37 оны мөрөөр (Мөрдөнгийн 195 хоног)

Ганцын шоронгийн саарал өдрүүд
Гадаах утаанд бүчигдсэн хот лугаа
Уйтгарт цагийн ачаар дүнсгэр
Урагшгүй түшмэдийн эрхэнд итгэл бүүдгэр
Хэрэг хийгээгүйг мэдсээр байж
Хичнээн сар хорих юм бол тэд
Хилсээр гүтгэгдэн яллагдагч болсон би
Хэлмэгдлийн амтыг амссаар 195 хонолоо.
Харамсмаар эндүүрлийн хохирогч нь биш
Харанхуй цагийн бусгаан дунд
Бурангуй түшмэлийн онилон байж тавьсан
Бузар сумны үзүүрт өртсөн бай нь болжээ.
Өрх гэрийнхээ тэргүүн нөхрийнхөө эзгүйд
Өмөг түшиг болох нөхөд цөөрсөн цагт
Ханийнхаа эхлүүлсэн ажлын хүндэд бөхийлгүй
Хайртын минь нуруу нугаралгүй цэх үлдсэн
Өрөөлийн эрхэнд, хилсээр хоригдсон эр нөхрөө
Өмөөрөх сэтгэлдээ шатаж, шаналж явахад нь
Хорон санаа, шуналдаа хөтлөгдсөн хуяг
“Хоолонд нь хор хутгаад хөнөөчихнө шүү!
Хэдэн бор төгрөг чамд юу юм бэ?
Хүүхдүүдийн чинь эцгийн амьнаас үнэтэй гэж үү!
Бушуу түргэн дансанд мөнгө хий!
Буруу шийд гаргавал хохь чинь шүү!”  гэж сүрдүүлсэн
Балмад зурвас авсан журамт гэргий минь
Баахан сандарч айдаст автсан ч
Башир санаатанд дарлуулалгүй, үнэнийг эрж
Бартаатай даваа туулсан нь саяхан
Хүний зовлонгоос хожоо хайн шүлэнгэтсэн
Хүйтэн сэтгэлтэй хуягт олзлуулаагүй, хань минь
Төрийн нэр, дүрэмт хувцсаар зүсээ хувиргасан
Түгшүүрт нэгэн илч гэж бодохоос, түүнийг!
Арван хоёр оноос эхэлсэн хар шуурга
Авилгатай тэмцэх гоёмсог нэртэй ч
Данхгар төрийн маадгар түшмэд
Даанч өөр санаа өвөрлөн түмнээ жигшээнэ
Өнөө цагийн зарим түшмэд
Өнгөн дээрээ ардчилал, шударга ёс гэвч
Өрөөлөөс авах албатай мэт
Өлөн царайлж, цадахаа мэдэхгүй
Үнэн юм гэж огт мэдэхгүй
Үзэл бодол нь ердөө ч тогтоогүй
Итгэл үнэмшил нь хонжоо хайхын ордонд
Эх орончид гэж өөрсдийгөө дуудах нь шившиг
Өнгөрсөн түүхээ эргээд харахад
Өр зүсэм эмгэнэлт түүх олон бий
Ойрынхноос нь эргэн санахад
Олныг жигшээж, зүрхийг нь зүссэн 37 он тод
Эр нөхрөө үгүйлсэн эхнэр нулимсанд умбан бэлбэсэрсэн
Эцгийгээ санасан хүүхэд элэг нь хатан бэтгэрсэн
Айдас хүйдэс дагуулсан гучин долоон оны
Аймшигт сүүдэр өнөө биднийг эргэн нөмрөх нь үү?
Ардын дайсан, гадаадын тагнуулуудыг
Ангуучлан устгасан цуст дайрлаганаар
Ногоон малгайтнууд сүржигнэн дөвчигнөж
Номтой, эрдэмтэй нь сүйдэн хэлмэгдсэн
Авьяаслаг олон мянган сор болсон залуус
Амь эрсдэн хоёр  хорвоог цаг бусаар орхисон!!!
Амьд үлдсэн хоёр эрдэмтэн буурлын талаар
Ам дамжсан яриаг саяхан сонссон
Суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн
Сүрийг үзүүлэх байцаагчид мэдүүлэг өгөхдөө
Амь гарах арга сүвэгчлэн, хожмыг бодож
“Адольф нэртэй Хитлер овогт намайг элсүүлсэн”  гэжээ
Аргаа барсан залуу эрдэмтэн ийн
Араатан мэт авирлах ногоон малгайтанд
Амь дүйсэн цөвүүн цагт  “буруугүй”   гэдгээ баталж
Аргагүйн эрхэнд “буруутайгаа”  хүлээж явсан нь үнэн биз ээ.
Билгүүн номч, эрдэмтэн  Бямбын Ринчин
Бэрх цагт Маршалтай таарахад
Хүн болсон хойно “амиа гуйх”  байх гэж санаад
Хүсэх зүйл байна уу, Ринчин гэхэд нь
Домог болсон эрдэмтэн мэргэн
Дотоод яамныхныг алмайртал
Олон хоног тамхи татсангүй, Маршал аа гэхэд
Орос тамхи бүтэн хайрцгийг өгөөд гарсан гэдэг
Үймээнтэй хахир  хатуу тэр цагт
Өчиггүй буудуулах байсан Ринчин доктор
Үнэн сонины “Орос орчуулган дээр”  хүн олдоогүйд
Үхлээс аврагдан амьд үлдсэн гэдэг гарцаагүй үнэн.
Гучин долоон онд эхэлсэн цуст аллага
Гуч гаруй мянган хүний амь аваад явсан
Дайны дараа “ТӨР”  эргээд харахнаа
Дахин нөхөж баршгүй гарз учирсан байв.
Үе үеийн эх орончдыг харамсалтайгаар
Үхэл рүү аваачсан хар даллага
Бузар урвагчдын гараар үйлдэгддэг ч
Буруу санаат гадныхны захиалга байдаг нь түүхэн үнэн!
Жар далаад оны сэхээтний төөрөгдлөөр
Жалганд аваачиж буудаагүй ч гэлээ
Нутаг зааж, хөдөө цөлөөд, нөмгөн нүцгэн
Нүүлгэн суулгаж, цээрлүүлж байсан
Нэр нь мэдэгдэхгүй эдгээр эх орончдыг
Нийтлэг ганц үгээр холбож гэмээ нь
Хийгээгүй хэрэгт ороогдон, зовлон туулсан
“Хэлмэгдэгсэд”   хэмээн түмэн мэднэ
Нэгэн үеийнхний бахархал явсан
Нийгмийн сод авьяастнуудыг үгүй хийсэн
Аймшигт түүхэн хар мөрөөр эрх ч үгүй
Ардчилсан Монгол орохгүй байгаасай! гэж  ЗАЛБИРНАМ!

3 comments:

  1. Yamar aimshgiin ATG ve?ene huug sullaach!!!

    ReplyDelete
  2. Ene yu bolool bn daa!? Arai dendej bgaa yum bishuu?!

    ReplyDelete
  3. Unuugiin ATG-n ene aimaar nuur tsarai,ene ardchilsan turiin 3 undurluguud yu hiij baina aa!Hurdan sullaach!!!

    ReplyDelete