Яллагдагч ялтан болсон нь (Мөрдөнгийн 339 хоног)

“Тайвнаа “ илтгэх  шоронгийн жижүүрийн  нойрмог дуунаар
Таамаглаж цагийн баримжаа авах түгшүүрт нойртой
Үүр цүүрээр сэрээд элдвийг бодон камераа метрлэн
Үдэш болтол холхих мөрдөнгийн өдөр хоногууд өнгөрч
Өнөөдөр эрхчгүй  ҮНЭНд  гүйцэгдэнэ гэсэн итгэлтэй
Өршөөлт  ТӨРийн  сүлд  ивээнэ гэсэн горьдлоготой
Өрийн гэснээ торолж барьсаар ГАНЦын хаалгаар гараад
Өргөн хотын  гудмаар хуягласан машинд чихэгдэн шүүхийг зорьсон өдөр.
Яллагдагч би шүүгдэгчийн дүрд “хувилж” шүүхийн танхимд
Ялын дүгнэлт уншихыг нь сонсон зогсохдоо
Яаж энэ “Баялгийн Хараалд” нэрвэгдсэн төрөлх нутаг минь
Ядуурлын ирмэгээс, бузруудын савраас сална даа гэсэн бодолд автав.
Харц нь тогтохгүй, хэл нь ээдрэх
Хатуу цагийн янтгар элч
Хайран төрийн нэрийг  яарин  болгох нь
Харамсмаар ч юм шиг, жигшмээр ч юм шиг ...
Айдаст автсан араатан эцсийн мөч хүртлээ
Амиа хаацайлах гэж үсчин цамнах мэт
Аргаа баран үнэнийг гуйвуулах гэж хэт улайран
Арчаагүйгээр хүн болгон  руу архиравч нэмэргүй
Өөрийн булайгаа нуух гэж  ийн
Өрөөлийн хувь заяа, нэр хүндийг булшилах санаатай
Хүн чанараа хаа гээснээ умартсан түшмэл
Хүйтэн царайлан, улангасан дайрах нь зэвүүн
Өндөр Тэнгэрийн өршөөлд багтсан андыг минь
Өт бээрэндээ баригдсан  нийгэм шүүнэ гэнэ, чааваас
Өөрсдийгөө нэг ч бол хөндлөнгөөс хараасай
Өрлөг түүхийн гэсгээлтээс эмээвээс өөрсдөд нь ээлтэй
Мөрдөнд данстай  339 өдөр болсноо
Мөрөөдөл хүслээ дөнгөлүүлээд өнөөг хүрснээ
“Шудрага ардчилсан” шүүхээр дэнслүүлэхээр
Шүүхийн энэ танхимд зогсож буйгаа  хэлэхдээ
Иргэнийхээ хувьд өвөрлөж явдаг
Итгэл үнэмшилээ хуваалцахдаа
Цаглашгүй түүхтэй өвөг дээдсийн өлгий
Яндашгүй баян Монгол нутагтаа иргэд нь
Хөгжөөсэй, тайван амьдраасай, жаргалыг эдлээсэй  гэсэн
Хүсэл мөрөөдлөө нуулгүй дэлгэхдээ
Эмээж, эмзэглэж явдаг нэгэн айдсаа бас
“Эрхэм” шүүгчдэд хэлэхгүй байж чадсангүй
“Баялгийг Хараалын” боол нь  болоод
Баян  Монгол “хоосрох” вий, бусдын идэш болох вий
Өрөөлийн турхиралтаар цусаа урсган
Өөр хоорондоо алалдах вий гэсэн иргэн миний айдас.
Төр төмөр нүүртэй гэдэг ч
Төрийн хуулийг уландаа гишгэхийг хэлдэггүй байлтай,
Ичих нүүрээ элгэндээ наагсад
Итгэл хүлээлгэн сонгосон түмэн рүүгээ ахин нулимав.
Гагцхүү хуулинд захирагдах ёстой  “эрхэм” шүүгчид
Ганц Худаг руу намайг ахин цөлөв
Хуульт ёс, шударга шүүх, эрх зүйн соёл юугаа “умартан”
Хувиа хичээж,  довоо шарлуулж, амиа аргацаалаа, өөр юу гэхэв
Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутан хэвээр
“Хүнлэг ардчилсан” нийгмийн үнэн төрх ийм л байна.
Хувиршгүй үнэнийг гуйвуулан 3 жилийн ялын тогтоол
Хувисамтгай түшмэл түгдрэлгүй уншиж, алх дэлсэв.
Өөрийгөө өмгөөлөн, үнэнийг өчих боломжгүй болсон андыг минь
Өршөөх сэтгэлээ гээгсэд яллахаар яаран сандран
Нотлох баримтууд цагаатгах баримт  гэдгийг үл ойшоон
Ноцтой хэрэг үйлдсэн  гэж  талийгчийг яллав.
Хүн төрлөхтний түүхэнд анх удаа
Хөгжил өөд тэмүүлэх ардчилсан ертөнцөд тэр тусмаа
Бурхан  болоочийг цагаатгахын оронд ял оноосон
Бузар тогтолцооны амьд гэрч боллоо.
Ялын тогтоол шүүхээс сонссон өдөр
Яамдын сайдын  орон тоо бөглөгдөв
Дан дээл, давхар дээлийн хэрүүл ахин  ид өрнөж
Даржин эдийн засаг улам агшсан өдөр байв.
Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг  цогцлуулахыг зорих
Хүний биш, чиний, миний, бидний, өнөөгийн  Монгол
Хуурамч Ардчилалд живж байна, эх орон минь
Худал үнэнийг дэнслэх өдөр айсуй гэдэгт итгэнэм!
Хайртын минь хацар даган урсах харууслын нулимс
Харалган төрд хязгааргүй гомдох далай байв
Энхрий бяцхан үрсдээ ээж нь яаж
Энэ бузар шийдийг дуулгах юм бэ гэж халаглав
Асгарах нулимсаа тэвч, хань минь!
Аав нь буруугүй гэдгийг зоригтой хэл, хүүхдүүд дээ
Ардчилсан төрд шургалсан, ялзарсан этгээдүүд
Амиа хоохойлох гэж ядахдаа ийм ял тулгалаа!
Гартаа гавтай шүүхийн байрнаас гарах агшинд
Ганц хүүг минь яалаа гэж ингэнэв дээ гээд ээж минь уйлах  дотрыг шимшрүүлсэн
Ээж нь хүүгээ хэрэг хийгээгүйг ойлголоо гэсэн үг харин
Энэ өдөр сонссон хамгийн сайхан үг байсан...
Гэмгүй хүн хорьж байгаад аминд нь хүрснээ нуух гэж
Гэмт  хэрэгтэн шошгоор бузрууд намайг талийгчийн хамт тамгалав
Өршөөлт түмэн минь мэргэн ухаандаа үүнийг тунгааж байгаа!
Өндөр Тэнгэр ч бүхнийг харагч мэлмийдээ үүнийг бүртгэж байгаа! 



Цэлмэг өдрүүдийн дурсамжуудыг
Цээжиндээ нандигнаж явья
Бүрхэг өдрүүдийн дурсамжуудыг
Буцааж тавилан танд өгье

/Орос дуунаас орчуулав/

Үгээр бишээ, үйлсээрээ үлгэрлэмээр (Мөрдөнгийн 336)

Цагдан хорих төв байр, олонд бол Ганц худаг
Цахилгаан гүйлгэсэн торон хашаатай
Цаагуур нь бас бетонон ханатай
Цаахна нь хатан Туул жирэлзэн урсана
Энэ талд нь цоожтой хоригдолд цонхоор
Эрх чөлөө энүүхэнд харагдавч баригдахгүй
Энэ бие нь чийгтэй камерт хориотой ч
Эрхэм хүсэл нь хашааны цаана, эрх чөлөөтэй
Ороо бусгаа цагийн хар шуурга
Орон улсыг минь нөмөрсөн хэвээр
Олз хайгсдын шуналыг хөдөлгөснөөсөө болж би
Орон шоронд 11 сар хоригдлоо, 336 хоног.
Итгэл үнэмшлийнхээ төлөө
Илжирсэн шоронгийн камерт ч
Мөрөөдөл хүслийнхээ төлөө
Мөглөнгийн харанхуй нүхэнд ч
Үзэл бодлынхоо төлөө
Өмхий гяндангийн нарлагааны торонд ч
“Тууварт” туугдан  мөрдөнгөөс шалган хүрэх замд ч
Тун ч ихийг бодох юм, туйлдсан ч бодсоор л байна.
Аалзны тороор олныг
Арваад жил айлган жигшээв
Араас нь авилгад дайн зарлаад
Ард түмнээ чичрээж байна!
Номхон тэмээ ноолоход амар
Новшнуудтай нийлж хуйвалдаагүй тул
Но-гүй байх нь огтхон ч хамаагүй
Ноцтой хэрэг үүсгээд, балбахад хаачив гэж гээд
Хийсэн хийгээгүй нь хэнд хамаатай юм бэ?
Хэдэн зүйл ангиар хэрэг үүсгэж шалгаад
Хэцүү нэртэд цоожтой байлгаж байхад
Хэн бидгээс өр нэхэх юм бэ, хэцс л биз дээ...
Хөдөлмөрлөж олсон баялаг ухаалаг зарцуулагддаг
Хөлсөө урсгаж байж авсан цалин хүнд өгөөжөө өгдгийг
Мэдрэх сөхөөгүй луйварчид ганцхан бодолтой
Мэдээж тэр нь төрийн нэрээр хийх тонуул.
Хөгжлийн төлөө зүтгэсэн над мэтэд нь
Хүйтэн сэтгэлтэнд өгдөг өргөл нь үгүй
Хөлсөө урсган байж босгосон бүхнийг нь булаахыг завдахаас тэд
Хуулинд захирагдах ёстойгоо умартах нь зэвүүн.
Ламын гэгээний нэгэн гүр дуулал, айлдварт 200 жилийн тэртээгээс
Лай үүрч ханахгүй түмний тавилан заяаг
Яг л харсан мэт дүрслэн үлдээсэнг нь
Ял тулгуулан мөрдөнд хориотой би олж уншлаа.
Нам дагасан итгэл үнэмшилгүй олз хайгсад
Намгийн мэлхий мэт хий хоосон гуаглагсад
Түймэрт нэрвэгдсэн ойг ахин галдан түйвээж
Түмэн олны зовлонгоор цангаагаа тайлагсад
Өвчин зовлонд үй олноор нь нэрвэгдүүлэх юм
Өс хонзонд умбуулан хотлоор нь сөхрүүлэх юм
Модоо барьсан Монгол түмэн туйлдаа хүрэх цагаар
Мохсон харцтайд нь тэнгэрээс мэт “авралыг” түгээх юм.
Элгэн түмэндээ жаргалыг авчирна
Эх орондоо хөгжлийг цогцлуулна гэж
Эцэг хуулиндаа тунхагласан атлаа
Эрээгүй авирлан эрх мэдэлд шүлэнгэтэх тэдний
Цуу яриа, хоосон амлалт нь
Цус нулимсанд ханахгүй шунал нь
Олныг турхирсан хийрхэл нь
Олзонд хориотой надад хамаагүй.
Шүүх хурал гурвантаа хойшиллоо
Шүүсийг чинь шахаад өгнөө  чиний  гэх мэт
Ширүүн харцтай яллагч өстөнөө занах мэт
Шийдэмгийн царайлавч, дотроо айдастай гурвантаа улайрав.
Үг хэлэх эрхгүй, шүүх хурал гурвантаа хойшиллоо
Үйл хөдөлгөөнөөрөө эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр  замгүй
Үйлс мөрөөдлийг минь тэд булаан түрэмгийлэвч
Үйлийн үрээс тэд хэзээ ч бултаж чадахгүй.
Хуульд  л захирагдана гэж тангараг өргөсөн
Хууль сахиулах эрхэм үүрэгтэй шүүгчид хурал болгоноор
Яллах гэж яарч буй нь илт, ичээсэй
Яасан гэж,  юу хийсэн гэж тэднээс айх билээ.
Ялаар айлгаж  сүрдүүлээд бүтэлгүйтвэл
Яадгаа байсан галзуу гээд Шар хаданд чихэж мэднэ
Ямар ч үнээр хамаагүй эрх чөлөөг нь хязгаарла
Яадаг ч байсан наранд бүү гарга гэж хэн нэгэн лүндэгнэсэн болтой.
Нээлттэй нийгэмд мөрөөрөө амьдрах эрхгүй
Нэр сүрээ гутаалгасан иргэн нь
Ямар хэрэгтэйгээ түмэнтэй бодовч
Яаж ч бодоод хариу нь ганцхан
Мөрөөрөө явахад минь дарлахаар завдах тул
Мөрдөнд хилсээр хорьж цагдах тул
Мөрөөдөл хүслийг минь булаахаар заналхийлэх  тул
Мөр толгой хоёр салаагүй цагт санаснаа хэлнэ, сэдсэнээ хийнэ
Сэг болоогүй цагт урагшаа тэмүүлнэ
Сэрэх цаг болсон гэж түмнээ уриална
Тэнгэрээр овоглосон их үйлс маань бөхөхгүй
Тэнэгэр нутгийнхаа хөгжлийг хамт бүтээлцэнэ!
Хэдий болтлоо цөөхөн Монголчууд
Хилс хэргээр нэгнийгээ гэсгээн мууг нь үзэх юм бэ?
Атаа жөтөөний торноосоо хэзээ нэг мултарч
Ард олны нуруу нь тэнийж, нүүрэнд нь гэрэл гийх юм бол?
Өнгөрснийг төнхөж цагаа баралгүй, бушуухан
Өрөөлөөс аврал эрж царай алдалгүй, түргэхэн
Үгээр бишээ, ард түмэн сөхөрлөө цаана чинь
Үйлсээрээ үлгэрлэмээр, амлалтаар ахин хуурах гэж бүү завд!

Нойрноосоо сэрээч (Мөрдөнгийн 330 хоног)

Хавар цаг угаасаа шороон шуургатай
Харин энэ жил хур бороо элбэгтэй
Чийг үзсэн хөрс өнгө зассан харагдана
Чийгтэй камерт хоригдол би бодлоо хэлхэнэ,
Өвөө минь Халхын гол, Хамар даваанд Самурайгаас
Өрлөг төр, өршөөлт нутагаа хамгаалан тулж явсан
Өөрөө би 75 жилийн дараа улсынхаа төв шоронд
Өнөөх Самурайн зоосоор өвч зэвсэглэсэн эрхмүүдийн эрхэнд
Эрэлхэг өвөг минь амь үл хайрлан харийн зандалчдын
Исгэрэх сум, тэсрэх бөмбөгийг сөрч явсан
Энэ цагт ач нь зүсээ хувиргасан балмадуудын
Илтгэх чадвар, эрээгүй авирын урхинд  330 хоног
Сөхрөх эрхгүй, сөрж байж л урхинаас гарна
Цөхрөх зүйлгүй, цаг хугацаа үнэнийг харуулна
Үйлдсэн гэмгүй тул эмээх зүйл огт үгүй
Үйлс маань замхрахгүй, хөгжил өөд бид тэмүүлнэ.
Хоригдол миний үг гашуун хэдий ч үнэн
Хойч үе маань үүнийг гэрчилнэ гэдэгт би итгэнэ
Хорсолд хөтлөгдөхгүй, итгэлээр дөрөөлж
Холын бус, ойр орших хөгжил өөд зүтгэнэ
Шөвөг шиг санаатны тавьсан сум
Шүүхийн нэрээр, төрийн сүрээр
Шоронгийнн камерт  олон сараар хоривч
Шорвог тавилангийн боол нь би болохгүй
Тэнгэрийн нохдын авд мордогсодын
Тэвш дүүрэн олзтой ирэх цөвүүн цагийн
Хар шуурганаар туугдалгүй, түгжигдлээ
Хатуужлаа, хар цагааныг тодоор ялгалаа, би
Чихнээ чимэг болсон Монгол хэлээ магтан дуулсан
Чин зоригт өвөгдийн Нууц Товчоог бидэнд хүргэсэн
Чийг баамандаа илжирсэн цагаасаа цойлсон 3 их найрагчийг
Чичлэн зүхэж, сүүдрээс нь гарах болсон гэх улс төрчийг
Олноос сондгойрч цэцэрхэлээ гэж бодох уу
Овилгогүй цамнаж мэдэмхийрлээ гэж ойлгох уу
Орчин үеийнхнийхээ тархийг бүү бузарлаач гэж гуйх байна
Орон улсынхаа соёлыг бүү нулимаач гэж хүсэх байна.
Сүүдрээсээ өөр нөхөргүй, сүүлнээсээ өөр ташуургүй болохыг огоорон
Сүржигнэгсэд, сүр хүчийг үзүүлэн төвчигнөхдөө
Арга билигийн орчлонд  авах гээхийн ухаан ноёлдгийг
Аргагүйдээ бус, жудаггүй, журамгүйн балгаар
Хоёр зууныг дамжин эрэлхийлсэн гуравдахь хөршөө
Хоёрхон жилд Монголчууд үргээж дөнгөлөө
Хоосон хонож, хорголоо тоолохгүйн тулд
Хойд урд хөршдөө эргэн хадаг барихаар мордоцгоолоо
Урагшаа хорин гурван жил алхаад ахиц жоохон цухалзмагц
Урагшгүй заримынхаа ачаар хоёрхон жилд амжуулаад
Улсынхаа хилийн дээсээр шоронгийн тор татсан нэр зүүлээ
Урвамтгай түшээдийн хувирамтгай  авирт нь бухимдмуй.
Ганцад суугаагүй дээрээ нутаг буц гэж заримд нь заналхийлчихээд
Гарцгүй болохоороо эргээд ир гэж зангаа хувиргаад
Гадаадын хөрөнгө оруулагчдыг урин залавч
Гайхаж зэвүүцсэн гуравдахь хөршүүд маань хэрхэх бол?
Айлгаж үргээсэн хөрөнгө оруулагчидад
Алт амлаад огт хэрэггүй, хорвоогоор нэг байна тэр нь
Амалсан үгэндээ эзэн сууж чаддагаа л
Ардчилсан Монгол харуулах цаг болсон биш үү?
Баялаг бүтээгсэддээ зарласан энэ зарлаагүй
Барбаросса төлөвлөгөөгөө эргэн хурдан харахгүй бол
Балар цагийн амьд үлдэхийн төлөөх тэмцэлд эргэн
Балчираасаа аваад буурлууд маань хүртэл татагдах нь.
Засгийн нэрийг зальхай гэдэг болгон бүү хувиргаач
Заавал ахин хуваарьлалт хийх гэж бүү улайраач
Засангийн торон хашаа, харанхуй камераар нь
Заналхийлж битгий түмнээ жигшээгээч!
Өрийн босгоо нэмнэ гэж цэц булаалдахын оронд
Өрнөд дорнодоос бадар барин холхилдохын оронд
Өөр хоорондоо тэрсэлдэн хүчээ барахын оронд
Өөр нам сэлгэн, нүүрээ барж, хүнээ байхын оронд
Түмнийхээ итгэлийг даана гэж сонгогдсон түшээд
Төр түмэндээ хоёргүй сэтгэлээр зүтгээсэй
Төрийн минь сүлд өршөө гэх мартагдахаас өмнө
Түмэн олондоо итгэлийн зул асааж өгөөсөй
Ханш болохыг байлаа гэж халаглахын оронд
Харалган бодлогоо үтэр түргэн засаасай
Харийнханд хамгийгаа алдлаа гэж зүхэхийн оронд
Ханцуй шамлан хөдөлмөрлөхийн амтыг мэдрээсэй
Ардчилсан нэр зүүсэн ч ялзарсан нийгмийн
Айдаст автсан түмэн нойрноосоо сэрээч
Авралыг Тэнгэрээс бус өөрсдөөсөө хайгаач    
Арчаагүй царайлан бусдын араар бүү нуугдаач!
Буян заяагаа амлуулж биш, бүтээх ёстой бид
Бусдыг харалгүй өөрсдөө зүтгэх ёстой бид
Буцах замдаа чулуу тээхгүйн тулд бид
Буруу замаар будаа тээлгүй, зөвийг нь сонгомоор
Өөдөө шидсэн чулуу хаана унадгийг
Өөдөсхөн байхаасаа бид уг нь мэддэгсэн бус уу
Өөр хоорондоо нанчилдсанаар юм ололгүй
Өрөөл бусдын зугаа л болдог гэдгийг санамаар.
Засаглалын завхрал замаа алдаж
Замбараагүйн илрэл болж түмнээ залхаана
Зовнисон олон туйлдаа хүрэн итгэл нь бүдгэрнэ
Зовлон дааж чадахаа батлан тэвчээр заана
Хорин таван жилийн тэртээ нийгмийн шинэчлэлийг
Хотол олондоо авчирсан хувьсгалчид өнөөдөр
Хомроглон хэлмэгдүүлж буйг харсаар байж
Хойрог болсондоо дуугүй сууна гэж үү? Үгүй байлтай!
Ард түмнийхээ тэвчээрийг бараагүй дээрээ
Алдсан боломжуудын бараа арилаагүй дээр
Алдаа оноогоо дэнслэн Монголоо бодмоор
Аавынд хориотой иргэн нь үүнийг л хүснэ.
Хар толгойгоо л бод, юунд элдвийг эрэгцүүлнэ гэх
Хатуу үг нэг бус өнгөрсөн саруудад сонслоо
Хагдарсан өвс сэргээд гадаа зун налайна
Хар толгой харин цагаан болсоон, харуусах юм алга үүнд
Аавынхаас гарах өдөр миний хувьд удахгүй ирнэ гэж итгэнэ
Амраг хань минь тэр өдрөөс нойртой хонох болно
Ачит ээж минь сэтгэл нь тайван болно
Алаг үрсийн минь элэг нь дэвтэх болно!

Чамайгаа хайрлана

Зүрх минь цохилж байна гэдэг нь
Зүйрлэшгүй чамайгаа хайрлаж байна гэсэн үг
Зүйрлэшгүй чамайгаа хайрлана гэдэг нь
Зөөлөн энэ замбуулинд амьд яваа гэсэн үг
Амьсгалж байна гэдэг нь
Амраг чамайгаа хайрлаж байна гэсэн үг
Амраг чамайгаа хайрлана гэдэг нь
Алаг энэ хорвоод амьд яваа гэсэн үг
Орчлонг харах нүд минь байхад нь
Онцгой чамайгаа хаач явсан харж л явна
Онцгой чамайгаа харж явна гэдэг нь
Омголон энэ ертөнцөд амьд яваа гэсэн үг
Огт ор үгүйг зорих цагт ч
Одод тэнгэр таалалдаа авбаас
Оюун чамайгаа хайралсаар явна
Олон дагинасын дундаас чамайгаа хайсаар л явна.

Дурсамжийн талаар бодол

Миний дурсамжууд өнөөдөр
Миний цорын ганц өмч
Өнгөрснийг сануулах дурсамжууд нь
Үнэндээ алах ч шахна, аврах ч дөхнө
Миний дурсамжуудын орд харш нь өнөөдөр
Монголын төв шоронгийн камер
Өөрийн дурсамжуудын орд харшид
Өрөөлөөс хол, орь ганцаар, цоожтой
Амьгүй албатуудын хоригдол байгаадаа
Амьсгаа бачууран бухимдалд автахад
Хар бараан дурсамжууд хамжаад
Харанхуй нүхэнд булчих шахах юм
Гэрэл гэгээтэй сайхан дурсамжууд  нь
Гэрт минь хүргээд дотор онгойлгоно
Гэгэлзсэн сэтгэл бүхнийг эзэмдээд
Гэргий минь, хүүхдүүд минь, ээж минь бодогдох юм
Хуурмаг энэ нийгмийн нугачаанд
Хүсэл мөрөөдлийн боол болохгүй юм шүү
Энэ олдсон амьдралдаа харамсах юмгүй
Эр хүн шиг л явах юм шүү, хүсэх л юм энэ
Гутамшиг доромжлолоор тэд энд булавч
Гутрахгүй, сөхрөхгүй, сөгдөхгүй
Дурсамжуудаас цэнэг авахаас
Дурсамжийн боол болохгүй юм шүү
Харц  дээгүүр нуруу цэх
Харанхуй цагийн барлаг болохгүй тэмцсээр
Өглөөнөөс үдэш болтол бодлоо захиравч
Үдшээс үүр цайтал (захимдаа) зүүдэндээ дарлуулах нь гачлан 
Эргэх хорвоо ирээдүйг авчирах нь жам
Элэгдсэн дурсамжууд бүдгэрэх нь ёс
Хүлээснээс тайлагдах өдөр ирэх нь ирнэ
Хөөрхөн чамдаа очихдоо л очно
Сайхан дурсамжаар дотроо зогоож
Саруул ирээдүйг хүсэн мөрөөднө
Сайн санааны үзүүрт тос өөх гэсэн ардын маань цэцэн үг
Санаа сэтгэлд минь дэм болж итгэлийн модыг услана.