Хөгжлийн зам

Их бага хувьчлалаар төрөөс
Иргэддээ баялаг тараасан
Өнөөдрийн ханшаар бодохоор
Өгөөмөр хишиг хүртээсэн
            Хоёр сая гаруй Монголчууд
            Хоёр тэрбум гаруй долларын хөрөнгийг
            Өөрийн болгох үнэт цаас
            Өвөртлөн алхсан нь хорин хоёр жилийн тэртээ
Харамсалтай нь тэр их хөрөнгө
Хаачсаныг бид сайн мэднэ
Халаас нь “цоорхой” зарим нь
“Хаяж” үрэгдүүлсэн нь их
Хар усанд толгойгоо мэдүүлсэн хэд нь
Халамцуу хэсэг таахалзсан.
Ойлгож ухаараагүй ихэнхээс нь
Овсгоотой зарим нь цуглуулсан
Одоо болтол авдрандаа хав дараад
Ойшоолгүй мартсан нь бас цөөнгүй байх
            Хувьсгалаар овоглосон Монгол
            Хувьчлалаар бэхэжнэ гэж найдсан ч
            Цөөн хэд нь хөрөнгөжөөд
            Цөхрөнгөө барсан олонхи нь бахь байдгаараа
Ерээд оны эхэн үеийн мянган доллар
Их  мөнгө байсан гэдгийг маргах учиргүй
Захиргаадалтын цочрооноос гараагүй байсан бид
Зах зээлийн их урсгалд хөл алдчихгүй хөвж буй нь энэ.
            Эргээд бодохноо өнгөрсөн хугацаанд ихийг бүтээгээгүй юм шиг
            Иргэн болгонд баялгаас хүртээгээгүй юм шиг
            Эдийн засаг нь ч мөн огт хөгжөөгүй гэвэл
            Энүүн шиг худал юм огт байхгүй билээ.
Барааны саван давс хоёр л
Байдаг байсан дэлгүүрийн лангуунууд
Хэдхэн жилийн дотор нүд эрээлжлэм
Хээнцэр бараа өрөөстэй болсныг бид мэднэ
            Ганц тэрбум долларын давжаа эдийн засагтай
            Гадаадаас бадар барихгүй л бол өвөлдөө осгочих гээд байсан
            Онцын хүнд жилүүдийг магтах учиргүй  ч
            Одоогийн бид тэр цагийг мартах эрхгүй улс!
Өдрөөс өдөрт амьдрал дэвжиж
Өнгөт зурагт, хөргөгч гээд ахуйн хэрэгцээ нэмэгдэн
Өөрийн хөл дүүжлэх унаагүй айл
Өнөөдрийн Монголд ховорхон болжээ
            Аж үйлдвэр, эдийн засаг нь өнөөдөр
            Арван тэрбум долларын босгыг давжээ
            Азийн Монгол дэлхий дахины
            Анхаарлын төвд ороод,  гарлаа
Хөгжиж буй дэлхийн улс орны жагсаалтын
Хойноос нь урдруу нь огцом цойлсон ч
Харамсалтай нь манайхны унхиагүй
Харалган бодлын гайгаар
Хөрөнгө оруулагчдын анхаарал сонирхол
Хөөрхий Монголыг мниь орхиод одлоо
            Улс төрийн сонгуультай жил хоорондоо
            Уралцаж муу муухайгаа дуудахдаа
            Өрсөлдөх нэрэн дор харамсалтай нь
            Өнөөх эдийн засгаа сөхрүүлээд авах юм.
Байгалийн баялгаа ашиглаад
Багахан юм олсноо бодлогогүйгээр
Эх орны хишиг хэмээн тараахдаа
Эргээд хямрал ирдгийг тооцсонгүй.
            Хөгжилд хүрэх цорын ганц түлхүүрээ
            Хөрсөн доороо хадгалж байгаагаа умартаад
            Уул уурхай, ашигт малтмалын салбарынхныг
            Улсаа зарж буй бузар дайсан болгоод адлах юм
Төрийн хөгжлийн цогц бодлогондоо уг салбарыг
Төвхнүүлэн хөгжүүлэх нь зайлшгүй гэж заасан хирнээ
Улс төр хийж буй хоосон хийрхэлээр
Уландаа гишиглээд дэвхцэн цамнах юм.
            Хайран нутгийнхаа буян хишгийг
            Харийнханд л өгөхгүй байвал яахав хэмээх
            Ахархан бодолтой улс төр хийгсэд
            Аймшигтай хөнөөл тарьж байгаагаа ухаарах сөхөөгүй.
            Ард олныхоо тархийг буруу сумлан
            Ардын баатруудын дүрд тоглох нь ичгүүртэй.
Халх Монголын буян хишигт
Харийнхан мөргөн сөгдөх учиртай
Олдошгүй их эрдэнэс баялаг
Онгон нутагт минь байж л байг гэж зарим нь
Охорхон бөгөөд сохор номлол
Олны дунд тараах нь юутай харалган
Хөрст дэлхийн өнцөг бүрт байгалийн баялгаа
Хөнтрөөд дуусаж байгаа юм чинь
Талын Монголыг царайчлан гуйж
Тал засан хадаг барих учиртай гэсэн хүмүүс
Сэрүүн зүүд, хоосон мөрөөдлөөсөө
Сэрээсэй билээ, оройтойгүй дээрээ
Хойд, урд хоёр хөрш маань л гэхэд
Хосгүй их байгалийн баялагтай
Хар алт, чулуун тосоороо л гэхэд
Хамаг Монголоос хавьгүй илүү нөөцтэй.
            Улс орноо хөгжүүлэх бидэнд
            Уурхай, ашигт малтмал огт хэрэггүй гэх зарим нь
            Арван төгрөг бүрийн ес  нь улсын санд
            Ашигт малтммалаас орж байгааг бодмоор.
Буурлын буянаа хөгжүүлэхгүй, байж л байг
Бусад салбараа хөгжүүлээд явахад
Цөөхөн хэдэн Монголчууд
Цүдийтлээ идэх хоолтой гэх нь бас байна
Харамсалтай нь эдгээр салбараа хөгжүүлье  гэхээр
Хамтраач гэж бусдаас ахиад гуйх тул
Бусдаас гуйж нэрээ баралгүй
Буянтай нутгаа хөнжүүлэх юмсан!
Аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй
Аялал жуулчлал, ашигт малтмал, уул уурхай энэ бүгд
Аяндаа хөгжинө гэж байхгүй, бүгдээрээ л!
Хөгжилд хүрэхийн тулд дэд бүтэц
Хөрөнгө оруулалт ихээр шаардагдана.Иймд:
Айлаас эрэхээр, авдраа ухаад
Ахуй амьдралаа дэвжүүлэхсэн!
Хотол дэлхийн хөгжлөөс хэт ихээр
Хоцорч тоосонд нь булагдахгүй байхсан!
            Эрдэс баялгаасаа бага багаар нь
Эргэлтэнд оруулж гэмээ нь
Эдийн засгийн маань эрэг шураг чангарч
Эх нутгийн маань хөгжилд нэмэр болно.
Баялгийн хараалд өртөх нь гэж
Бачууран тэвдэх зүйл огт үгүй!
Төр нь төр шиг цэгцтэй, бодлоготой
Түшээд нь эх нутаг, элгэн олноо гэсэн сэтгэлтэй
Түмэн олон нь хууль ёсоо дээдлэн журамтай байваас
Түгшин зовох зүйл огт үгүй, хөгжил ойрхон билээ.
Хөрөнгө оруулагчид гэж хөгийн нөхдүүд
Хөгжилд огт нэмэргүй улс гээд
Хөөгөөд явуулчихсан хойноо гэнэт ухаараад
Хуулиа өөрчилчихсөн одоо бол айлтгүй гэж зарлах зарим нь
Муу нэрийг хусавч арилахгүй
Сайн нэрийг хүсэвч олохгүй гэдэг үгийг
Санаагүй гэхэд хүн итгэхэд бэрх!
Санасан ч ойшоогоогүй гэвэл ичмээр!
Сонгуулийн өмнөх хийрхэлдээ согтоод
Санд мэнд гаргасан хуулиндаа бүдрэх нь энэ.
Тогтвортой байж л гэмээ нь айл гэрийн
Тогоон дахь өрөм нь зузаан  тогтодгийг
Ухаарах сөхөөгүй эрхмүүдэд
Улсын Их Хурлын суудал өгмөөргүй!
Саалийн ганц үнээ чинь сүүгээ өгч байхад
Саваа бэлдэнэ үү гэхээс сэрээ барьдаггүй гэдэг
Алс Герман нутгийн ардын мэргэн үг
Аргагүй өнөөгийн бидэнд нэгийг бодогдуулах юм.
Хойд, урд хөршийн аль нь ч биднийг
Хорвоогийн хөгжлөөс атгалцаасай гэж хүсэхгүй нь лавтай
Хоорондоо л Монголчууд алалдахгүй байваас, харин
Хойно, урдаас балбаад байх нь
Хорин нэгдүгээр зуунд магадлал багатай.
Угтан авсан энэ шинэ оны хором бүр
Урагшлах тэмүүллээр дүүрэн байгаасай!
Ирж буй цагийн итгэл үнэмшлэл
Иргэн бүрийн зүрхэнд бадраасай!
Улсаа хөгжүүлэх гэсэн хүсэл мөрөөдөл
Урам зориг нь бөхөлгүй, улам ноцоосой!
Хөгжлийн зам энэ юм шүү гэдгийг
Хүн бүр баттай ойлгоосой, ухаараасай!

3 comments:

  1. Yostoi mundag bichsen baina,unen yalna aa!huu min!Uragshaa,ireeduiruugee haraad yavahad zaaval yalna aa!

    ReplyDelete
  2. Unen ugs bna. Tanyg demjij bna. Tanyg uls ornoo gej ulam ihiig buteene gej itgej bna. Ene zaluu humuusee demjihiin orond ingeh ch gej dee.

    ReplyDelete
  3. Urgelj uudrug yavaarai!Mash sain bichsen baina aa!Zorison ajil uilsee udahgui buteeh bolno oo!Amjilt huseye!

    ReplyDelete