Нойрноосоо сэрээч (Мөрдөнгийн 330 хоног)

Хавар цаг угаасаа шороон шуургатай
Харин энэ жил хур бороо элбэгтэй
Чийг үзсэн хөрс өнгө зассан харагдана
Чийгтэй камерт хоригдол би бодлоо хэлхэнэ,
Өвөө минь Халхын гол, Хамар даваанд Самурайгаас
Өрлөг төр, өршөөлт нутагаа хамгаалан тулж явсан
Өөрөө би 75 жилийн дараа улсынхаа төв шоронд
Өнөөх Самурайн зоосоор өвч зэвсэглэсэн эрхмүүдийн эрхэнд
Эрэлхэг өвөг минь амь үл хайрлан харийн зандалчдын
Исгэрэх сум, тэсрэх бөмбөгийг сөрч явсан
Энэ цагт ач нь зүсээ хувиргасан балмадуудын
Илтгэх чадвар, эрээгүй авирын урхинд  330 хоног
Сөхрөх эрхгүй, сөрж байж л урхинаас гарна
Цөхрөх зүйлгүй, цаг хугацаа үнэнийг харуулна
Үйлдсэн гэмгүй тул эмээх зүйл огт үгүй
Үйлс маань замхрахгүй, хөгжил өөд бид тэмүүлнэ.
Хоригдол миний үг гашуун хэдий ч үнэн
Хойч үе маань үүнийг гэрчилнэ гэдэгт би итгэнэ
Хорсолд хөтлөгдөхгүй, итгэлээр дөрөөлж
Холын бус, ойр орших хөгжил өөд зүтгэнэ
Шөвөг шиг санаатны тавьсан сум
Шүүхийн нэрээр, төрийн сүрээр
Шоронгийнн камерт  олон сараар хоривч
Шорвог тавилангийн боол нь би болохгүй
Тэнгэрийн нохдын авд мордогсодын
Тэвш дүүрэн олзтой ирэх цөвүүн цагийн
Хар шуурганаар туугдалгүй, түгжигдлээ
Хатуужлаа, хар цагааныг тодоор ялгалаа, би
Чихнээ чимэг болсон Монгол хэлээ магтан дуулсан
Чин зоригт өвөгдийн Нууц Товчоог бидэнд хүргэсэн
Чийг баамандаа илжирсэн цагаасаа цойлсон 3 их найрагчийг
Чичлэн зүхэж, сүүдрээс нь гарах болсон гэх улс төрчийг
Олноос сондгойрч цэцэрхэлээ гэж бодох уу
Овилгогүй цамнаж мэдэмхийрлээ гэж ойлгох уу
Орчин үеийнхнийхээ тархийг бүү бузарлаач гэж гуйх байна
Орон улсынхаа соёлыг бүү нулимаач гэж хүсэх байна.
Сүүдрээсээ өөр нөхөргүй, сүүлнээсээ өөр ташуургүй болохыг огоорон
Сүржигнэгсэд, сүр хүчийг үзүүлэн төвчигнөхдөө
Арга билигийн орчлонд  авах гээхийн ухаан ноёлдгийг
Аргагүйдээ бус, жудаггүй, журамгүйн балгаар
Хоёр зууныг дамжин эрэлхийлсэн гуравдахь хөршөө
Хоёрхон жилд Монголчууд үргээж дөнгөлөө
Хоосон хонож, хорголоо тоолохгүйн тулд
Хойд урд хөршдөө эргэн хадаг барихаар мордоцгоолоо
Урагшаа хорин гурван жил алхаад ахиц жоохон цухалзмагц
Урагшгүй заримынхаа ачаар хоёрхон жилд амжуулаад
Улсынхаа хилийн дээсээр шоронгийн тор татсан нэр зүүлээ
Урвамтгай түшээдийн хувирамтгай  авирт нь бухимдмуй.
Ганцад суугаагүй дээрээ нутаг буц гэж заримд нь заналхийлчихээд
Гарцгүй болохоороо эргээд ир гэж зангаа хувиргаад
Гадаадын хөрөнгө оруулагчдыг урин залавч
Гайхаж зэвүүцсэн гуравдахь хөршүүд маань хэрхэх бол?
Айлгаж үргээсэн хөрөнгө оруулагчидад
Алт амлаад огт хэрэггүй, хорвоогоор нэг байна тэр нь
Амалсан үгэндээ эзэн сууж чаддагаа л
Ардчилсан Монгол харуулах цаг болсон биш үү?
Баялаг бүтээгсэддээ зарласан энэ зарлаагүй
Барбаросса төлөвлөгөөгөө эргэн хурдан харахгүй бол
Балар цагийн амьд үлдэхийн төлөөх тэмцэлд эргэн
Балчираасаа аваад буурлууд маань хүртэл татагдах нь.
Засгийн нэрийг зальхай гэдэг болгон бүү хувиргаач
Заавал ахин хуваарьлалт хийх гэж бүү улайраач
Засангийн торон хашаа, харанхуй камераар нь
Заналхийлж битгий түмнээ жигшээгээч!
Өрийн босгоо нэмнэ гэж цэц булаалдахын оронд
Өрнөд дорнодоос бадар барин холхилдохын оронд
Өөр хоорондоо тэрсэлдэн хүчээ барахын оронд
Өөр нам сэлгэн, нүүрээ барж, хүнээ байхын оронд
Түмнийхээ итгэлийг даана гэж сонгогдсон түшээд
Төр түмэндээ хоёргүй сэтгэлээр зүтгээсэй
Төрийн минь сүлд өршөө гэх мартагдахаас өмнө
Түмэн олондоо итгэлийн зул асааж өгөөсөй
Ханш болохыг байлаа гэж халаглахын оронд
Харалган бодлогоо үтэр түргэн засаасай
Харийнханд хамгийгаа алдлаа гэж зүхэхийн оронд
Ханцуй шамлан хөдөлмөрлөхийн амтыг мэдрээсэй
Ардчилсан нэр зүүсэн ч ялзарсан нийгмийн
Айдаст автсан түмэн нойрноосоо сэрээч
Авралыг Тэнгэрээс бус өөрсдөөсөө хайгаач    
Арчаагүй царайлан бусдын араар бүү нуугдаач!
Буян заяагаа амлуулж биш, бүтээх ёстой бид
Бусдыг харалгүй өөрсдөө зүтгэх ёстой бид
Буцах замдаа чулуу тээхгүйн тулд бид
Буруу замаар будаа тээлгүй, зөвийг нь сонгомоор
Өөдөө шидсэн чулуу хаана унадгийг
Өөдөсхөн байхаасаа бид уг нь мэддэгсэн бус уу
Өөр хоорондоо нанчилдсанаар юм ололгүй
Өрөөл бусдын зугаа л болдог гэдгийг санамаар.
Засаглалын завхрал замаа алдаж
Замбараагүйн илрэл болж түмнээ залхаана
Зовнисон олон туйлдаа хүрэн итгэл нь бүдгэрнэ
Зовлон дааж чадахаа батлан тэвчээр заана
Хорин таван жилийн тэртээ нийгмийн шинэчлэлийг
Хотол олондоо авчирсан хувьсгалчид өнөөдөр
Хомроглон хэлмэгдүүлж буйг харсаар байж
Хойрог болсондоо дуугүй сууна гэж үү? Үгүй байлтай!
Ард түмнийхээ тэвчээрийг бараагүй дээрээ
Алдсан боломжуудын бараа арилаагүй дээр
Алдаа оноогоо дэнслэн Монголоо бодмоор
Аавынд хориотой иргэн нь үүнийг л хүснэ.
Хар толгойгоо л бод, юунд элдвийг эрэгцүүлнэ гэх
Хатуу үг нэг бус өнгөрсөн саруудад сонслоо
Хагдарсан өвс сэргээд гадаа зун налайна
Хар толгой харин цагаан болсоон, харуусах юм алга үүнд
Аавынхаас гарах өдөр миний хувьд удахгүй ирнэ гэж итгэнэ
Амраг хань минь тэр өдрөөс нойртой хонох болно
Ачит ээж минь сэтгэл нь тайван болно
Алаг үрсийн минь элэг нь дэвтэх болно!

1 comment:

  1. Yostoi jinhene uneniig bichsen baina,AMJILT huseye!

    ReplyDelete