Бүү эвдрэлц, бүү түлх (Мөрдөнгийн 250 хоног)

Босоо заяатай, босоо бичигтэй Монголчууд
Болчимгүй төөрөгдөлд автахгүй гэдэгт итгэнэм
Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр
Төмөр шоронд хориотой иргэн нь бодлоо хэлхэж сууна.
Цэлгэр уудам нутгийнхаа сайхнаар бахдан зогсоод
Цэнгэг агаараар нь уушиг дүүрэн амьсгалахын оронд
Цементэн шал, сараалжин тортой төв хориход
Цэвдэг сэтгэлт, шөвөг санаатны барьцаанд
Мөрөөдөл,  хүслээ боолгож хаалгалаа
Мөнх наслах биш, мөнгөн шүдтэй төрсөн биш
Мөнхийн ус уухгүйгээс хойш л, мөрөөрөө
Мөглөнд бус, эрх чөлөөтэй алхаж явахсан.
Олуулаа болцгооё, Монголчууд аа!хэмээн
Омогшин төрийн тэргүүн маань саяхан л
Харьд сурч боловсорсон залуусаа уриалан
Халуун элгэн нутаг тань хүлээж байна гэсэн билээ.
Уур минь хүрч байна, уралцаад байна.Монголчууд
Улаан галзуу ноход шиг хэмлэлдээд байна
Найр тавин бие биенээ хүндлэх нь битгий хэл
Намчирхан талцаад, нанчилдаад байна.Монголчууд
Хөгжил өөд тэмүүлэхийн оронд Монголчууд
Хөмөрсөн тогоон дотроо нүдэлдээд байна
Нутаг ус, нуга жалгаараа хуваагдан
Нууцхан бие биенээ мэрээд байна.
Увс хүн Монгол хүн мөн үү л гэнэ
Урианхай, торгууд, захчин л гэнэ
Угаасаа цөөхөн Монголчууд юундаа
Усан тэнэг загнан хоорондоо жөтөөрхөлцөнө вэ?
Хэдий болтол бидний Монголчууд
Хийрхэлд автан мансууран бэдрэх юм бэ?
Хоорондоо алалдаагүй дээрээ ухаарцгаахгүй бол
Хойч үедээ зүхүүлэх нь ойлгомжтой биз.
Эрх мэдлийн төлөө дэндүү улайран
Эрээгээ алдан дээшээ тэмүүлэгсэд
Эх түүхээ эргэн харахгүй бол тун удахгүй
Эмгэнэлт түүхэн алдаануудыг давтах гэээд байна
Хусмаа чамласан хүүхдүүд шиг
Хуваалцан, хоорондоо бүү зодолдооч.
Өстөн үүнийг чинь овжноор ашиглаад
Өөрийн эхршээлд хялбархан оруулчихна гэдгийг бүү умартаач.
Ясаа булаалдан ноцох ноход мэт
Яах гэж хоорондоо арсалдана вэ?
Авах гээхийн ухаанаар эв эеэ хичээн
Авралыг бусдаас эрэлгүй өөрсдөө бүтээцгээе!
Багын андынхаа аягатайгаас нь булаацалдалгүй
Бялуугаа томруулахын төлөө мэрийн ажилламаар!
Бага гэлтгүй хөгжил өөд тэмүүлцгээе!
Баялаг-ийн хараалыг тойроод гарцгаая!
Эцэг өвгөдийн хийморь сүлдийг бидний үеийнхэн
Эрээ цээргүй уландаа гишгэлэх гээд байх юм
Чингис, Өгөөдэй, Хувилайг шил шилээр гудраад
Цээжээ дэлдээд агсамнах нь харуусмаар
Соёмбо, Хар сувд, Гэрэгэ хүртээд
Согтуурхан солиорч, соёлт ертөнцийн доог болох нь гутмаар
Шударга хөдөлмөрийг магтан хөгжүүлэхийн оронд
Шунал тачаалыг өөгшүүлээд байна, та минь ээ
Өөрсдөө бүтээх боломжтойг ухаарах сөхөөгүй
Өрөөлөөс булаах нь амар гэж улангасаад байна, та минь ээ
Ойрад Монголын дайн бидэнд ахин хэрэггүй
Башир аргат Манжийн хаадын ухаан хэрэггүй
Бардам эфү ноёдын засаглал ч хэрэггүй
Есөн цагаанаар өргөл барьж отго жинсэнд хүрэгсэд
Ерөөлөөр олдсон ганцхан насандаа эрх чөлөөгөө таягдсанаар
Өрлөг түүхийн өмнө нүгэлтэн болж
Өнөөгийн бидэнд хараалгаж байгаагаас ухаармаар
Өргөн уудам нутагтай билээ Монголчууд
Өрнө Дорнодод цууриатсан түүхтэй билээ бид
Өв соёл, хэл бичиг, зан үйлээ хадгалж гэмээ нь
Өөрсдөөрөө үлдээд зогсохгүй, өндийж тэнхэрч чадах учиртай
Оюу толгой, Таван толгой, Тосон уул гээд
Олдоод, тогтоогдоод буй баялаг нь арвин билээ
Учиртай энэ гурван толгой хөдөлж гэмээ нь
Улсын маань хөгжлийн түлхүүр мөнөөс мөн билээ
Цаана нь бас Цагаан суврага, Асгат, Бүрэн хаан гээд
Цайдам нуур, Хөшөөт, Алтан нар гээд
Цар хүрээ, нөөц нь яндашгүй баялаг ордууд
Цагаа хүлээн Монголын маань хөгжлийг түрэхээр зэхээстэй
Цардмал замаа чанартай бариад
Царигийн ялгаанд бүдрэлгүй төмөр замаа холбоод
Царай алдаж, бадар барихгүй, бардам суух болно Монголчууд
Хорвоогоор нэг тарсан Монгол туургатан олон
Хойч ирээдүйд гэлтгүй, өнөө маргааш ч байж магадгүй
Эзэн Богдын онгон шүтээнд мөргөхөөр наашлах цагт
Эх нутагт минь биш хилийн чанадад сөгдвөл харуусаад барамгүй
Нартад хосгүй Майдар бурхан бүтээгээд
Найман зүгийн сүсэгтэн Монголыг минь зорих цагт
Нанчид хүртэхгүй айргаа уух Монголчууд
Найрсагаар тэднийг хадаг барин угтах байх
Эх түүхээ бишрэн шүтэж байж л
Эх оронч хүмүүжил олно өөр замгүй
Чингисийн Монгол, чиний Монгол, миний Монгол
Чин зүрхнээсээ хайртай төрсөн нутаг
            Чойном, Ринчин, Норовбанзадын Монгол
            Чойр, Ринчинлхүмбэ, Өлгий бүгд бидний нутаг
Өмнөдөөс, Умардаас авралыг эрэхгүй бид
Өрнөдөөс, Дорнодоос бадар барилтгүй бид
Өөр хоорондоо бүү эвдрэлц, эвлэрэлдэн нэгд!
Өмөг түшиг болж бие биенээ түш, БҮҮ ТҮЛХ!

2 comments:

  1. Yostoi unen shuu!tsuuhun Mongolchuud hoorondoo evtei baimaar daa,daanch tiim uhaan n dutmag yumdaa!Unen zaaval yalna aa!!!

    ReplyDelete
  2. Hunii erhiin ded horoo,Temuujin said ed nar yamar hudalch baigaag odoo l harj mederch baina,haana baina ter hun helmegduulehgui batlan daaltand gargana gesen ug n?Ghedee unen hezeed yalna aa,minii huu!

    ReplyDelete