Монгол Монголоороо үлдэнэ

Хорьдугаар зууны хоёрдугаар хагаст
Хотол түмний эгэл нэгэн айлд төрсөн би,
Буурлын буянаар эрдэмд шамдахдаа
Буман үеийн түүхэндээ бишрэн шүтсэн нэгэн би,
Орчлон дэлхий даяарчлалаар амьсгалж
Орон улс минь ардчилалаар лугшин
Хүүхэд хөгшид нь хүртэл улс төрөөр өвчилсөн
Хүнд, эгзэгтэй энэхүү цагт
Монгол минь Монголоороо үлдээсэй!
Морьтойгоо, дуутайгаа, наадамтайгаа! гэж хүсэмжлэхдээ
Өнгөрсөн цагийн түүхийн хуудаснаас
Өнөөгийн болон ирээдүйн эрхэм залуусд
Хүргэе гэж мэрийсэн минь энэ!
Хүүрнэн нуршихыг минь болгооно уу!
Азийн цээжнээ тааваараа амьдрах
Асар олон нүүдэлчин овог аймгуудын 
Анхны төр улсыг цэгцлэн босгосон
Агуу их Модун Шаньюугаас эхлэлтэй Монгол!
Хөгшин Европ нярай байхад
Хүчирхэг Ромын догшин легионуудыг
Хүннүгийн хаан Атилла өмнөө сөхрүүлэн
Хөх Монголын нэрийг түүхэнд үлдээсэн.
Дээд тэнгэрээс заяатай эзэн Чингис
Дэлхийг донсолгохдоо Монголоо түшсэн!
Есөн өрлөг жанжин нь
Ертөнцийг дайлан, эзэндээ мөргүүлсэн Монгол!
Тэр цагт төр нь хүчтэй, цэгцтэй
Түмэн олон нь тэнхээтэй, тамиртай
Их цааз хуулиа ягштал мөрдсөн
Эзэн Чингистээ сүсэглэн мөргөсөн Монгол!
Алтан ураг төрийг засан
Агуу гүрэн нь хүчирхэг байх цагаар
Төвдийн Далай ламын сэнтийд
Түмэдийн Алтан хааны гуч заларч байсан Монгол!
Таван түмэн цэрэгтэйдээ
Таахалзан омогшсон Мин улсын (Ин Зун) хааныг
Эрэлхэг зоригтой уул талын баатрууд
Эсэн Тайшийнхаа өмнө сөгдүүлсэн Монгол!
Монгол хатны торгон ухаанаар
Мулгуй ноёдын тэрсэлдээнийг хазаарлан
Төр түмнээ нэгтгэж чадсан
Төгөлөдр төрсөн Мандухай сэцэн хатантай Монгол!
Тархай бутархай үедээ
Тамирдаж, сульдаж, доройтоод
Арааны шүлсээ асгаруулан шуналтсан
Атаатны хараанд орсон үеэр
Агсам зантай Өөлд зайсан
Алтан ганжиртай дуганы оройг хараад
Таринийн уулан дахь хийдийг түйвээж
Тамиргүй хэдэн хуваргыг хөгнөн хороосноор
Омог бардам халх түмэн зэвүүцэж
Олноороо босон тэмцэлдсэн хэдий ч
Гунан буу, хүний олны хүчээр
Гурван түмэн ойрад цэрэг хөдөлснөөр
Ойрад халх хоорондоо тулалдаж
Олон түмэн сарнин үймэж
Түшээт хан Чахундорж Манжид хадаг барьж
Түмний шүтээн Өндөр Гэгээн Дайчин улсад барьцаалагдаж
Монгол улс минь харьд захирагдан
Мөхлийн ирмэгт ирсэн цөвүүн цагаар 
Төрийн минь сүлд гандан гудайж
Түмэн олон гутран зовсон 240 жилийн гашуун түүхтэй Монгол!
Олноо өргөгдсөн цагаагчин гахай жил
Оволзон боссон Монгол түмэн
Төр шашнаа Богдод мэдүүлэн
Тугаар тогтнолоо эргэн олсон юм
Хүчгүй нь хүчтэйнхээ өмнө буруутан
Хөөрхий Монголын минь тусгаар тогтнолыг
Урд хойд хөршүүд Наран улстай хоршин
Урьд дуулаагүй автономитоор солихдоо
Тулгар төрийг маань боомилон унагаж
Түүх шашдирыг минь уландаа гишгэхээр заналхийлсэн
Цөвүүн цагт журмын нөхөд
Цөөхүүлээ ч Монголоо гэсээр
Ардын хувьсгалыг Монголдоо авчирч
Ахуй төрөө аварсан түүхтэй Монгол!
Хувьсгалаар овоглосон хөх Монгол
Хөгжсөн, соёлжсон, боловсрон тэнхэрсэн!
Нэгдсэн үндэсний байгууллагын
Нэр бүхий гишүүн нь болсон Монгол.
Ардчилал салхилсан цагаан морин жил
Ард түмэн шинэчлэлтэй золгосон
Хөгжингүй ертөнцтэй хөл хийлэх боломж
Хөөрхий бидэнд анх нээгдсэн ч
Зах зээл, хувьчлал, картын бараа
Жагсаал цуглаан, чөлөөт хэвлэл
Олон нам, олигархи Монгол
Олон түмэнд юуг гийгүүлэв?
Манантай будантай хэдэн жил
Маньд юу авчирав хэмээн
Эгэл олон гайхширан эгдүүцэж
Эх нутгаа хэмээн сэтгэл зовнихдоо
Ноёдын хэрүүл маньд хамаагүй
Нохдын хэрүүл хүнд хэрэггүй гэдгийг бодон
Төрийн минь сүлд өршөөх байлгүй хэмээн сүсэглэж
Түмэн олон харанхуйд төөрсөөр.
Хоосон амлалт, хошгироон дуунд
Хоёрдохоо хууртаж будлихдаа
Өмнөх бүүдгэр цагийг
Өнөөгийн ана мана, ач тач тэмцлээр солив
Ардчилалыг урвуулагчид атаат дайсантай тулж буй мэтээр
Араатны араншин гарган улайрахдаа
Авлигын хэргээр аль өөдтэйг нь
Аавынд “нууж” түмнээ цочроосон зэвүүн цагаар
Эрдэмгүй бардмууд төрд шургалан
Эрх ямба, эд баялгийн төлөө
Эгнээн дэх нөхөдтэйгээ хүртэл
Эрэгчин эмэгчнээ үзэлцэн уралцаж
Дээшээ бялдуучлан долигнож
Дэргэдэхээ матан гүжирдэж
Доошоо нулиман доромжилж
Додигор боловч өрөвдөлтэйгөөр бэдрэхдээ
Үнэнийг чадахаараа гуйвуулж
Үнэтийг байдгаараа хумсалж
Бузрыг түгээн гэлдрэхдээ
Бие биенээ онгироон хөөрөгдөнө.
Эртний Ром “гладиаторуудын үхэл”-ээр иргэдээ хуурдаг байсан
Энэ цагийн Монгол түшмэд найр наадмаар түмнээ хуурах юм
Тулгарсан бэрхшээлээс бултаж, туулах замыг замхруулах юм
Тун ч овжноор төөрүүлэн аргацаах юм.
Энэ аймшигтай дүр зурагтай эвлэрвээс
Эртний гашуун түүхийг давтах вий хэмээн
Иргэн бүр санаа зовнин
Итгэл даах эх орончидоо хүрээлэн авбаас
Сохрын газар сохор, доголонгийн газар доголон явж чадахгүй Монгол!
Соёл, хөгжил дэвшил рүү тэмүүлэх Монгол!
Хөөтэй, хөмөрсөн тогоон дор амьдарч чадахгүй Монгол!
Хөгзтэй идээ, хортой сархдад хууртахгүй Монгол!
Тэнгэрлэг Монголын оюунлаг түмэн
Тэвчээртэй хэдий ч дээрхитэй эвлэрэхгүй!
Тортогтой улс төрөөс ангижрах нь дамжиггүй!
Тулгар улсаа цэгцлэн дэвжээх нь мадаггүй!
Эх орноо гэсэн түмний зүрх мохохгүй!
Элгэн саднаа гэсэн бидний сэтгэл шантрахгүй!
Их үйлс, хөгжил дэвшлийг бид залахгүй бол
Ирээдүй хойч бидэнд харамсан гутарна.
Өнгөрсөн түүхээсээ сайныг нь өвлөн
Өсөх ирээдүйг тосон угтацгаая!
Өвөг дээдсийн ясыг өндөлзүүлэлгүй
Өөр хоорондоо эвтэй амьдарцгаая!
Морьтон Монголын арвин түүх
Мохоогүй, мөхөөгүй!
Москва, Бээжинд засварлагдсан ч
Монголын түүх монголынхоороо үлдсэн юм, үлдэх ч юм.
Хурдан хүлэг нь босоогоороо хорвоод ирдэг
Хүчит баатрууд нь босоогоороо хорвоогоос хальдаг
Хүний биш, бидний Монгол
Хөх тэнгэрийн Монголоороо л үлдэнэ!

No comments:

Post a Comment