Ханьдаа бичсэн нэгэн захидал

Хорихын хоног тоолон чамайгаа үгүйлэн суугаа би
Хосгүй чамдаа бичих энэ захиандаа
Хоёр зуун жилийн тэртээд болоод өнгөрсөн ч
Ховорхон бөгөөд агуу дурлалын түүх олж уншиснаа хуваалцая гэж бодлоо.
Хүүхэд байхаасаа л чи бидэн хоёр уншсан дуулснаа
Хүүрнэнхэн уралдан хуваалцдаг байсан, одоо ч хэвээр
Холын тэртээх Кавказын ууланд эгшиглэсэн хайрын дуу
Хонгорхон чамайгаа санах сэтгэлийг улам хөндлөө.
Гучин гуравтай их найрагч дипломат алба хашин Ираныг зорих замдаа
Гүржийн Тифлис хотноо хуучин андынхаараа зочлохдоо
Арван зургаан нас хүрээгүй охинд нь сэтгэл алдан
Амраг хайрын үгээ сөгдөн байж хайраа илчилснээр
Дүрэлзэн асаад өнгөрөх гал мэт богино тавилантай энэ дурлал
Дуусашгүй үнэнч хайрын тууль болон түүхэнд үлджээ.
Мтацлинда ууланд босгосон гэрэлт хөшөө
Мартагдашгүй дурлалын гэгээн дурсгал болон хоцорсон
Арван зургаан насандаа олоод алдсан Нинагийн жаргал нь
Агуу хайрын домог болон бидэнд хүрсэн
Алдарт найрагч Грибоедовын гэргий Нина Чавчавадзе
Амраг ханиа аймшигт алуурчдын гарт алдсан ч
Үхэн үхтлээ хайрын дурсамжаа нандигнан, 30 жилийн турш
Үнэнчээр дурлалаа дээдэлж, үүрдийн хайрын бэлэгдэл болон мөнхөрчээ.
Ираны шах элчийнх нь үхлийн төлбөрт Оросын хаанд
Эрин зуунд давтагдашгүй ШАХ нэртэй очир эрдэнийг барьсан
Хосгүй тэр эрдэнийн чулууны гялалзах нь
Хонгор хайртаа үгүйлсэн бүсгүйн нулимсны дуслыг эрхгүй санагдуулна.
Жаргалын амтыг даанч богинохон хүртсэн найрагчийн шинэхэн шарилын өмнө
Жаран жаранд ч дуурсах агуу Пушкин тэргүүнээ гудайлган сөхрөөд
Нүдэндээ нулимстай, гунигт автсаар босохдоо
Нөхрийнхөө, андынхаа дурлалын түүхийг бишрэн
Ийм л агуу хайрыг энэ хорвоод
Эр хүн бүхэн эрэлхийлж явдаг бус уу хэмээсэн гэдэг.
Цаг үеэсээ түрүүлэн мэндэлсэн их зохиолч
Александр Грибоев Оросын уран зохиолд тодоос тод гялалзах өв үлдээсэн бол
Царайлаг, ухаалаг Гүржийн язгууртны охин эхнэр нь
Ариун хайр, үнэнч сэтгэлийн бэлэгдэл болон өнөөг хүртэл гялалзана.
Улангасан давшлах зандалчдын эсрэг эцсийн мөчид
Уран зохиолч, элчин сайд илд далайн тэмцсэн бол
Урагшгүй түшмэдийн занаагаар хоригдох би
Уур минь хүрэвч бэх цаас хоёроор л зэвсгээ хийж сууна.
Гурван зуун өдөр, гурван зуун шөнө чамаасаа алсад
Гутамшиг доромжлолын бай болон хориотой
Ганцын чийгтэй камер биеийг минь хүлэвч
Ганцхан чиний минь хайр сэтгэлийг минь түшнэ.
Учирсан энэ орчлонд чамтайгаа таарсан нь
Урьдаас зурсан заяа төөрөг гэж бэлэгшээнэ
Уянгын энэ хорвоог ханьтайгаа туулах нь
Унаган багын чиний минь нандин бэлэг юм.
“Ухааны гай” зохиолын баатар Чацкий мэт
Унхиагүй нийгмийн боол болон хориотойдоо бухимдана.
Өөртөө итгэл багатай нэгний сүнс нь төөрөхөөр
Өр нимгэн өрөвч нэгний сүр сүлд нь гээгдэхээр
Өмхий энэ шоронгоос өрөвдүүлж , аргадуулж гаралгүй
Үхэлтэй айл бууж байгаад ч хамаагүй
Үнэнийг олоод эрх чөлөөтэй болохсон.
Илжирсэн энэ нийгэмд харамсалтай нь
Ичих нүүрээ элгэндээ наагсад
Эзний суудалд ов залиар залраад
Эх нутаг зон олноо золиослох нь юутай гаслам.
Холын тэртээх Кавказын ууланд эгшиглэсэн хайрын дуу
Хосгүй монголын минь тал нутагт олонтаа уянгалсан
Өндөр гэгээний давтагдашгүй бүтээл 21 дарь эх
Өнө мөнхийн хайрыг билэгдсэн дурсгал
Өөлдийн Галдан тайшийн Ану хатны түүх
Өчнөөн зууныг туулан ирсэн хайрын дуу
Үлэмжийн чанар дуугаараа Говийн догшин хутагт
Үүрдийн дурлалыг өнөөг хүртэл мөнхөлсөөр
Талын Монголчуудын сэтгэлийн нандин чавхдасыг хөндөж
Тансаг аялгуут амрагийн дууны дээд болон бидэнд хүрчээ.


Жич: Мөрдөнгийн 293\294 хоногуудад энэ захиагаа бичлээ.

No comments:

Post a Comment