Хадны мангаа (Мөрдөнгийн 290 хоног)

Хан Уул минь цасан нөмрөгөө солиод
Хатан Туул минь мөсөн хучлагаа урсгаад
Хахир өвөл улиран одож
Хавар гадаа налайх нь хорвоогийн жам,
Иргэн би есөн сар хагас хоригдлоо.
Эрх чөлөөгөө хасуулан 290 хоног цоожтой суулаа.
Халуун зунаар эхэлсэн хар шуурга
Хайр найргүй балбалаа, намжих шинж алга.
Бухимдсан олон дургүйцлаа илэрхийлэхдээ
Буруушааж төрөө зүхнэ, дээрээс авралыг хүлээнэ
Будилсан хувь заяа намайг Ганцын камерт хатааж
Буруу,  зөвийг ардчилсан шүүх шийднэ гэнэ.
Хоног тоолон мөрдөнд суухдаа
Хорсож хэн нэгэнд өширхсөнгүй, өршөөл ч гуйж сөхөрсөнгүй.
Монголоо гэсэн итгэл, сэтгэл өчүүхэн ч нимгэрэхгүй
Мохохгүй, бөхөхгүй, зөвхөн бодлоо цэгцлэн сууна.
Улаан залаатай Монголчууд
Улсаа юунд хуваав даа
Тулга тойрсон хэрүүлдээ шатан
Туйлширч юунд арсалданав даа
Улсаа гэсэн сэтгэлтэй гэж зарим нь
Уралдан бие биендээ сайрхавч
Угтаа гай хөө тарьж байгаагаа
Ухаарч ойлгох сэхээгүй бололтой
Төр түмнээ гэсэн зүрхтэй гэж
Төгсгөлгүй тунхаглан магтавч
Төрөлх нутгийнхныхаа зовлон зүдгүүрт
Төдий л санаа зовохгүй нь ичгүүртэй!
Найман зуун наян найман төслийг
Нарийн аргаар бус мэргэ төлгөөр шахуу тодруулж
Найман том нь л Монголд минь хангалттай гэж
Найзан дундаа шийдсэн гэлцэнэ.
Эзэн Богдын нэрээр өр зээл залаад
Эзэрхэг самурайн нэрээр нь араас нь ахин залгуулж
Эргэн төлөх ёстойг бодохыг хүсэлгүй
Энэ маньд хамаагүй, ирээдүй хочийнх хэмээн
Харалган бодолдоо умбан гэлдрэх нь
Харамсмаар бөгөөд эмгэнэлтэй!
Олон түмний нуруунд тохсон
Осолтой эдгээр өр зээл нь
Орон улсын маань хөгжлийн төлөө нэртэй ч
Овсгоотой хэдэн танил талынх нь
Олиггүй санаа, бузар гараар дамжин
Оновчтой юм бүтээв үү, орлого олох нуу гэвэл даанч үгүй

Дан дээл, давхар дээл гэж улигласаар
Даанч их цаг барлаа, эдийн засаг маань сөхөрлөө
Төрийн албыг хашихдаа эрхэм түшээд
Түмнээ гэж хандаасай, түрийвчээ түр мартаасай!
Дээлээ өмсөлгүй яахав, Монголчууд
Дээдсээ хүндлэлгүй яахав, Монголчууд
Дээлээ нимгэлээч, ачаагаа хөнгөлөөч гэсэн ёгт шаардлагыг
Дээлийг нь нөмрүүлэх нь гэж юунд мушгинам!
Өнгөрсөн цагийн цуст яргаллыг юунд
Өнөөгийн заримд нь нялзаан, олноо турхирнам!
Гучаад оны Жамбалдоржтонгуудын нүглийг
Гурван сая хүрэхгүй байж хэндээ тохох гэж санаархнам!
Улиг болсон “хаврын синдром” яавч
Улсын маань хөгжилд нэмэр болохгүй, нэрмээс л болно
Улангасан бие биенээ муулж, бахаа хангадаг байсан нь
Уралдан шоронд цоожилдгоор солигдох нь энэ үү?
Эд баялаг, эрх мэдлийн төлөө улайрагсдад
Ичих нүүр гэж үнэндээ байдаггүй юм байна
Нүглээ нууцхан наминчилдаг байж мэднэ, тэд
Нүүрэндээ гэгээрсэн дүр эсгэнэ, тэд
Үйлийн үр гэж нэг юм байдаг гэдгийг
Үргэлж санаж явах учиртай ч, тэд умартсаар
Эрх мэдлээр өнөөдөр нэгнийг далайлган сүрдүүлж
Эрх чөлөөг нь хасан гянданд далдлан цоожловч
Ирээдүй, хойч үе шударгаар шүүх нь гарцаагүй!
Эрлэг Номун хаан ч эцэст нь дэнслэх нь дамжиггүй!
Авилга гээч айхтар хорт хавдарт өнөө цагт
Аргагүй улс маань нэвт нэрвэгджээ
Ар өврийн хаалга гэж бага байхад дуулж явснаас
Авилгад идэгдэн, нийгмээрээ сөхрөх юм гэж зүүдэлсэнгүй
Адаг сүүлд нь авилгад аян дайн зарласан салхивчтай
Ажил хийдэг, цөөн баялаг бүтээгчдээсээ “сорчлон”
Ан авын золиг болгож, айдас хүйдэст унагалаа.
Юунд ч дийлддэггүй, захирагддаггүй
Ер бусын шидтэй, хүчтэй, урт гартай
Сураг ажгаар нь бүхнээрээ дагжин чичирч
Сүр хүчнээс нь эрх мэдэлтнүүдийн хульхи нь буудаг
Хараат бус, хууль сахиулах чиг үүрэгтэй ч
Хар санаат, атгаг сэтгэлтэнд урхидуулсан 3 үсэгтэй газрыг
Үхэхээс бусдыг үзсэн улс төрч, “Өдрийн сонин”-д
Өөрийн эрхгүй “Хадны Мангаа” болоод байна гэснийг бодмоор!
Аргаа барсан Ерөнхий сайд маань
Авилгатай тэмцэх, Ардын нам хоёр “Эвслийн засаг”-ийн
Ажлыг хийлгэдэггүй, айхтаруудаар нь цоллоод авав.

Ардчилсан Монгол маань аль замыг сонгох бол доо!
Ардчиллын замаас хэт хэлбийж буйд олноороо зовниход
Ардчилсан Ерөнхийлөгч улсаа “шинэ хувьсгал”-д уриаллаа!
Том төрөөс ухаалаг төр рүү тэмүүлэхгүй аваас
Томоос том, гүнээс гүн хар ангал руу улсаараа унах нь.
Мөрдөс зүүж, тангараг өргөөгүй ч
Мөнх Тэнгэрийн Монголоо гэсэн чин зоригт
Мянга мянган эх орончид нугарахгүй!
Мөхөхгүй, ухрахгүй, улсаа худалдахгүй!
Хэрэг хийгээгүй мөртөө Ганцын дансанд бүртгэлтэй хэвээр ч
Хэзээ эрх чөлөөгөө эргэн олох нь бүрхэг хэвээр ч
Сэтгэлийн хатыг,  тэвчээрийн “алх, дөш”-өөр давтан байж
Сэм сэмхэн хэмлэх “шорон”-гоос гарахдаа л ГАРНА.

1 comment: