Эх дэлхий минь өршөө!

Хавар, зун, намар, өвөл
Хагацал, дурлал, зовлон, жаргал
Хатуу, зөөлөн, муухай, сайхан
Хамаг бүгд байгаа ч байхгүй…
            Төрөөд, өсөөд, өтлөөд, нялхардаг
            Төөрөөд, хайгаад, олоод, ирдэг
            Төгсгөл үгүй, эхлэл үгүй энэхүү орчлонд
            Төөрсөн олон нэгийг эрсээр хорвоог туулна.
Амьдрал илгээгээд, үхлээр сольдог
Аргадаж илбээд, айлгаж аашилдаг
Унагаж уйлуулаад, өргөж инээлгэдэг
Урсгаж ширгээгээд, хураар дэвтээдэг
            Хүсэл өгөөд, хяслаар хазаарлах
            Хүйтэн хийгээд, халуунаар тэнцүүлэх
            Усаар умдаалж, галаар өрдөх
            Уураар мунхруулж, ухаанаар тэтгэх
Гэрэл бэлэглээд, сүүдэр дагуулсан
Гэгээг хайрлаад, харанхуйг дайсан
Жаргалд ташаарав гээд зовлонг тээсэн
Замбуулингийн өнгө аяс тоймгүй олон
            Түмэн бодис, буман увьдастай
            Түлхээд холдуулавч, татаад ойртуулах
            Мөнхийн энэ хорвоод, зуурдын энэ насанд
            Мөн чанарыг хайсаар хүмүүн насыг барна.
Хорвоо хоёр туйлтай
Хоног өдөр шөнөтэй
Сайныг дагах, саарыг дагах
Санааных, саруул хорвоо сонголтыг
            Санаа сайн бол заяа сайн гэсэн
            Сайн санаат ардын маань үгээр
            Харамлалгүй заагаад, хайрлаад байхад нь
            Хайхралгүй төөрөөд, ухаарсан нь цөөн.
Гэрэл сүүдэртэй хорвоод мэргэд
Гэгээрлийг эрэлхийж хоосон чанарыг хайна
Гэсгээл болоод цэнгэл зэрэгцэх орчлонд
Гэнэдэхгүй хичээн молхи би мэрийнэ.
            Дорнын мэргэдийн мянганаар хуримтлуулсан эрдмийн
            Дотоод чанарт нэвтэрхийг чармайсан
            Өрнийн мэргэд хорвоогийн ёсыг
            Өөр өөрийнхөөрөө чадан ядан тайлбарлана.
Ертөнц авгай гэдэг чинь би юмсанж хэмээн
Ерөөлөө айлдсан догшин хутагтын дуулал
Хорвоод сохор мэтээр бэдэрсэн миний
Хоёр нүдийг минь нээж өглөө, итгэлийг хурцаллаа.
            Газар шорооныхоо төлөө энэлэн шаналсан, мунхаг заримд нь
            Галзуу солиотойгоороо дуудагдсан гайхамшигт найрагчийн шүлэг дуу
            Гарт минь атгагдсан дүрэлзэх бамбар болон
            Ганцын харанхуй өдрүүдийг гэрэлтүүлэн, замыг чиглүүллээ.
Цагаасаа цойлсон чандмань эрдэнэ
Цагийн хатууд нухлагдан зовсон их найрагчийн
Тансаг шүлэг найрагууд нь зовлонг нимгэлж
Тамын ёроолд унагалгүй зориг зүрхийг минь ирлэлээ.
            Арга билгийн ертөнцөд, арга нь би бол билиг нь чи минь
            Амраг чи минь миний сэтгэлийн гал
            Амьдрах хүслийг минь түшиж өгсөн
            Аз жаргал өөд түмүүлэх жигүүр минь билээ.
Өнгөрсөн одоо идээдүйг холбогч
Өндөр дээд бүхнийг чадагчийн сургаал
Өөрсдөөсөө авралыг эр, зам чинь энэ гээд
Өчнөөн мянганы тэртээгээс гэрэлтүүлсээр байтал
            Өнөөдрийг хүртэл хүмүүн төөрсөөр
            Өвчин зовлонд нухлагдан шаналсаар
            Өөрөөсөө эхлэх авралыг огоорсоор
            Өөр хоорондоо араатан мэт мэрэлцсээр
Адгууснаас дор авирлах хүмүүн сүрэг
Авах орхихыг умартан сохроор бэдрэнэ
Аймшиггүйгээр өөрсдийгөө ертөнцийн эзэд хэмээн
Андууран ташаарч хомхой сэтгэлийг түгээнэ
            Мөнгө нь байвал өнгө нь олддог хорвоо гэж
            Мөн ч их эндүүрэх юм ихэнх нь
            Мөн чанар нь ирж буцах энэ ертөнцөд
            Мөн ч их эрцгээсэн дээ, олсон нь харин цөөн.
Олдож буй ганц амьдрал юм чинь бүхнийг
Олдосны зоргоор эдлэнэ гэж тачаадна
Орхиод одохыг умартан шуналын боол болж
Олзондоо хорогдон нүгэл хураана
            Эрдэнэт хүний бие зээлийн байр гэдгийг
            Эргэцүүлж ганц бодолгүй он жилийг улираана
            Энэрэнгүй сэтгэлт нэгний мунхагийг гайхан
            Эргэж буцахаа мартан эрх мэдэлд шунана
Хураасан нүглийнхээ үйлийн үрийг эдэлж
Хувирч төрөхдөө тэд улам тарчлана
Ухаарч зарим нь хойд урдахаа бодохдоо
Урьтаж бүхнээс илүү “буян” үйлдэх гэж улайрна
            Алтыг нь ухахдаа авдрыг нь хаяна
            Ардаа шарх сорви болсон ганга жалга үлдээнэ
            Алдар нэрэнд шүлэнгэтэн дээшээ мацна
            Асгарах нулимсан далайд олныг умбуулахдаа юм бодохгүй ч
            Авралыг эрэн бусдаас нуугдан нүглээ наминчилна.
Эрдэнэ өгөөд эргүүлэн авдаг
Энэрэх сэтгэлгүй хорвоо гэлтэй
Эсвэл ирсэн нь буцдагийг сануулахын тулд
Элдэвлэж нулимс урсгах учиртай ертөнц үү?
            Амьдралын утга учрыг эгэл би
            Аргадаж учирлан эрэлхийлсээр байна,
            Нарны алтан цацраг бүрт нь насны эрчим шингэсэн
            Сарны мөнгөн туяа бүрт нь амьдралын хэмнэл өгөгдсөн
            Нахиалж буй модны навчис болгон нь амьтай
            Найгаж буй цэцэгсийн дэлбээ бүхэн нь амьсгалтай
            Үлээж буй салхины илбэлт болгон нь эгшигтэй
            Үндэслэж буй тариан түрүү бүхэн нь шимтэй
Ертөнц авгай, эндүүрэгч хорвоо минь
Ерөөлөөр заяасан арга билгийн орчлон минь!
Тэнцүүлэн тэтгэгч хурмастын дор орших
Эвлэлдүүлэн ивээгч эх дэлхий минь өршөө!

Жич: XVII жарны “Ялгуулсан” хэмээх хөх морин жилийн, зуны адаг сарын 29-ны Балжиннямтай өдөр бодлоо эмхлэв. Ганц худаг, А-4-29.

2014.08.24

No comments:

Post a Comment