Үгэнд итгэх итгэл

Хичнээн сараар хэлмэгдэн хоригдсон би
Хэзээд үнэнийг олох нэгэн гэрэлт хором
Гарцаагүй ирнэ гэдэгт бат итгэлтэй
Ганцын хоног өдрийг элээж сууна.
Харанхуй  камерт  сэрүү татан, жихүүцэм зэврүүн
Хан уулын ар хормой шаргалтана, намар ирж дээ...
Хорионы хоног тоолсоор дөрвөн зуун хорин тав хонов
Хоригдол би бодлоо хэлхэсээр 14 сарыг өнгөрөөв.
Улс төрийн хоригдол арай биш ч
Улсаас хумсалсан луйварчин бас биш ч
Улс амьтан залилан тоносон нь бүр биш ч
Улсын төв хориход хүлээлгэнд бүртгэлтэй
Хэрэг хийгээгүй хэдий ч, хэрэгтэн шошигтой
Гай тариагүй ч, Ганцын шоронд данстай
Улс төрөөр хөөцөлдөөгүй ч, улс төрийн хэргийн хөшигтэй
Үнэн хэрэг дээрээ дэндүү эрээгүй дээрмийн хохирогч,
Эргэлтээр ирсэн ханьтайгаа хэдэн минут уулзчихаад
Эргээд мөрдөнрүү туугдаад гарахдаа
Эртний нөхөр Бат инженертэй шалганы үүднээ
Эгц урд урдаасаа нүүр тулан учирлаа
Эхлээд би түүнийг таньсангүй, ийм газар уулзана чинээ санасангүй
Энэ чинь Анхаа юу даа? гэх дуунаар нь зог туслаа
Хөгшин Европоор Монголоо сурталчилан
Хөлсөө урсгаж, амаа цангатал ярьж явсан үеийн
Нисэхийн хуучцуулын нэг аргагүй мөн байв
Нээрээ бид бэрх цагт тоос хөдөлгөж явна даа...
Хийсэн хэрэггүй мөртөө би хоригдоод өчнөөн сар болсон бол
Хэлсэн, жиргэснээсээ болоод нэг нөхөр маань хоригдож байна.
Ардчилсан Монгол авлигатай дайн зарлаад
Алаг үзлийн хорт хавдарт нэрвэгдсэн нь даамжирч
Үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийг нугаслахын тулд
Үйлийг нь үзэхээр 100 хоногоор цоожлов.
Салбарын сайд нь шүгэл үлээгчидтэй дайн зарлан
Салам жиргэсэн ч дийлдээд ирэхээрээ
Ялан дийлж, нухчин дарахын занганд ховсдуулаад
Ямбаа эдлэхийн тулд инженерийг яллуулав.
Сайхан Монголдоо зочин гийчдийг аялаач хэмээн
Салахгүй МИАТ-ынхантай олон үзэсгэлэн яармагт оролцсон
Арваад жил дөрөө харшуулан эх орноо магтаж явсан улстай
Аавынд ээлж дараалан таарах болсон гашуун тавилан.
Аль өөдтэй нь хэрэг хийгээгүй ч хийсэн бүтээснийхээ төлөө
Арчаагүй бэртэгчингүүд,тонуулчидтай нийлж хуйвалдаагүйн төлөө
Ая тал засаж, өргөл барьц барин тонголзоогүйн төлөө
Аяа, манай дарга, сайд мундаг гэж шагшран гонгиноогүйн төлөө
Эрх чөлөөгөө хасуулах болсон Монголын
Энэ олон сэхээтнүүд шоронд тарчилж байна
Харанхуй цагийг тэвчихгүй нь, бухимдаж байна
Хамаг олон минь нойрноосоо сэрээд, нүдээ нээгээч!
Анх би хоригдохдоо хууль гууль болоогүй хэмээн
Ардчилсан төр, шүүх засаглалд итгэлтэй байсан
Цаг хугацаа хөврөн, цагдан хоригдсоор
Цагаан морин жилийн хувьсгалын ололтууд бүүдийсээр...
Үнэнд итгэх итгэл гэхдээ бүүдийхгүй, харин ч
Өчүүхэн төдий ч нимгэрэхгүй, сарнихгүй
Төрд шургалсанхүний муу нь далдрах цаг ирнэ!
Түмэн олны минь тэнгэр заяа түших цаг ирнэ!
Ардчилсан хувьсгалын үнэт зүйлсийг манай үеийнхэн
Амь хайрлахгүй тэмцэн хамгаална гэдэгт итгэнэм
Ахуу төрийн маань хос багана болсон намууд
Ариун үндэс язгуураараа ялзрахгүй байгаасай гэж найднам.
Сайн санааны үзүүрт сүү
Муу санааны үзүүрт цус
Саар санааны үзүүрт хор
Шар хэвлэлээр дүүрэн хов.
Сэтгэл ариун, ухаан уужим түмэн үнэнийг ялгана
Сэрүүн зүүдэлж, сэтэрт шүлэнгэдэгсэдийн тарыг танина
Ээдрээтэй зохиомол хэргүүдийн захиалагчдыг илчлэнэ
“Эрхэм” шүүгчдийн энэрэлгүй шийтгэлүүдийг шударгаар дэнслэнэ
Хүнд төрийн, хүчит нудрагаар заналхийлэх амилсан чөтгөрүүд
Хөсөр унан, булайгаа дэлгүүлэн, хуулиас зугтана.
Бийрийг бэхийн зууралд билүүдэн нийлүүлж
Бичиг цааснаа эрдэмтэн мэргэдүүдийн судар шашдираас
Эрт цагийн эрдэмтэн мэргэдүүдийн судар шашдираас
Энэ үеийнхэнд нэмэр болох болов уу хэмээн сургаал юуг түүж
Оргоо бусгаа цагийн хар дайрлага биднээс өөр
Олныг дайрч бүү зовоогтун гэж сэрэмжлүүлэх
Туйлын ганц хүсэлтэй мөрдөнгийн бодлуудаа бичсэн билээ
Тус усын аль нь болсонг хойчын дүү нар шийдэг.

No comments:

Post a Comment