Миний дөрвөн болжмор

Өглөөд ирэх нормын талхаа би эмнэлгийн өрөөнд
Өрөвдөх өхөөрдөх хослон болжмортой хуваалцана
Өдрийн турш тэд уван цуван ирсээр, тонголзсоор
Үдэш болоход цонхны тавцан дээр үртэс  ч үлдээхгүй.
                Цонхны тавцан дээр яг одоо тонголзох дөрвөн болжмор
                Цовоо гээч нь жиргэж, талхны үртэс тоншино
                Цочоож тэднийг үргээчихгүй гэж би өрөөндөө
Цонхноос холхон, хөдөлгөөнгүй амьсгаа хураан зогсоно.
Энэ дөрвөн болжмор хөөрөн нисэхдээ
Энхрий хайртад минь хэл хүргэчих ч юм шиг
Өхөөрдөм тэднийг ажин зогсохдоо
Өөрийн эрхгүй эрх хонгоруудаа саналаа.
Өөдөсхөн энэ дөрвөн болжмор шиг миний хонгорууд
Өрөөлийн эрхэнд суугаа аавыгаа хүлээнэ
Өмнөөс нь нисээд очихыг хичнээн хүсэвч
Өргөст торны дээгүүр дүүлэх жигүүр аавд нь алга.
Өдөр дамжин орсон хүйтэн бороонд хөөрхий шувууд
Өл хоол олдохгүй, өлссөн юм байхдаа, зайлуул
Өнөө өглөө тавьсан талхыг минь бяцхан шувууд
Үдээс өмнө хоослоод, ахин эргэлдэн, намайг хоргоолоо.
Энэ хэдэн бяцхан болжмор шиг миний хонгорууд
Ээлжлэн өдөр хоногийг тоолон аавыгаа хүлээж суугаадаа
Эрх бяцхан үрс минь, энхрий хонгор хань минь
Эрхгүй уйтгарт автан, аавынхаа хайраар, ханийн халамжаар дутаж л байгаа даа.
Алагхан үрсдээ, амраг чамдаа очих хүсэл
Амьсгал бүхэнд минь оргин, сэтгэлд багтаж ядна
Бяцхан эрх үрсээ ханийнхаа хамт тэврэх
Баясгалант мөч айсуй гэдэгт итгэн би хүлээнэ
Уйтгар гунигийг сэтгэлээсээ үргээн хүлээнэ
Учирлын хормыг тэсэн ядан хүлээнэ
Үлэмжийн төгөлдөр чамайгаа энхрийлнэ би, энхрийлнэ
Үнэнч чамайгаа үүрд хайрлана би, хайрлана.
Ханийхаа хайрын гайхамшгийг би гэдэг хүн
Хагацлын жил гарангийн уртад, 400 хоногийн уртад
Харанхуй хар шуурганд туугдах цагаар
Хамгаас илүүтэйгээр мэдэрлээ, чамаараа бахархалаа.
Хагацлын арван гурван сарын уртын шархыг
Ханийн минь хайрын илч илбэн тэтгэнэ
Хайрын оргил, сэтгэлийн ариуныг чамаасаа л хүртсэн би
Халамжийн дээд, итгэлийн туйлыг чамдаа л өргөнө би.

Жич: Хуримынхаа өдрийн бэлэг болгон хайрт чамдаа болон хонгорхон үрсдээ зориулав.

No comments:

Post a Comment