Эвийн мөрөөдөл түмний хүслэн

Улсын төв шоронд аж ахуйн ялтан
Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээнэ
Эрхээ хасуулаад таван зуу хонов
Элдвээр цоллуулаад арван зургаан сар гаран болов.
            Хэлмэгдлийн эрхшээлд, засгийн цоожинд
            Хийх хүслээр оргилон сууна
            Хийморлог үйлс, Монголын ирээдүйг
            Хэн ч бидэнд бүтээж өгөхгүй.
Хямрал нөмөрч гарцгүй болсон
Хярамцаг олдохгүй ард олон зүдэрсэн
Идэшний цагаар хоёрдугаар ээлжийнхэн
Эрээ цээргүй засагт шүлэнгэтнэ.
            Баруун уу, зүүн үү- хэнд хамаатай
            Баялаг хуваахад зүг хамаагүй
            Балчир уу, настан уу – хэнд хамаатай
            “Баялаггүй” заримд нь сургаал хамаагүй
Зүрхгүй биенд сэтгэл үгүй
Зүг чиг итгэл үнэмшил бүр хэрэггүй
Зөв буруу, үнэн худал хэнд хэрэгтэй
Зөөлөн сэнтий, ахиухан цавчаа л “тэдэнд” хэрэгтэй.
            Ямбыг нь эдлэхээс үүргээ умартсан “тэдэнд”
            Язгуур эрх ашиг ярьж битгийн төвөг бол гэх
            Намчирхан номчирхогсод авралыг авчрав уу
            Нарлаг нутгийнхаа хөгжилд хөг нэмэрлэв үү.
Наймаа панзад гаршсан зарим нь
Нам бараадан нарснаас бултсан ч
Сурсан юмыг сураар боож үл болно
Суу залийг луйвраар орлуулагсад.
            Халаасаа дүүргэх нь хамгаас чухал
            Хамаг олны зовлон хэнд хамаатай
            Амлалтын сайхнаар хуурчихна түмнийг
            Айраг наадмаар молигдчихно төвөггүй.
Хэтэвчээ зузаалах нь бүхнээс эрхэм
Хийсэн бүтээсэн хэнд хамаатай
Өр зээл хойч ирээдүйн ачаа
Өнөөдрийн асуудал харин огт ондоо.
            Тулга тойрсон цөөнгүй маргаан
            Тулаан болон түмнийг минь багалзуурдах вий
            Дотоодын самуурал, итгэлийн хомсдол
            Дов жалга сандал ширээний тэмцэл.
Эзэнгүй мессежүүд үүрэн холбоогоор түгэж
Эгдүүцсэн олон түшээдийг сандраахад
Зүгийн муугаар зөвхөн урд зүг тодорч
Зүйл зүйлээр адлуулж, хараалд булагдав.
            Намрын айлчлалаар найр тавин
            Нахилзан бөхөлзөн хамтдаа хөгжих
            Гэрэлт ирээдүй зөвхөн биднийх гэцгээсэн
            Гэгээрцгээн, ам гарцгаасан түшээд ахин самгардав уу.

Ой той нь ийм дорой юм уу
Орон улсынхаа эрх ашигт ийм сэтгэлгүй улс уу
Итгэж ядсан зарим нь халаглан харамсана
Итгэл алдарсан дийлэнх нь бухимдан цухалдана.
            Амандаа орсон шар тосыг тонгочин
            Арваад жил хэлээрээ түлхэж цамаархлаа
            Ардчилалын шуурганд туугдагсад цөхрөөд
            Аргагүй тамирдлаа, элгээрээ хэвтлээ.
Улсын маань хөгжилд өнөөдөр
Уран үгс, хоосон амлалт огт хэрэггүй
Хагаралдан уралцан цаг бүү алдаач
Хамаг олон туйлдаж гүйцлээ.
            Алтан гадсаар чигээ баригсад
            Аргаа барсаар харанхуйд бэдрэнэ
            Үүлтэй  тэнгэр хар шуурганаар
            Үүрэглэх олныг айдсаар нөмрөнө.
Холоос эргэсэн эрхэм буцахдаа
Хоёр “найзыг”нанчилдуулж дөнгөв
Гэрээнээс үүдэлтэй хэрүүл дэгдэж
Гэр дотрох зодоон ширүүсэв.
            Өнгөөр ялгадаг нь ужигран даамжраад
            Өгсөн авсан, өврийн хормойныхоороо талцацгаав
            Өөрийн хүний хамаагүй аавынхаар сүрдүүлээд
            Өрөөлийн өгөөш болж буйгаа ухаарах сөхөөгүй.

Униар биш утаа татсан намрын өдөр
Улсын Их Хурал засгаа огцруулав
Хамгийн хамгийн чимэгт тодотгол
Халааг нь авсан эрхэм нэгэндээ хайрлав.
            Эв эвдэгсэд улсыг бутраадаг
            Эвтэй түмэн дэлхийд дуурсагддаг
            Эвийн мөрөөдөл түмний хүслэн
            Эх орны минь хөгжлийн түлхүүр.
Зүдэрсэн олон минь бусдад найдалтгүй
Зүгээр суугад аврал ирэхгүй
Зөвхөн өөрсдөө мэрийвэл зохино
Зөв бурууг тунгаан урагшилвал болно.
            Түүх давтагддаг юм, давтагдлаа
            Түмэн олон үүнийг мэднэ, санана
            Түрэмгий санаатан өөрийн зэхсэн
            Түнэр харанхуй нүхэнд унана.
Бухимдсан олны буцалсан зэвүүцэл
Булайг нь дэлгэх түмний түрлэг
Оволзох цагаар “тэд” зугтах нь ойлгомжтой
Овилгогүй санаандаа “тэд” ороогдох нь тодорхой. 

Морьтой түмэн

Урд хөрш хэзээ ч Монголын эзэн сууж байсангүй
Угсаа гарал бид хэзээ ч хамт байгаагүй
Нангиад улсын эзэн суусан  Манжууд
Нарийн ов залиар эрхшээлээ тогтоож байснаас
Эр цэрэг ирт зэвсгийн хүчээр
Эрэлхэг Монголыг сөхрүүлж хэн ч яваагүй
Эрх дархаа булаалдсан урагшгүй ноёдын
Эргүүтсэн бодлого цуст тэмцлийн уршгаар сөгдсөн.
Тэглээ гээд бид Манжууд шиг уусаагүй
Тэсэж Монгол дарангуйллыг давсан
Тэрсэлж өвгөд маань эрх чөлөөгөө олсон
Тэнэгэр нутагтаа тусгаар тогтнолыг залсан.
Монгол нэгнийх нь төөрсөн хүү нь биш
Монгол нөгөөгийнх нь өнчирсөн дүү нь биш
Монгол хэний ч төмөр тэргэнд суух учиргүй
Монгол хэнээс ч гуйхгүй морьтой түмэн!

Есийн билэгдэл Монгол

Есөн өрлөг нь богд Чингисийг даган хорвоод дуурссан
Есөн үедээ дархлагдаж байсан цэгц баатруудтай
Есөн эрдэнийн орныг буурал найрагч магтан дуулсан.
Есийн билэгдэлт Монгол түмнийг нухчих гэсэн Чин улсын
Есөн эрүү шүүлтийн хар цагийг давсан шилийн эрсийнхээ араас
Есөн цагаанаар өргөл бариулах харийн дарангуйлалыг эрслэн боссон
Есөн хүсэлдэ эрх чөлөө, тусгаар тогтнолоо тамгалсан
Есөн аймаг нь халх дөрөв, шавь тав, Ховд Урианхайн хязгаартай
Есөн Богд Жавзандамба хутагтуудын адистай өнөөдрийн Монгол
Есөн хар сүлдээ цэрэг эрсээрээ чанд сахиулсан
Есөн цагаан сүлдээ төрийнхөө ордонд нандигнан залсан
Ертөнцөд гайхагдсан тусгаар Монгол улс!
Ерөөл арвин, сэтгэл цайлган Монгол түмэн
Есийн тоог дээдэлж ирсэн нь учиртай
Есөн сарын еснийг угтан ханьдаа зориулж бодлоо тэрлэв.

Үгэнд итгэх итгэл

Хичнээн сараар хэлмэгдэн хоригдсон би
Хэзээд үнэнийг олох нэгэн гэрэлт хором
Гарцаагүй ирнэ гэдэгт бат итгэлтэй
Ганцын хоног өдрийг элээж сууна.
Харанхуй  камерт  сэрүү татан, жихүүцэм зэврүүн
Хан уулын ар хормой шаргалтана, намар ирж дээ...
Хорионы хоног тоолсоор дөрвөн зуун хорин тав хонов
Хоригдол би бодлоо хэлхэсээр 14 сарыг өнгөрөөв.
Улс төрийн хоригдол арай биш ч
Улсаас хумсалсан луйварчин бас биш ч
Улс амьтан залилан тоносон нь бүр биш ч
Улсын төв хориход хүлээлгэнд бүртгэлтэй
Хэрэг хийгээгүй хэдий ч, хэрэгтэн шошигтой
Гай тариагүй ч, Ганцын шоронд данстай
Улс төрөөр хөөцөлдөөгүй ч, улс төрийн хэргийн хөшигтэй
Үнэн хэрэг дээрээ дэндүү эрээгүй дээрмийн хохирогч,
Эргэлтээр ирсэн ханьтайгаа хэдэн минут уулзчихаад
Эргээд мөрдөнрүү туугдаад гарахдаа
Эртний нөхөр Бат инженертэй шалганы үүднээ
Эгц урд урдаасаа нүүр тулан учирлаа
Эхлээд би түүнийг таньсангүй, ийм газар уулзана чинээ санасангүй
Энэ чинь Анхаа юу даа? гэх дуунаар нь зог туслаа
Хөгшин Европоор Монголоо сурталчилан
Хөлсөө урсгаж, амаа цангатал ярьж явсан үеийн
Нисэхийн хуучцуулын нэг аргагүй мөн байв
Нээрээ бид бэрх цагт тоос хөдөлгөж явна даа...
Хийсэн хэрэггүй мөртөө би хоригдоод өчнөөн сар болсон бол
Хэлсэн, жиргэснээсээ болоод нэг нөхөр маань хоригдож байна.
Ардчилсан Монгол авлигатай дайн зарлаад
Алаг үзлийн хорт хавдарт нэрвэгдсэн нь даамжирч
Үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийг нугаслахын тулд
Үйлийг нь үзэхээр 100 хоногоор цоожлов.
Салбарын сайд нь шүгэл үлээгчидтэй дайн зарлан
Салам жиргэсэн ч дийлдээд ирэхээрээ
Ялан дийлж, нухчин дарахын занганд ховсдуулаад
Ямбаа эдлэхийн тулд инженерийг яллуулав.
Сайхан Монголдоо зочин гийчдийг аялаач хэмээн
Салахгүй МИАТ-ынхантай олон үзэсгэлэн яармагт оролцсон
Арваад жил дөрөө харшуулан эх орноо магтаж явсан улстай
Аавынд ээлж дараалан таарах болсон гашуун тавилан.
Аль өөдтэй нь хэрэг хийгээгүй ч хийсэн бүтээснийхээ төлөө
Арчаагүй бэртэгчингүүд,тонуулчидтай нийлж хуйвалдаагүйн төлөө
Ая тал засаж, өргөл барьц барин тонголзоогүйн төлөө
Аяа, манай дарга, сайд мундаг гэж шагшран гонгиноогүйн төлөө
Эрх чөлөөгөө хасуулах болсон Монголын
Энэ олон сэхээтнүүд шоронд тарчилж байна
Харанхуй цагийг тэвчихгүй нь, бухимдаж байна
Хамаг олон минь нойрноосоо сэрээд, нүдээ нээгээч!
Анх би хоригдохдоо хууль гууль болоогүй хэмээн
Ардчилсан төр, шүүх засаглалд итгэлтэй байсан
Цаг хугацаа хөврөн, цагдан хоригдсоор
Цагаан морин жилийн хувьсгалын ололтууд бүүдийсээр...
Үнэнд итгэх итгэл гэхдээ бүүдийхгүй, харин ч
Өчүүхэн төдий ч нимгэрэхгүй, сарнихгүй
Төрд шургалсанхүний муу нь далдрах цаг ирнэ!
Түмэн олны минь тэнгэр заяа түших цаг ирнэ!
Ардчилсан хувьсгалын үнэт зүйлсийг манай үеийнхэн
Амь хайрлахгүй тэмцэн хамгаална гэдэгт итгэнэм
Ахуу төрийн маань хос багана болсон намууд
Ариун үндэс язгуураараа ялзрахгүй байгаасай гэж найднам.
Сайн санааны үзүүрт сүү
Муу санааны үзүүрт цус
Саар санааны үзүүрт хор
Шар хэвлэлээр дүүрэн хов.
Сэтгэл ариун, ухаан уужим түмэн үнэнийг ялгана
Сэрүүн зүүдэлж, сэтэрт шүлэнгэдэгсэдийн тарыг танина
Ээдрээтэй зохиомол хэргүүдийн захиалагчдыг илчлэнэ
“Эрхэм” шүүгчдийн энэрэлгүй шийтгэлүүдийг шударгаар дэнслэнэ
Хүнд төрийн, хүчит нудрагаар заналхийлэх амилсан чөтгөрүүд
Хөсөр унан, булайгаа дэлгүүлэн, хуулиас зугтана.
Бийрийг бэхийн зууралд билүүдэн нийлүүлж
Бичиг цааснаа эрдэмтэн мэргэдүүдийн судар шашдираас
Эрт цагийн эрдэмтэн мэргэдүүдийн судар шашдираас
Энэ үеийнхэнд нэмэр болох болов уу хэмээн сургаал юуг түүж
Оргоо бусгаа цагийн хар дайрлага биднээс өөр
Олныг дайрч бүү зовоогтун гэж сэрэмжлүүлэх
Туйлын ганц хүсэлтэй мөрдөнгийн бодлуудаа бичсэн билээ
Тус усын аль нь болсонг хойчын дүү нар шийдэг.

Өвлийн нэгэн дурсамж

Цахилах гөрөөс мэт дээшээ хөнгөхөн
Цасан дээр мөр татуулан алхах чинийхээ
Ард чинь хол хоцрохгүйг хичээн
Амьсгаагаа дарж ядан өгсөхөд /тэрхэн зуур/
                Жалам харыг бүжиж явсан
                Жавхаалаг төрх чинь нүднээ тодхон
                Жаахан, улаан бүчтэй охин зуслангийн тайзнаа
                Жаргалтай хүүхэд насаа дуулан зогссон дурсамж тодхон
                Жавартай өвлийн тэр өдөр хоёуулаа уулын өөд алхахад
                Заяаны чиний минь ялдам харц зүрхэнд хөгжим уянгалуулна.
Орой дээрээс даллаж зогсох чамайгаа хараад
Оргилох сэтгэл минь хайраар бялхасан
Онцгой чамруугаа гүйхээрээ хүрээд
Онцын нандин үгсийг шивнэнхэн зогссон
                Уулын бэлд үлдсэн олон дунд нөхдүүд
                Уралдаан сонирхох завсар чинийхээ хамт
                Улсынхаа нийслэлийг алсаас ширтэн саатсан
Хүйтэн өвлийн сайхан дурсамж санагдан
Хүний эрхэнд өнгөрөөх намрын сэрүүн өдрийг дулаацуулав.

Будилах хөөрхийс

Бүүдгэр энэ цагт итгэлийн суурь сулын балгаар
Бөөгийн дуудлага сонсон, онгодод сүслэн мөргөж дуусаад
Бүрэнхий болохоос өмнө Ганданд ном хуруулах минь гэх
Бүдэрсэн, тэмтэчсэн олон сандрах нь өрөвдмөөр,
Буян амалдаг юм, нэг нь тус болох л байлгүй гээд
Буцахдаа Ертөнцийн эзний өргөөгөөр шагайх будилах хөөрхийс
Буруу зөвийг ялгая гэж хичээхийн оронд мухар сүсэгт автан
“Бузрын” савраас мултарч, гэгээрсэн замд орох гэж яарна
Маш их гай барцад шүгэлсэн гээд өглөгийн үүдийг “нээх” гэхдээ
Машиныг нь галдах бөө онгодтой харицдаг нь юу л бол
Маани мэгзэм унш гэж заалдагч  хуврага сахилаа умартан
Маргаашийн хурлаа огоорон жинс жийж, пааб эргүүлдэг нь юу л бол.
Мэргэн түргэн, мэддэг үздэг нь олширсон энэ цагт
Миний юм минийх, чиний юм бас минийх гэгсэд бүүр олширох нь
Олны дундаас нэг нь тус болох л байлгүй гэж
Олдсонд нь мөргөж, сургаар бишрэн, олонхи нь төөрөлдөнө.

Бид цагаадна!

Цагаан морин жилээс хойш
Цагийн өнгө наашилсан хэдий ч
Ардчилсан төрд шургалсан цөөнгүй
Аргаа өөрчилсөн бирдүүдийн шунал тоймгүй.
                Хөх тэнгэр, хөрст дэлхийгээр овоглосон, ард гаралтай
                Хөгжил өөд тэмүүлэх ажилчны хүү
                Эрх чөлөөтэй, чөдөрлүүлэхгүй, алхаад байна
    Эрх баригчидад өргөл өргөхгүй, ажиллаад байна  
Цаг алдахгүй дарах хэрэгтэй ч
Цаазалж болохгүй, “ардчилалд” харш
Ял өгсөн болоод шоронд хатааж
Яргалан тамлахад ахин өндийхгүй,
                Төрийн нэрийг одоо л барьж нухчихгүй бол
                Түмэн жигштэл одоо л муулахгүй бол
                Шүүхийн нэрээр хориод цээрлүүлэхгүй бол
                Шүүсийг нь шахаад эрүүдэн шүүхгүй бол
Ажил нь дэвжээд, гүйцэгдэхээ байх нь
Ард олон түрээд, түшээд авах нь
Авлигагүй, бульхаагүй, зусардахгүй явж болдогийг
Асар тодоор харуулах нь, атаа нь хөдөлж тэвдээд “тэд”
                “Аавынд” цоожиллоо, хэрэг тохлоо
                Арван хэдэн сар мөрдөн дамжуулан хорьлоо, үйлийг нь үзлээ
                Авлигачин, луйварчингаар нь цоллож, шар хэвлэлийн
                Амыг чилтэл, олныг залхтал, албаны мөнгийг баран цацлаа.
Алчихмаар байдаг даанч “тэд”
“Авч” амжаагүй тул чадахгүй
Булчихмаар байдаг даанч “тэдний”
Бульхаа илрэх гээд боломж гарахгүй
                Бузар санаандаа хор найруулсаар
                Бурангүй түшмэл хотлоор нь самрана,
                Анд болоод атаатнаа ялгахгүй болог гэж
                Арван дөрвөн сар хорьж хүчийг үзүүлэв,
                Атгаг сэтгэл нь ханашгүй тийрэн
                Аваагүйн учир занасаар, хорсолдоо живнэ.
Ард олны ухаан санааг
Айдас хүйдсийн түмэн хэлхээгээр торлож
Түмэн олны сэтгэл зүрхийг
Түнэр харанхуйн буман гогцоогоор тушиж
                Өрөөлийн бүтээсэнд тачаадан
                Өшрөн занаж мэс хурцалсан
                Өр зүрхэндээ шунал шивсэн
                Өлөн сэтгэлдээ атаа сийлсэн
                Атгамалын гарт орсон төрийн алба
                Ардчилалыг улдсан мангаа болсон.
Шүүхийн өмнө миний, бидний буруутайг
Шүүн хэлэлцэхдээ дэндүү бульхаатай
Ардчилсан Үндсэн Хуулийг “тэд”
Аргаа барахдаа уландаа гишгэлэн, гууль болгов.
                Зөвийг ичгүүргүй буруутгаж
                Зөөлнийг сонжуургүй булшилж
                Хуулиас өөрсдийгөө дээгүүрт тооцон андуурч
                Хульчгар бусдын гараар огой бариулсан.
Өнөө төрийн нэр зээлсэн этгээд
Өнгөрсөн цагийн хэлмэгдүүлэлтийг давтахдаа
Хурц мэс атгасан уу, үгүй
Худал гүтгэлгээр булсан уу, тийм!
Бусдыг бульхаагаар нь ноолж
Буруу үйлдэлд түлхэн турхирсан.
                Ардчилалын нэрийг барьж тэрээр
                Ардчилалыг булшилахаар завдахдаа
                Худал үнэнийг ялгая гэж бодсон уу, үгүй
                Хулгай дээрэм хийхээр улайрсан уу, тийм!
                Хуулийг гууль болгож бярдав
                Худлыг “үнэн” болгож бардав.
Цээжиндээ түймэр шатсан ч утааг хамраараа гаргадаггуй гэдэг
Цэцэн түмнийхээ мэргэн үгийг санан санан
Өрөөлийг “нүх” рүү түлхээд, өөрөө гар гэсэн “санаа”
“Өршөөл гийгүүлэх” мэт хэдэнтээ “тэд” цухалзуулсан ч                  
                Үнэнийг гуйвуулж, худал өчиг өгөөгүй
                Өөрийгөө бодож, бусдыг гүтгэж шоронгоос гарахгүй
                Үхлээр заналхийлгүүлэн, өвчинд дарлуулсан ч цэх зогссон
                Өндөр Тэнгэр, үнэнч нөхөд үүнийг мэднэ.
                Ядсан “тэд”, ялаар сүрдүүлж, доромжлолд хутгалаа
                Ясыг нь цайтал “суулгана” чамайг гэж далайлгалаа.
Өөдгүй санаатны гүтгэлгийн хоронд
Өөрийн зарим нөхдийн минь ой санамж зэвэрч
Өстөнийг баярлуулж, үнэнд эргэлзэх
Үнэн сэтгэлийг шархлуулах шахаж
Шархан дээр давс үрэх мэт
Шаналсан сэтгэлийг улам эмзэглүүлэв.
                Тэглээ гээд би нугарахгүй
                Тэнэг бухимдалд нухлуулахгүй
                Өчнөөн жилийн нөхөрлөлийн хуяг дуулга
                Өрөөлийн тэр хорт суманд дийлдэхгүй.
                Өтөнд идэгдэж дотроосоо бид ялзрахгүй
                Өстөнийг тэгэж баярлуулахгүй!
Хөдөлшгүй үнэн гэж байдаг юм
Хүйтэн сэтгэлтний айдаг үнэн гэж байдаг юм
Төрсөн бие минь бие сэтгэлээрээ тэр ҮНЭНИЙГ нандигнан ирлээ
Төрийн сүлд түмэн мэлмийдээ цаг нь ирэхээр болгооно гэж итгэнэм.
                Даравч далдайна булавч бултайна гэж
                Дайсан үнэнийг устгаж чадахгүй
                Данагар үнэн хаяанд ирсэн, хаалга тогшиж байна
                Сунагар шоронгийн хоногууд дуусах дөхөж, цаг наашилж байна.
Цаг нь ирэхээр бид цагаадна
Цадиггүй луйварчид бүгд далдрана!
Цайлган түмний нуруу тэнийнэ
Цайрсан тонуулчид бүгд тонилно!

“Өлсөх” юм

Өлссөн хүн өөх тос яриад хэрэггүй
Өөрийгөө зовоохын нэмэр хэмээн
Өрөөлийн эрхэнд тарчилсан их найрагч
Өчнөөн жилийн өмнө бичсэн байдаг…
            Өнөөдөр би Ганцын шоронд
            Өлсөж цангаагүй ч “өлссөөр” байна,
            Өр зүрхнээсээ “эрх чөлөөг” хүлээн
            Өдөр бүр, цаг тутам “өлсөж” байна
Өмхий шоронд цүдийтлээ идэх хоол байвч
Үмх талх хоолой давахгүй “өлсөх” юм
Цэвэр агаар, тал нутгаараа “өлсөх” юм
Цэнгэг устай гол мөрнөөрөө “өлсөх” юм
Чинийхээ хайр, нандин үгээр чинь “өлсөх” юм
Чихэр шиг амттай уруул юугаар чинь “өлсөх” юм

Уулзах өдрийг угтсан шүлэг

Бүрхэг өдрийн дүнсгэр үүлэнд нухлагдан, гунихарч суухаар
Бүртийх ч үүлгүй өдрүүдийн дурсамжаар сэтгэлээ хөгөлсөн минь дээр
Харанхуйд өнгөрөөсөн хоног саруудыг тоолсноос
Хайрттайгаа уулзах өдрийг угтан тоолсон минь дээр.                                                          
Уулзах өдөр ирэхэд,
Хатуу цагийн урт ганг тайлж
Хайр минь нялх цэцэгсээр цэцэглэнэ
Харанхуй цагийн бэрх зудыг давж
Хайр минь ариухан дэлбээгээр дэлбээлнэ
Тэр нялх цэцэгсийн анхилуун үнэрт согтон
Тэргэл сарны бүдэгхэн гэрэлд чамайгаа
Тэврэнхэн, энхрийлэнхэн, бүхнийг умартана!

Эх дэлхий минь өршөө!

Хавар, зун, намар, өвөл
Хагацал, дурлал, зовлон, жаргал
Хатуу, зөөлөн, муухай, сайхан
Хамаг бүгд байгаа ч байхгүй…
            Төрөөд, өсөөд, өтлөөд, нялхардаг
            Төөрөөд, хайгаад, олоод, ирдэг
            Төгсгөл үгүй, эхлэл үгүй энэхүү орчлонд
            Төөрсөн олон нэгийг эрсээр хорвоог туулна.
Амьдрал илгээгээд, үхлээр сольдог
Аргадаж илбээд, айлгаж аашилдаг
Унагаж уйлуулаад, өргөж инээлгэдэг
Урсгаж ширгээгээд, хураар дэвтээдэг
            Хүсэл өгөөд, хяслаар хазаарлах
            Хүйтэн хийгээд, халуунаар тэнцүүлэх
            Усаар умдаалж, галаар өрдөх
            Уураар мунхруулж, ухаанаар тэтгэх
Гэрэл бэлэглээд, сүүдэр дагуулсан
Гэгээг хайрлаад, харанхуйг дайсан
Жаргалд ташаарав гээд зовлонг тээсэн
Замбуулингийн өнгө аяс тоймгүй олон
            Түмэн бодис, буман увьдастай
            Түлхээд холдуулавч, татаад ойртуулах
            Мөнхийн энэ хорвоод, зуурдын энэ насанд
            Мөн чанарыг хайсаар хүмүүн насыг барна.
Хорвоо хоёр туйлтай
Хоног өдөр шөнөтэй
Сайныг дагах, саарыг дагах
Санааных, саруул хорвоо сонголтыг
            Санаа сайн бол заяа сайн гэсэн
            Сайн санаат ардын маань үгээр
            Харамлалгүй заагаад, хайрлаад байхад нь
            Хайхралгүй төөрөөд, ухаарсан нь цөөн.
Гэрэл сүүдэртэй хорвоод мэргэд
Гэгээрлийг эрэлхийж хоосон чанарыг хайна
Гэсгээл болоод цэнгэл зэрэгцэх орчлонд
Гэнэдэхгүй хичээн молхи би мэрийнэ.
            Дорнын мэргэдийн мянганаар хуримтлуулсан эрдмийн
            Дотоод чанарт нэвтэрхийг чармайсан
            Өрнийн мэргэд хорвоогийн ёсыг
            Өөр өөрийнхөөрөө чадан ядан тайлбарлана.
Ертөнц авгай гэдэг чинь би юмсанж хэмээн
Ерөөлөө айлдсан догшин хутагтын дуулал
Хорвоод сохор мэтээр бэдэрсэн миний
Хоёр нүдийг минь нээж өглөө, итгэлийг хурцаллаа.
            Газар шорооныхоо төлөө энэлэн шаналсан, мунхаг заримд нь
            Галзуу солиотойгоороо дуудагдсан гайхамшигт найрагчийн шүлэг дуу
            Гарт минь атгагдсан дүрэлзэх бамбар болон
            Ганцын харанхуй өдрүүдийг гэрэлтүүлэн, замыг чиглүүллээ.
Цагаасаа цойлсон чандмань эрдэнэ
Цагийн хатууд нухлагдан зовсон их найрагчийн
Тансаг шүлэг найрагууд нь зовлонг нимгэлж
Тамын ёроолд унагалгүй зориг зүрхийг минь ирлэлээ.
            Арга билгийн ертөнцөд, арга нь би бол билиг нь чи минь
            Амраг чи минь миний сэтгэлийн гал
            Амьдрах хүслийг минь түшиж өгсөн
            Аз жаргал өөд түмүүлэх жигүүр минь билээ.
Өнгөрсөн одоо идээдүйг холбогч
Өндөр дээд бүхнийг чадагчийн сургаал
Өөрсдөөсөө авралыг эр, зам чинь энэ гээд
Өчнөөн мянганы тэртээгээс гэрэлтүүлсээр байтал
            Өнөөдрийг хүртэл хүмүүн төөрсөөр
            Өвчин зовлонд нухлагдан шаналсаар
            Өөрөөсөө эхлэх авралыг огоорсоор
            Өөр хоорондоо араатан мэт мэрэлцсээр
Адгууснаас дор авирлах хүмүүн сүрэг
Авах орхихыг умартан сохроор бэдрэнэ
Аймшиггүйгээр өөрсдийгөө ертөнцийн эзэд хэмээн
Андууран ташаарч хомхой сэтгэлийг түгээнэ
            Мөнгө нь байвал өнгө нь олддог хорвоо гэж
            Мөн ч их эндүүрэх юм ихэнх нь
            Мөн чанар нь ирж буцах энэ ертөнцөд
            Мөн ч их эрцгээсэн дээ, олсон нь харин цөөн.
Олдож буй ганц амьдрал юм чинь бүхнийг
Олдосны зоргоор эдлэнэ гэж тачаадна
Орхиод одохыг умартан шуналын боол болж
Олзондоо хорогдон нүгэл хураана
            Эрдэнэт хүний бие зээлийн байр гэдгийг
            Эргэцүүлж ганц бодолгүй он жилийг улираана
            Энэрэнгүй сэтгэлт нэгний мунхагийг гайхан
            Эргэж буцахаа мартан эрх мэдэлд шунана
Хураасан нүглийнхээ үйлийн үрийг эдэлж
Хувирч төрөхдөө тэд улам тарчлана
Ухаарч зарим нь хойд урдахаа бодохдоо
Урьтаж бүхнээс илүү “буян” үйлдэх гэж улайрна
            Алтыг нь ухахдаа авдрыг нь хаяна
            Ардаа шарх сорви болсон ганга жалга үлдээнэ
            Алдар нэрэнд шүлэнгэтэн дээшээ мацна
            Асгарах нулимсан далайд олныг умбуулахдаа юм бодохгүй ч
            Авралыг эрэн бусдаас нуугдан нүглээ наминчилна.
Эрдэнэ өгөөд эргүүлэн авдаг
Энэрэх сэтгэлгүй хорвоо гэлтэй
Эсвэл ирсэн нь буцдагийг сануулахын тулд
Элдэвлэж нулимс урсгах учиртай ертөнц үү?
            Амьдралын утга учрыг эгэл би
            Аргадаж учирлан эрэлхийлсээр байна,
            Нарны алтан цацраг бүрт нь насны эрчим шингэсэн
            Сарны мөнгөн туяа бүрт нь амьдралын хэмнэл өгөгдсөн
            Нахиалж буй модны навчис болгон нь амьтай
            Найгаж буй цэцэгсийн дэлбээ бүхэн нь амьсгалтай
            Үлээж буй салхины илбэлт болгон нь эгшигтэй
            Үндэслэж буй тариан түрүү бүхэн нь шимтэй
Ертөнц авгай, эндүүрэгч хорвоо минь
Ерөөлөөр заяасан арга билгийн орчлон минь!
Тэнцүүлэн тэтгэгч хурмастын дор орших
Эвлэлдүүлэн ивээгч эх дэлхий минь өршөө!

Жич: XVII жарны “Ялгуулсан” хэмээх хөх морин жилийн, зуны адаг сарын 29-ны Балжиннямтай өдөр бодлоо эмхлэв. Ганц худаг, А-4-29.

2014.08.24

Миний дөрвөн болжмор

Өглөөд ирэх нормын талхаа би эмнэлгийн өрөөнд
Өрөвдөх өхөөрдөх хослон болжмортой хуваалцана
Өдрийн турш тэд уван цуван ирсээр, тонголзсоор
Үдэш болоход цонхны тавцан дээр үртэс  ч үлдээхгүй.
                Цонхны тавцан дээр яг одоо тонголзох дөрвөн болжмор
                Цовоо гээч нь жиргэж, талхны үртэс тоншино
                Цочоож тэднийг үргээчихгүй гэж би өрөөндөө
Цонхноос холхон, хөдөлгөөнгүй амьсгаа хураан зогсоно.
Энэ дөрвөн болжмор хөөрөн нисэхдээ
Энхрий хайртад минь хэл хүргэчих ч юм шиг
Өхөөрдөм тэднийг ажин зогсохдоо
Өөрийн эрхгүй эрх хонгоруудаа саналаа.
Өөдөсхөн энэ дөрвөн болжмор шиг миний хонгорууд
Өрөөлийн эрхэнд суугаа аавыгаа хүлээнэ
Өмнөөс нь нисээд очихыг хичнээн хүсэвч
Өргөст торны дээгүүр дүүлэх жигүүр аавд нь алга.
Өдөр дамжин орсон хүйтэн бороонд хөөрхий шувууд
Өл хоол олдохгүй, өлссөн юм байхдаа, зайлуул
Өнөө өглөө тавьсан талхыг минь бяцхан шувууд
Үдээс өмнө хоослоод, ахин эргэлдэн, намайг хоргоолоо.
Энэ хэдэн бяцхан болжмор шиг миний хонгорууд
Ээлжлэн өдөр хоногийг тоолон аавыгаа хүлээж суугаадаа
Эрх бяцхан үрс минь, энхрий хонгор хань минь
Эрхгүй уйтгарт автан, аавынхаа хайраар, ханийн халамжаар дутаж л байгаа даа.
Алагхан үрсдээ, амраг чамдаа очих хүсэл
Амьсгал бүхэнд минь оргин, сэтгэлд багтаж ядна
Бяцхан эрх үрсээ ханийнхаа хамт тэврэх
Баясгалант мөч айсуй гэдэгт итгэн би хүлээнэ
Уйтгар гунигийг сэтгэлээсээ үргээн хүлээнэ
Учирлын хормыг тэсэн ядан хүлээнэ
Үлэмжийн төгөлдөр чамайгаа энхрийлнэ би, энхрийлнэ
Үнэнч чамайгаа үүрд хайрлана би, хайрлана.
Ханийхаа хайрын гайхамшгийг би гэдэг хүн
Хагацлын жил гарангийн уртад, 400 хоногийн уртад
Харанхуй хар шуурганд туугдах цагаар
Хамгаас илүүтэйгээр мэдэрлээ, чамаараа бахархалаа.
Хагацлын арван гурван сарын уртын шархыг
Ханийн минь хайрын илч илбэн тэтгэнэ
Хайрын оргил, сэтгэлийн ариуныг чамаасаа л хүртсэн би
Халамжийн дээд, итгэлийн туйлыг чамдаа л өргөнө би.

Жич: Хуримынхаа өдрийн бэлэг болгон хайрт чамдаа болон хонгорхон үрсдээ зориулав.