Тэнгэрийн цэцэг Вансэмбэрүү

Эртний ном судар шагайж суухдаа
Эгэл бус тэнгэрийн цэцгийн домог олж уншаад
Хосгүй тэр үзэсгэлэнт цэцгийг
Холоос боловч ганц харахсан гэсэн мөрөөдөлтэй
Алтай Хангай өндөр хяраар
Алдарт тэр цэцгийг бодон бодон
Хорь гаруй жил хэрэхдээ
Хонгорхон тэр цэцгийг ганц удаа харж билээ.
Хөх цэнхэр тэнгэрийн доохнуур
Хөвч ногоон моддын дээхнүүр
Хөхрөн сүндэрлэх уулсын тагтанд
Хөрст дэлхий дэх тэнгэрийн цэцэг ургана
Алтайн уулын нандин чимэг
Алтан дэлхийд ховорхон эрдэнэ
Хангайн уулсын хээнцэр гоёо
Халх түмний вансэмбэрүү цэцэг
Хад асган дунд амьтны нүднээс
Харамлаж тэнгэр, цэцгээ нуудаг ч
Харалган нэгний ч нүд баясам үзэсгэлэнг
Харамгүй тэнгэр, вансэмбэрүүд заяажээ
Хагд өвс ч ургамгүй нүцгэн хаднаа
Хагас метр өндөр ургасан вансэмбэрүү
Торгомсог шаргал дэлбээгээ гялбуулан
Тоост хорвоод өнгө нэмэн чимэх юм
Ургамал мод ургах тэнхээгүй
Уулын сэрвээг бараадан ургахдаа
Хосоороо мэндлэх вансэмбэрүү цэцэг
Хорвоод ховорхон ирдгээрээ алдартай
Тэнгэр,  хорвоод хосгүй цэцгээ илгээхдээ
Тэнэгэр нутгийн минь уулсыг сонгосон билээ
Аргагүй авах хэрэгтэй нэг нь, хөх тэнгэрийг
Аргадан мөргөж байж авдаг заншилтай
Эрдэнийн энэ тансаг цэцгийг
Эрт цагаас эдүүгээ хүртэл хүн
Эгэлгүй шидтэйг нь таниад, эрж хайсаар олж аваад
Эм тан хийж, аврал түгээж ирсэн гэдэг.
Хонгор хайртаасаа алслагдан суухдаа
Хосгүй чамайгаа вансэмбэрүүтэй зүйрлэн сууна
Нэгийг нь хүмүүн таслаад явахаар
Нэхэл болон араас нь гуньсаар удалгүй
Хөөрхий вансэмбэрүү гундан мөхдөгийг
Хөгшид буурлуудаас сонссоноо санана
Амраг чамаасаа алслагдан хол
Аргагүй хүчин мөхөс 100 хоноход
Ижлээ алдсан вансэмбэрүү мэт чи минь
Эрхгүй гуниглан, ганцаар суугаа, Гэхдээ:
Харьд цөлөгдөөгүй ээ!, хагацаагүй ээ! бид хоёр
Хайрын илчээр сэтгэлээ дэвтээн хүлээнэ
Үндсээ тасдуулаагүй ээ! бид хоёр
Үнэн хайраараа  хоёул, хагацлыг давна          

1 comment:

  1. Mudhun ta 2 unench hairynhaa id hucheer uulzan jargah udur tun udahgui ee!

    ReplyDelete