Би буруугүй

Хорьдугаар тогтоолоор далим хийж
Хотол олныхоо хураасныг хагаслахдаа
Хоёр халаасаа хэтэвчийнхээ хамт түнтийлгэсэн
Хомхой сэтгэлтэй түшмэдтэй нийлээгүй
Их бага хувьчлалын бусгаанаар
Эх орныхоо аж ахуй, үйлдвэр, аль өнгөтэй болгоныг
Эрээн цаасаар эрх мэдэлтний дэмтэй
Эрээгүй өөрийн болгосон бизнес биш,
Аль нэг банкнаас зээл аваад
Авсан зээлээ төлөхгүйн тулд хор хутган
Авааль банкаа дампууруулан
Адгийн аргаар хөлжөөгүй,
Боловсрол, соёл, сургууль цэцэрлэг
Бодит бүтээн байгуулалт, зам тээвэр, дэд бүтэц хөгжүүлэх нэрээр
Болсон болоогүй хамаг тендер сонгон шалгаруулалтыг
Будлиантуулан хумсалсан нэгэнтэй холбогдоогүй
Цээж баян дүр исгэж, чийчаан тэрэг сольж давхиагүй
Чимэг өнгөөр хөөцөлдөж, хүрээ хотоор сэлгүүцээгүй
Төрийн түшмэлд авилга өгөж ажлаа бүтээгээгүй
Түмний хөгжилд хөг нэмэе гэж мэрийсэн нэгэн
Буяныхаа уутыг буруу харуулан гөвөх мэт
Бусдад хамаг баялагаа тавиж туух нь хэмээн харуусахдаа
Багыг боловч Монголдоо үлдээе гэж мэрийсэн
Бардам монголын сэтгэл нь л буруу биш бол, би буруугүй!
Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг
Ардын маань цэцэн үгийг санаасай
Алийн болгон Монгол түмэн
Алтан дээр сандайлсан гуйлгачин хэвээр явах юм бол
Харьд очоод хадаг өргөн бадар бариагүй
Хамаг байгаагаа зарна гэж нэр баасдаагүй
Харин бидэнд баялаг бас хөгжих хүсэл байна гээд
Хамтран ашигтай урагшаа зорих болзол тавьсан би.
Буурал хааны онгон шүтээн
Бусдын нутагт босгоостой байхад
Бурхан Халдун хайрханы хормойд
Босгын давааны урд уг шүтээнийг
Босгох нь бидний ариун үүрэг
Хөх тэнгэр ивээлээ илгээж
Хөрст дэлхий таалан соёрхож
Хичээл зүтгэл дээр маань хүч хайрлаваас
Холгүй ирэх гэрэлт нэгэн өдөр
Хотол түмний маань зүглэх, зүтгэх газар сүндэрлэнэ гэдэгт итгэнэм
Оройн дээд богд Чингисийн
Онгон шүтээн эх нутагтаа боссон тэр цагт
Омог бардам Монгол түмэн
Орон улсаа цэгцлэн бадраана
Онгод баясаж биднийг таална                            

No comments:

Post a Comment