Хүчээ үзмээр байна (Мөрдөнгийн 165 хоног)

Салхитай өдөр Хан уулаа харж
Салхигүй өдөр саарал утаанд хучигдан
Станцын тоос үнсэнд булагдсан
Сараалжин тор, хүйтэн ханатай өдрүүд хөвөрсөөр...
Салхивч нээхээр гашуун хар утаа
Сад тавин орж ирэхдээ хоолой хорсгоно
Хатан Туулын эрэг бараадсан  “Ганц”-д ийм байхад
Халааст, 7 буудал, Чингэлтэйгээр ямар байгааг дурсаад ч юу хийх вэ...
Сонин хэвлэлээр дүүрэн эрээлжлэх
Содон мэдээ тоймгүй олон боловч өрөвдөлтэй...
Утаагүй зуухны ачаар бидний Улаанбаатарчууд
Уушиглах агаар нь хоргүй утаатай болж гэнэ...
Хар муу юм хийгээгүй юм чинь гээд
Хайхрамжгүй явжээ би, үнэндээ
Хорон муу санаатны явган жөтөөрхөл
Хоригдол болгосон цагт л үүнийг ойлголоо
            Атаа хорсолдоо хөтлөгдсөн зарим нь
            Авлагатай мэт шүлэнгэтэн дайрахыг
“Аавынд”  цоожтой би,  бие сэтгэлээрээ мэдрэн
Аргагүй хүний эрхэнд! хүчин мөхөс  хэвээр...
Даян дэлхийг хаа байсан газраа донсолгон
Дайны цуст мөр татуулдаг  Чулуун тосны дайрлага
Нэхэл хатуутай хүйтэн сэтгэлтний шуналын үзүүр
Нэрийг минь сэвтүүлж шоронгийн хоригдол болгосныг ойлгож ядах юмгүй!!!
            Уудам нутгийн минь ариун баялгаас
            Уралдан шимэж язрах шахсан зарим нь
Ялзрах дөхсөн хорон санаандаа хөтлөгдөн
Ямар ч үнээр хамаагүй түмнээ бөхийлгөхөөр санаархана
Өөсдөө хийж чадах чадахгүй нь огт хамаагүй
Өрөөлөөр л хийлгэж  байвал сэтгэл нь амар
Гар хөл бологсодоо тал тал тийшээ улангасан турхирна
Гаднынханд харин хормой дэвсэн хадаг барина
            Буурал түүхэндээ туулсан эмгэнэлт алдаануудыг
            Бурангуй зарим нь энэ цагт бүү давтаасай хэмээн
Бухимдах сэтгэл оволзон бачууравч
“Буруутайг чинь бид нотолно”  гэсээр 165 хоног өнгөрөв
Цагдан хоригдсоноос хойш 161 хоног өнгөрсөн
Час хийсэн жавартай өглөө Ганцын шалган хүрээд
Дотор харлам муу мэдээ дуулаад
Доошоо Газар хатуу, дээшээ Тэнгэр холыг ахин мэдэрлээ
            Хэлмэгдэл нэгээр зогсдоггүй гэдэг хатуу үнэн
            Хэрэг хийгээгүй гурван дотнын нөхрийг минь
            Өчигдөр орой нь баривчлан хориод
Өчиггүй ял тулган, миний араас Ганцруу шиджээ
Дан ганц толгой шоронд байхад сэтгэлийн
Дарамт хавьгүй бага байсныг сая мэдэрлээ
Араасаа гурван нөхрөө хориулсандаа
Арван зургаанаас хойш нойр хүрэхгүй элдвийг бодлоо
Өвлийн дунд сарын арван тавны саранд
Өглөө босоод хүслээ шивнэв
Өөрийн хар толгойгоо яаяа гэж байсан би
Өндөр Тэнгэрээсээ “нөхдийг минь хамгаалаач”  гэж залбиран мөргөв
            Нарны цацраг хэлбэртэй энэ шоронгийн
            Найман корпусын  алинд нь нөхдийг минь цоожлоо бол!
            Эхлээд хоригдож буй хэнд ч ялгаагүй,  цээрлүүлэхээр!
Эргэлт тойролт өгөлгүй удаадаг жамтай...
Аль болох хурдан энэ гурав маань гараасай
Арай ингэж ингэж хомроглохгүй байгаасай гэсэн горьдлоготой
Далан хоёр цагийн дараа нэг нь гарч, ашгүй дээ!
Даанч тэгэлгүй дээ хэмээн дотор уужирлаа...
Одоо араас нь манай хоёр оны өмнө гарчихаасай!
“Огт гэмгүй залуучуудыг  ингэж байх”  гэж  би халаглалаа!
Осолдохгүй барааг нь шалган дээр өнөөдөр хальт харлаа
“Ор цаашаа, та нар хам хэрэгтнүүд”  гэж зандрууллаа...
            Есөн эрдэнэ, арван эрдмийн сайхан орон
            Ерөөлөөр заяасан төрөлх нутгийнхаа
Хөгжилд хөг нэмэе  гэсэн залуусыг залуусыг шоронгийн торонд харахад
Хөөрхий дөө, эд минь огт буруугүй гэж зүрх минь эмтрэх юм...
Саарал ордны унхиагүй бодлого
Сархданд Монголыг минь умбуулах шахсан
Цайвар өнгөтэй энэ ордны цагт
Цадигаа Монголчууд гээх нь та минь!
Одоо байгаагаараа цаашилбал бид идээ бээрэндээ идэгдээд
Онцын ихээр хямарч, зовлон зүдгүүрт живэх нь
Овилгогүй хоосон амлагчид нам хамааралгүй
Олз хайн түмнээ жигшээж булай болох юм
Нийгэмд үүссэн бухимдал бугширсаар байгаа нь
Нэг намын харалган бодлоос болоогүй гэдгийг
Хурц ухаант түмэн минь хурдхан ойлгоосой!
Хуудуугүй санаатай түшээдийг шалавхан сонгоосой!
Өнөөдөр бид өнгө ялгалгүй улсаа бодох цаг
Өөр хоорондоо нам болж талцан уралцах цаг огт биш!
Хорин дөрвөн жил улаан цэнхэр гэж хөөрцөглөсний гор
Хожмын өдөр гэлтгүй, яг одоо биднийг устгаж байна!
            Тийм болоод ч, Том төрөөс Ухаалаг төррүү хэмээн
            Төрийн тэргүүн түмнээ хувьсгалд уриалан дуудлаа
            Сайхан энэ уриа амьдралд хэрэгжих эсэх нь
Саарал/Цайвар/ ордныхны авираас хамаарах юм
Ялзарсан бэртэгчин түшмэдийн гэгээрэхийг
Ядарсан бид хүлээж дийлэх үү?
Олби оготно мэт овсгоотой тэдний
Олзонд суугаа хоригдол би бодлоо хэлхэнэ
            Хүлээж суумааргүй байна уг нь бидний Монголчууд
            Хүсэл санаагаа нэгтгээд урагшилмаар байна
            Хөгшин залуугүй шоронд биш харин
            Хөдөлмөр, бүтээн байгуулалтын талбарт  ХҮЧЭЭ ҮЗМЭЭР БАЙНА!

1 comment:

  1. Yostoi tsever 1937 ony helmegduulet baina daa ene chin!Zorigtoi baij, huchee uzeerei!Bi unen setgeleesee demjij baina.

    ReplyDelete