Монгол улсад аялал жуулчлалын салбарын тулгын
чулуу анх тавигдсанаас хойш нэгэн жаран өнгөрчээ. Аялал жуулчлалынхан маань энэ
тэмдэглэлт ойгоо нижгэр тэмдэглэсэн байх гэж найднам. Гэтэл өчигдрийн нэгэн
сониноос “жуулчдын хэтэвчийг нимгэлэх бүтээгдэхүүнгүй Монгол” гэсэн нийтлэл олж
уншлаа. Сайхан нийтлэл байна. Өөрөө энэ салбарт хэдэн жил ажилласан болоод тэр
үү анхааралтай уншлаа. Монголд аялал жуулчлалын салбартай бүх амьдралаа
холбосон олон сайхан буурлууд, ахмадууд бий. Тэднээс энэ талаар сэтгүүлчид асуувал
олон сонин түүх, олон бүтээгдэхүүний санаа, арвин туршлага гарах байсандаа
хэмээн эрхгүй бодогдов. Тэдгээр буурлуудыг дагаж миний бие ажил мэргэжлийн
аяндаа анх 1990 оны намар мордож байсан саяхан мэт. Тэгэхэд бид арвуулаа
Гадаадын Аялал Жуулчлалын “ЖУУЛЧИН” нэгтгэлийн хүндтэй өндөр босгыг анх даван,
тус компанийн нэр дээр суралцах оюутнууд болцгоож байсан. Түүнээс хойш миний
бие “ЖУУЛЧИН” ХК, “НЬЮ ЖУУЛЧИН ТУРС” ХХК-н хамт олны дунд ажиллахдаа арваад жил
компаниа төлөөлж баруун Европт ажиллах завшаан олдсон юм. Монголын аялал
жуулчлалын салбарын гал тогоонд нэлээд хэдэн жилийг өнгөрөөснийхөө хувьд
Монголын аялал жуулчлалын салбарын сүүлийн 20 гаруй жилийн ололтууд болон
тулгарсан бэрхшээлүүд, уг салбарын өрсөлдөх чадвар зэргийн талаар өөрийн ганц
нэгэн бодлоо хуваалцахаар доорхийг бичив.
Цагаан
морин жилээс хөх морин жилийн хооронд Монгол улс танигдахын аргагүйгээр
өөрчлөгдсөн, нөгөө талаасаа монгол улс дэлхийд ахин танигдсан. Улсын хөгжлөө
дагаад аялал жуулчлалын салбар маань ч хөгжсөн. Анх улсын ганц жуулчны
компанитай байсан бол аялал жуулчлалын салбар эрт хувьчлагдан (1992 онд), “Жуулчин” хэмээх буянтай айлаас олон өнгөлөг айл өрх тусгаарлаж, шимт
модоор үлгэрлэвэл Жуулчин гэх ганц модноос Жуулчнаар овоглосон үржил шимтэй
төгөлтэй болтлоо өсч бойжсон. Анх “Улаанбаатар”, “Баянгол” зочид буудалд л
гадаадын жуулчид тухалдаг байсан бол одоо олон улсын өндөр зэрэглэлтэй зочид
буудал олон болсон. Хөдөө орон нутагт ч жуулчны баазууд олноор байгуулагдан,
үйлчилгээ харьцангуй сайжирсан. Зам харилцаа, агаарын тээврийн хөгжил гээд олон
эерэг хүчин зүйл энэ салбарын хөгжил дэвшилд нөлөөлсөн.
Анх
90-ээд оны дундаас Берлин хотноо жил бүрийн 3 сард зохиогдох олон улсын аялал жуулчлалын хамгийн том
үзэсгэлэн яармаг болох АйТиБи (ITB)-д оролцож байхад олон хүн бидэн дээр ирээд
“...Чингисийн Монгол ” гэнэ, залгуулаад “...та нар хаанаас нь ирсэн, Оросын уу
эсвэл Хятадын Монголоос ирсэн үү...” гэж асуух болгонд дотроо шатах шахавч, аль болох эелдгээр
“...бид тусгаар тогтносон Монголоос ирсэн. Монгол улс Орос Хятадын дунд орших
тусгаар тогтносон улс, тусгаар тогтносон улс хэвээр байсан, танай Германаас
нутаг дэвсгэрээрээ 5 дахин том, 40 дахин хүн ам цөөн...” гээд л тайлбарлаж
гардаг байв. Монгол улсын маань талаар дундаж барууны иргэн тийм л хомс
мэдээлэлтэй байсан цаг. Одоо бол хэн ч ном хэвлэл, интернэт хайж гүйхгүй,
ухаалаг гар утсан дээрээ хэд тогшоод дуртай мэдээлэлээ олоод авчихна.
2001
оны хавар ахиад л Берлин хотноо АйТиБИ үзэсгэлэнгийн
үеэр манай нэг түнш, Францын аялал жуулчлалын томоохон компанийн захиралтай уулзаж
байтал, мань эр гэнэт “Монголын
гайхамшиг гэж очоод юу ч үзэхгүй нь гайхамшиг” гэж авав. Хэдэн сая жуулчин
жилдээ аялуулдаг компанийн захирал хүнд манайхруу явуулдаг зуу хүрэхгүй жуулчин
нь тус компанийн ашиг орлогод огт
нөлөөлөхгүй, мэдрэгдэхгүй. Тэрээр цааш нь “Монгол улсыг зорин очсон нэгэн, хүн
төрөлхтний хүлээн зөвшөөрсөн ертөнцийн гайхамшигуудаас олж үзэхгүй ч цаанаа л
гайхамшигтай уудам нутагтай, баялаг түүхтэй, тансаг соёлтой, элэгсэг нүүдэлчин
түмний нутгаар аялахсан гэсэн хүсэл олон
хүнд байдаг. Хэдий тийм ч надаа нэг зовлон байна. Танай аялалыг би
сурталчилгаандаа оруулахад хэвлэлийн зардал (ердөө л ганц хуудас А4
хэмжээний өнгөт аялалын програм) нь 10 гаруй мянган Евро. Би таван групп зарж
чадахгүй бол ирэх жил танайх манай програмаас хасагдана. Тэхээр өрсөлдөх
чадвартай үнэ өг, танай үйлчилгээг би мэдэж байна... гэв”. Нэг нь
сурталчилгааны брошюрынхаа өөрийн өртгийг ярина. Нөгөө нь энэ том компаний
брошюраас аялалаа “мултлуулчихгүй” юмсан гэсэн бодолтой Монголоо магтана. Нийт
250 мянган ширхэг хэвлэгдэх сурталчилгааны хоёр хуруу зузаан брошюрт аялалаа
багтаачихвал, энэ брошюрын цаана мянга гаруй борлуулагч агентын сүлжээ,
сурталчилгааны нүсэр машин ажиллана гэсэн бодолтой. Ёстой л сүүлийн таван жил
сайдаж, муудаж, “үзэж тарж, үсэрч наалдаж” ирсэн Франц Монгол хоёрын яриа нэг
иймэрхүү хөврөнө. Монгол улс аялал жуулчлалын бүтээгдэхүүнгүйдээ Монголд ирэх
жуулчдын тоо өсөхгүй байгаа бус. Энд хэд хэдэн “үеийн үеээс” уламжлагдан ирсэн
бэрхшээл байдаг. Үүний нэг нь сурталчилгааны зардал. Жуулчдад Монгол орноо
таниулах сурталчилгааны материал, зурагт хуудас, цахим хуудас, олон улсын
хэвлэл мэдээллээр сурталчилах, үзэсгэлэнгийн зардал гээд явж өгнө. Нэг жуулчны
компани дундаж үзэсгэлэнд өөрийн сурталчилгааны талбайтай оролцоод ирэхэд
ойролцоогоор 10 гаруй мянган Евро болно. Манай аялал жуулчлалынхан салбарынхаа
сурталчилгааг яалтачгүй олон жил нуруун дээрээ үүрч ирцгээсэн. Өмнөх жилүүдэд,
салбарын яамны газрын дарга, улсаас сурталчилгаанд жилд 500 сая төгрөг
төсөвлөдөг байсан. Өнгөрсөн жил 1 тэрбум төгрөг болсон гэж хэлсэнг олж уншив.
Ирэх жилийн АйБиТи-д Монгол улс анх удаагаа “түнш орноор” оролцох болсон мэдээ
бас сонингоос харлаа. Энэ нь манай аялал жуулчлалын салбарынхны хувьд том
ололт, том ч боломж. Үүнийг ХБНГУ-д ажиллаж буй Монголын элчин сайдын яамныхан,
элчин сайдууд нь, худалдааны зөвлөхүүд нь, олон жил тасралтгүй хөөцөлдөж байж
олж авсан хүндтэй эрх гэж ойлгох хэрэгтэй. Орон болгон “түнш орноор” оролцохсон гэж эрчимтэй ажилладаг. Салбарын
яамтай болсон нь ч мөн их нэмэр болсон байж таарна. Үүнийг ийн нуршаад байгаа
нь нэг олон улсын үзэсгэлэнд оролцоно гэдэг өөрөө хариуцлагатай ажил. АйБиТи-д “түнш
орноор” оролцоно гэдэг аливаа улс орны хувьд том хариуцлага, асар том боломж.
Төрөөс дорвитой дэмжихгүй бол 1 тэрбум төгрөг энэ нүсэр арга хэмжээнд хаана ч хүрэхгүй. Түнш орон үзэсгэлэн зохион
байгуулагчдын зүгээс олгох олон хөнгөлөлт
эдлэнэ, нэгдсэн сурталчилгаанд нь хамрагдана. Гэхдээ л манайхны өөрийн
халааснаас гарах зардал, “түнш орны” хүлээн авалт, үзэсгэлэнд оролцогсдын байр,
хоол, тээвэр гээд тоочвол энэ жагсаалт нэлээн явна.
Дараагийн
нэг бэрхшээл нь аялалын үнэ өртөг. Монгол гадныхан жуулчлахад хямд орон биш.
Дундаж баруун Европын жуулчин Монголд аялахаар болвол нислэг юутай хйитэйгээ
барагцаалвал аялалын багц үнэ нь 2500-3000 Евро болно (4 одтой буудалд, хөдөө гэр баазаар, дотоодын нислэггүй). Тэгвэл Түркэд 10 хоног аялахад (5 одтой буудал, нислэг,
хоол, үзвэр бүгд ороод) 1500 Евронд өлхөн багтана. Ид амралтын оргил
цагаар ийм үнэтэй байна. Намар орой, өвөл, хавар 7 хоногийн багц аялал (нислэг, байр, хоол бүгд ороод) 400-500 Евронд багтах
жишээтэй. Баруун Европоос манай урд хөршрүү ч хямд аялж болно. Өвлийн онцгой хямдралын
багц 999 Дойч Марк (7 хоногийн аялал, нислэг, 4 одтой буудалд
байрлах, аялалын бүх програм багц үнэнд багтсан) буюу одоогоор 500 орчим Евроны багц аялал санал болгодог байсан. Монголд
“ойроос” ирэх Япон, Өмнөд Солонгосын жуулчдын хувьд ч манайх өртөг өндөртэй аялалын чиглэл.
Манайд аялах жуулчид маань ямар түвшингийн, ямар үйлчлүүлэгчид байгаасай гэж
бид хүсэж байгаа улс вэ? Үүргэвчтэй
жуулчин хэрэггүй гэж нэг хэсэг нь ярьдаг. Монголд 20 доллартай ирээд, 7 хоноод
буцахдаа нөгөө 20 доллартайгаа буцдаг талаар ч бодит гэмээр онигоо байдаг. Гэтэл
засгаас ихэнх орны иргэдийн жуулчны виз чөлөөтөй болгосон тул үүргэвчтэй жуулчинг бид цаашаа хөөж болохгүй.
20 доллартай нөхрийн бүх мөнгийг нь биш гэхэд тав арвыг нь нутагтаа үлдээлэгдэг
үйлчилгээний овсгоо, хөдөлмөрч зан бидэнд үгүйлэгддэг. Эсвэл бид Арабын зарим
ханлигуудтай адил өндөр үнэтэй, дээд зэрэглэлийн жуулчлал хөгжүүлье гэхээр дэд
бүтэц, үйлчилгээний түвшин илтэд дутмаг.
Төлбөрийн чадвартай, сайн ажилтай, жилдээ гэр бүлээрээ эсвэл ганцаараа 2-3 удаа
гадагшаа аялах олон зуун сая жуулчдын зах зээлд хүч үзэн өрсөлдөе гэхээр манай
үнэ арай өндөр байгаа нь анзаарагддаг. Дан ганц нислэгийн тийзний үнийг бодоход
ямар билээ. Сүүлийн жилүүдэд манай дотоодын үйлчилгээний үнэ өртөг огцом
нэмэгдсэн. Лав л үнээ буулгасан жуулчны бааз, зочид буудал гэж сонсогдоогүй.
Үзвэр үйлчилгээ, цалин хөлс, дотоодын тээврийн зардал гээд байнгын өсөлттөй.
Өртөг өсөхийн хирээр аялал жуулчлалын компаниудын орлого ашиг жилээс жилд
хумигдаад байгаа ажиглагдах болсонг дурдмаар. Нөгөө талаасаа аялал жуулчлалын
сарбарынхны зовлон их. Жилдээ 3 сар ажиллах орон тоон дээр чадварлаг боловсон
хүчин бүтэн жилээр уяна гэдэг том толгойны өвчин. Гайгүй сайныг нь гадны уул
уурхайн компаниуд цалингаар “зодоод” аваад явчихна.
Удаах
том бэрхшээл нь гарцаагүй хүйтний улирал. Өвөл хавартаа бизнес, гэрээ хэлэлцээр,
хурал зөвөлгөөнөөр л манайхныг зорихоос, жуулчлах гэж ирдэг гийчин бараг л
өдрийн од. Ер нь аялал жуулчлалын салбарын оргил ачаалалтай, завгүй цаг нь
ердөө 7, 8 сар. Жуулчны улирлаа адаглаад хааш хаашаа хоёр сараар сунгачих гэж
манайхан их ч хичээж ирсэн. Алтан Наадам, Цагаан сар, Мөсний баяр, Тэмээний
баяр, Бүргэдийн баяр гээд өвөл намрын брэнд бүтээгдэхүүн тоолвол цөөнгүй. Цаашлаад,
үнэ үйлчилгээний чанарын харьцаа, дэд бүтцийн хөгжил, боловсон хүчин гээд
тоочвол бас нэлээд бэрхшээлүүд, цөөнгүй асуудал бий. Бэрхшээлүүдийн хажуугаар
энэ салбарт асар их боломжууд бий. Одоогоор аялал жуулчлалын салбар Монгол
улсын ДНБ-нд дөнгөж 4% эзэлдэг тоо
саявтар харсан юм байна. Цагтаа аялал жуулчлалын салбар ДНБ-ий 11% эзэлдэг байсан санагдана. Тэгвэл энэ 4% гэсэн чамлам
тоог 40% биш гэхэд ойрын
жилүүдэд 10% цаашлаад 15-20% болгох нөөц
бололцоо маш их. Үүнийг бичигч хувьдаа манай улсын эдийн засгийн тулгын гурван
чулууны нэг нь зайлшгүй аялал жуулчлал байх ерөөлтөй болов уу гэж найддаг.
Мэдээж мал аж ахуй газар-газар тариалан, уул уурхай-үйлдвэрлэл, тэгээд аялал
жуулчлал. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүтээгдэхүүн дутна гэж байхгүй.
Монголын брэнд бүтээгдэхүүн гэвэл Наадамтай Монгол, Түүхтэй Монгол, Дээлтэй
Монгол, “Батаартай” Монгол гээд явж өгнө. Дэд бүтэц, уул уурхай хөгжихийн
хирээр эдийн засгийн чадамж, боломжууд тэлэн аялал жуулчлалын салбарын хөгжилд
шинэ түрлэг өгөх болов уу гэсэн хүлээлт манай салбарынханд бий. Канад,
Австрали, Норвеги, ӨАБНУ, Чили гээд дэлхий даяар уул уурхай аялал жуулчлал хоёр
зэрэгцэн оршиж, хөгжиж буй орнуудын жишээ олон. Аялал жуулчлалын салбарт шинэ
хөрөнгө оруулалт агаар ус мэт шаардлагатай байна. Монголын байгалийн үзэсгэлэн,
түүх соёлын дурсгалт газрууд, нүүдэлчдийн давтагдашгүй ахуй, соёл, зан заншил
гээд гадныхныг татах юм их бий. Манайд Африкийн сахарын цөлөөс дутахгүй
алдаршсан говь нутаг, элсэн манхад, эрэг цавууд, Альпийн нуруунаас үзэсгэлэнт Хангай Хэнтийн нурууд, хээр тал,
мөнх цаст өндөр уулс, гол нуурууд гээд бүгд бий. Энэ бүгд манай аялал
жуулчлалын брэнд, бүтээгдэхүүний хаана ч давтагдахгүй нэг тал нь. Нөгөө тал нь
хүний гараар бүтсэн үзмэр үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн. Манайд эртний Эрдэнэ Зуу,
Амарбаясгалант хийдүүдээс эхлээд эзэн Чингисийн хөшөө, XIII-р зуун цогцолбор
гээд шинэ сайхан бүтээгдэхүүн бий болсон. Удахгүй хорвоод хосгүй Майдар
цогцолбор хот гээд шинэ бүтээгдэхүүн, аялалын чиглэл бүтээн босгогдож байна.
Цаашдаа ч олон сайхан төслүүд боловсорч буй. Үүний хажуугаар, бид Чингисийн
Монгол гэж бардамнах боловч одоогоос хагас зууны тэртээ урд хөрш маань Өвөр Монголын
Ордост эзэн Чингисийн онгон шүтээний цогцолбор байгуулаад, жилээс жилд хэдэн
зуун мянган жуулчин татаж, тэр хирээрээ уг цогцолбор өргөжин тэлж байгааг энд
дурдмаар санагдав.
Харин
бид яаж аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ өрсөлдөх чадвартай болгохов, яаж ирсэн
жуулчны халааснаас тоолдог хэдийг нь улсдаа үлдээлгэдэг болгохов гэдэг өөр
сэдэв. Бид хүнд үйлчилж сурах хэрэгтэй. Бид үүх түүхээсээ бардам талдаа улс,
тиймдээ ч үйлчилгээнд хойрог талдаа. Гэхдээ сайн үйлчилнэ, сайн үйлчилгээ
хэрэгтэй гэдгийг сайн зусардана гэж ойлгож хэрэггүй. Зочломтгой нүүдэлчин ахуйн
дүр төрх зах зээлийн эдийн засгийн гэх ширүүн ааш авираар хурдтай солигдож
байгаа мэт. Одоо цагт олигтой, чанартай, гол нь амалсан үйлчилгээгээ үзүүлж
байж л жуулчин мөнгөө төлнө, сайхан дурсамжтай нутаг буцна. Сайхан дурсамжтай
буцсан нэгэн араасаа олон жуулчин “даллана”.
Цаашлаад,
Монголын аялал жуулчлалын гол өрсөлдөгчид нь аль аль орон юм бэ? Ижил төстэй
байгалийн адал явдалт аялал, соёлын, түүхийн, улирлын гээд өрсөлдөгчдийн зааг
ялгаа тоймгүй. Гэхдээ гол өрсөлдөгч хэн бэ гээд тодорхойлоход ядах юмгүй. Урагшаа хил даваад л жилдээ хэдэн
сая жуулчин хүлээж авч байгаа Өвөр Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн манай
том өрсөлдөгч. Буриад, Казакстан гээд ойрын өрсөлдөгч олон. Холхноос гэвэл Балбаас
авхуулаад адал явдалт аялал жуулчлалын салбарт чамгүй туршлагажсан, манайхаас
хэд дахин олон жуулчин хүлээж авдаг орон хэд бий. Манай багц аялалаас хавьгүй
хямд үнэ өртөгтэй Түрк улс 2013 онд 35 сая жуулчин хүлээн авч үйлчлэхдээ аялал
жуулчлалын салбарын орлого нь 32 тэрбум доллар байсан байна. Тэгвэл манай улсад
сүүлийн хэдэн жил 400 гаруй мянган гадаадын иргэд жилдээ аялж байгаагаас 20
хүрэхгүй хувь нь аялал жуулчлалын компаниудаар үйлчлүүлж байгаа “барууны”
жуулчид гэсэн тоо явдаг (Япон, Өмнөд Солонгосын
жуулчдыг оруулаад).
Хорь
гаран жил Монголын аялал жуулчлалын салбарынхан ёстой бор зүрхээрээ
хөдөлмөрлөсөн. Тэд 90-ээд оны эхээр эдийн засаг элгээрээ хэвтчихсэн үед Японоос
анхны жуулчны захиалгат нислэгээр арлын орны жуулчдыг Монголд олноор аялуулах
үүдийг нээж байсан гээд жишээ олон. Тэр хүнд үед улсынхаа эдийн засагт хатуу
валют нэмэрлэж байсан “урд хормойны” салбар нь аялал жуулчлал байв. Түүнээс
хойш олон засгийн үед аялал жуулчлалын салбарынхан том яамны дээвэр дор багтах
“жижиг” газрын “шоовдор хүүхдүүд” нь явсаар ирсэн. Ямааны татаас, атрын аян,
уул уурхайн үсрэлт гэж шуугих Монголын эдийн засагт аялал жуулчлалынхан маань
чимээгүйхэн, чимхлүүр ажлаа хийцгээсээр явна. Саяхнаас салбарын яамтай болсон.
Одоо л “шоовдор хүүхдээ” нүүрийг нь угааж, хувцсыг нь солиод авах нь дээ гэсэн
итгэл, хүлээлт аялал жуулчлалынханд сууж эхэлсэн болов уу. Одоо цаг наашилжээ.
Улаанбаатар хот Москва Бээжингээс гадна Берлин, Франкфурт, Парис, Истамбул,
Токио, Сөүл, Хонг-Конг, Шанхай, Сингапур гээд дэлхийн метрополиудтай шууд
нислэгээр холбогдсон. Ирэх жуулчдын тоо ч жилээс жилд нэмэгдэж байна.
Монголчууд маань ч нэг үеээ бодвол гадагшаа аялж жуулчлах нь жил ирэх тусам
нэмэгдсээр. Хөгжлийнхөө хоёрдахь жарны босгон дээр ирээд буй Монголын аялал
жуулчлалынхан 2015 оны жуулчны улирлын бэлтгэл ажилдаа ид орчихсон, ирэх 11
сард болох, хэмжээгээрээ бага ч, нөлөө, цар хүрээгээрээ дэлхийн аялал
жуулчлалын чиг хандлагыг тодохойлох BTM (WTM)-д оролцохоор
бэлтгэлээ базаацгааж буй заа. Ирэх жилийнхээ ажлын гарааг Лондонгоос эхлээд,
ирэх 3 сард Берлинд талын Монголынхоо нэрийг тив дэлхийгээр сайтар
цуурайтуулахдаа МОНГОЛЧУУД ЭРГЭН ИРЛЭЭ! /DIE
MONGOLEN KOMMEN WIEDER/ хэмээн шагшигдаж болох ганц олдох боломжийг алдалгүйгээр
ашиглан, барьцаа чангалан, амжилтуудаа улам ахиулаарай хэмээн аялал
жуулчлалынхандаа хүсэж байна.
Жич: XIII зуунд МОНГОЛЧУУД ИРЛЭЭ! /DIE MONGOLEN KOMMEN WIEDER/ гэж уулга алдахад Баруун Европ айдаст автан чичирч
байсан бол ирэх жил Монголчуудын түрлэгийн араас МОНГОЛРУУ ЦУГААРАА АЯЛЦГААЯ /AB IN DIE MONGOLEI!/ гэсэн уухай цуурайтаасай гэж хүсэж байна.
No comments:
Post a Comment