Монгол хүн Монгол хүнээ хайрладаг уу?

Даяршсан хавтгай хорвоод
Долоон тэрбум хүн амьдрахаар тэмцэнэ
Гурван сая хүрэхгүй бидний Монголчууд дунд нь
Гутамшигтайгаар хоорондоо уралцах юм
            Өлсөж зовох, өлөн зэлмэн байхыг
Үнэндээ үзээгүй Монголчууд
Өгөөмөр нутгийнхаа буяныг
Үеийн үедээ хүртэж яваа түмэн
Тэнгэр заяатай өвгөдийнхөө
Тэмцэж үлдээсэн нутгийн хишгийг
Халхын буян “дундаршгүй,  арвин “ гээд
Хайрлахгүй үрвээс дэндүү харамсмаар
            Саахалт айлын санаа нэг гэдэг үг
            Салхинд туугдаад алга болоо юу?
            Айл улсын амь нэг гэдэг нь ч
            Ардчилалын шуурганд арилаад өгөө юү?
Монгол хүн Монголоо хайрлах нь байтугай
Муулж, харааж, адлах нь элбэг болж
Монгол өв соёл, хэл, түүхээ гадуурхаж
Моод, брэнд, хөнгөн амьдрал хөөх нь олширч
            Хулчгар гэж дуудуулж үзээгүй Монгол
            Худалч гэдгээрээ өнөө “алдарших “  нь байна
Хотод амьдрал байна гэсэн “нүүдлийн”   бусгаанд
Хосгүй ёс заншлаа гээж байна
Эелдэг зан гаргавал эргүү тэнэг болчихно
Ихэмсэг дээрэнгүй байж л эр чадалтайд тооцогдоно
Хуурмаг, овжин, хувирамтгай зарим нь
Худраггүй цамнах нь цагийн өнгө болтой
            Харийн савангийн дууриар
Хайран тархиа “угаалгах”  нь
Инээдтэй бөгөөд өрөвдмөөр...
Ирээдүйгээ төсөөлөхөд аймаар...
Нийгэмд үүссэн бухимдал
Нийтээр нь ууртай болгожээ
Нүүдэлчин Монголын цайлган сэтгэл
Нүүрсний утаанд хараар будагджээ
            Дэм дэмэндээ,  дээс эрчиндээ гэдэг
            Дээдсээс ирсэн мэргэн сургаалыг
            Дэндүү амархан умартсан
            Дээрэлхүү, зиндаархуу өнөөгийн Монголчууд
            Харьд очоод хань нөхдөө мартана
            Халз тулахаараа нүүр буруулна
            Буурай Монголын иргэн яваадаа ичнэ
            Бусдынхаа бүтээсэнд шүлэнгэтэн атаархана
            Танихгүй Монголчууд хоорондоо хонь чоно!
            Танимгайрч мэндэлвэл маанаг тэнэг!
            Өчүүхэн шалтаг гарвал хэрүүл зодоон
            Өөр хоорондоо өстөн дайсан мэт...
Малчин Монгол чонотой тэмцэвч
Машид хүндлэн,  бахдаж ирсэн
Хээрийн боохой малд халтай ч
Хэрэг дээрээ Монголчууд чоныг дээдлэн биширнэ
Цөөхөн бидний Монголчууд
Цөөвөр чоно мэт боллоо гэдэг нь
Суурин иргэдийн соёл
Нүүдэлчин Монголыг залгихын илрэл
            Тэнгэрлэг заяат Монголчууд
            Тэнгэрийн нохойг ад үзэлгүй
            Мянга мянган жилээр дээдэлж ирсэн
            Монголын уламжлал хаашаа хийсчихэв?
Ижил тэнгэртэйдээ үзэгдээд
Илүү тэнгэртэйдээ агнагддаг хэмээн
Талын Монголын анчид
Таалан шагширч явдаг бишүү!
            Хөх тэнгэр,  тал нутгийг
Хөх толботой  Монголчуудад өгөхдөө
            Хийморь, зориг, эрч хүчийг
Хээрийн чононоос суралц гэсэн
Хөх чоно, хөх Монголчууд хоёр л
Хурмаст тэнгэртэйгээ харилцан
Огторгуйн хишгийг хамтдаа
Олон мянган жилээр хүртэж ирсэн.
            Атгасан гар шиг цул
Амь нэгтэй байх цагтаа
Дэлхийн талыг эзэгнэсэн
Дээдэс өвгөдийн маань байгалийн багш нь
Аглаг тал нутгийн хамгаалагч “сахиус”
Алтан овгийн өвөг дээдсийн “сүлд”
Сав шимийг тэнцүүлсэн “тэтгэгч”
Саарал чоно нэгэндээ “үнэнч”
Өөрийн бэлтрэгнүүдийн хажуугаар
Өөр төрөлхтөний үрийг сүүгээрээ тэжээх
Алөгчин “чоно”-ны энэрэх сэтгэл
Өнөөгийн бидэнд илтэд үгүйлэгдэнэ
Тэгтэл өнөөдөр Монголчууд
Тээршаан бие биенээ хажиглана
Уур уцаарт дарлуулаад
Уралцан ноцолдоход хэзээд бэлэн
Бие биенээ хайралж хүндэлж гэмээ нь
Бидний Монголчууд хөгжилд хүрнэ
Мэргэн буурлуудын хүсэн зөгнөснөөр
Миний Монгол хүчирхэг болно
Өөдрөгөөр бид ирээдүйрүү тэмүүлнэ
Өрөөлийн санасны зоргоор бид  уусаж арилахгүй!
Монголоо гэсэн зүрх мянга мянгаараа цохилно
Миний түмний “цөм” Монголоороо үлдэнэ
            Цаглашгүй сайхан тал нутгийн      
            Цайлган өгөөмөр сэтгэлээрээ алдаршсан
            Тэнүүн нутаг шигээ уужуу тайван
            Тэнхээтэй, тэвчээртэй Монголчууд өсөж өндийнө

Ухаалаг өвгөдийн ариун гал голомт
Ууртай “өнөөгийнхний”  мунхаглалд булагдахгүй!
Улаан залаатай хөх Монгол
Улсаа хөгжүүлж дэлхийд гайхуулна!

1 comment:

  1. Mash saihan shuleg baina,chinii zorison uils chin butej,"Eh ornoo hugjuuleh gesen chin setgel,hiij bui ajil tan" mudhun bielne ee!Sain saihnyg huseye!

    ReplyDelete