Байгаагаараа л байна, өөр дүр эсгэхгүй (Мөрдөнгийн 265 хоног)

Агуу найрагч одоогоос яг 20 жилийн тэртээ
Айхтар үнэнээр өнөөдрийг зөгнөжээ.
Атгаг санаатны бахыг ханган тэрээр хорвоогоос хальж
Араас нь, анд нь явсан нагац минь ч биднийг орхиод удаж дээ
Өнгөрсөн жилүүдэд Монголчууд юу эсийг үзэв
Үсрэнгүй хөгжил бидэнд ирсэнгүй,  харамсалтай нь
Самбартантай тэмцэх аян дайрлагаар халхавчлагсад
Сараалжин торны цаана суулгахад нь би үүнийг олж уншив
Түмний түшиг болох олон эх орончид ертөнцийн мөнх бусыг үзэж
Түгшүүртэй цагаас дайжин гадаадад зарим нь сувилуулж
Төрд зүтгэж байгаа нэртэй зарим нь дүлий дүмбэ оргиж
Түмнийхээ өмнө ийм жүжиг тавин арчаагүй загнана
Ардчилсан Ерөнхийлөгчид 8 сар хагасын хорионы дараа
Алд дэлэм урт захиа бичиж хэвлэлд тавилаа
Өршөөл авралыг хүсэн хандсангүй
Үнэн мөнийг олж өгөөч хэмээн ийнхүү хандсан
Хүнлэг, ардчилсан гэх нийгэмд яагаад
Хөгжлийн төлөө чадлаараа мэрийсэн
Ардын хүү нарсанд “хилс”-ээр хоригдож
Авилгынхны авирын “золиос” болон хатах билээ
Хорин таван жил номолсон уран илтгэгчийн “уриа лоозон”
Хоосон эсэхийг нь мэдмээр байна, үнэнийг хүлээнэ
Хуулийнхан, хуулийг “гууль”  гэж түмэн ярих бол
Хулчгар, амьгүй албатууд тэд болсон нь надад тод харагдана
“Хийсэн хэрэг байхгүй л юм байна” гэж наанаа хэлэвч
Хэн нэгнээс сүнсээ зайлтал айсандаа тэд
Хийгээгүй хэргийг хэрэгсэхгүй болгох зүрхгүй
Хилсээр хоригдох намайг “даалтанд” гаргах ч мэдэлгүй
Ерөнхийлөгчид хандсан захидлын араас
Өмгөөлөгч маань сэтгүүлчид ярилцлага өгсөн байна
Хоёр, “Өдрийн сонин”-ы дугаар дамжин
Хонгорхон хань минь бас ярилцлага өгчээ
Амраг хайртын минь сонинд өгсөн ярилцлагын араас
“Алдаатай юм боллоо” гэсэн буруушаалт цухалзсан гэнэ
Харанхуй нийгэмд ханиа хориулсан журамт гэргий
Харыг нь хараар, цагааныг цагаанаар нь хэлсэндээ яавч буруутах учиргүй
Атаа жөтөөнд баригдсан зарим нь
Ариун цагаан хөдөлмөрийн шим гэдгийг ухаарах сөхөөгүй
Өөрийн арчаагүйгээс ажилгүй, амьжиргаа муутайгаа
Өрөөлд нялзаан, бусдаас бурууг хайх юм, юутай харалган!
Арван наймтайгаасаа хөдөлмөрлөсөн би
Арван цаас ч хүнээс зүгээр аваагүй ээ
Хорин таван жилийн хөдөлмөрийн шим бүтээл
Хорон санаатны шуналыг хөдөлгөснөөс өөр тайлбаргүй

Цэцэрлэгийн Багшийн Сургуульд лаборант хийж
Цэвэрлэгч жижүүр хоёртойгоо ах аа, эгч ээ явсаар
Хичээлийн үзүүлэн таниулах самбар олныг
Хичээнгүйлэн хийж, анхны цалингаа авч байсан
Баянгол, Улаанбаатар зочид буудлуудад
Бага залуу оюутан би, гийчний тээш зөөн
Үүр шөнийг эс ялган “Жуулчин”-д ажилласан анхны
Үргэлж завгүй шогшсон тэр зун, намар
Ажил хийхийн амтыг мэдрүүлж
Арагшаа сууж хэрхэвч болохгүйг ойлгуулж
Ажилчин зөгий мэт хөдөлмөрлөх нь
Амьдралаа залгуулах зөв зам гэдгийг ухааруулсан
Лейпцигийн гудманд сонин заран зогсоход
Лаазтай шар айраг шимэх ажилгүй Герман эр
Тавин фенигээр өдрийнхөө сонинг худалдан авах тоолонд
Тал нь оюутан миний цалингийн хэсэг болдог байлаа
Ганзагын наймаанд ганц удаа яваад
Гавьтай олсон юмгүй ч нэгийг ойлгосон
Орчуулагч, барилгачин, зарлалын явуулын самбар гээд
Оюутан байхдаа олон ажил хийж явсан
Эргээд бодоход харамсах зүйл огт үгүй
Элдэвт санаашран толгойгоо шаах ч юмгүй
Харин:
Догшин цагийн эрхээр, ширүүн авирын зоргоор
Доромжлол, гутамшгийг амсан шоронд цоожтойдоо л бухимдана
Албан тушаал урвуулан ашиглаагүй ээ, би!
Авилга авч, хөрөнгөжиж, бусдыг мөлжөөгүй ээ, би!
Бусдын хийж бүтээсэнг нь булааж, бизнест хөл тавиагүй ээ, би!
Сураг ажиг тавин хорионы хоног тоолоход
Сунагар хаврын өдрүүдийн уртыг яана
Хорионы хугацаа дуусах дөхөхөөр төрийн нэр баригсад
Хойноос минь хүн нэмэн хорьдог зуршлыг яалтай билээ
Ардчилсан нийгэмд амьдарч байна гэсэн итгэлээр
Аргагүйн эрхэнд хэвлэлд хандсаны маань хариуд
Ногоон малгайтны соёлжсон хувилбар ямар байдгийг
“Ноцтой нь аргагүй үзүүлнэ” гэж занасны хариу энэ биз ээ!
Хэрэг хийсэн,  хийгээгүй нь огт хамаагүй
Хэрэгтэй болоод л бид шалгаж байна хэмээн
Олон сараар, ор үндэсгүй хорьсондоо бантан
Одоо түргэн шүүхээр яллахаар завдах нь зэвүүн!
Мөнгө угаасан гэх хардлагаар анх хориод
Мөглөнд 9 сар шахуу цоожилсоны дараа
Ичсэн хүн, хүн ална гэсэн хэлцийг давтана
Илтэд хуулийг завхруулан төрийн сүрээр заналхийлнэ

Бусдын төлөөгүй татварыг надад нялзаан
Буруутан гэсэн “шошиг” хуулийн нэрээр наахаар завдана
Хуулиас дээгүүр залрах журам бий гэж улайран
Хуудуутай хэрэг, шүүх рүү шилжүүлнэ гэдгээ мэдэгдлээ
Зовлогыг минь зовоон, сэтгэлийг минь занчихаас тэд ямар
Зоригийг минь зодож хэрхэвч чадахгүй!
Эрх чөлөөг минь булаан, шоронд түгжиж тэд чадахаас
Итгэл, үнэмшлийг минь сөхрүүлж яасан ч барахгүй!
Зорьсондоо хүрнэ гэсэн итгэл минь хэвээр ээ!
Зоргоороо авирлагсадад бууж өгөхгүй гэсэн бодол хэвээр ээ!
Эх орноо хөгжөөсэй гэсэн хүсэл хэвээр ээ!
Элгэн түмэн минь жаргаасай гэсэн мөрөөдөл хэвээр ээ!
Нам даган даврагсад үндэстнээ хувааж дуусах нь!
Наадам цэнгэлээр түмнээ хуурч ханахгүй нь!
Төрийн түшээд амлалтаар бус үйлсээр үлгэрлэн
Төр өөдөө бус, түмэн өөдөө чиглэсэн замыг бариасай!
Ганц олдох “Эх орон”-оо хайрлаж яваарай гэж
Ганцын камер дотроос ч хүүхдүүддээ би захина
Үнэндээ өнөөдөр эрх баригчид гүйцэгдэхгүй ч
Үйлийн үрд тэд нэгэн цагт гүйцэгдэнэ
Эрх чөлөөнөөс эрхэм юм үнэндээ
Энэ орчлонд үгүй, үүнтэй хэн ч маргахгүй биз!
Ээдрээтэй, нугачаатай амьдралын замд
Энэ байгаагаараа л байна, өөр дүр эсгэхгүй, чадах ч үгүй!

1 comment:

  1. Hun baigaagaaraa l baih n hamgyn zuv bodoltoi,uhaantai hunii shinj!Erh chuluuguu hurdan olooroi!

    ReplyDelete