Өвөг дээдэс, эзэн богд найман зууны тэртээгээс
Өршөөлөө хайрлан, Монголоо өмгөөлөхдөө
Өндөр Гэгээнийг цөвүүн цагийн сахиус, Тэнгэрийн түшиг
болгон
Өнөр олон түмнээ хамгаал хэмээн илгээсэн мэт.
Түшээт ханы өргөөнд мэндэлсэн алтан ургийн агь
Төгөлдөр Ханджанц Хатны Ишдорж хүүгийн
Аянгат цэцэн билэг очирын буян хишиг
Ачлал түгээн, ном сургаал нь биднийг ивээсээр иржээ.
Гүүний сүүгээр цангаагаа тайлан цэнгэгч түмний
Гүн ухаан шингэсэн шимт хөрснөө Гэгээнтэн
Хутагтын орноос
эрдэм ном залан хөгжүүлсэн
Худан Монгол бичгээр барласан судар шашдир нь
Цастын орны мэргэдийн бүтээлээр сэлбэгдэн
Цаглашгүй их өв болон бидэнд хүрсэн.
Бурхан тахил шүтээн нь нүд баясган, сэтгэл сэргээж
Буман үед ч давтагдашгүй Монголын буян болон мөнхөрчээ.
Түүхийн шаргал
хуудсуудыг эргүүлэн сөхөхөд Өндөр Гэгээн
Түмэн олон шавь нарынхаа оройн дээд шүтээн байгаад
зогсохгүй
Улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан үлдсэн хутагт
Уран барималч, эрдэмтэн, эх оронч (хувилгаан) байжээ.
Бичиг үсэг, хэл соёлын хил хязгаарыг заагласан Соёмбо
үсэг болон
Билгүүний алх, аргын дөшинд тэгшлэн бүтээсэн бурхан тахил
нь
Он цагийн урсгалд, оргоо бусгаагийн үерт үгүй бололгүй
Олон зууныг дамжин шагшигдсан хосгүй соёлын өв,
Ухааны ур, гарын шидээр туурвисан бүтээл бүхэн нь
Урлаг соёлын тавтагдашгүй сургуулийн суурь болон
алдаршсан
Хэл бичиг, шинжлэх ухааны хөгжлийг Соёмбо үсэгтээ шингээн
Хэдэн зуунаар түрүүлэн харж үлдээсэн ариун хишиг.
Галдан тайжийн зүрхэнд оволзон байсан Монгол улсаа
Галын төл, илдийн ирээр ч хамаагүй хураах гэсэн санааг
Цастын орны мяндагтангууд өөрсдийн эрх ашигт нийцүүлэн
Цаагуураа нигууртай явууллага далдаас өөгшүүлсэн,
Түвдийн хуваргууд Монголын хүчээр өөрсдөд нь заналхийлэх
Түгшүүр аюулыг холдуулах ухаан сийлж бошигтыг турхирахдаа
Монголыг Монголтой нь тэмцэлдүүлэхдээ давхар санаандаа
Монголд дэлгэрсэн улааны хийдүүдийг галдуулсанг мартаж
боломгүй.
Галдан бошигтын 3 түмэн цэрэгтэй хүчээ үз гэж Гэгээнтэн
Гавьяагүй тэмцэлд түмнээ уриалж цус урсгалгүй
Орхон түшээ гүнээр хамгаалуулан өмнийг зорихдоо
Олон шавь нараа үхлээс авраад зогсоогүй,
Зөөлөн нь хатуугаа, зөв нь буруугаа дийлдэгийг батлан
Зэвсэг илүү, цэрэг олон Зүүнгарынхнаас дайжин хөдөлсөн ч
Зүг буруулан, харийг зорьсон мэт санагдавч цагийн
эргүүлэгт
Зүүнгарын хаант улс мөхөж, Монгол улс үлдсэн юм.
Хутагт хувилгаадын тэмцэлд Өндөр Гэгээнтэн дийлдсэн мэт ч
Хувилгаан Галдан халхыг галдан илүүрхсэн ч
Хормын ялалт ялалт бус ялагдал болон
Хойч ирээдүйд түмнээ авч үлдсэн нь ялсан бус уу.
Овжин харийн бодлогын урхинд ороогдон
Орон улсынхаа тусгаар тогтнолыг гээсэн мэт ч
Олхиогүй заримд адлагдан урвагчаараа дуудуулан явсан ч
Олон зууныг нэвт харсан мэргэн мэлмий оюуныг нь
Одоо цагт үгүйсгэх
“ухаантан” нэг
ч үгүй нь лавтай.
Олзонд шунасан Чин улс ор сураггүй үгүй болж
Омог бардам Монгол түмэн дээдсийн голомтоо сахин
Орон улсынхаа эзэд нь хэвээр сууна.
Дарнатын хувилгааны хойд дүр, Халхын анхдугаар Богд
Дайчин улсаас Монгол улсаа хамгаалан мөнхөрсөн,
Илдийн хүчээр биш номын шидээр Өндөр гэгээн
Эх орноо, Халх түмнээ хаацайлсан гавъяаг дуулая.
Тарган хонины ууц талалж буй хутагтын хөрөг дүр
Талын Монголчуудын ид хавыг хадгалж үлдэхээс гадна
Ёс заншил, өв соёл хамгаас чухагийг Гэгээнтэн
Ертөнцөд тунхаглан, шавь нартаа үлдээсэн сургаал болсон.
Нэгэн хүний насанд амжуулан бүтээсэн туурвисан бүхэн нь
Нэгэн улсын хувь тавилангийн хүндийг даагаад зогсолгүй
Үүрд оршин тогтнохыг билэгдсэн соёмбо тэмдэг нь
Өнөөдөр ч улсын маань төрийн далбааг чимэн хамгаалсаар.
Долнуурын чуулганаар эхлэн уншсан Гэгээнтний тарни
Долоон үеийн дараа Монголыг минь сэргээн мөхлөөс аварсан
Монголоо Монголоор нь авч үлдсэн Өндөр гэгээн Занабазарт,
Монгол түмний номын
мэргэн багшид сөгдөн мөргөе!
*****************************************************
Ан авд дуртай гэж хөөрцөглөх зарим нь өнөө
Алжаалаа салхинд гарч хийморио сэргээхээс төвөгшөөн
Аргагүй “торонд” цоожтой
тэнгэрийн нохдын ав зохион
“Ангийн” олзоор
ганзагаа мялаан, богцоо дүүргэн хөөрцөглөнө.
Өөрсдийн эр чадал, цэц мэргэний ачаар бус
Өрнөдийн том “тэрэг” хурдан бууны
“буянаар”
Хорт сумаар хойно хойноос нь өчнөөн буудаж байж
Хомроглон устгахаар санаахахыгаа ангийн олз, тэнгэрийн
хишиг гэж андуурагсад
Цөөвөр чоныг цөөлж л байвал цаана нь
Цөөн үлдэнэ үү байна уу огт хамаагүй
Торонд байгаа эсэх нь эсвэл техникийн хүчээр намнах нь
хэнд хамаатай юм бэ
Тоо нь хэрэгтэйгээс бусад нь үнэндээ падгүй
Олз л бол олз, олдсоныг нь цээрлэхгүй авна
Олонд үзүүлэх арьс нь хэрэгтэй, овсгоотой нь “шагайг” нь бас түүнэ
Онгирон цээжээ дэлдэн, “бартиараа”
татуулж, сархад залгихдаа
Онгод хилэгнэн, Тэнгэр бүүдийхийг анзаарах сөхөөгүй тэд.
Дээд тэнгэрээс заасан дэг ёсыг ичгүүргүй эвдэх эдгээр
Дэггүй, жудаггүй, сувдагуудыг анчид гэж хэлнэ гэж үү
Дэндүү эрээгүй авирлах эдгээр “гөрөөчдийг”
Дээрээс илгээсэн “гэсгээл” хэмээн
эндүүрч харин хэрэггүй.
No comments:
Post a Comment