Сэтгэлийн далай, итгэлийн мод


Хатуу зөөлөн ээлжлэн ирэх хорвоод
Харгис энэрэнгүй хоёр зэрэгцэн оршино
Жаргал зовлонгийн дуу тасрахгүй орчлонд
Жам ёсоор цагийг сөрөхийг хүсэвч зүгээр байлгахгүй юм.
Өргөст торны цаана хориотой иргэн нь
Өндөр төрийн минь сүлд өршөө гэж өнөөдөр залбирсангүй
Өс санаж, хөмхий зуун, мөчөөрхсөндөө бус
Өнөөгийн түшээдэд итгэл алдарсандаа залбирсангүй.
Хийгээгүй хэргийн төлөө ял эдлэх болсон минь үнэн
Хэлээ сугалуулсан мэт дугуй явж үл тэвчинэ
Билиг оюуныг минь гинжилж чадахгүйгээс хойш
Бие нь хүлээтэй хэмээн тавлаваас тэд андуурна.
Өргөст торны цаанаас ч үгээ хэлнэ
Өмхий шоронгийн камерт ч бодлоо хэлхэнэ
Үүрд бадрах итгэл үнэмшил сэтгэлд минь бий
Үнэн худлыг ялгах мэргэн ухаан түмэнд минь бий.
Эрх чөлөөгөө хасуулсан  арван нэгэн сар хагас, 350 хоног
Элдвийг бодон, бачууран суухдаа
Улс төрчид гэхэрхмүүдийн олонхи нь
Улсаа мөлжөгчид байсныг  бүрэн ухаарлаа
Ордны дотор түшээд хууль хэлэлцэх учиртай ч
Овсгоотой дийлэнх нь эрх ашгийн наймаа шидэлцэнэ
Орон улсын маань хөгжил цаасан дээр үлдэх вий гэж
Олноос тусгаарлагдан, цоожлогдсон иргэн нь санаашрана.
Эх орон маань сүйрлээ гэж цээжээ дэлдэгсэд
Эрх мэдлийн төлөө бүхнийг умартан улайрагсад
Ард түмэн маань туйлдлаа гэж нулимс асгаруулавч
Араар нь албан тушаалын панз үсэргэн завшигсад
Улсын маань эдийн засаг сөхөрсөн, сөхрөөгүй гэж мэтгэлзэнэ
Уудам нутгийн маань хөгжил хэцүүдлээ гэж мэлмэрүүлнэ
Эрх мэдэл, эд баялагт шүлэнгэтэхдээ
Эрхэм зорилгоосоо ухарсан нь тодорхой.
Зон олныг туйлдуулсан түшээдийн ордон дахь тэмцэл
Зоргоороо авирлах сувдаг сэтгэлийн өнөө цагийн илрэл
Зовлонд тэвчээртэй олныг бөгтийлгөн мөлхүүлж
Золбоо хийморь юуг нь гундааж байна.
Ажилд орох гэж иргэд нь хадаг ембүү болно
Ажилд орчихвол алдсанаа нөхөхийн дөнгөнд урхидуулна
Авахгүй  л бол араас нь түрэх олон юмнууд авчихна гэсэн
Арчаагүй бодлын боол болон ихэнх нь гэлдрэнэ.
Төр хамгийн ашигтай бизнес гээд хээв нэг
Түгдрэлгүй хүүрнэх түшээдийг хэрхэх билээ?
Эрлэгийн элч гээд тэвчин суулгүй, эрслэн босож
Эх орноосоо урвасан нөхөдтөй тэмцэх болсон баймаар.
Тал нутгийг нөмөрсөн шуурга дэндүү ширүүн
Тал засан зүсээ хувиргагсад дэндүү олон
Атаа жөтөөгөөр түмнээ цулбуурдан
Атгаг сэтгэлийн хоронд живүүлэхээр санаархах тул
Шувууд хүртэл түгшүүртэй жиргэх
Шуургатай цагийн бүрхэг өдрүүдийн турш
Шудрага үнэнийг олон сараар хүлээхдээ
Шуудхан бодсоноо хэлэхээр санаа шулуудсан, би.
Тулга тойрсон ноёдын цуст тэмцэл
Тулгар улсыг маань бутрааж байсан бус уу?
Хураасан улсыг хагаралдуулан тарааж
Хулгайн сэтгэлт харийхан биднийг сөгдүүлж байсан бус уу?
Өнгө мөнгөний хямдхан хавтгай энэ дэлхий
Үнэн худлыг дэнслэх болов уу? гэж бодоод хэрэггүй
Хар цагааныг ялгах тэнхэлгүй өнөө цаг
Харанхуйд бэдчин саарлыг сонгоно уу? гэж бахардаад нэмэргүй
Аль хир удаан бидний Монголчууд
Аль нэг намаар талцан хоорондоо уралцах юм бол?
Атаатан мэт бие биенийгээ өстөн мэт харахаа зогсох бол?
Аймшигт энэ намгаас аль болох хурдхан мултрахсан...
Төрийн залгамж чанар, хар хайрцагны бодлого гэж их ярих боловч
Түймрийн галд өртөх мэт эрх ашгийн зөрчил тэмцэлд нэрвэгдээд дууслаа
Эдийн засаг хямраагүй, яльгүй савалгаа хаана ч байдаг гэж
Эрх мэдэлтнүүд албан тушаалтайгаа зууралдан, улаан цайм мэлзэнэ.
Гаднаас нясалсан чулуунд өртөөд байгаагаа ухааралгүй
Гагцхүү эдийн засаг хямарлаа гэж хэсэг нь сандралдах юм
Гаднаас тулгасан хямд үнэ ял болон заналхийлэхдээ
Гадаа гэртгүй өрнөх дотоодын хямралыг улам өрдөх юм.
Ардчилалын эрхэм сонголтоо бид ахин
Ал Горын хар хайрцганд завшуулж болохгүй
Ард түмэн үнэнийг нэхэх эрхтэй
Ардчилал АРДЧИЛАЛ-аараа үлдэх хэрэгтэй.
Үнэн худлын дунд хуйлрах салхи
Түмний итгэлийг хэрхэвч нугалахгүй
Зовсон түмэн үнэнийг ялгаж салгана
Зовлон туулсан сэтгэлийн хатыг шуурга дийлэхгүй.
Цаг нь ирэхээр салхи эргэнэ
Цасан дороос яргуй цухуйна
Цайлган түмний минь заяа түшнэ
Цадиггүй хоёр нүүртэнгүүд бүгд далдрана.
Өндөр төрийн минь ноён нуруу ганхахгүй
Өршөөлт түмний минь мэргэн ухаан бүүдийхгүй
Олсон шарх сорвигүй илааршиж, зовиур нимгэрэх цагт
Онгод баясан, биднийг ивээнэ, улс маань өөдлөн дэвжинэ.
Булах гэж заналхийлэх тусам улам оргих
Булгийн цэнгэг  ус мэт олны сэтгэлийн далай
Ээдрээтэй хувь заяаны эрчлээнд шавхагдахгүй
Ээрэм талын салхи мэт эрх чөлөөтөй хэвээр.
Булаах гэж сүржигнэх тусам улам ургах
Бусдаас өндөрт тэмүүлэх бидний итгэлийн мод
Цавчих тусам улам эгцэрч тэнгэр өөд дүүлнэ
Цавчсан гар цуцах бол мод нахиалж, газар дэлхий баясна!

No comments:

Post a Comment