Шүтлэг, бишрэлийн талаар нэгэн дурсамж

Идэр залуухан, хорин нэгэн настай
Ихийг уншиж, эрдмийг өвөрлөх хүсэлтэй би бээр
Олон улсын зочид гийчинд, ерэн нэгэн оны намар
Оюутан үедээ орчуулга хийж, дадлагажиж явахдаа
Алс холын Америк улсын Юта мужийн
Анчин гэр бүлийн хоёрт хөтөч хийсэн юм
Ихэмсэг, боловсон, соёлтой
Эелдэг найрсаг гэж зочид маань жигтэйхэн
Англи хэл сурч буй надад үүнээс илүү
Аз завшаан гэж хаана байхав
Долоо хоног хот, хөдөөгөөр газарчилж явахдаа
Дорнын Монголын түүх, соёл, зан заншлаас чадлаараа таниулсан
Гийчдийн маань аялах хоног хугацаа дуусаад
Гэрийн зүг буцах болоход нь би
Ахин уулзахын ерөөл тавиад
Алсын замд нь үдэж билээ.
Ирэх жил нь манай хоёр зочин
Эргээд Монголд минь ирэхэд би баяртай золгосон
Сургууль, цэцэрлэгээр чөлөөт цагаараа орж тэр хоёр
Сурах бичиг, ном зэргийг ихээр бэлэглэсэн
Удаах жилийн намар холын найзуудаа
Угтан авахдаа би мөн л баяртай
Ардчилал, өөрчлөн байгуулалт, зах зээл гээд
Айхтар юм юм хомс цагаар
Холын хол, тэртээх Америкаас
Хоёр найз маань ирэх болгондоо сургуулийн хүүхдүүдэд
Англи хэлний сурах бичиг, ном дэвтэр, тоглоом ихээр
Авчран бэлэглэх юм, буянтай улс вэ гэж дотроо бодно
Тэр жил манай хоёр намайг нутгийнхаа
Тэтгэвэрт гарсан мөртлөө,  Монголын
Боловсролын яаманд зөвлөх хийж буй гэх
Буурал Америк өвгөнтэй танилцуулсан юм.
Төдөлгүй зочид маань нутаг буцав
Түүний араас удалгүй өвгөн зөвлөх надтай холбогдоод
Уулзаж ярих чухал ажил байна гээд
Уриалгахан үдийн хоолонд урив
Залуу би маргааш нь давхиад очвол
Зангиа болсон албархуу эр хамт байх юм
Энэ тэрийг баахан ярилцангаа зоог бариад
Эелдэгхэн эргээд уулзъя гээд салцгаалаа
Маргааш өдөр нь Баянгол зочид буудалд
Мань зөвлөх өвгөн дуудахаар нь очлоо
Өөрийн чинь  “Англи хэл”  сайн тул гээд нөгөө хоёр
“Өндөр цалинтай , чухал орчуулга”   санал болгоё гэв

Залуу би учрыг сайн ухааралгүй
За, чадах юм бол оролдоод үзье гэлээ
Юу орчуулах юм бол хэмээн асуутал
“Ертөнцийн эзний сургаал”-ыг хэмээн өчлөө
Ариун Библийн сургаалыг орчуулах
Ач тустай, чухал ажил хэмээн хоёр эр
Ам уралдан ярихыг нь сонсоод би
Агшин зуур, алмайран бодлогошров
Атеизм гэж далан жил номлосон
Атаршсан оюун санааны онгон хөрсөнд
Харийн шашны сургаалыг аль болох хурдан
Хашир ноёд суулгахыг завдах мэт...
Буурал Дэдээгийн минь шүтээн
Бурханы ном судар, Өндөр Гэгээний суугаа баримал зэрэг
Тэрхэн зуур нүдэнд минь харагдаад
Тэр орчуулгыг хийхгүй гэж шийдсэн юм би!
Ажилд ороод удаагүй тул зав муутай
Амжихгүй нь, эрхэмүүд уучлаарай гээд гарахад
Англи хэл надад Их сургуульд заасан багш
Араас минь зөрөөд тэр хоёртой уулзахаар орсон.
Инээсэн болгон нөхөр мөн үү
Итгэл үнэмшил, сүсэг бишрэл рүү маань өнгөлзсөн
Харийн ноёдод үгүй гээд би гарсан хэдий ч
Халаасанд тоолох хэдээс болоод тэр ном хурдан орчуулагдсан байсан
Ерээд оны эхэн тэр үеэр
Элдвийн шашин номынхон Монголыг минь зорьсон
Бурхан багшийн сургаал, айлдвар
Бусад хэлээр элбэг ч Монгол хэл дээр байгаагүй цаг
Идэр залуухан, хорин гурван настай ч
Эх орныхоо түүхээр омогшин бахархдаг нэгэн би
Буурал өвгөдийн минь ариун нутагт
Бусдын шашинд зай байхгүй гэж бодсон
Захиргаадалтын хүлээнээс дөнгөж сулраад
Замаа олох гэж тэвдэж байсан тэр цагт
Захгүй далайн чанадаас ирсэн эрхэмүүд
Зан үйл, итгэл үнэмшил рүү маань санаархаж байсан нь тэр
Тэр өдрөөс хойш би Ютагийн найзуудтайгаа
Тэгтлээ дотно харилцаж төвдөөгүй, холбоо тасарсан
Олон жилийн дараа Америкт үзэсгэлэн дээр таарахад
Огт сураггүй болсон гэж гомдонгуй тэд дуугарсан.
Өнөө би шоронгийн камерт холхино
Өрөөний маань залуу Ариун Библийн сургаал уншина
Хорин жилийн тэртээх дурсамж эргэн санагдаад
Хойч ирээдүйнхэнд хэрэг болж мэднэ хэмээн бодлоо хэлхэв.
Аливаа шашин шүтэх эсэх нь Монголын
Ард түмэнд үндсэн хуулиар олгогдсон эрх
Самуурч хоорондоо уралцах дуртай энэ цагт
Шашин шүтлэгээс болоод бие биенээ хэмлэхгүй байхсан!
Даяарчилсан энэ хорвоод өнөөдөр ч
Дайн дажин шашнаас болох нь мундахгүй их
Тайван Европын тосгонд, шүтлэг өөрөөс болж
Талцаад, алалцсан түүх,  саяхныхыг бодмоор
Ойрх  Дорнод тэр чигээрээ өнөөг хүртэл
Оволзсон цуст тэмцлийн голомт
Өөр шашинтнууд хоорондоо дайтна уу гэвэл үгүй
Өнөө л улаан, шар малгайтнуудын тэмцэлтэй агаар нэг
Найман зууны тэртээ эзэн богд Чингис
Наран ургахаас, шингэхүй хүртэлх эзэнт улсдаа
Наян үндэстэн, зуун ястанг эв эедүүлэн
Нартад анх шүтлэг бишрэлийг хүлээсийг таягдсанг  САНА!

1 comment:

  1. Iim saihan eh oronch setgeltei,erdem nomtoi zaluusaa bariad hamag hiih,buteeh tsagyg n aldaj,eh ornoo gesen ene saihan zaluugyn eruul mendeer toglohoo bolioch!!!!

    ReplyDelete