Хүлээстэй хүлээсээр (Мөрдөнгийн 245 хоног)

Ижлээ алдсан хун шувуу эргээ бараадан эргэлдэх мэт
Энхрий хань минь гунигт автан Ганцын үүд сахисаар
Ээдрээтэй хуйвалдааны учиг тайлагдахгүй өдөр хоног хөвөрсөөр
Элгээ эмтэртэл нөхрийгөө суллагдахыг хань минь хүлээсээр!
Хүний олон хэлгүй хүүхдийг хэлтэй болгосон билээ
Хүүг минь юунд надаас аваад явчихав гэж ээж минь
Өглөө үдэшгүй бурхандаа залбиран, цайныхаа дээжийг өргөж
Өмөг түшиг болох хүнгүй шахуу шаналж, хүлээсээр!
Эрдэмд шамдах учиртай энхрий үрс минь
Энэрэлгүй нийгмийн эргүүлэгт шидэгдсэн аавыгаа санаж
Эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх ардчилсан Монгол
Эрх биш, аавыг минь суллах байх гэж хүлээсээр!
Түмэн жилийн түүхтэй Монголоороо омогшин
Төрөлх нутгийнхаа хөгжилд хөг нэмэхсэн гэсэн
Үүрдийн мөрөөдөл, хойшдын итгэл өвөрлөсөн
Өрөөлийн эрхшээлд, хориотой  “ИРГЭН”  нь хүлээсээр!
Найман сар нарсанд суухдаа
Нааштай мэдээ огт сонссонгүй
Долоон удаа хорих хугацаа сунгасан
Дотор харлуулсан “мэдээ” л авсан
Эрх чөлөөгөө хасуулсан яллагдагч би
Энэ тэрийг бодон нааш цааш алхана
Хорионы  хугацаа удахгүй дуусна хэмээн
Хоног тоолон, хойш урагш холхино
Хэрэг хийгээгүй ч шоронгоос гарахгүй
Хэцүү газар хоригдон ээжийгээ зовоолоо
Долоон сар хагасын хорионы дараа
Доголон нулимстай ээжтэйгээ золголоо
Хорионоос удахгүй суллагдах байх хэмээн
Хоног хугацаа тоолох хүлээлтийн зулыг
Хоригдол би тээж явсанг,  хаврын хавсарга
Хормын зуур унтраагаад,  хүйт оргиулан одлоо
“Ээждээ хурдан ирээрэй миний хүү”  гэж
Элбэрэлт ээжийн минь шивнэсэн үг
Энэ долоо хоногт биелэх нь гэсэн горьдлого
Эрх мэдэлтний зоргоор ирэх сар болтол хүлээх боллоо
Найм дахь хорионы хугацаа сунгах шүүх хуралд
Намайг оролцуулна гэж өмгөөлөгч хүсэлт тавьсан хэдий ч
Хоригдол намайг оролцуулах нь битгий хэл
Хотод хүлээж байсан өмгөөлөгчидгүй хийчихсэн гэх юм
Хууль гууль болоогүй гэсэн итгэл
Хугацаа өнгөрөх тусам нимгэрэх юм
Түгшүүрт цагийн зовлонт өдрүүдийг гэтлэх хүч өгөх
Түнэр харанхуйд гэрэл болсон ханийн минь сэтгэл юм
Хүн биеийг хорьж цагдахдаа
Хүсэл мөрөөдлийг минь давхар цоожилсныг
Хүний эрхэнд хорионд удах тусам
Хүлээтэй би мэдрэх боллоо
Хаанаас шидсэн чулуунд оногдон
Харанхуй нүхэнд шидэгдэв гэж бодно
Хазгай гишгэсэндээ бус гэдэгт итгэл бат
Хараал идсэн  “Баялагийн хараал”-ын дайрлагад өртөв
Зон олон минь ч миний адил
Зовон туйлдаж, баялагийн хараалд нэрвэгдэн
Өлөн зэлмэн харанхуйд бэдэрч, өндөр тансаг хэрэглээ болж
Өрөөлөөс авралыг эрэн төөрөлдөх нь харамсалтай.
Ясыг нь цайтал хорино гэж заналхийлэх эрхтэн
Яг үнэндээ үнэнийг хүснэ үү гэвэл, үгүй!
Ямар ч үнээр хамаагүй хийснээс минь хумслахаар
Явцуу санаандаа хөтлөгдөн дайрах нь шившиг!
Учир нь олдох байх гэсэн хүлээлт
Улиг болсон тайлбарт няцаагдан дарлуулж
Хүчгүй нь хүчтэйн өмнө буруутан хэвээр
Хүлээний хугацаа ахин нэг сараар сунгагдав
Ахин нэг сарын хорионы хугацаатай учирснаар
Амьдралын нэгэн шалгууртай хав дөрвөлжин барилцлаа
Ард минь ээж минь, хань минь, энхрий үрс минь бий!
Анд нөхөд минь, хамт олон минь бас бий!
Сэтгэлийн будант сэрүүн өдрүүдийн өмнө
Сөгдөн дийлдэж, итгэл үнэмшлээ яавч гээхгүй!
Тэвчээр ухаан хоёроо шавхаад ч хамаагүй
Тэмцэн байж энэ бэрхшээлийг давах л болно!
Инээсэн дайсан, ирмэсэн чөтгөр
Итгэлт нөхдийн минь дунд хувилан явсанг
Найман сар хоригдсоны эцэст бусдын амаар бус
Надад заяасан хоёр нүдээрээ хардаг байж
Анд минь, найз минь, ах тань гэдэг үгс
Амнаас нь унаж байсан хоосон авиа байжээ
Атгаг санаатны үнэн царайг
Аавынд орж байж харах тавилантай байжээ.

5 comments:

  1. Saihan shuleg baina!Zorison ajil uils chin bielen buteh saihan udur irne ee!Amjilt huseye!

    ReplyDelete
  2. Eejdee,elberelt hanidaa,enhrii ursdee,huurhun duudee ergen ireh saihan udur zaaval irne ee!Eej n itgej baina,bas husej baina,huleej baina!Hurdan ireerei!Enhrii ur min!

    ReplyDelete
  3. Yamar muuhai niigem be?yasan hudalch tur zasag,said nar,Temuujin bolon busad said nar,yamar hudal saihan medeelel ugdug hunii erhiin ded horoony tushmeduud ve?jiriin biznesmen zaluug sullaach!

    ReplyDelete
  4. Hurdan erh chuluutei bolohyg huseye!

    ReplyDelete
  5. Mash saihan shuleg baina,unshaad l baimaar...

    ReplyDelete