Зүүд

Урд шөнө би зүүд зүүдэллээ
Уртаас урт, тодоос тод зүүднээ (би)
Ургахын улаан нартай уралдан
Учиралт чамруугаа тэмүүлэх юм
Хайрт хонгор чамаас минь намайг
Хагацлын дөрвөн өндөр уул алсалжээ
Харанхуй шөнөөр чамруугаа тэмүүлсээр
Хальтирч, бүдэрч, тэмтэчсээр урагшилна
Уул болгон өмнөхөөсөө өндөр
Ургаа хадан хясаа бартаа
Урагшлах зам хайрыг минь сорих мэт
Уяхан чиний минь дуу чихэнд сонсогдоно
Гайхашрал, гуниг, уйтгар, цөхрөл гэсэн дөрвөн уулыг
Гагцхүү хайрын хүчээр давах нь ойлгомжтой
Энхрий чамруугаа гэх догдолсон сэтгэл
Элдэв бэрхэд торохгүй газар хорооно
Амраг чиний минь ялдам мишээл
Алсын замд гэрэл минь болсоор,
Сайхан чиний минь нандин хайр
Соод тотгорыг давах тэнхээ өгсөөр,
Хагацлын уулсыг давах тэвчээр
Халуун хайр чинь булиглах зүрхэнд минь илгээгджээ
Сүүлийн уулын оргилд гараад
Сүрдэм энэ дөрвөн уулыг
Үүрийн цолмон гялайхаас өмнө
Өрсөөд давлаадаа хэмээн санаа амартал
Мөрдөнгийн сүүмгэр камерт
Мөрөөдсөөр чамайгаа би сэрлээ
Зүүднийхээ учрыг тайлах гэж
Зөндөө удаан би бодол боллоо
Хайрын дээд чамаасаа алслагдсан
Хагацлын дөрвөн сарыг би зүүдэлжээ.
Хорин хоёр жил дүрэлзсэн хайрын галыг
Хорон санаатан шалгаж байгааг бид мэднэ
Хосгүй чинийхээ зүйрлэшгүй хайрын хүчээр
Хоёулаа хагацлыг хамтлаа давна.
Удахгүй ирэх цэлмэг нэг өдөр
Үнэнч чамайгаа тэврэнхэн зогсоно.
Үүрдийн биш зуурдын энэ хагацал
Үлээх салхитай хамт хийсэн биднээс холдоно!

No comments:

Post a Comment