Аянгат цэцэн билэг очир


Өвөг дээдэс, эзэн богд найман зууны тэртээгээс
Өршөөлөө хайрлан, Монголоо өмгөөлөхдөө
Өндөр Гэгээнийг цөвүүн цагийн сахиус, Тэнгэрийн түшиг болгон
Өнөр олон түмнээ хамгаал хэмээн илгээсэн мэт.
Түшээт ханы өргөөнд мэндэлсэн алтан ургийн агь
Төгөлдөр Ханджанц Хатны Ишдорж хүүгийн
Аянгат цэцэн билэг очирын буян хишиг
Ачлал түгээн, ном сургаал нь биднийг ивээсээр иржээ.
Гүүний сүүгээр цангаагаа тайлан цэнгэгч түмний
Гүн ухаан шингэсэн шимт хөрснөө Гэгээнтэн
Хутагтын орноос  эрдэм ном залан хөгжүүлсэн
Худан Монгол бичгээр барласан судар шашдир нь
Цастын орны мэргэдийн бүтээлээр сэлбэгдэн
Цаглашгүй их өв болон бидэнд хүрсэн.
Бурхан тахил шүтээн нь нүд баясган, сэтгэл сэргээж
Буман үед ч давтагдашгүй Монголын буян болон мөнхөрчээ.
Түүхийн  шаргал хуудсуудыг эргүүлэн сөхөхөд Өндөр Гэгээн
Түмэн олон шавь нарынхаа оройн дээд шүтээн байгаад зогсохгүй
Улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан үлдсэн хутагт
Уран барималч, эрдэмтэн, эх оронч (хувилгаан) байжээ.
Бичиг үсэг, хэл соёлын хил хязгаарыг заагласан Соёмбо үсэг болон
Билгүүний алх, аргын дөшинд тэгшлэн бүтээсэн бурхан тахил нь
Он цагийн урсгалд, оргоо бусгаагийн үерт үгүй бололгүй
Олон зууныг дамжин шагшигдсан хосгүй соёлын өв,
Ухааны ур, гарын шидээр туурвисан бүтээл бүхэн нь
Урлаг соёлын тавтагдашгүй сургуулийн суурь болон алдаршсан
Хэл бичиг, шинжлэх ухааны хөгжлийг Соёмбо үсэгтээ шингээн
Хэдэн зуунаар түрүүлэн харж үлдээсэн ариун хишиг.
Галдан тайжийн зүрхэнд оволзон байсан Монгол улсаа
Галын төл, илдийн ирээр ч хамаагүй хураах гэсэн санааг
Цастын орны мяндагтангууд өөрсдийн эрх ашигт нийцүүлэн
Цаагуураа нигууртай явууллага далдаас өөгшүүлсэн,
Түвдийн хуваргууд Монголын хүчээр өөрсдөд нь заналхийлэх
Түгшүүр аюулыг холдуулах ухаан сийлж бошигтыг турхирахдаа
Монголыг Монголтой нь тэмцэлдүүлэхдээ давхар санаандаа
Монголд дэлгэрсэн улааны хийдүүдийг галдуулсанг мартаж боломгүй.
Галдан бошигтын 3 түмэн цэрэгтэй хүчээ үз гэж Гэгээнтэн
Гавьяагүй тэмцэлд түмнээ уриалж цус урсгалгүй
Орхон түшээ гүнээр хамгаалуулан өмнийг зорихдоо
Олон шавь нараа үхлээс авраад зогсоогүй,
Зөөлөн нь хатуугаа, зөв нь буруугаа дийлдэгийг батлан
Зэвсэг илүү, цэрэг олон Зүүнгарынхнаас дайжин хөдөлсөн ч
Зүг буруулан, харийг зорьсон мэт санагдавч цагийн эргүүлэгт
Зүүнгарын хаант улс мөхөж, Монгол улс үлдсэн юм.
Хутагт хувилгаадын тэмцэлд Өндөр Гэгээнтэн дийлдсэн мэт ч
Хувилгаан Галдан халхыг галдан илүүрхсэн ч
Хормын ялалт ялалт бус ялагдал болон
Хойч ирээдүйд түмнээ авч үлдсэн нь ялсан бус уу.
Овжин харийн бодлогын урхинд ороогдон
Орон улсынхаа тусгаар тогтнолыг гээсэн мэт ч
Олхиогүй заримд адлагдан урвагчаараа дуудуулан явсан ч
Олон зууныг нэвт харсан мэргэн мэлмий оюуныг нь
Одоо цагт үгүйсгэхухаантан нэг ч үгүй нь лавтай.
Олзонд шунасан Чин улс ор сураггүй үгүй болж
Омог бардам Монгол түмэн дээдсийн голомтоо сахин
Орон улсынхаа эзэд нь хэвээр сууна.
Дарнатын хувилгааны хойд дүр, Халхын анхдугаар Богд
Дайчин улсаас Монгол улсаа хамгаалан мөнхөрсөн,
Илдийн хүчээр биш номын шидээр Өндөр гэгээн
Эх орноо, Халх түмнээ хаацайлсан гавъяаг дуулая.
Тарган хонины ууц талалж буй хутагтын хөрөг дүр
Талын Монголчуудын ид хавыг хадгалж үлдэхээс гадна
Ёс заншил, өв соёл хамгаас чухагийг Гэгээнтэн
Ертөнцөд тунхаглан, шавь нартаа үлдээсэн сургаал болсон.
Нэгэн хүний насанд амжуулан бүтээсэн туурвисан бүхэн нь
Нэгэн улсын хувь тавилангийн хүндийг даагаад зогсолгүй
Үүрд оршин тогтнохыг билэгдсэн соёмбо тэмдэг нь
Өнөөдөр ч улсын маань төрийн далбааг чимэн хамгаалсаар.
Долнуурын чуулганаар эхлэн уншсан Гэгээнтний тарни
Долоон үеийн дараа Монголыг минь сэргээн мөхлөөс аварсан
Монголоо Монголоор нь авч үлдсэн Өндөр гэгээн Занабазарт,
Монгол түмний номын мэргэн багшид сөгдөн мөргөе!


*****************************************************
Ан авд дуртай гэж хөөрцөглөх зарим нь өнөө
Алжаалаа салхинд гарч хийморио сэргээхээс төвөгшөөн
Аргагүй торонд цоожтой тэнгэрийн нохдын ав зохион
Ангийн олзоор ганзагаа мялаан, богцоо дүүргэн хөөрцөглөнө.
Өөрсдийн эр чадал, цэц мэргэний ачаар бус
Өрнөдийн том тэрэг хурдан бууны буянаар
Хорт сумаар хойно хойноос нь өчнөөн буудаж байж
Хомроглон устгахаар санаахахыгаа ангийн олз, тэнгэрийн хишиг гэж андуурагсад
Цөөвөр чоныг цөөлж л байвал цаана нь
Цөөн үлдэнэ үү байна уу огт хамаагүй
Торонд байгаа эсэх нь эсвэл техникийн хүчээр намнах нь хэнд  хамаатай юм бэ
Тоо нь хэрэгтэйгээс бусад нь үнэндээ падгүй
Олз л бол олз, олдсоныг нь цээрлэхгүй авна
Олонд үзүүлэх арьс нь хэрэгтэй, овсгоотой нь шагайгнь бас түүнэ
Онгирон цээжээ дэлдэн, бартиараа татуулж, сархад залгихдаа
Онгод хилэгнэн, Тэнгэр бүүдийхийг анзаарах сөхөөгүй тэд.
Дээд тэнгэрээс заасан дэг ёсыг ичгүүргүй эвдэх эдгээр
Дэггүй, жудаггүй, сувдагуудыг анчид гэж хэлнэ гэж үү
Дэндүү эрээгүй авирлах эдгээр гөрөөчдийг
Дээрээс илгээсэн гэсгээл хэмээн эндүүрч харин хэрэггүй.
 

Сэтгэлийн далай, итгэлийн мод


Хатуу зөөлөн ээлжлэн ирэх хорвоод
Харгис энэрэнгүй хоёр зэрэгцэн оршино
Жаргал зовлонгийн дуу тасрахгүй орчлонд
Жам ёсоор цагийг сөрөхийг хүсэвч зүгээр байлгахгүй юм.
Өргөст торны цаана хориотой иргэн нь
Өндөр төрийн минь сүлд өршөө гэж өнөөдөр залбирсангүй
Өс санаж, хөмхий зуун, мөчөөрхсөндөө бус
Өнөөгийн түшээдэд итгэл алдарсандаа залбирсангүй.
Хийгээгүй хэргийн төлөө ял эдлэх болсон минь үнэн
Хэлээ сугалуулсан мэт дугуй явж үл тэвчинэ
Билиг оюуныг минь гинжилж чадахгүйгээс хойш
Бие нь хүлээтэй хэмээн тавлаваас тэд андуурна.
Өргөст торны цаанаас ч үгээ хэлнэ
Өмхий шоронгийн камерт ч бодлоо хэлхэнэ
Үүрд бадрах итгэл үнэмшил сэтгэлд минь бий
Үнэн худлыг ялгах мэргэн ухаан түмэнд минь бий.
Эрх чөлөөгөө хасуулсан  арван нэгэн сар хагас, 350 хоног
Элдвийг бодон, бачууран суухдаа
Улс төрчид гэхэрхмүүдийн олонхи нь
Улсаа мөлжөгчид байсныг  бүрэн ухаарлаа
Ордны дотор түшээд хууль хэлэлцэх учиртай ч
Овсгоотой дийлэнх нь эрх ашгийн наймаа шидэлцэнэ
Орон улсын маань хөгжил цаасан дээр үлдэх вий гэж
Олноос тусгаарлагдан, цоожлогдсон иргэн нь санаашрана.
Эх орон маань сүйрлээ гэж цээжээ дэлдэгсэд
Эрх мэдлийн төлөө бүхнийг умартан улайрагсад
Ард түмэн маань туйлдлаа гэж нулимс асгаруулавч
Араар нь албан тушаалын панз үсэргэн завшигсад
Улсын маань эдийн засаг сөхөрсөн, сөхрөөгүй гэж мэтгэлзэнэ
Уудам нутгийн маань хөгжил хэцүүдлээ гэж мэлмэрүүлнэ
Эрх мэдэл, эд баялагт шүлэнгэтэхдээ
Эрхэм зорилгоосоо ухарсан нь тодорхой.
Зон олныг туйлдуулсан түшээдийн ордон дахь тэмцэл
Зоргоороо авирлах сувдаг сэтгэлийн өнөө цагийн илрэл
Зовлонд тэвчээртэй олныг бөгтийлгөн мөлхүүлж
Золбоо хийморь юуг нь гундааж байна.
Ажилд орох гэж иргэд нь хадаг ембүү болно
Ажилд орчихвол алдсанаа нөхөхийн дөнгөнд урхидуулна
Авахгүй  л бол араас нь түрэх олон юмнууд авчихна гэсэн
Арчаагүй бодлын боол болон ихэнх нь гэлдрэнэ.
Төр хамгийн ашигтай бизнес гээд хээв нэг
Түгдрэлгүй хүүрнэх түшээдийг хэрхэх билээ?
Эрлэгийн элч гээд тэвчин суулгүй, эрслэн босож
Эх орноосоо урвасан нөхөдтөй тэмцэх болсон баймаар.
Тал нутгийг нөмөрсөн шуурга дэндүү ширүүн
Тал засан зүсээ хувиргагсад дэндүү олон
Атаа жөтөөгөөр түмнээ цулбуурдан
Атгаг сэтгэлийн хоронд живүүлэхээр санаархах тул
Шувууд хүртэл түгшүүртэй жиргэх
Шуургатай цагийн бүрхэг өдрүүдийн турш
Шудрага үнэнийг олон сараар хүлээхдээ
Шуудхан бодсоноо хэлэхээр санаа шулуудсан, би.
Тулга тойрсон ноёдын цуст тэмцэл
Тулгар улсыг маань бутрааж байсан бус уу?
Хураасан улсыг хагаралдуулан тарааж
Хулгайн сэтгэлт харийхан биднийг сөгдүүлж байсан бус уу?
Өнгө мөнгөний хямдхан хавтгай энэ дэлхий
Үнэн худлыг дэнслэх болов уу? гэж бодоод хэрэггүй
Хар цагааныг ялгах тэнхэлгүй өнөө цаг
Харанхуйд бэдчин саарлыг сонгоно уу? гэж бахардаад нэмэргүй
Аль хир удаан бидний Монголчууд
Аль нэг намаар талцан хоорондоо уралцах юм бол?
Атаатан мэт бие биенийгээ өстөн мэт харахаа зогсох бол?
Аймшигт энэ намгаас аль болох хурдхан мултрахсан...
Төрийн залгамж чанар, хар хайрцагны бодлого гэж их ярих боловч
Түймрийн галд өртөх мэт эрх ашгийн зөрчил тэмцэлд нэрвэгдээд дууслаа
Эдийн засаг хямраагүй, яльгүй савалгаа хаана ч байдаг гэж
Эрх мэдэлтнүүд албан тушаалтайгаа зууралдан, улаан цайм мэлзэнэ.
Гаднаас нясалсан чулуунд өртөөд байгаагаа ухааралгүй
Гагцхүү эдийн засаг хямарлаа гэж хэсэг нь сандралдах юм
Гаднаас тулгасан хямд үнэ ял болон заналхийлэхдээ
Гадаа гэртгүй өрнөх дотоодын хямралыг улам өрдөх юм.
Ардчилалын эрхэм сонголтоо бид ахин
Ал Горын хар хайрцганд завшуулж болохгүй
Ард түмэн үнэнийг нэхэх эрхтэй
Ардчилал АРДЧИЛАЛ-аараа үлдэх хэрэгтэй.
Үнэн худлын дунд хуйлрах салхи
Түмний итгэлийг хэрхэвч нугалахгүй
Зовсон түмэн үнэнийг ялгаж салгана
Зовлон туулсан сэтгэлийн хатыг шуурга дийлэхгүй.
Цаг нь ирэхээр салхи эргэнэ
Цасан дороос яргуй цухуйна
Цайлган түмний минь заяа түшнэ
Цадиггүй хоёр нүүртэнгүүд бүгд далдрана.
Өндөр төрийн минь ноён нуруу ганхахгүй
Өршөөлт түмний минь мэргэн ухаан бүүдийхгүй
Олсон шарх сорвигүй илааршиж, зовиур нимгэрэх цагт
Онгод баясан, биднийг ивээнэ, улс маань өөдлөн дэвжинэ.
Булах гэж заналхийлэх тусам улам оргих
Булгийн цэнгэг  ус мэт олны сэтгэлийн далай
Ээдрээтэй хувь заяаны эрчлээнд шавхагдахгүй
Ээрэм талын салхи мэт эрх чөлөөтөй хэвээр.
Булаах гэж сүржигнэх тусам улам ургах
Бусдаас өндөрт тэмүүлэх бидний итгэлийн мод
Цавчих тусам улам эгцэрч тэнгэр өөд дүүлнэ
Цавчсан гар цуцах бол мод нахиалж, газар дэлхий баясна!