ДҮРЭЛЗЭХ ЧУЛУУ буюу ЗАНАР ХУВЬСГАЛ

“Америкт занарын хувьсгал өрнөж байгаа” гэж АНУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайш “ИНВЕСТ МОНГОЛИА ” хөрөнгө оруулалтын чуулганы үеэр хэлсэн нь содон сонсогдов.  Хоёр жилийн өмнөөс АНУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн компани занарын хайгуул хийж эхэлсэн талаар сонин хэвлэлээр үзэгдэх болсон. Монголын компаниуд ч шатдаг занарын хайгуул  судалгаа хийж байсан. Харин Америк тивд өрнөх занарын хоёрдахь хувьсгал уламжлалт бус түлшний салбарын боломжуудыг цоо шинэ түвшинд аваачаад байна. Шатдаг занарын компаниуд хайгуул, олборлолтын арга барилдаа шинэлэг техник технологийг ашиглаж эхэлснээр өмнөхөөс хэд дахин их нөөц тогтоохын сацуу тухайн орд газраас олборлож болох шатдаг занарын хэмжээг урьд өмнө төсөөлөхийн аргагүйгээр нэмэгдүүлсэн байна.  Үүнээс улбаалан АНУ хямд өртөгтэй байгалийн хий их хэмжээгээр үйлдвэрлэх болсон нь тус улсын эрчим хүчний үнийг урьд өмнө байгаагүйгээр бууруулаад зогсохгүй, АНУ газрын тос болон байгалийн хий “ импортлогч ” орноос хурдтайгаар “ экспортлогч ” орон болон хувирч байна. Энэ нь дэлхий даяар арилжаалагдах байгалийн хийн үнийг бууруулахын хажуугаар эрчим хүчний нүүрсний үнэнд сөргөөр нөлөөлөв.  Саяхан л үйлдвэрлэлийн өртөг өндөртэй хэмээгдэн хаагдаж байсан төмөрлөгийн болон бусад эрчим хүч ихээр ашигладаг үйлдвэр компаниуд хямд эрчим хүчний “ачаар”  АНУ-д шинээр хөрөнгө оруулан, шинэ үйлдвэрүүд барих төлөвлөгөөгөө ар араасаа цувран зарласаар байгаа нь уг эрчим хүчний хувьсгалын нөлөө АНУ-д төдийгүй дэлхий даяар тархахын хүчтэй дохио болов. Энэ дохио саяхан цурайтаад өнгөрсөн мэт санагдавч түүнээс хойш хоёр гурван жил өнгөрчээ. Энэ  хугацаанд АНУ-д хоёр том байгалийн хий үйлдвэрлэх цогцолбор болон боомтын дэд бүтэц баригдан удахгүй бүрэн хүчин чадлаараа ажиллахад АНУ дэлхийн зах зээлд шингэрүүлсэн байгалийн хий (LNG) экспортлогч орнуудтай өрсөлдөж эхлэх нь ойлгомжтой болов. Зах зээлээ хямд байгалийн хий үйлдвэрлэгч нарт “булаалгасан” эрчим хүчний нүүрс олборлогч компаниуд “илүү” гарсан нүүрсээ Америк тивд борлуулж чадахгүй болсон тул хямд далайн тээврийн “ачаар” Хятад, Өмнөд Солонгос, Японы зах зээлд нийлүүлэхээр эрчимтэй ажиллаж эхэлснээр нүүрсний үнэ огцом унаж, олон нүүрс экспортлогч улс орныг сандаргасан нь Монголыг маань бас орхилгүй, нэлээдгүй тэвдүүлсээр байна. Яагаад гэнэт занар дэлхий даяар байгалийн хий экспортлогч орнуудаас авхуулаад нүүрсний том уурхайнууд, төмөр замын компаниуд , цахилгаан станцуудаас цаашлаад эгэл Америк өрх бүрт сарын эцэст ирэх цахилгааны нэхэмжлэлд хүртэл нөлөөлөх болов гэхээр дээр дурьдсан  занарын хоёрдахь хувьсгалтай шууд холбоотой.
            Занарын хоёр дахь хувьсгал нь өмнөх занарын хувьсгалаас юугаараа ялгаатай болоод дэлхий даяар түгэх шуугиан тарив? АНУ-ын шатдаг занарын анхдагч компаниуд (Пионерууд) шинэ технологийг амжилттай туршин үйлдвэрлэлд нэвтрүүлснээр шатдаг занар гэх нүүрс ус тээгч (HYDROCARBON) зөөлөн чулуунаас газрын тос болон байгалийн хийг өмнөхөөс хэд дахин их хэмжээгээр шахаж гаргах үр өгөөжтэй, байгал орчинд бага хор уршиг тарих цоо шинэ арга техникийг эзэмшиж, бага өртөгөөр занарын олборлолт үйлдвэрлэл явуулах болсноор занарын хоёрдахь хувьсгалыг өрнүүлж орхив.  Уг хувьсгал Хойд Америкаас халин ертөнцийн зүг бүрт хурдтайгаар тархаж байна. Одоогоор Австрали, БНХАУ, Иордан, Польш, Украин, Эстони зэрэг улсуудад занарын орд газруудыг хэрхэн ашиглах, тэнд занарын орд газруудад түшиглэсэн аварга цахилгаан станцуудыг бүтээн байгуулах ажил хурдтай өрнөж байна.
            Энэ оны 6-р сард Иорданы засгийн газар Эстонийн “Энефит”  (ENEFIT)
Компаниар 2,1 тэрбум ам.долларын өртөгтэй 540MW(мегаватт) хүчин чадалтай шатдаг занарын орд газар түшиглэсэн цахилгаан станц бариулах гэрээ байгуулснаа зарлав. Иордан улсын хувьд энэ төсөл цоо шинэ эрин үеийг нээж байгаа. Учир нь Иордан улс Персийн булангийн газрын тосонд умбах хөршүүдээсээ өөрийн эрчим хүчний хэрэгцээний 97% импортлох боловч дэлхийд шатдаг занарын нөөцөөрөө тавд эрэмблэгддэг. “ЭНЕФИТ” компанийн технологоор шатдаг занараас газрын тос болон байгалийн хийг салгаад, үлдсэн массыг ахин шатааж, уг процессд гарах уураар цахилгаан станцын генераторуудыг тэжээх аж. Хаягдал үнсээ хүртэл цемент хийхэд ашигладаг гэнэ. “Энефитын ” анхны үйлдвэр 2012 оны 12 сард үйлдвэрлэлтээ эхэлсэн бөгөөд түүхий газрын тосны үнэ баррель нь 75 ам.доллараас дээш байхад уг үйлдвэр ашигтай ажиллах тооцоотой. Эстони улсад энэ дэвшилтэд технологийг амжилттай хэрэгжүүлснээр бензин шатахуун болон эрчим хүчний хэрэгцээгээрээ Оросоос хамааралтай Балтын тэнгис орчмын орон эрчим хүчний эрх чөлөөг амсан, хүлээснээсээ тайлагдаж эхэлсэн гэж олон улсад шагшигдах болжээ. “Энефит” компани Эстони, Иорданаас гадна АНУ-ын Юта муж улсад хаагдаад байсан шатдаг занарын уурхай худалдаж аваад үйлдвэрээ босгохоор ажиллаж байгаа. Эхний шатны (туршилтын) үйлдвэр 100 сая ам.долларын өртөгтэй. Уг үйлдвэрийн хүчин чадлыг нэмэн ашигтай ажиллахын тулд нэмэж 300 сая ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Дэд бүтэц жигдэрсэн газар, өмнө ашиглаж байгаад хаагдсан уурхай түшиглэн, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж буй энэ төсөлд нийт 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байхад манайх шиг газар ижил хүчин чадалтай үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө оруулалт харьцангуй их байх нь тодорхой. Иймэрхүү төсөл 1980-аад оны нефтийн үнийн хямрал шиг хямрал ахин нүүрэлвээс үр ашиггүй болж, тэр үед шатдаг занарын олон уурхайнууд хаагдаж байсантай адил занарын ирээдүй бүрхэг болох магадлалтай гэж шинжээчид анхааруулж байгаа.
            Украин Европын Холбоотой байгуулах маргаан, хурцадмал байдал дагуулсан гэрээний асуудал хэвлэл мэдээллээр дөнгөж тархаж байсан өнгөрсөн өвөл АНУ-ын одоогийн дэд ерөнхийлөгчийн хүү Украинд ажиллах боллоо гэсэн мэдээ яалтачгүй занарын хоёрдахь хувьсгалтай холбоотой. Хуульч мэргэжилтэй тэрээр Украинд үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн АНУ-ын занарын нэгэн компанид удирдах ажил эрхлэх болсон гэнэ. Оросын Холбооны Улсаас байгалийн хийн хэрэглээгээрээ бүрэн хараат Украин улс өөрийн шатдаг занарын нөөцийг аль болох хурдан эдийн засгийн эргэлтэнд оруулж, эрчим хүчний хараат байдлаас гарах эрмэлзлийн талаар саяхнаас бас олонтаа хэвлэлээр тарах болсон билээ. Ер нь Эстони, Украин төдийгүй занарын нөөцтэй гэх Европын орнууд бүгдээрээ занарыг өөрсдийн түлш эрчим хүчний салбарыг Оросын хараат байдлаас гаргах гарц хэмээн харж байгаа хэдий ч хөрөнгө оруулалтын эрсдэлээс гадна экологийн болзошгүй эрсдэл, ногоонтнуудын эсэргүүцэл зэрэг асуудлуудтай тулгарч байгаа нь нууц биш юм.
            Занарын олборлолт нүүрсний ил уурхайтай адил газрын хөрсөнд том сорви үлдээх тул нөхөн сэргээлтийн асуудал хаа ч хурцаар тавигдана. Мөн газар газрын шатдаг занарын чанар өөр хоорондоо их ялгаатай. Эстонийн занар элдэв хорт дагалдах бодис багатай байхад, Иорданых хүхэр ихтэй тул өөр нөхцөлтэй байх жишээтэй. Үүнээс улбаалаад үйлдвэрлэлийн технологи болон хөрөнгө оруулалтын хэмжээ өөрчлөгдөнө. Хууль дүрэм чанд сахих Эстончууд нөхөн сэргээлтийн асуудлыг цогцоор шийдэж байгаль дэлхийтэй зөв харилцаж байгаагаас бид үлгэр дууриал авмаар.
            Өнгөрсөн сард Улаанбаатар хотноо чуулсан гурван гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудын үеээр хөрөнгө оруулагчид экологид ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй дэвшилтэт технологи оруулж ирэн АНУ-д өрнөж буй занарын хувьсгалын үр өгөөжөөс Монголд нутагшуулах, хөрөнгө оруулалт хийх сонирхолоо илэрхийлцгээлээ. Манай улсын занарын сав газруудад уламжлалт газрын тосны цооногуудаар дамжин олборлож болох газрын тосны нөөцөөс 9 дахин их түлшний нөөц байж болзошгүй талаар судлаачид мэдэгдээд байгаа. Монгол улс ч занарын боломжит нөөцөөрөө дэлхийд дээгүүр эрэмблэгдэх болсон. Нефтийн үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын хөгжлийн “ шидэт түлхүүр ” нь шатдаг занар байж болох магадлал хэнд ч ил харагдаж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагчдад нэлээд эргэлзээ байгаа. Дээр дурьдсан эдийн засаг, зах зээлийн, технологийн болон экологийн эрсдлүүдээс гадна улс төрийн эрсдэлтэй тулгарах вий гэсэн болгоомжлол тод харагдаж байна. Өнөөг хүртэл Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн гадаадын компаниудын бэрхшээлүүдийг ахин туулах хүсэл мэдээжээр хэнд ч байхгүй нь ойлгомжтой. Нөгөө талаас бид, Монголчууд, өөрсдийн эрсдлүүдийг сайтар тооцоолох ёстой. Өнөөдөр занарын хайгуул хийж, нөөцийг тогтоох ажлыг эхлүүлж байгаагаар манай улсын байгалийн баялгийн арвин сан хөмрөгт занар удахгүй чухал байр эзлэх байх гэж найдаж байна. Үүний хажуугаар морьтон Монголчуудын талаар гадаадын жуулчин гийчин атаархах шахан:
“Монгол хүн хөлд орхоосоо өмнө морь унаж сурдаг” гэх (уг нь бид саяхан болтол үнэндээ ийм л байсан) үг эрхгүй санагдаж байна. Монголчууд мориндоо мордон хөгжил дэвшил өөд хүлгээ давиран хурдалхаас өмнө даяаршсан хорвоо дэлхийн хөлгүй их далайн, зах зээлийн эдийн засгийн салхи шуурганд сөхөрчихгүйн тулд эхлээд “хөлд орж” тэнтэр тунтар алхан, хаана тээглээд уначихвий гэж эмээж байхын оронд зоригтой хөл тавих хөрсөө бэлдэх ёстой мэт. Тэр сайхан, шимтэй хөрс бидэнд байна. Харин энэ янзаараа урагшилваас салхинд хийсээд үгүй болох нь.
            Уламжлалт бус түлшний салбарын өнөөгийн хөгжлийг шүүмжлэх өчүүхэн ч сэтгэл өвөрлөөгүй билээ. Бидэнд асар их боломжууд байна. Даяршлалын ачаар бидэнд мэдээлэл дутах зовлон алга. Занарын хоёрдахь хувьсгал амжилтаа бататгахын зэрэгцээ АНУ-ын экспортлох газрын тосны хэмжээ улам ихээр нэмэгдэх нь ойлгомжтой. АНУ-с экспортлох нүүрсний хэмжээ ч цаашид ихээр нэмэгдэх төлөвтэй. Харин дэлхий даяар нүүрсний үнэ 2012 оны зунаас хойш огцом унасан нь занарын хоёрдахь хувьсгалаас Монголын эдийн засагт үзүүлэх анхны мэдрэгдэхүйц дохио байсныг бид цаашид бодолцон урагшилмаар. “ДҮРЭЛЗЭХ ЧУЛУУ” улс орны маань хөгжлийн галд илч нэмэж, хөгжлийн маань хурдад түлхэц болоосой. 

No comments:

Post a Comment