12-р сарын 31-ний бодол

Өглөө босоод цонхоор харахнаа
Үүлгүй, утаагүй, цэлмэг өдөр байна
Өрөөлийн эрхэнд цоожтой хэвээр
Өөрчлөгдсөн юм,  Ганцын шоронд ганц ч алга
Он солигдох гэж байна даа
Ор дэрний даавуугаа угаая
Цаг солигдох гэж байна даа
Цагаан хэрэглэлээ цэвэрлэе
Өрөөлийн эрхэнд гээд ямар
Өмхийрч хэвтэлтэй биш гэж бодсоор
Өнгөрч буй оны сүүлчийн өдрийг
Өндийнгүүтээ цэвэрлэгээгээр эхэлсэн
Өнгөрсөн жилийн яг өдийд
Өрнө Дорнын торгон хил дээр
Үзэсгэлэнт Истамбул хотын
Үй түмэн бужигнасан гудмаар
Эрх үрс, энхрий ханьдаа
Ирж буй шинэ оны бэлэг зэхэхээр
Энэ тэрийг сонжин, элдвийг эргэцүүлэн
Их хотын түүх, дурсгалыг бишрэн алхаж явсан билээ.
Алтан Эвэр, Босфорын хоолой
Ази, Европын зааг дээрх энэ домогт хот
Хоёр мянга гаруй жилийн түүхэндээ
Хоёр эзэнт гүрний нийслэл байжээ
Анх эртний Грекүүд энэ суурин дээр
Арилжаа наймаа эрхэлж явсан бол
Араас нь Дорнод Ромын эзэнт улсын
Агуу Константин хаан нийслэлээ болгон
Мянга гаруй жилийн турш өргөжин тэлж
Машид их хөгжин, хүчирхэгжсэн гэдэг.
Азийн гүнээс нүүдэллэн ирээд
Анатолийн хойгийг эзэгнэсэн Сельжук Туркууд
Дийлдэшгүй хүчирхэг Византийн нийслэл
Дэгжин тансаг Константинополь хотын
Эзэн суусан цагт,  сая сүр хүчийг олж
Эрх мэдэл нь улам өргөжин тэлж
Ази, Европыг холбосон энэ чухаг түшиц газрын
Алтан түлхүүрийг атган суух тул
Их цэрэг, ов мэх ашиглан, уулгалан довтолж
Эрхшээлдээ оруулж, нийслэлээ болгосон түүхтэй.
Үнэн алдарт загалмайтны шашны төв
Өрөөлийн дайралтанд эрхгүй сөхрөн
Ая Софиягийн үзэсгэлэнт сүм
Аллахыг шүтэх нүүдэлчин Туркуудын
Хөх мык болон төрхөө өөрчилж
Хөнөөлөөс аврагдан үлдсэн байх юм.
Үүнээс хойш бараг таван зуун жилийн турш
Үлгэрийн мэт үзэсгэлэнтэй энэ хот
Османы эзэнт улсын нийслэл
Олон бужигнасан Истамбулаараа алдаршжээ.
Алхам бүрт  түүхийн хөшөө, дурсгал таарах
Алдарт энэ хоттой сайтар танилцъя гэвэл
Арав хоног хөлөө эргэтэл алхаад ч үзэж
Амжихгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Хүүхэд байхаасаа хойш уншсан ном зохиолд олонтаа
Хөгшин Европыг лалын илдээр сүрдүүлж
Хүчирхэг Оросын цагаан хаадыг үе үе сандаргаж
Хөндлөн гулд Кавказ, Балкан, Ойрхи Дорнодыг, Египтын хамт эзэгнэсэн
Османы эзэнт улсын Султануудын
Орд харш, Топ Кани музейг үзэхэд
Хагас мянганы баялаг түүх өмнөөс минь
Хамаг сүр жавхлангаа бадруулан угтах мэт болсон.
Бахдам энэ түүхээрээ Туркчууд
Бахархан омогших нь зүйн хэрэг
Османы эзэнт гүрний буурийг нь, бодлогын хамтаар
Омог бардам сахих Турк улс.
Өрнөд Донодын зааг дээр орших
Өнөөдрийн Турк орон 80 гаруй сая хүн амтай
Асар хурдан хөгжиж буй энэ орон
Аж үйлдвэр, эдийн засгийн лут их хүч.
Эртний Туркийн өв соёл, хөшөө дурсгал хайвал
Энд харин байхгүйг хэн ч маргахгүй
Тоньюкук, Культиченийн гэрэлт хөшөө гээд
Том жижиг олон хөшөө дурсгал, бунхан шарил
Талын Монголын минь нутагт элбэг билээ.
Өвгөдийн маань нэгэн үе нүүдэллэж  яваад
Өрнөдийг зорьсон Түрэг аймгуудын үр хойч
Өнөөдөр Анатолийн хойгийн эзэд нь суужээ.
Дорнын Монголын би ийн явахдаа
            Дотроо нутгийнхаа хөгжлийг Турк орныхтой харьцуулна
Дээдсийн  үлдээсэн гал голомтыг
Дэгжээн хөгжөөх ариун үүрэгтэй бид
Далайд гарцгүй эдийн засаг маань одоогоор
Даанч хоёр их хөршийн харцаар байгаа тул
Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө
Эзэн Чингисийн баатрууд шийдвэрлэх тулаанд жагсах мэт
Эв санаа, эрч хүч юугаа нэгтгэн
Эгц зогсох үүрэгтэй бид!
Өвөг дээдэс маань ширүүн тэмцлийн дунд
Өнө тансаг, үлэмж баян нутгаа хадгалан
Өнөөгийн бидэнд үлдээсэн тул
Өрөөлөөс аврал эрэлгүй, өөрсдөө хичээцгээе!
Төр нь төр шиг байваас
Түмэн олон нь эрслэн зүтгэвээс
Хот улс хүртэл хөгжин цэцэглээд
Хорвоод шагшигдаж байгааг бид харж байна.
Улаанбаатараас маань газар нутаг нь бага
Ундны усаа хүртэл Малайзаас зөөдөг
Эрдэс баялаг гэж үнэр ч үгүй Сингапур
Эдийн засгийн хүчирхэг цайз улс болжээ.
Арлын Сингапурын хөгжлийн зам
Аз завшаан огт бус, харин ч
Чадварлаг удирдлагын дор ард түмэн нь эв эеэ хичээн
Чанд сахилга баттай  хамтаараа зүтгэсний ач.
Яг л манай Монгол улс шиг умард,  өмнөдөөс нь
Ямар ч үнээр хамаагүй энэ шинэ тулгар улсыг
Өвдөг дээр нь сөхрүүлэн буулгаж авахаар
Өмнөдөөс нь Индонез, умардаас нь Малайз заналхийлсээр ирсэн
Өчүүхэн/бяцхан/ арал улсынхан эдгээр бэрхшээлийн өмнө сөхрөлгүй
Өрөөлөөс аврал хайж, бадар бариагүй
Өөр хоорондоо эвдрэлцэж, түнжин хагараагүй, зөвхөн
Өмнөхөөсөө илүү их мэрийж, их үйлсийн төлөө зүтгэцгээсэн.
Хаданд хальтирдаггүй баатар
Харвасан суманд оногддоггүй ажилч шоргоолж лугаа
Хат сайтай Сингапурчууд гуравдагч ертөнцөөс
Харвасан сум шиг хөгжилт ертөнцөд хөл тавьсан
Нэгэн жарны дотор Өрнөдийн цэргийн бааз хотоос
Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн улс болсон.
Арслан сүлдтэй Сингапур улс
Араасаа, өврөөсөө түгшээж ирсэн
Айхтар хөршүүдийнхээ сүүдрээс аль хэдийн гараад
Азид төдийгүй, дэлхийд данстай тоглогч болсон.
Нүүдэлчин байхаараа хөгжих тавилангүй мэт
Нүгэлтэй юм ярих нь мэр сэр сонсогдох юм
Нүүдэлчин өвөг дээдэстэй хөгжиж буй улс гэвэл
Нэг бус тул хол хайх огт хэрэггүй
Хил залгаа шахам Казахстанаас эхлээд
Хий, чулуун тосоор баян Арабын ханлигууд гээд
Өрнөд хүртэл нүүдэллэсэн Турк мэт
Өргөжин хөгжиж буй улс орон бишгүй олон.Дэээрээс нь
Байгалийн баялаг ганц манайд байгаа мэт
Бардамнан цамнаад огт хэрэггүй
Балар эрт цагаас газрын хэвлийд байсан юм
Бас ахиад мянган жил газартаа байхыг хэн мэдэхэв.
Өлөн хоосон бол ходоодоороо сэтгэнэ, баялагтаа хүрэх гэхдээ
Өмч хөрөнгөтэй бол арай өөрөөр хөдлөнө
Өөр хоорондоо арсалдан уралцалгүй
Өрөөлийн өгөөш бололгүй, нутгаа хөгжүүлэхсэн!
Буурлын буяныг бидний Монголчууд
Буруу замаар гэлдрээд гөвчихгүй байх юмсан!
Бушуу түргэн эе эвээ хичээгээд
Бусдын хөгжлөөс хоцролгүй алхахсан!
Хоёр мянга арван гурван оны сүүлчийн үдэш
Хорионд суугаа би, Ганцын шоронд
Гадагшаа цонхоор тэнгэрийн хаяа ширтэн
Ганцаараа суухдаа бодлоо ийнхүү хэлхэв.

2 comments:

  1. yostoi goy boljee.

    ReplyDelete
  2. ingej tamlan zovooj baigaad uneheer haramsaj baina!Ajil uils n amjilttai baih boltugai!

    ReplyDelete