Би гэлгүй бид гэсний учир (Мөрдөнгийн 233 хоног)

Эх нутаг минь хөгжөөсэй, цэцэглээсэй
Элгэн түмэн минь дэвжээсэй, дээшлээсэй
Улс маань хүчирхэгжин батжиж
Унаган түмэн минь нуруу тэнэгэр яваасай гэсэн
Хүүхэд насны хүмүүжил,  боловсрол
Хүн болж төлөвшсөн үзэл бодол
Хөгжил өөд тэмүүлэх хүсэл мөрөөдөл
Хүү нь болсон миний Эх орноо гэсэн бахархал юутай
Өвөг дээдсийн захиас сургаалын шимт хөрснөө
Өөрийн олсон итгэл үнэмшлийн модыг тариад
“Би”  гэж цээжээ дэлдэж явсангүй
“Бид”  гэж чин эрмэлзлээ тээж явлаа
Эцэг Тэнгэрээрээ овоглосон их үйлсийн төлөө
Эх орныхоо хөгжилд хөг нэмэх хүслээр жигүүүрлэж явлаа
“Би”  гэж цамналгүй, “Бид”   гэсэн үгнээсээ болж
Бие сэтгэлийн зовлонг эдлэн 233 хоног
Бусармаг санаатанд урхидуулан шоронд
Бульхайтай хуйвалдааны  “золиос”  болох юм гэж зүүдэлж явсангүй
Амжилт ялалтын сургаар “Би”  гэж  дэвж явсангүй
Аархаж баярхаж минийх гэж бардамнаж байсангүй
Асар ихийг бүтээх мөрөөдөл тэмүүлэл өвөрлөн
Ахархан биеийн төлөө бус тул “Биднийх”  гэж явлаа
Алдаа эндэл болоход “Би биш”  гэж бултаж явсангүй
Аюул эрсдэл нүүрлэхэд бусдын араар нуугдаагүй
Атаатан заналхийлсэн цагт нүүр буруулж зугатахгүй
Арга тал засаж, хадаг барьж бөхөлзөхгүй Би!
Амжилт бүтээлээ хуваалцах хамт олонтой тул
Ажил үйлсийг минь түрэх үр хүүхэдтэй тул
Алаг хорвоог туулах үнэнч ханьтайл тул
Аль ч газар явсан “БИД”  гэж яваа, явах ч болно
Үүрийн цолмон шиг зүрхэнд гэрэл цацруулсан
Үнэнч чиний минь халуун хайр, нандин сэтгэл
Үүрдийн биш, зуурдын зовлонгийн эргүүлэг дунд
Үргэлжлэх энэ хорионы хүндийг давах зориг өгөх юм
Дундыгаа дүүргэж, дутуугаа нөхөн явсан
Дурлалт чиний минь гэгээн хайр, гэрэлт сэтгэл
Хүлцэнгүй хорвоогийн хүлээсэнд суух цагт
Хүч сэлбэж, тэвчээрийг минь бэхлэх юм
“Би”   гэлгүй “БИД”  гэж явснаараа буруутан болж
Биеэ бодож, довоо шарлуулаагүйн учир яллагдагч болж
Хар салхинд туугдах сүргийг дагалгүй
Харц дээгүүр, санаа шулуун явсандаа хэрэгтэн болж
Хоёр зуун гучин гурав хоног хоригдлоо
Хорионы хугацаа дуусах эсэх нь тодорхойгүй хэвээр
Хурц аранганд дарлуулахгүй гэсэн нь өнөө цагт
Хуулийн нэрээр дарлуулан ялтан болдог болж, даанч дээ!
Биеийг минь хорьж шоронд хатаавч
Сэтгэлийг минь боомильж тэд чадахгүй!
Биеийн эрх чөлөөг хязгаарлан хүлэвч
Сэтгэлийн минь эрх чөлөөг хэзээ ч хашиж  тэд чадахгүй!
Хүний нутагт биеэ оторлон
Хөврөх он жилүүдийг өнгөрөөж чадалгүй
Хүсэл эрмэлзэл, сэтгэлийн дуудлагаар
Хүч чадал, эрдэм юугаа дайчлахаар мэрийсэн намайг
Хувь заяаны эрхээр өнөөдөр
Хүлээтэй суухад минь зарим нь
Хүлцэнгүй байна гэж тавлах нь
Хөөрхий энэ нийгмийн нийтлэг царай болтой
Ачит багшийн минь мэргэн сургаалнаа
Амьд юм бүгд өөрийн тавилантай гэсэн бий
Айсуй энэ бусгаантай цагийг давах тэнхээ
Алдхан бие сэтгэлд минь сийлээстэй бий
Түшүүртэй үймээнтэй цаг хэдий ч
Төрийн цаазыг яалтай билээ
Төрд сүлд, түмэн олонд хувь заяа бий гэсэн
Түмний санаа, үүрдийн итгэл бөхөхгүй
Цагаан морин жилээс хөх морин жил хүртэл
Цаг хугааа улиран одсоор 25 жил болоход
Савлах хортой гэдгийг сүүлийн  хоёр жил
Сайтар ойлгосон төрийн түшээд
Захиргаадалтын эсрэг тэмцэж явсан
Залуу насны омог зоригоо татан
Захиргааталт  гэдэг юм чинь бас заримдаа байхгүй бол
Замаа алдаад, завхрахын цондон гэдгийг ойлгосон болтой
Хатуу ч гэлээ харьж яваа цагийн хар салхи
Хаврын урийг дийлэхгүй гэдэгт итгэж сууна
Хавлага, доромжлол арилан одоход
Хайртыгаа би удахгүй энхрийлнэ


1 comment:

  1. Saihan tsag irj erh chuluutei bolno oo!!! Itgel bol huchtei!gegeen udur,gerelt naryg hurdan harah boltugai!

    ReplyDelete