Цагаан уул цэцэг

Харийн тэртээх Альпийн нуруунд
Хад асганд ховорхон ургах цагаан уул цэцэг
Хайр сэтгэлийн билэг тэмдэг тул
Хайраа илчлэхийг зорьсон залуу эрс
Ханан хад өөд мацдаг гэдэг.
Мөнхийн цагаан нэртэй энэ цэцгийг
Мөрөөдлийн бүсгүйдээ авчирсан тэр эр
Мөхөлтэй тэмцэн хайраа батлахаар
Мөлхөж мацаж, ядарч цуцаж байж олоод
Мөнхийн хайрын билэгдэл минь энэ гэж барьдаг.
Халхын сайхан Хангайд нь тэгвэл
Хаа сайгүй хааш яаш дэвссэн эрээн хивс мэт
Халиуран ургах цагаан уул цэцгийг
Хариас ирсэн зочид жуулчид
Харах болгондоо баясан шагширна.
Үзэхэд даруухан энэ цэцэг
Үлэмжийн хайрын билэгдэл байдаг тул
Үнэнч сэтгэлийн минь элч энэ гээд
Үзэсгэлэнт чамдаа илгээхийг
Үүрээр сэрсэн би хүсэх юм.
Ялгуун цагаан энэ цэцэг
Янаг амрагийн билэгдэл тул
Яалтчгүй алслагдсан хайрт чамдаа
Яг одоо илгээмээр байна
Яаж ийгээд явуулах юмсан.
Төрөлх нутагт минь ийм элбэг цэцгийг
Төрсөн хүү нь амрагтаа явуулмаар байвч
Төмөр хаалганы цаана мөрдөнгийн камераас
Төгөлдөр чамдаа хүргэх ганцхан зам нь
Төмөр зам ч биш, хурдан зам ч биш
Төөрсөн миний шүлгээр л юм даа.

No comments:

Post a Comment