Нэг ч удаа уулзаж яваагүй нутгийн дүүдээ зовниж бичсэн шүлэг - Хүрлээгийн Анхбаярт

Эхүүн хүйтэн шорон дотор бичсэн
Эгшиглэнт шүлгүүдийг чинь уншиж суухад
Эрх дур зоргоороо тагтаанууд цонхон дор
Энэлэнгийн тарни үглэж олон шөнө хонов.
Хятад гуанзанд галууны дүрд тоглохоос татгалзаж
Хотын Монголоо бараадан, амиа торгоож явна.
Шувуу хүртэл айдас, шахалт хавчлаганд байдаг
Шударга шинэ нийгэм гэдэг энэ юм байх...!
Одоогийн амьдралын хавтгай зурагтай
Ойролцоо ч юм шиг санагдав ... хөөрхий...
Авилга хээл хахууль, алдар хүндийн боолууд
Аалз шиг нэхсэн сүлжээн дундаа таргалж
Ариун үнэн бузар булайн сүүдэрт хиртэж
Атаа хорсол асаж, үнэнийг галдаж байна
Үнэний төлөө гэсэн бүхэн цөхөрч
Үхлээр шагнуулдаг цөвүүн цаг ирчихэж...
Шоронгийн хүйтэн ханыг дарамтгүй нэвтэрдэг нь
Шүлэг, дуу, сэтгэл – гурав л байдаг.
Оюун ухаан хоригдол бишийг нотолж
Оргиж бичсэн шүлгүүдийг чинь уншиж суухад
Эх орноо л гэж байж ядсан сэтгэл чинь
Эмзэг сэтгэлийг минь хөндөхгүй байж чадсангүй!
Арчаагүй нэг нь худлын өмнө сөгдөж
Амиа л аргацааж суудгийм!  чи тэгсэнгүй!
Тэсэж үнэнийг хүлээ! гэж чамд хэлээд яахав?
Тэвчээр чамд буй!
Ухаантай байгаарай! гэж чамд хэлээд яахав?
Ухаан чамд буй!
Ганцхан чам дээр буусан үйлийн үр бишээ!
Гай, гүтгэлгэ, атаа жөтөө жижигхэн байдаггүй юм.
Үнэн чамайг мартаагүй гэдэгт итгэе!
Үүр цайж нар мандана... дүү минь!


МУ-ын төрийн шагналт,
Ардын уран Зохиолч,
Соёлын гавьяат зүтгэлтэн,
Яруу найрагч
                                                                       Бавуугийн Лхагвасүрэн