Эргэн санахад

Таван жилийн өмнө 7 сарын 1 нд
Тайван амгаалн Монгол самуунд автаж билээ
Талбай дээр эхэлсэн нэгэн жагсаалын маргааш
Танк гудамж талбайд үзэгдэж, онц байдал зарлагдаж билээ
Их жанжны талбай дээр цугларсан олонд
Энэ Монгол улсын коммунистуудыг бүгдийг нь
Эр эмгүй устгая гэсэн уриа хашгиран зогссон
Эрхэм соёлын гавъяат олноо турхирч байгаагаа
Огт анзаараагүй юм болов уу?
Осол аюул болно гэдгийг ойшоогоогүй гэхэд
Ойлгож үл болно, одоо бодсон ч ойлгож үл болно
Он жил улирсан ч ойлгохгүй биз…
Энэхүү зургийг би тэр өдөр
“Eagle” телевизээр харан зогсохдоо
Нүд чих хоёртоо итгэхгүй алмайрч
Нүүгэлтсэн түгшүүрт сэтгэл минь автсан юм.
Элбэг олон андтай гавъяат маань
Энэ үгийг элэг зүрхнээсээ бус, харин
Дэврүүн сэтгэлийн хөдөлгөөнөөр
Дэгсдүүлээд хэлсэн байх гэж найднам.
Улаанбаатарын маань төвд сүндэрлэх
Уран хийцтэй цагаан харш галт өртөн
Утаа нь бидний сэтгэлийг харлуулан
Урьд үзээгүй айдсын хөнжлөөр хучсан юм.
Ардчилал анх эхэлсэн цагаан морин жил
Ардчилал бол эрх чөлөө, хөгжил дэвшил
Захиргаадалт, зогсонги байдлыг таягдан хаяцгаая
Замбуутивийн хөгжилтэй хөл нийлцгээе гэснээр
Олны дэмжлэлгийг харамгүй хүртэж
Орос цэргүүд нутаг буцлаа
Одоо ингээд эрх чөлөөтэй боллоо хэмээн
Орон даяараа шинэчлэлийг угтсан саяхан мэт.
Хорин гурван жилийн тэртээхийг
Хоёр хоногийн өмнөх мэт тод санаж байна
Хоосон Монгол бар улс Монгол болно
Хорвоо дэлхийн хөгжлийг гүйцнэ гэсэн
Итгэл өвөрлөсөн ард түмэн сэтгэл дүүрэн
Ирээдүй өөд зүтгэл шулуун хөдөлсөн.
Их бага хувьчлал, хорьдугаар тогтоол
Элдэв дээдийг өнөөг хүртэл үзлээ
Ардчилалын салхи анх ирэхдээ
Арын хаалга, 10 дугаар дэлгүүр, алаг үзэл
Захиргаадалт, хүнд суртал, улаан номер мэтийг
Захаас нь аваад арилгана гэж үлээсэнг санана.
Өнөөдөр бид харамсалтай нь
Өнөөх л арын хаалга, алаг үзэл
Хүнд суртал, итгэлийн хямрал дунд
Хөөрхийлэлтэй дүр зурагтай хэвээр.
Ардчилалын ололт амжилт асар их
Ард түмэн үүнийг бүгдийг мэднэ
Ардчилал харин савнаасаа халихаар
Анархизмтай хөл нэгтэй болдгийг
Таван жилийн өмнөх дурсамж
Таагүй боловч тодоор харуулсан
Талцаж өөр хоорондоо тэмцсээр
Тартагтаа тулах вий дээ, хөөрхий  МОНГОЛ…

No comments:

Post a Comment