Аавынд данстай
арван сар гаруй хоригдохдоо
Амьдралыг
эргэцүүлэн түмэнтээ бодлоо би
Өөрөөрөө л бай
гэсэн сургаалыг үргэлж өөртөө сануулж
Өрөөлийн дүр
эсгэж хэрхэвч чадахгүйгээ ухаарлаа.
Арван сар
гарангийн хорио, 305 өдөр, шөнө
Ангалын
ирмэгээр бэрхшээлийг тэвчин байж сөрлөө
Өдөр бүр
хар салхитай тулсан тэмцэл минийх!
Өнчирсөн
хань, үрс минь, ижий минь гэсэн сэтгэл минийх!
Зүгээр явсан
иргэнээ цөвүүн энэ цагт
Зүхсээр, занасаар
байгаад хэрэгтэн болгох юм.
Хүний мөсгүй
хүйтэн сэтгэлтнүүд хар шуурганаар
Хүлээстэй байхад
бүтээснийг нь хуваахаар улайрцгаах юм.
Урам
хайрлаж, дэм болох байх гэсэн дэрвүүн сэтгэлт нэгэн
Урвамтгай
нийгмийн урсгалд живэхгүйг хичээн тэмцэнэ.
Улай
үзсэн мэт эргэлдэх тас шувууны тойрог
Урагшлах
чадваргүй болгон Ганцын камерт ээрэн хоргооно.
Байгаа
боломжуудаас ашиглаад нутагтаа,
“Баялаг
бүтээлцье” гэж зүтгэснээс
Банкин дахь
дансаа зузаалаагүй!
Баярхаж цээжээ
дэлдэн цамнаагүй!
Доголонгийн
газар доголсонгүй гэж
Доромжлол
хүлээн шоронд хоригдов
Сохрын
газар сохорсонгүй гэж
Соёлт
нийгмээс тусгаарлагдан мөглөнд шидэгдэв
Хуулиар түрээ
барьж, хурц мэсээр өвч зэвсэглээд
Хуурамч хэргээр
яллахыг зэхнэ, шүүхийн тов би хүлээнэ.
Зоргоороо
аашлагсад зохиомол хэргээ олонд үнэмшүүлэх гэж
Зон олныг турхиран
“Ардын дайсан Авилгачин” цолоор булан
Хүчтэйн
өмнө сөхрөн хадаг бариагүй усан тэнэг
Хүлцэнгүйгээр
өргөл барьж гүйгээгүй зөрүүд мал
Хүйтэн
шорондоо байж л байг, гаргаж болохгүй түүнийг
Хүчин
мөхөсдөөд, мөлхөөд ирнэ гэж тэд андуурна.
Сүлдгүй, сүг болгох
гэж намайг
Сүрийг үзүүлж,
заналхийлэх юм тэд
Илчгүй буг,
ижилгүй золбин боловч
Эдэнд бууж
өгөхгүй, тэргүүнээ гудайлгахгүй.
Ардын хүү
авилгачин биш, арчаагүй бэртэгчин ч бас биш
Албан
тушаал, эрх ямба гэж хэзээ ч яваагүй
“Хур
баян” хувхайрлаа гэв үү гэж тавлагсад төөрөгдөж байна
Хуурмаг
нийгмийн “шар хэвлэл” эндүүрч байна.
Төрийн тэргүүн
асан амаа хамхин харьд бясалгана
Төрийн түшээ
тээршааж, заримд нь муулна, заримд нь магтана
Иргэний зориг, эр
хүний жудаг заагаад/байдаг бол/
Энэ залуу
хэлмэгдээд байна гэж ам ангайсангүй, 10 сар өнгөрлөө.
Хүндэлж
явсан улс ийнхүү чимээгүй байдаг нь юуных вэ?
Хүлээтэй,
ам нь үдээтэй болчихсон юм уу?
Ашиг
сонирхолгүй юм чинь маньд хамаагүй гэв үү?
Аль эсвэл
“аюул цаагуур байг” гээд хулгаад байна уу?
Ядрах цагт
нөхрийн чанар танигддаг гэдэг юутай үнэн
Яралзсан олон “хамхуул” салхинд туугдаад одлоо.
Яс зааж, шуурга
сөрсөн цөөн нөхөд минь
Ямартай ч хар
салхинаар нүүр буруулалгүй хажууд минь үлдлээ.
Яаж зовж
шаналсан ч өнгөрсөн арван сарын турш
Ядарч
байна, хэцүү байна гэж уйлж, дуулсангүй
Ямар ч
хэрэг хийгээгүй хэрнээ хоригдсоор байгаадаа
Яалт ч
үгүй бухимдана, төрийн цаазыг яалтай билээ.
Ганц
намайг дайрч буй дайрлага биш, улсаар минь нөмөрсөн үүл!
Газрын
гаваар сураггүй алга болохгүй ажил үйлс минь!
Өдрийн сонины
ээлжит дугаарт ахин нэг эх оронч сэтгүүлч
Өтөндөө баригдсан
нийгмийг онож шүүмжилсэн байна
Шударга
үнэнийг л олонтаа яривч бидний дунд
Шулуун
зантай хүн даанч цөөн болжээ.
Хугараагүй
ноён нуруутай нь
Хулчгар
энэ нийгэмд дэндүү ховорджээ.
Сүржин яриа
урсгаж, уран үгсээр олныг уяраавч
Даржин үйлсээрээ
бараан мөр татуулах юм ихэнх нь
Сүнсгүй болтол
нь, олноор нь айлгаж байна
Дарангуйллаа
тогтоохоор санаархах юм зарим нь
Улангассан
араатан мэт дайрах эрх мэдэлтэй хэд нь
Урж
тасдахаар шүд амаа билүүдэн, шүлсээ савируулна
Царцсан
ажил үйлс цагаа хүлээн тоосонд дарагдана
Цагийн
өнгө баргар, цаашлах тусам улам бүүдгэр...
Гурван сая
байтугай гучин саяыг ч тэжээх арвин буянтай
Гурав дахь
мянганы нүүр үзэж буй нүүдэлчдийн гал голомт
Өрөнд идэгдлээ
гэвэл өөрсдийн минь арчаагүйнх!
Өгөрч ядуурлаа,
зүдэрлээ гэвэл өнөөдрийн бидний мунхагийнх!
Амны
бэлгээс ашдын бэлэг гэж ирсэн ард түмэн
Ажил
үйлс, бодол санаагаа цэгцлээд нойрноосоо сэрмээр!
Ядуурал
гэсэн үгийг цээрлэн, таягдаад
Яралзтал
хөдөлмөрлөж, эх орондоо хөгжил авчирахсан!
Монголоо гэсэн
халуун эх орончид хаана байна?
Молиг үмхүүлж,
түмнээ хуурагсдаар дүүрээ юу?
Дан дээл, давхар
дээл гэж баахан сүржигнэсэн ч
Даанч “товчлуур”
дарахдаа зүрхээ зүсүүлчих юм
Намчирхан талцаж
нанчилдах нь
Наадмаас наана
намжихгүй гэж түмэн шогширно.
Өнгөөр
арсалдаад түшээд ханахгүй, хагаралдсаар
Өнцөг
өнцгөөсөө нүдэлдэх нь харалган болоод хар мөртэй.
Өндөр
Тэнгэр, Монголыг тээлээ гээд авралаар гийгүүлэхгүй
Өмнөд,
умардаас хоорондоо хожоо гаргах тохироо бүрэлдсэн энэ цагт
Өрнөд,
дорнодоос өршөөл хайсаар хоосон хоцрох вий.
Шинэ хүйтэн дайн,
“хэрэм”-ийг нэг нь авснаас үүдэн
Ширүүхэн зодоон,
цуст тэмцэл болон хорвоог цочроолоо
Сэм авгын хорвоог
хэрсэн олон зангилаа сулрах цагт
Сэтэрхий зүү,
сэмэрсэн хадагны үнэгүй биднийг золих вий.
Хоёрдугаар
дайны сүүлээр бүрэлдсэн тогтолцоо
Хоёр
хөршийн авираас хамаатай хэвээрийг бүү умартаасай!
Хойноос,
урдаас хатгаагүй дээр мэрэлцэхээ зогсоож
Хотол
улсаа гэх цаг мөнөөс мөн, хожимдвол харуусаад нэмэргүй!
“Гуравдагч”
хөрш энэ янзаараа нүдэлдээд байвал хэрэгтэй цагт
Гунан буу
илгээхгүй, гуйж гувшаад ч өгөхгүй
Бахим
баавгай, хүрхрэх луутай хэн ч бай
Барилцаж
авахгүй, бидний өмнөөс энэ дэлхийд
Хоосон маргааны хооронд мансууралгүй Монголчууд
Хоёр хөршөө хэт уурлуулалгүй, ухаан сийлж
Өөр хоорондоо л эе эвээ хичээмээр байна
Өөрсдөөсөө авралыг
хаймаар байна, хожимдоогүй дээрээ...