Тэнгэр огторгуйн талаар бодол

Эргэх их дэлхийн
Энгэр газар нь нутагласан
Улаан залаатай хөх Монгол
Удам дамжин үеийн үедээ
Хөх Тэнгэртээ сүсэглэн залбирч
Хөлгөн судартаа шагшин магтаж
Аврал энэрэлийг хурмастаас,
Ач тусыг Тэнгэрийн хишиг хэмээн
Олон онгодын дундаас
Огторгуйн онгодыг онцлон тахиж
Наран саран сүлд тугтайгаа
Нартад байраа эзэлсэн түмэн
Хувьтай төрсөн Монголчууд
Хурмастыг дээдэлж ирсэн нь учиртай
Газар эхтэй, Тэнгэр эцэгтэй
Галтай дөлтэй Монгол түмний хувьд
Онгод онгодын дундаас
Огторгуйн онгод хамгийн хүчтэй
Найман зууны тэртээ Богд Чингис
Нартад Тэнгэрийн ташуурыг таниулахдаа
Хорвоогийн олон янзын шашинтай
Хорсон дайсагнаж, тэмцээгүй билээ
Олон бурхадын дотроос
Онцгой нь Тэнгэр бурхан!
Олон үндэстэн ястан сүсэглэхдээ
Ондоо ондоогоор дуудан мөргөж буй нь энэ хэмээн
Тэнгэр заяат буурал хаан
Тэнгэрийн зарлиг буулгасанг нь
Өнөө хүртэл ертөнц бишрэн
Үнэхээр агуу суутан байсанг нь хүлээсэн билээ.
Буддын шашны нэгэн гэгээнтэн
Богд Чингисийг, хорвоод заларсан
Ховорхон бурхадын нэг гэж
Хүүрнэн суухдаа хуучилсанг бодно
Түүхийн эргэх хүрднээ Монгол түмэн
Түвдээс Буддын шашин залснаар
Зон олон маань буян номын мөр хөөж
Зонховын сургаалыг сүсэглэн иржээ
Хотол олон маань авралыг хайна
Хорвоогийн мэргэд хоосон чанарыг эрнэ
Огт ор үндэс үгүй тэр зүйлийг
Олох гэж насыг барна. Гэтэл,
Өвөг дээдсээс өвлөж ирсэн
Өнө тансаг Монгол хэлнээ
Хоосон чанар гэдэг чинь
Хурмаст Тэнгэр Огторгуй юм
Хүн төрөлхтөн бид, түүний
Хумхын тоос адил бус уу гээд
Эрдэмтэн мэргэд олны зуун зуунаар
Эрээд байсан хариуг заагаад өгсөн байдгийг
Эрхэм анд өнөөдөр
Энэ тэрийг хүүрнэх зуур хэллээ.Үнэхээр:
Өвөг дээдсийн маань сүсэглэн ирсэн
Өнө мөнхийн хөх Тэнгэр
Хүмүүн болон төрсөн бидний
Хүслийн дээдийн орой,
Эхлэл үгүй, төгсгөл үгүй
Эх дэлхийн эзэн Тэнгэр мину.

2 comments:

  1. Uhaantai shuu!eejiin huu!Unen hezeed yalna gej itgeseer l suuna daa,sain saihan tsag irne ee!Huh mungun Tenger min!

    ReplyDelete
  2. Sain bichsen baina.Amjilt huseye!Hurdan erh chuluutei bolooroi!

    ReplyDelete