Аспендосын дурсамж

Одоогоос яг нэг жилийн өмнө
Оройгүй, огторгуй дээвэртэй
Аспендосын амфитеатрт
Амраг хайрттайгаа тухлан
Эртний Ромын соёлыг гайхан
Энэ тэрийг хүүрнэн суухад
Арван хоёр сарын сүүл хэдий ч
Анатолийн хойгын дулаахан өдөр
Газрын дундад тэнгисийн бүлээн салхи
Гадаа суугаа биднийг илбэнэ.
Аяллын хөтөч маань түүх хуучилна
Алсаас яваа бид анхааралтай сонсоно
Хоёр мянга гаруй жилийн тэртээгээс энэ газар
Хосгүй түүхийн зангилаа уулзвар байжээ.
Дэнхгэр хүү минь Ромын илд далайгаад
Дэгжин баатрын дүрд хувилахад
Хажууд нь зогссон “легионер” жүжигчин
Харуулдаж унатлаа айж, биднийг хөгжөөв
Энхрийхэн охин минь бодлогоширсон янзтай
Ээжийгээ налаад нэгийг шулагнана
Аавын хүү амьтанд элэгтэй нэгэн
Аль газраас олчихов, муурын зулзага өхөөрдөнө.
Дотнын андууд гэр бүлээрээ
Доошоо дээшээ алхаж зураг авна
Ханиа хөтлөөд би шатаар өгсөөд
Харуул сайтай газраас алсыг ширтлээ.
Дорно зүгт зурайх замаар эрт цагт
Домогт Македоны Александр хаан өнгөрсөн гэнэ
Дайн тулаан тасраагүй энэ замаар
Дайчин Юли Цезарь ч мөн довтолгон гарсан гэнэ
Загалмайтны олон аян дайны хөлөөс
Зайлж чадалгүй энэ газар нэрвэгдсэн гэнэ
Долоон зууны тэртээд харин
Догшин Монголчууд шуураад гарахдаа
Эзэн Тэнгэрийн зарлиг өвөртлөн ирээд
Ил хаадын эзэмшилд оруулсан гэнэ
Хожим нь Сельжук Туркууд
Холоос ирээд суурьшсан юм байна
Аспендосын амфитеатрын чулуу бүр
Амьтай байсан бол эдгээр түүхийг хүүрнэх л байсан.
Агуу түүхийн эрчлээнд энэ театрт
Анх ший жүжиг тоглосон ч, он цаг улирахад,
Османы эзэнт улсын цэргийн хуаран,
Олзны хоригдол цээрлүүлэх гяндан шорон,
Торгон замын буудал, караван сарай,
Том биш ч, түм түжигнэсэн зах наймааны газар гээд
Цагийн аясаар уг театрын тайз солигдож
Цагийг эзэлсэн дурсгал болон мөнхөрчээ.
Аянчин гийчдийн бахархал шингэсэн
Аялгуу дуунд магтагдсан хөшөө болон сүндэрлэжээ.
Гол модны Хүннүгийн булшнаас
Ганган шилэн аяга олдсон нь
Холын Ромыг Тэнгэрийн оронтой
Холбоотой байсны гэрч бус уу?
Шилэн эдлэл хорин хэдэн зууны тэртээд
Шижир алтнаас ч үнэтэй байсан гэлцдэг
Хосгүй энэ Ромын олдвор хэлтэйсэн бол
Ховорхон түүхийг бас хуучлах байсандаа.
Харанхуй бүдүүлэг, харгис догшноороо
Харийн түүхэнд тэмдэглэгдсэн Хүннү гүрэнд
Бурхан Будда ирж адистэд хүртээн
Буяны сургаалаа айлдаж явсныг нь
Буурал эрдэмтний ярианаас мэдээд
Булиглах зүрх минь омогшин бахархав.
Атаархал, хорсол, айдас, бишрэлдээ хөтлөгдөн
Алсаас ирэх сүрлэг баатруудын түүхийг тэрлэхдээ
Тэнгэрийн орон Ли Юлийн зоригт эрс гэдгийг
Тэр цагийн нангиад бичгийн хүн хэргээр умартсан мэт.
Өнөөдөр бид эртний нангиад сударт
Өвөг дээдэс Модун шаньюйг
Тэнгэрийн хөвгүүн буюу  CHЕNGLI LI – KUT U хэмээн
Тэмдэглэж үлдээснийг олж мэдлээ.
Дундад улсын хаад хаанаас , хэнээс
Дууриан “Тэнгэрийн хүү”  цолыг “зээлсэн” нь илт.
Дуу хууранд мөнхрөөгүй ч, Модун Шаньюй
Дурсгал хөшөө нь үлдээгүй ч, Тэнгэрийн хүү!
Дуурсах алдар цуу нь бидэнд ирсэн
Дур булаам сайхан нутаг нь бидний өлгий!
Одоогоос яг нэг жилийн өмнө
Огторгуй дээвэртэй, оройгүй театрт
Харь газар хүний нутагт ч
Ханиа тэврээд, хүүхдүүдээ эрхлүүлээд
Ардаа санаа зовох зүйлгүй
Айх аюулгүй, арсалдах өстөнгүй
Алсыг ширтэн зогссон тэр өдрийн
Агшин бүр нь үнэт дурсамж!
Ганц худгийн хүйтэн үдшийг
Гайхалтай дулаацуулсан гэрэлт дурсамж!

No comments:

Post a Comment