Цагаан сарын бодол (Мөрдөнгийн 208 хоног)

Орон шоронд орсноос хойш
Олон шөнө хульжсан нойр
Ороо бусгаа цагийн зовлонгоос
Огтхон ч нимгэлж чадаагүй
Харанхуй шөнөөр цочин байж
Хар дарсан зүүднээс салах цагт
Хүйтэн камерын төмөр орон дээр сэрэх нь
Хүлээстэй хувь заяаны гэсгээл ажээ.
Сар шинийг сараалжин торны цаана өнгөрөөж
Саарал хорвоогийн өдөр хоногийг тоолон суухад
Монгол түмэнд хишиг буянаа хайрласан
Могой жил буянт мал сүрэг  45 сая давсан гэнэ
Оюу Толгой бүтээгдэхүүнээ гаргаж
Орон улсын маань санд нэмэр болно гэтэл
Далд уурхайн хөрөнгө оруулалт гэх
Даахын аргагүй хүнд ачаатай засаг тулав
Таван Толгойн хар алт
Талын Монголын хөгжилд хурд нэмэх учиртай ч
Урд хөршийн авир хувирахдаа
Урагшлах цувааг удаашруулан тэвдүүлэв
Улсын төсөв алдагдал зааж сандаргах тул
Урдаас хойноос бадар барьж бажигдахдаа
Эзэн Богдын нэрээр бонд гарган зарж
Их өрөө багагүй зузаатгасан ч
Авилгажсан төр нь цадахгүй сорох тул
Арлын орноос самурай залж
Аргаа барж буйгаа шинэчлэлийн засаг
Ард олондоо ахин харуулав
Авсан зээлийнхээ арван таван хувийг
Анхны өдрөө /Самурайн сэлмэнд цавчуулснаа/ шимтгэл хэмээн өгснөө
Ахин хааанаас ч олдохгүй мундаг нөхцөл гэж
Ард түмнээ хуурах нь дэндүү харамсам
Цалин тэтгэвэр нэмэх нь,  нэмэх л сурагтай
Цагийг нь харин хэзээ ч хэлэхгүй
Цаасан дээрх олон төсөл цаана чинь
Цангасан эдийн засгийг аварна гэвэл төөрөгдөл
Цаг төр үймэх цөвүүн цагаар, та минь
Цагаан идээ тансаг хэрэглээ болох вий, бусад нь яахав
Төрж өссөн нутгийнхаа
Түүх соёлоор омогшин
Аянчин гийчинд хөтөч хийхдээ
Алаг хорвоод хосгүй орон
Энэ сайхан Монгол нутаг
Иргэн миний бахархал болсон юм
Ардчилсан хувьсгалаас хойш  24 жилийн турш
Ард Монгол улс маань ихээр өөрчлөгдсөн
Амны хишигтэй төрсөн Монголчууд
Аз жаргал, сайхан амьдрал өөд тэмүүлсэн
Алтан дээр сандайлсан гуйлгачин төрхөө
Аль болох хурдан гээхээр чармайсан олны дунд
Хорин таван жил хөдөлмөрлөхдөө би
Хол ойрын санаа зөв, зорилго нэгтэнтэй
Хоршин, их үйлсийг зорин явахдаа
Ховорхон олдох боломжуудыг багцлан
Хотол олныхоо цуваанд нэгдэх хүсэлтэй
Холын газраас даллах нутагтаа ирсэн
Суурин соёлт харийн газар
Нүүдэлчин ардын удам
Сурсан эрдмийн шидийг үзэхээр
Нутгаа эргэн зорихдоо
Суут өвгөдийн минь бидэнд үлдээсэн нутаг
Нүүрээ буруулсан луйварчдын эрхэнд орсонд итгээгүй
Эцэг Тэнгэрээр, Эх Дэлхийгээрээ овоглосон ажил үйлс
Эрхтэн дархтанд нухлагдах цагаар
Эрээнтэй бараантай хорвоогийн тоосонд дарагдан
Эзэнгүй айл шиг өнгө алдан суллагдахыг минь хүлээнэ
Заяаны чинийхээ алаг нүднээ,  уулзах болгондоо
Зангиран хуримтлагдах нулимсыг харах тоолондоо
Засгийн нэр барин цамнах түрэмгийлэгчдийн
Зальхай мэхэнд урхидуулсандаа багтран сууна
Унаган багын чинийхээ
Ухаалаг харцанд гуниг шингээж
Олон сараар хорон санаатанд
Олзлогдон яахаа мэдэхгүй хоригдож буйдаа
Бухимдан бачууравч хууль цааз хатуу!
Бусгаатай цагийн царай хахир!
Эрүү шүүлт тулгуулаагүй ч
Эрх чөлөөгөө хилсээр хасуулах цагт
Энхрий ханьтай минь уулзсан
Эрхэм гишүүн харамсалтай нь
Иргэншлээ боломжтой байж сольчихгүй яав гэх нь
Иргэн миний эмгэнэл, энэ цагийн гашуудал!
Иргэнээ дарамталж дарладаггүй
Иргэнээ хамгаалж хаацайлдаг
Эрх чөлөө, хүний эрхийг яриад зогсохгүй
Эрх чөлөө, хүний эрхийг дээдэлж ирсэн
Хөгжилт орны иргэний паспортоор сольсон бол
Хөл алдаж айн шоронд хоригдохгүй байсан гэх нь
Өр зүсмээр гашуун үнэн!
Өрөвдөлтэй, эмгэнэлтэй ч бодит үнэн!
Өмхий шоронд үс минь цайж, үрчлээ нэмсэн ч
Өр зүрх минь Монголоо гэж цохилно!
Өөрийн зүс минь Монголоороо үлдэнэ!
Өлөн хомхой санаатан сэтгэлийг минь мохоохыг санаархавч
Өрлөг дээдсээс заяасан халуун цөс Монголоороо хөөрнө!
Өршөөлт ээжээс минь заяасан бүлээн цус Монголоо гэж булгилна!
Арван долоодугаар жарны луу жил, хайрт минь!
Аав нарыг минь аван сүүлээрээ ороолгон одсон
Амьдралын хатуу сорилтыг,  хань минь!
Алаг зүхнүүдээ шимшрүүлэн байж хоёулаа давсан
Арван долоодугаар жарны могой жилийн дийлэнхийг
Амраг чамайгаа тарчлаан шоронд
Аймшигт хэлмэгдэл гээчийн амтыг
Алдхан биеэрээ, амьдрал ахуйгаа
Алдан байж мэдэрч
Аргагүй урт хоёр зуун найман хоног өнгөрөөлөө
Улиран одох хагацал харуусал, хараал зүхэл дагуулсан
Усан могой жил хамаг муу муухайг аваад арилаг!
Угтаж буй Ялгуусан хэмээх Морин жил
Урам зориг, итгэлийн гэрэл цацруулан ирэг!

Бахархал, Мухардал, Эмгэнэл, Итгэл

Агуу их түүхтэй
Амгалан дөлгөөн түмэнтэй
Аглаг уудам нутагтай
Асар их баялагтай
            Монгол!  миний бахархал
Хийгээгүй хэрэгт ороогдож
Хилсээр олон сар хоригдож
Хорих анги гурвантаа сольсон
Хоригдол би буруугүй ч, цоожтой
            Монгол!  миний мухардал
Төөрсөн тавилантайгаа эвлэрэхгүй
Төмөр нудраганд дарлуулахгүй гэж тэмцэх цагт
Төрийн түшээ ханьд минь намайг
Төрсөн нутгийнхаа иргэншлээ сольчихгүй гэх нь
            Монгол!  миний эмгэнэл
Улаанбаатарын утаатай тэнгэр
Удахгүй ирэх цагт цэлмэнэ
Урд, хойд хөршийнхөө сүүдрээс
Улс маань гарч хөгжил ирнэ
            Монгол!  миний итгэл

37 оны мөрөөр (Мөрдөнгийн 195 хоног)

Ганцын шоронгийн саарал өдрүүд
Гадаах утаанд бүчигдсэн хот лугаа
Уйтгарт цагийн ачаар дүнсгэр
Урагшгүй түшмэдийн эрхэнд итгэл бүүдгэр
Хэрэг хийгээгүйг мэдсээр байж
Хичнээн сар хорих юм бол тэд
Хилсээр гүтгэгдэн яллагдагч болсон би
Хэлмэгдлийн амтыг амссаар 195 хонолоо.
Харамсмаар эндүүрлийн хохирогч нь биш
Харанхуй цагийн бусгаан дунд
Бурангуй түшмэлийн онилон байж тавьсан
Бузар сумны үзүүрт өртсөн бай нь болжээ.
Өрх гэрийнхээ тэргүүн нөхрийнхөө эзгүйд
Өмөг түшиг болох нөхөд цөөрсөн цагт
Ханийнхаа эхлүүлсэн ажлын хүндэд бөхийлгүй
Хайртын минь нуруу нугаралгүй цэх үлдсэн
Өрөөлийн эрхэнд, хилсээр хоригдсон эр нөхрөө
Өмөөрөх сэтгэлдээ шатаж, шаналж явахад нь
Хорон санаа, шуналдаа хөтлөгдсөн хуяг
“Хоолонд нь хор хутгаад хөнөөчихнө шүү!
Хэдэн бор төгрөг чамд юу юм бэ?
Хүүхдүүдийн чинь эцгийн амьнаас үнэтэй гэж үү!
Бушуу түргэн дансанд мөнгө хий!
Буруу шийд гаргавал хохь чинь шүү!”  гэж сүрдүүлсэн
Балмад зурвас авсан журамт гэргий минь
Баахан сандарч айдаст автсан ч
Башир санаатанд дарлуулалгүй, үнэнийг эрж
Бартаатай даваа туулсан нь саяхан
Хүний зовлонгоос хожоо хайн шүлэнгэтсэн
Хүйтэн сэтгэлтэй хуягт олзлуулаагүй, хань минь
Төрийн нэр, дүрэмт хувцсаар зүсээ хувиргасан
Түгшүүрт нэгэн илч гэж бодохоос, түүнийг!
Арван хоёр оноос эхэлсэн хар шуурга
Авилгатай тэмцэх гоёмсог нэртэй ч
Данхгар төрийн маадгар түшмэд
Даанч өөр санаа өвөрлөн түмнээ жигшээнэ
Өнөө цагийн зарим түшмэд
Өнгөн дээрээ ардчилал, шударга ёс гэвч
Өрөөлөөс авах албатай мэт
Өлөн царайлж, цадахаа мэдэхгүй
Үнэн юм гэж огт мэдэхгүй
Үзэл бодол нь ердөө ч тогтоогүй
Итгэл үнэмшил нь хонжоо хайхын ордонд
Эх орончид гэж өөрсдийгөө дуудах нь шившиг
Өнгөрсөн түүхээ эргээд харахад
Өр зүсэм эмгэнэлт түүх олон бий
Ойрынхноос нь эргэн санахад
Олныг жигшээж, зүрхийг нь зүссэн 37 он тод
Эр нөхрөө үгүйлсэн эхнэр нулимсанд умбан бэлбэсэрсэн
Эцгийгээ санасан хүүхэд элэг нь хатан бэтгэрсэн
Айдас хүйдэс дагуулсан гучин долоон оны
Аймшигт сүүдэр өнөө биднийг эргэн нөмрөх нь үү?
Ардын дайсан, гадаадын тагнуулуудыг
Ангуучлан устгасан цуст дайрлаганаар
Ногоон малгайтнууд сүржигнэн дөвчигнөж
Номтой, эрдэмтэй нь сүйдэн хэлмэгдсэн
Авьяаслаг олон мянган сор болсон залуус
Амь эрсдэн хоёр  хорвоог цаг бусаар орхисон!!!
Амьд үлдсэн хоёр эрдэмтэн буурлын талаар
Ам дамжсан яриаг саяхан сонссон
Суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн
Сүрийг үзүүлэх байцаагчид мэдүүлэг өгөхдөө
Амь гарах арга сүвэгчлэн, хожмыг бодож
“Адольф нэртэй Хитлер овогт намайг элсүүлсэн”  гэжээ
Аргаа барсан залуу эрдэмтэн ийн
Араатан мэт авирлах ногоон малгайтанд
Амь дүйсэн цөвүүн цагт  “буруугүй”   гэдгээ баталж
Аргагүйн эрхэнд “буруутайгаа”  хүлээж явсан нь үнэн биз ээ.
Билгүүн номч, эрдэмтэн  Бямбын Ринчин
Бэрх цагт Маршалтай таарахад
Хүн болсон хойно “амиа гуйх”  байх гэж санаад
Хүсэх зүйл байна уу, Ринчин гэхэд нь
Домог болсон эрдэмтэн мэргэн
Дотоод яамныхныг алмайртал
Олон хоног тамхи татсангүй, Маршал аа гэхэд
Орос тамхи бүтэн хайрцгийг өгөөд гарсан гэдэг
Үймээнтэй хахир  хатуу тэр цагт
Өчиггүй буудуулах байсан Ринчин доктор
Үнэн сонины “Орос орчуулган дээр”  хүн олдоогүйд
Үхлээс аврагдан амьд үлдсэн гэдэг гарцаагүй үнэн.
Гучин долоон онд эхэлсэн цуст аллага
Гуч гаруй мянган хүний амь аваад явсан
Дайны дараа “ТӨР”  эргээд харахнаа
Дахин нөхөж баршгүй гарз учирсан байв.
Үе үеийн эх орончдыг харамсалтайгаар
Үхэл рүү аваачсан хар даллага
Бузар урвагчдын гараар үйлдэгддэг ч
Буруу санаат гадныхны захиалга байдаг нь түүхэн үнэн!
Жар далаад оны сэхээтний төөрөгдлөөр
Жалганд аваачиж буудаагүй ч гэлээ
Нутаг зааж, хөдөө цөлөөд, нөмгөн нүцгэн
Нүүлгэн суулгаж, цээрлүүлж байсан
Нэр нь мэдэгдэхгүй эдгээр эх орончдыг
Нийтлэг ганц үгээр холбож гэмээ нь
Хийгээгүй хэрэгт ороогдон, зовлон туулсан
“Хэлмэгдэгсэд”   хэмээн түмэн мэднэ
Нэгэн үеийнхний бахархал явсан
Нийгмийн сод авьяастнуудыг үгүй хийсэн
Аймшигт түүхэн хар мөрөөр эрх ч үгүй
Ардчилсан Монгол орохгүй байгаасай! гэж  ЗАЛБИРНАМ!

Хөгжлийн зам

Их бага хувьчлалаар төрөөс
Иргэддээ баялаг тараасан
Өнөөдрийн ханшаар бодохоор
Өгөөмөр хишиг хүртээсэн
            Хоёр сая гаруй Монголчууд
            Хоёр тэрбум гаруй долларын хөрөнгийг
            Өөрийн болгох үнэт цаас
            Өвөртлөн алхсан нь хорин хоёр жилийн тэртээ
Харамсалтай нь тэр их хөрөнгө
Хаачсаныг бид сайн мэднэ
Халаас нь “цоорхой” зарим нь
“Хаяж” үрэгдүүлсэн нь их
Хар усанд толгойгоо мэдүүлсэн хэд нь
Халамцуу хэсэг таахалзсан.
Ойлгож ухаараагүй ихэнхээс нь
Овсгоотой зарим нь цуглуулсан
Одоо болтол авдрандаа хав дараад
Ойшоолгүй мартсан нь бас цөөнгүй байх
            Хувьсгалаар овоглосон Монгол
            Хувьчлалаар бэхэжнэ гэж найдсан ч
            Цөөн хэд нь хөрөнгөжөөд
            Цөхрөнгөө барсан олонхи нь бахь байдгаараа
Ерээд оны эхэн үеийн мянган доллар
Их  мөнгө байсан гэдгийг маргах учиргүй
Захиргаадалтын цочрооноос гараагүй байсан бид
Зах зээлийн их урсгалд хөл алдчихгүй хөвж буй нь энэ.
            Эргээд бодохноо өнгөрсөн хугацаанд ихийг бүтээгээгүй юм шиг
            Иргэн болгонд баялгаас хүртээгээгүй юм шиг
            Эдийн засаг нь ч мөн огт хөгжөөгүй гэвэл
            Энүүн шиг худал юм огт байхгүй билээ.
Барааны саван давс хоёр л
Байдаг байсан дэлгүүрийн лангуунууд
Хэдхэн жилийн дотор нүд эрээлжлэм
Хээнцэр бараа өрөөстэй болсныг бид мэднэ
            Ганц тэрбум долларын давжаа эдийн засагтай
            Гадаадаас бадар барихгүй л бол өвөлдөө осгочих гээд байсан
            Онцын хүнд жилүүдийг магтах учиргүй  ч
            Одоогийн бид тэр цагийг мартах эрхгүй улс!
Өдрөөс өдөрт амьдрал дэвжиж
Өнгөт зурагт, хөргөгч гээд ахуйн хэрэгцээ нэмэгдэн
Өөрийн хөл дүүжлэх унаагүй айл
Өнөөдрийн Монголд ховорхон болжээ
            Аж үйлдвэр, эдийн засаг нь өнөөдөр
            Арван тэрбум долларын босгыг давжээ
            Азийн Монгол дэлхий дахины
            Анхаарлын төвд ороод,  гарлаа
Хөгжиж буй дэлхийн улс орны жагсаалтын
Хойноос нь урдруу нь огцом цойлсон ч
Харамсалтай нь манайхны унхиагүй
Харалган бодлын гайгаар
Хөрөнгө оруулагчдын анхаарал сонирхол
Хөөрхий Монголыг мниь орхиод одлоо
            Улс төрийн сонгуультай жил хоорондоо
            Уралцаж муу муухайгаа дуудахдаа
            Өрсөлдөх нэрэн дор харамсалтай нь
            Өнөөх эдийн засгаа сөхрүүлээд авах юм.
Байгалийн баялгаа ашиглаад
Багахан юм олсноо бодлогогүйгээр
Эх орны хишиг хэмээн тараахдаа
Эргээд хямрал ирдгийг тооцсонгүй.
            Хөгжилд хүрэх цорын ганц түлхүүрээ
            Хөрсөн доороо хадгалж байгаагаа умартаад
            Уул уурхай, ашигт малтмалын салбарынхныг
            Улсаа зарж буй бузар дайсан болгоод адлах юм
Төрийн хөгжлийн цогц бодлогондоо уг салбарыг
Төвхнүүлэн хөгжүүлэх нь зайлшгүй гэж заасан хирнээ
Улс төр хийж буй хоосон хийрхэлээр
Уландаа гишиглээд дэвхцэн цамнах юм.
            Хайран нутгийнхаа буян хишгийг
            Харийнханд л өгөхгүй байвал яахав хэмээх
            Ахархан бодолтой улс төр хийгсэд
            Аймшигтай хөнөөл тарьж байгаагаа ухаарах сөхөөгүй.
            Ард олныхоо тархийг буруу сумлан
            Ардын баатруудын дүрд тоглох нь ичгүүртэй.
Халх Монголын буян хишигт
Харийнхан мөргөн сөгдөх учиртай
Олдошгүй их эрдэнэс баялаг
Онгон нутагт минь байж л байг гэж зарим нь
Охорхон бөгөөд сохор номлол
Олны дунд тараах нь юутай харалган
Хөрст дэлхийн өнцөг бүрт байгалийн баялгаа
Хөнтрөөд дуусаж байгаа юм чинь
Талын Монголыг царайчлан гуйж
Тал засан хадаг барих учиртай гэсэн хүмүүс
Сэрүүн зүүд, хоосон мөрөөдлөөсөө
Сэрээсэй билээ, оройтойгүй дээрээ
Хойд, урд хоёр хөрш маань л гэхэд
Хосгүй их байгалийн баялагтай
Хар алт, чулуун тосоороо л гэхэд
Хамаг Монголоос хавьгүй илүү нөөцтэй.
            Улс орноо хөгжүүлэх бидэнд
            Уурхай, ашигт малтмал огт хэрэггүй гэх зарим нь
            Арван төгрөг бүрийн ес  нь улсын санд
            Ашигт малтммалаас орж байгааг бодмоор.
Буурлын буянаа хөгжүүлэхгүй, байж л байг
Бусад салбараа хөгжүүлээд явахад
Цөөхөн хэдэн Монголчууд
Цүдийтлээ идэх хоолтой гэх нь бас байна
Харамсалтай нь эдгээр салбараа хөгжүүлье  гэхээр
Хамтраач гэж бусдаас ахиад гуйх тул
Бусдаас гуйж нэрээ баралгүй
Буянтай нутгаа хөнжүүлэх юмсан!
Аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй
Аялал жуулчлал, ашигт малтмал, уул уурхай энэ бүгд
Аяндаа хөгжинө гэж байхгүй, бүгдээрээ л!
Хөгжилд хүрэхийн тулд дэд бүтэц
Хөрөнгө оруулалт ихээр шаардагдана.Иймд:
Айлаас эрэхээр, авдраа ухаад
Ахуй амьдралаа дэвжүүлэхсэн!
Хотол дэлхийн хөгжлөөс хэт ихээр
Хоцорч тоосонд нь булагдахгүй байхсан!
            Эрдэс баялгаасаа бага багаар нь
Эргэлтэнд оруулж гэмээ нь
Эдийн засгийн маань эрэг шураг чангарч
Эх нутгийн маань хөгжилд нэмэр болно.
Баялгийн хараалд өртөх нь гэж
Бачууран тэвдэх зүйл огт үгүй!
Төр нь төр шиг цэгцтэй, бодлоготой
Түшээд нь эх нутаг, элгэн олноо гэсэн сэтгэлтэй
Түмэн олон нь хууль ёсоо дээдлэн журамтай байваас
Түгшин зовох зүйл огт үгүй, хөгжил ойрхон билээ.
Хөрөнгө оруулагчид гэж хөгийн нөхдүүд
Хөгжилд огт нэмэргүй улс гээд
Хөөгөөд явуулчихсан хойноо гэнэт ухаараад
Хуулиа өөрчилчихсөн одоо бол айлтгүй гэж зарлах зарим нь
Муу нэрийг хусавч арилахгүй
Сайн нэрийг хүсэвч олохгүй гэдэг үгийг
Санаагүй гэхэд хүн итгэхэд бэрх!
Санасан ч ойшоогоогүй гэвэл ичмээр!
Сонгуулийн өмнөх хийрхэлдээ согтоод
Санд мэнд гаргасан хуулиндаа бүдрэх нь энэ.
Тогтвортой байж л гэмээ нь айл гэрийн
Тогоон дахь өрөм нь зузаан  тогтодгийг
Ухаарах сөхөөгүй эрхмүүдэд
Улсын Их Хурлын суудал өгмөөргүй!
Саалийн ганц үнээ чинь сүүгээ өгч байхад
Саваа бэлдэнэ үү гэхээс сэрээ барьдаггүй гэдэг
Алс Герман нутгийн ардын мэргэн үг
Аргагүй өнөөгийн бидэнд нэгийг бодогдуулах юм.
Хойд, урд хөршийн аль нь ч биднийг
Хорвоогийн хөгжлөөс атгалцаасай гэж хүсэхгүй нь лавтай
Хоорондоо л Монголчууд алалдахгүй байваас, харин
Хойно, урдаас балбаад байх нь
Хорин нэгдүгээр зуунд магадлал багатай.
Угтан авсан энэ шинэ оны хором бүр
Урагшлах тэмүүллээр дүүрэн байгаасай!
Ирж буй цагийн итгэл үнэмшлэл
Иргэн бүрийн зүрхэнд бадраасай!
Улсаа хөгжүүлэх гэсэн хүсэл мөрөөдөл
Урам зориг нь бөхөлгүй, улам ноцоосой!
Хөгжлийн зам энэ юм шүү гэдгийг
Хүн бүр баттай ойлгоосой, ухаараасай!

Охины минь захидал (Мөрдөнгийн 188 хоног)

Ардчилсан Үндсэн Хууль батлагдсаны 22 жилийн ойг
Асар бахархалтайгаар тэмдэглэх энэ өдөр
Утгагүй гүтгэлгийн бай болсон би 188 хоног
Улсынхаа төв шоронд хоригдол хэвээр
Гэрээсээ хол давхар давхар цоожны цаана
Гэргийгээ, ээжийгээ, энхрий үрсээ зовоосон 188 хоног
Хагацал авчирсан бурангуй түшмэдийн эрхэнд
Хагас жил байна гэдэг урт хугацаа юм.
Араас минь шалгах нэрээр хорьсон нөхдийг минь
Ар араас нь батлан даалтанд гаргасан боловч
Хийгээгүй хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэх тул
Хэзээ хорионоос суллагдах  нь ойлгомжгүй хэвээр.
Эрх чөлөөгөө хасуулсан иргэн нь
Элдвийг бодон нааш цааш холхино
Энхрий хонгор ханиа, эрх бяцхан үрсээ
Элбэрэл ачит ижийгээ эн тэргүүнд үгүйлэн санана
Хоригдол би долоо дахь сарын хугацаатай тулж
Хоног өдрийг тоолон бодлоо хэлхэнэ
Эвий минь, ээжтэйгээ ганц уулзахсан гэж бодовч
Ийм газар авчраад яахав гэж зүрхшээнэ
Эргэлтийн өдөр долоо хоногт ганц удаа
Энхрий хайртынхаа барааг харж, элгээ дэвтээнэ
Эрх үрсийнхээ сургыг сонсоод
Эцгийн хайр, бахархлаар сэтгэл бялхана
Эр нөхөр нь хилсээр хоригдоод 6 сар гаруй болсон
Эзгүй мэт хүйт даах гэртээ алаг үрсийнхээ хамт
Ханийгаа өөрийн эрхгүй санан
Харуусал гунигийн нулимс урсган суугаа
Ээжийнхээ уйлахыг тайтгаруулах санаатай
Энхрий бяцхан охин минь
Араас нь тэврээд суухдаа
Аргадан тайвшруулах гэж ихэд хичээсэн гэнэ
Аавынхаа нүдэнд нялх охин минь
Арван зургаан нас саяхан хүрсэн ч
Асар ихийг эргэцүүлэн шаналж буй нь
Аавыгаа өмгөөлж бичсэн захианаас нь илхэн
Энэрэнгүй, хүнлэг, ардчилсан нийгэм өөд тэмүүлэх Монголд
Эрх чөлөө, шударга ёсыг хаанаас олох вэ?
Өрнөдийн хөгжилтэй Герман улсад
Өрөөлөөс дутах юмгүй амьдарч байсан ч
Эх орноо гээд хариас ирсэн иргэн нь
Эрх чөлөөгөө хасуулан хоригдож буй нь юуных вэ?
Авилгалтай тэмцэх нэрээр төрд шургалсан луйварчид
Аавыг минь хориод зургаан сар боллоо хэмээн
Арван зургаан настай охин минь
Ардчилсан Ерөнхийлөгчид хандсан захидалдаа асуужээ
Том төрөөс ухаалаг төр рүү түмнээ уриалсан
Төрийн тэргүүнд бичсэн энэ захидлаа охин минь


Өршөөл авралыг хүссэндээ бус
Үнэн  мөнийг хайсандаа бичсэн нь илт.
Өнөөдөр эргээд санахад манай үеийнхэн
Өсөх насандаа ийм бодолд дарагдаж явлуу?
Хүүхэд насны хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явсанаас
Хүлээстэй, хорионд суух аавдаа санаа зовж яваагүй.
Хоёр жилийн өмнө халуун бүлээрээ
Хоолоо идэнгээ ханийнхаа хамт, хүүхдүүдээсээ:
Аавыг нь улс төрийн сонгуульд орвол зохино гэсэн
Андууд, журмын нөхдийн саналыг хуваалцахад,  охин минь
Хар цагаан үггүй, суудлаасаа босоод
Хаалгаа хаагаад өрөөндөө орсон
Удалгүй өрөөнөөсөө гарч ирэхдээ
Улс төрд орсон сайн хүн,  муу болж хувирдаг талаар
“Таван нийтлэг шалтгаан” гэсэн интернетийн нийтлэл
Та, үүнийг унш гээд аавдаа тулгасан.
Арван дөрөвтэй охиноо ингэнэ гэж санаагүй би
Анхааралтай гээч нь тэр нийтлэлийг уншсан
Ардчилалын өлгий нутаг, алс холын
Америкийн улс төрийн бульхаатай тогтолцоо хэрхэн
Улс төрчид мянга сайныг хүсэвч
Урвамтгай, хувирамтгай урсгал эргүүлэгтээ татан
Өөрийн гэсэн бохир дүрмэндээ уусган хэнбэ гуай ч байсан
Өршөөлгүй живүүлэн, гарцгүй болгодог гэсэн байв.
Арван зургаан жилийн тэртээ нэгэн эрхэм
Ахын дүү улс төрд ор, өөр замгүй
Улс төр чи сонирхохгүй байлаа гэхэд
Улс төр чамайг сонирхоно гэсэн тод санагдсан ч
Зорьсон үйлсээ бүтээхийн тулд
Заавал улс төрд орох шаардлагагүй
Эх орныхоо хөгжилд нэмэр болох хүсэл
Энэ сонгосон замаараа явсан минь зөв гэж шийдсэн.
Арван хоёр оны сонгуулын амлалт
Ард түмэндээ үүсгэсэн хүлээлт
Үймээнтэй цагийн хар шуурганд туугдаад
Үзэгдэх бараагүй болоод арилаад одсон болтой.
Элгээрээ хэвтээд тамир нь тасрах дөхсөн
Эх нутгийнхаа эдийн засгийн талаар эргэцүүлнэ би
Төрөлх нутгийнхаа баялгийг юутай ч
Төөрсөн тэнүүлчдэд ашиглуулахгүй гэж
Сонгуулын солиоролдоо шатаж явахдаа
Соёлт ертөнцийг жигшээж дөнгөсөн
Баахан хоосон амлалтандаа будилсан түшээд
Баялаг бүтээгсдийнхээ эсрэг дайн зарлаад байна
Буруутай, буруугүй хамаагүй төрийн нудрагаар заналхийгсэд
Бусдын бүтээснийг ичихгүй булаахаар завдахдаа
Бусармаг явдлаа далдлан, буян үйлдсэн мэт маадайх нь
Бурангуй цагийн хахир өнгө аргагүй мөн.


Айсуй арван зургаан оны сонгуулаар
Ахиад ямар хоосон амлалт
Аль халааснаасаа илбийн үзүүлбэр лугаа гаргаад
Ард түмнээ аргадан, урхидан ширэн нүүрлэх бол?
Ямар ч үнээр хамаагүй сонгогдохын тулд
Яаж ийгээд сонгогчдыг аргалахын тулд
Ойгүй популист уриа лоозон хашгирагсад өнөө
Айдасгүй авторитар дунд хувилахаар зэхэх нь зэвүүн.
Улиг болсон хоосон амлалтуудад нь
Удаа дараалан хууртаж ханахгүй
Хөөрхий сонгогчид өрөвдөлтэй
Хөөргөн улс төрчид ичгүүртэй.
Түүхийг өөрчлөхөөр нөмрөх хар шуурга
Түймрийн галаас илүү хөнөөлтэй
Хайртай гэх эх орноо хөгжүүлэх сэтгэл
Харалган тэдэнд огт үгүй нь харамсалтай.
Ардчилалын нэр зээлдэн цамнагсад
Амлатынхаа талыг адаглаад биелүүлсэнсэн бол
Уур уцаарт ингэтлээ
Улс маань умбах байсан ч юм уу?
Ард түмэн, эх орондоо хүчээ өгнө гэж амладаг ч
Ажигч үгүй, ичих ч үгүй, амиа бодогсод
Хоёр нүүртэй, хорон санаатнууд
Хотол олноо ийн хуурсаар байх уу?
Арвин амлалт өгөн инээгсэд
Ар хударгаар нь цадахгүй идэгсэд
Ард олноосоо хумсалсан ч сэтгэл нь өлөн
Алс ирээдүйн залуусыг төөрөлдүүлэхээр завдахдаа
Арван хоёр оноос хойш
Аугаа их үгүйсгэлийг эхлүүллээ
Хорин нэгэн оноос ерэн он хүртэл
Хойд хөршийн тоглоомын засагтай байсан ч
Өдөр тутмын хэвлэл мэдээллээр
Өглөө оройгүй бөмбөгдөх боллоо
Тулгар улс маань бусдын нөлөөнд хэдий ч
Тусгаар тогтнолоо хадгалж ирсэн
Өвөг дээдсийнхээ ач гавьяаг
Өршөөлгүйгээр булшлах нь
Туйлшрах өвчний нэгэн хэлбэр
Тулгамдсан асуудлаас бултах ядарсан арга.
Шүүхийн шинэчлэл хэмээх нэрэн доор
Шуугилдах энэ эгзэгтэй цагт
Шударга ёсыг хүлээн суугаа иргэн нь “Ганц”-ын камерт
Шүүмжлэлтэйгээр бодлоо хэлхэн ганцаар сууна.