна. Нэг
бүдрэхээрээ долоо бүдрэв гэгчээр өмнийн говийн хар алттай холбоотой асуудлуудын
шийд гаргах цэг нь Риогийн хамгийн том хувьцаа эзэмшигчийн төв байр болсныг бид
олон бүрхүүл халхавчийг ялгаж салгаад харах цаг болсон баймаар.
Энд өмнийн говьд үйл ажиллагаа явуулж буй дотоод гадаад, хувь хувьсгалын хамаагүй бүх нүүрсний компаниуд
багтаж байгааг дурдахгүй байж чадахгүй нь.
Өнөөдөр манай эрх баригчид SOUTH GOBI-гийн ЧАЛКО-той хийх хэлцлийг саатуулж хууль
баталснаараа хувьцааны гэрээ цуцлагдсан ч бүтээгдхүүн худалдан авах гэрээ нь
хэвээрээ үлдсэн. Цаашлаад саяхан SOUTH GOBI-гийн зонхилох хувьцаа эзэмшигч нь
тус компанийн багц хувьцааг борлуулсан нь бодлогогүй нүүдлийн уршгаар Монголын
баялгийг хоёрхон жилийн дотор хэд дахин үнэгүйдүүлж болдгийн тод жишээ боллоо.
Тооны машин “олдоогүй” үүнийг бичигч хэвлэлд гарсан тоонуудыг үржүүлж хуваахад
энэ жил SOUTH GOBI-гийн хувьцаа анх
ЧАЛКО-той гэрээ хийхээр зарлагдаж
байснаас хэд дахин доогуур үнээр арилжаалагдсан байна. Үүнтэй адил Монголд үйл
ажиллагаа явуулж буй том жижиг олон компаниудын хувьцааны үнэ доошоо эрчимтэй
савалсан. Одоо ч ахин сэргээгүй байна. Энэ нь Монголын баялгийг л үнэгүйдүүлж
байна гэсэн үг. Хоосон хийрхэл, ойгүй популизм биднийг хаа хүргэж болохын
тодоос тод жишээ үүнээс өөр хэрэггүй бизээ. Нүүрс олборлогч компаниудаас гадна
нүүрсний тээвэр, логистикийг зангидсан, хилийн цаана нүүрс угаах хамгийн том
дэд бүтэцтэй компани хүртэл ЧАЛКО-гийн мэдэлд шилжсэн билээ. Өнөөдөр Монголчууд
ихэнх нь Монголын нүүрсийг урагшаа зөөхгүй бол урд хөрш маань юу юугүй сөхөрчих
юм шиг ойлголтоор толгойгоо угаалгачихаад байгаа нь харамсалтай. Учир нь Монгол
улс жилдээ одоо засгаас яригдах болсон 30 сая тонн нүүрс урд хөршдөө нийлүүлдэг
болсон ч тэр нь бүх Хятадын дотоодын нийт хэрэглээний 1 хувьд ч хүрэхгүй. Хятад
улс жилдээ (2013 оны байдлаар) 3 тэрбум 500 сая гаруй тонн нүүрс ашигладаг
мэдээ уншиж байсан юм байна.
Монгол улс хойд хөршөөсөө бензин шатахууны өөрийн хэрэгцээний 95
хувийг авч байна. Нэг улсаас хэт хамааралтай байна гэсээр удаж байна. Манай
бензин шатахууны гол импортлогч
компаниудад сүүлийн жилүүдэд их хэмжээний эргэлтийн зээл олгож ирсэн
банк нь ӨАБНУ-ын Стандарт банк.
Тэгвэл Стандарт банкны “шинэ” том хувьцаа эзэмшигч нь аль улсын
ямар банк болсныг манайхан шалгахад тун амархан. Ердөө л интернетээ нээгээд зөв
хайх хэрэгтэй. Стандарт банк “шинэ” том хувьцаа эзэмшигчтэй болсноор Монголын
компаниудад зээл олгож эхэлсэн байх магадлал өндөр. Энэ мэтийн сонин жишээ,
цочирдмоор баримтуудыг эрж хайх хэрэггүй, тэдгээр нь хүссэн хүнд ил болсон
даяаршсан хорвоо ертөнцөд бид амьдарч байгаа билээ.
Үүнийг бичихдээ мэдээлэл, мэдлэг маруухан миний бие урд хойд
хөршийн аюул гэж орилж байгаа бус, их хөршийн аюул гэсэн хортой гал өрдөх
гэсэндээ бус харин ч урд хойд хөрштэйгээ тун эвтэй байж, төрийн айлчиллын үеэр
зөвхөн найр тавин гэрээ хэлцэлд гарын үсэг зурахаар хязгаарлалгүй, хөршөө харах
энгийн малчин Монголын тархинд хүртэл шингээж амжсан хорт популизмаас, байгалийн баялгийн үндсэрхэг үзлээс бид аль болох
хурдан хагацаж салах хэрэгтэй. “Саахалт
айлын“ харьцаанаасаа гадна нэг голынхонтойгоо цаашлаад сум аймаг, улс
үндэстнийхээ (бидний мэдэх) хил хязгааргүй болох ойртож буй хавтгай ертөнцөд
амьдрах Монгол иргэдээ бэлдэх нь чухал. Тэдэнд өнөөдрөөс зөв ойлголт өгөх нь
манай улс үндэстний хувьд “геополитикийн” асуудал болоод буй мэт санагдсанаа
хуваалцах хүсэлд хөтлөгдөн бичсэн болно.
Ойгүй популизмтай найзалсны гороор бид улсынхаа хөгжлийг эргэлт
буцалтгүй зөв гольдролд оруулах байсан алтан боломжуудыг үгүй болгочихсон. Учир
нь, ганц ОТ-тай хав дөрвөлжин золгож ноцолдолгүй, ОТ-г манай амжилтын “цагаан
хоолой” болгон арав хорин цар хүрээ, хөрөнгө оруулалтын хэмжээ, эдийн засгийн
ирээдүйн үр өгөөжөөрөө дутахгүй төслүүдийг эхлүүлэх боломжуудыг байгалийн
баялгийн түүхий эдийн үнэ тэнгэрт тулж байх үүлэн чөлөөний наран мэт богинохон
хугацаанд бид атгаад алдсан. ОТ-н гэрээ батлагдаад, Монгол Улс ид хөрөнгө
оруулагчдын анхаарлын төвд 2-3 жил болсон ч балагтай, будлиан дагуулсан хуулийн
уршигаар (уг хуулийг батлахад өнөөх ойгүй популизм, популизмын давалгаан дээр
сонгогдох ахархан хүсэл хоёрт хөтлөгдсөөр) бид
боломжуудын бараа алдрахыг бүгдээрээ харсан. Ойгүй популизмын ихэр нь болох
байгалийн баялгийн үндсэрхэг үзэл (RESOURCE NATIONALISM) манайхаас хэт их
ханхлах болоод удаж байгаа. Одоогоор хөрөнгө оруулагчид “энэрэнгүй” сэтгэл
гаргасандаа (тэртээ тэргүй өөрсдөө өөрсдийгөө дэгээдэж унагаагаад байгааг нь
харсаар байгаа тул) Монголыг байгалийн баялгийн үндсэрхэг үзэлд автлаа гэж
дэлхий даяар зарлаагүй ч, өөр хоорондоо хэлэлцэх нь элбэгшсээр бас ч үгүй
нилээд хугацаа өнгөрлөө. Популизм, ресорс национализм хоёр Монголд
нутагшваас манай геополитикийн хамгийн
том дайсан болох нь ойлгомжтой билээ. Тэгэхээр геополитик ярих болсон гуравдагч
орны хөрөнгө оруулагчдад барих хариу нь ордонд боловсрогдон , биеллээ олж,
хэрэгжихээс гадна, Нийслэлийн маань гудмаар алхаж эсхүл хөдөө нутагт мөрөөрөө
алба амины ажлаа амжуулж яваа шар, хар, цагаан арьстай нь хамаагүй харийн
улстай хэрхэн яаж харьцаж байгааг бид бодолцох цаг болсон. Алдагдсан
боломжуудын бараа тасраагүй дээр бид улс орныхоо эрх ашгийн төлөө, ирээдүйн
Монголын төлөө, аливаад хандахдаа өнөө маргаашийн ганц нэг зоосны хонжоо харж
хандалгүй, төрийн баялаг уламжлал, язгуур эрх ашгийн тууштай бодлого, зан
заншил, түүхэн харьцааны сайнаас нь үлгэр аван сонголтоо зөв хийж, урагшилмаар
байна. Даяаршсан хавтгай хорвоо дэлхийд бид өнгөрсөн хэдэн жилийн
алдаануудаасаа зөв дүгнэлтийг хийж, зөв зүг чигийг сонгохгүй бол ямар
сонголтуууд нь бидэнд үлдээд байгааг
саяхны хоёр том айлчлал болон хоёр хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудын уур
амьсгал тодоос тод харуулав. Өнгөрсөн зуунд Монголчууд өөрсдөө хийсэн түүхэн
хоёр сонголтоор болон дэлхийн түүхийн өрнөлийн буянаар тусгаар тогтнолоо
хадгалж үлдсэн улс үндэстэн. 1919-1920 онуудын өнгө мөнгө харсан шанзав
Бадамдорж тэргүүтний сохор сонголт, 1960-аад оны сэтгэлийн хөөрлөөр хийчих
шахсан сэхээтний төөрөгдөл хоёрын хор уршгийн талаар бид залуу үедээ сайтар
ойлгуулж өгөлгүй одоо байгаагаараа харанхуй зүтгэвээс удахгүй, холын бус “нэгэн
ирэх өдөр” энэ улаан, цэнхэр хамаагүй паспортаа их гүрний паспортаар сольчихоё
гэх улсаар төр дүүрчих вий гэж эмээх сэтгэл төрж байна.
Дэлхийн 2-р дайн дуусахын өмнөхөн нэг их
гүрний дэд ерөнхийлөгч Монгол гэдэг тусгаар улс байгаа үгүйг “нягтлахаар” нэг
өдрийн хугас үдлээд буцсан цагийг бодвол өнөөдөр тэр их гүрний элчин сайд нь:
"… Монгол эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалах нь чухал…" хэмээн
өнгөрсөн 7 хоногийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын дараа өгсөн
ярилцлагадаа санууллаа. Энэ нь манай улсын геополитикийн бодлогын хувьд
өмнөхтэйгээ харьцуулахад том амжилт, нөгөө талаасаа их гүрнүүдийн геополитикийн том тоглолт
ид өрнөхийн өмнөх дохио мэт санагдав.
Хоёр их гүрний дунд “хавчуулагдсан” Украин
“Майданыг” импортолсныхоо уршгаар муугаа үзэж байгааг бид харж байна. Нүдээ боолгосон мэт гадагшаа тэмтчиж,
дотооддоо толхилцож байгаад Монгол маань хорвоод хосгүй Майдар залахын оронд Майдантай
болох вий гэдгээс болгоомжилж байна.
Гэхдээ, “би Монгол хүний саруул ухаанд
итгэдэг” гэсэн ардчиллын лидер С.Зориг агсны төсөөлөн хэлснийг ишлэл татаад,
Монголчууд бид эв эеээ хичээвэл Майданыг тойроод гарахаас гадна одоо нэрвээд
байгаа “баялгийн хараал”-ыг амархан туулах тэнхээ болон боломжууд нь бидэнд
байсаар байна. Эдгээрийг ашиглалгүй алдваас тэр эрт дээр үеэс айдас дагуулсан “MANE, THECES, PHARES”, (ТООЛООД, ХЭМЖЭЭД, ХУВААВ - МӨХӨХ ЦАГ
ИРЭВ-гэсэн утгаар хэрэглэдэг) болох вий.
2014.09.14
Жич: 1.“Гурав дахь хөрш”
гэсэн ойлголтыг зориуд гуравдагч болгон бичсэн болгооно байх хэмээн найдав.
2.Хувьцаат
компаниудын ихэнхийн хувьцааны үнийн мэдээлэл, эзэшлийн талаархи мэдээ баримт
2013 оны 07-р сарын үеийнхээр тулгуурлаж бичив. Үүнийг өршөөнө байх гэж гүнээ
найдаж байна. Том өөрчлөлт гараагүй болов уу, манай сонинуудаар гараагүй.
No comments:
Post a Comment