Эргэлтийн 20 минут

Ижлээ алдсан нуурын шувуу
Эрэг бараадан ганганадагтай адил
Мөрдөнгийн жихүүн камерт ганцаар
Мөрөөдөлт чамтайгаа уулзах мөчийг хүлээх юм
Хонгор чамтайгаа, алдаг оног олдох эргэлтийн өдөр
Хорьхон минут хорихын өрөөнд уулзах болгондоо
Амраг хайртай чинийхээ нулимсыг үзэхдээ
Атгахан зүрх минь шимшрэн өвдөх юм
Уяхан чиний минь сэргэлэн царай
Уйтгарт автсаныг харах болгондоо
Учралт чамайгаа тайтгаруулах аргаа хайн
Улаан зүрх минь сандран тэвдэх юм
Хайрлан суусны маань билгэ тэмдэг хос бөгжтэй
Хайрт чинийхээ уран хурууг харах болгондоо
Хагацлыг давах тэвчээрийн мод услагдаж
Халуун зүрх минь хайраар бялхах юм
Чивэлт энэ хуурмаг өнгө мөнгөний хорвоод
Чи минь өдрийн одон мэт содон эрдэнэ
Чийг үзэлгүй 4 сар ангасан цөмийн хөрс мэт болсон сэтгэлийг
Чиний минь хайрын үгс дэвтээх хурын дусал болох юм
Хосгүй чамтайгаа уулзах эргэлтийн 20 минут
Хоёр үг солив уу, үгүй юу хоромхон зуур өнгөрөх юм
Хонгор чи минь эрх үрсийнхээ сонинг дуулгаж амжсанаар
Хорвоод амьд явахын утга учир хэмээх зайг минь цэнэглэж өгөх юм
Тэврээд чамайгаа энхрийлэхсэн гэж
Тэсгэлгүй бодох юм, даанч…
Уулзалтын өрөөний халтар шилэн цонх
Учралт чамаас минь тусгаарласан хадан хана болох юм
Булбарай чамтайгаа уулзаж дуусаад
Буцаад цоожлогдох болгондоо
Бурангуй түшмэлийн захиалгаар олгосон
Бүүдгэр камерын бүгчим агаарт цохиулаад бачуурах юм
Хорихын давчуу камерт эргээд ганцаар
Хорь орчим минут элдвийг бодон бухамдан холхихдоо
Заяаны чиний минь харих зам нь өлзийтэй байг хэмээн
/энд бас нэг мөр дутуу байх шигээ/
Мөрдөнгийн жавартай камерыг орхиод
Мөрөөдлийн чамдаа нисээд очно оо!

1 comment:

  1. Hairtai 2 hos mudhun bayar huuruur duuren uulzah bolno oo!

    ReplyDelete